Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/68

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Дашням,

         шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.От холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Х.О

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.О нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын... тоотод байрлах гэртээ өөрийн өмчлөлийн 3F956КH/A серийн дугаартай Ай фоне 11 маркийн гар утсаар мэдээллийн технологи ашиглан фейсбүүкийн цахим орчинд "Одноо Х." гэх хаягаар дамжуулан ашиг олох зорилгоор урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу бусад хүмүүстэй өөрийн тогтоосон журмын дагуу эрсдэлд үндэслэсэн хонжворын тухай лайв хийж хонжворт сугалаа зохион байгуулан нийт 834 удаагийн гүйлгээгээр 578,563.99 төгрөгийн орлогыг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар дамжуулан олсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Х.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. 2023 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын хооронд зохион байгуулсан. Дансны хуулгаар таван зуу гаруй мянган төгрөгийн ашиг олсон байсан. Хууль бус гэдгийг нь мэддэггүй байсан. Олон хүмүүс ийм үйлдэл хийдэг байсан болохоор болох юм байна гэж боддог байсан. Айфон 11 маркийн гар утсыг хурааж авснаа буцааж авсан. Үнэлгээг зөвшөөрч байгаа. Олсон ашиг, гар утасны үнийг төлж барагдуулна. Хэргийн хувьд маргах зүйлгүй, миний буруу гэсэн мэдүүлэг,

         -Яллагдагч Х.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 12 дугаар сарын сүүлээс 2023 оны 03 дугаар сарын эхэн хүртэлх хугацаанд гэртээ буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын... тоотод өөрийн ягаан өнгийн Ай фоне 11 загварын гар утаснаас өөрийн Одноо.Х фэйсбүүк хаягаасаа бэлэн мөнгөний сугалааны лайвыг удаа явуулсан ба одоо яг хэдэн удаа явуулснаа санахгүй байна. Би тухайн сугалааг өөрийн Одноо Х. Фейсбүүк хаягаасаа бэлэн мөнгөний сугалаат лайвыг хийж 6 хүнийг сугалаандаа ваад 1 хүнийг 35,000 төгрөгөөр авдаг ба тухайн мөнгийг өөрийн Хаан банкны ... дансаар авдаг байсан. Тухайн 6 хүний 4 нь орсон 35,000 төгрөгөө 50,000 болгож өсгөж авдаг. Харин сугалааг сугалаагүй 2 хуний 1 нь 12 сугалаа явуулаад 12 эрх бүрдтэл хүлээж 12 хүнээсээ сугалахад гарч ирвэл 50,000  төгрөг авна. Харин үлдсэн 1 хүн нь хасагддаг. Би 1 сугалаанаас 10,000 төгрөгийн ашиг авдаг.1 удаа лайв хийхдээ 48 сугалаа явуулдаг. Мөн тухайн өдөр хамгийн их гүйлгээ хийж мөнгөө алдсан 3 хүнд өөрийн олсон орлогоосоо тус бүр 35,000 төгрөг өгдөг байсан. Мөн зарим хүн олон гүйлгээ хийсэн гэх маягаар гуйж гүйлгээ хийхгүй оролцдог байсан. Мөн тухайн хүмүүс нь буюу хасхаа хийхгүй блок хийдэг байсан. Иймд заримдаа орлого хийж чадахгүй хоосон суудаг байсан гэсэн мэдүүлэг /хх 6-7, 71-73 ху/,

          -Х.Оийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 55-60 ху/,

          - Х.Оийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулга /хх 10-27 ху/,

          -Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 51-52 ху/,

          -Фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 53-54 ху/,

          -“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны №1286 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх 87-90 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 61-62, 71-73 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 74 ху/

           -Гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 76-77 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Х.О нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын... тоотод байрлах гэртээ өөрийн өмчлөлийн Ай фоне 11 маркийн гар утсаар мэдээллийн технологи ашиглан фейсбүүкийн цахим орчинд "О." гэх хаягаар дамжуулан ашиг олох зорилгоор урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу бусад хүмүүстэй өөрийн тогтоосон журмын дагуу эрсдэлд үндэслэсэн хонжворын тухай лайв хийж хонжворт сугалаа зохион байгуулан нийт 834 удаагийн гүйлгээгээр 578,563.99 төгрөгийн орлогыг олсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын хооронд зохион байгуулсан. Дансны хуулгаар таван зуу гаруй мянган төгрөгийн ашиг олсон байсан. Олсон ашиг, гар утасны үнийг төлж барагдуулна. Хэргийн хувьд маргах зүйлгүй, миний буруу” гэсэн мэдүүлэг, Х.Оийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Х.Оийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулга, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны №1286 дугаартай хөрөнгийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шоо, хөзөр, бусад эд зүйлсийг хэрэглэж олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологийг ашиглан иргэд, олон нийтийг үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоомд татан оролцуулж, тоглоомыг мөрийтэй хэлбэрээр зохион байгуулж, өөртөө хялбар аргаар ашиг олох зорилготой олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Х.О нь ашиг олох зорилгоор урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу бусад хүмүүстэй өөрийн тогтоосон журмын дагуу эрсдэлд үндэслэсэн хонжворын тухай лайв хийж хонжворт сугалаа зохион байгуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

          Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм хорын хохирлыг төлж барагдуулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

           Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлбөргүй байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.   

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар утасны үнэ 1.100.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 578,564 төгрөгийг шүүгдэгч Х.Оээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Х.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялаас чөлөөлсүгэй.

         3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар утасны үнэ болох 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 578.564 /таван зуун далан найман мянга таван зуун жаран дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

        5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА