| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2019/00189/И |
| Дугаар | 101/ШШ2019/00870 |
| Огноо | 2018-03-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2019/00870
2019 оны 03 сарын 25 өдөр Дугаар 101/ШШ2019/00870 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж ХХК холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32,800,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тэвхэн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тэвхэн” ХХК нь Төв аймгийн Баян суманд шохой, эрдэс нунтаг боловсруулах уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг. Хариуцагч болох “Жэй Кэй Си” ХХК нь манай компаниас 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 87,200,960 төгрөгийн шохойн эрдэс нунтгийг худалдан авсан байдаг. Худалдан авагч тухайн худалдан авсан барааны төлбөрт 54,4 сая төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 32,800,960 төгрөгийг төлөөгүй байна. 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Жэй Кэй Си” ХХК-ийн нягтлан бодогч Г.Эрдэнэцогттой тооцоо нийлж баримт үйлдсэн бөгөөд тус тооцоо нийлсэн актаар “Жэй Кэй Си” ХХК нь “Тэвхэн” ХХК-д нийт 32,800,960 төгрөг төлөх ёстойг баталсан байдаг. Үүнээс хойш “Жэй Кэй Си” ХХК-ийн нягтлан бодогч Г.Эрдэнэцогт нь өрийн үлдэгдлийн талаар 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бичгээр тайлбар хийснээс хойш “Жэй Кэй Си” ХХК-тай холбогдох боломжгүй болсон. Ингээд 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хариуцагч эрэн сурвалжлах шүүхийн шийдвэрээр “Жэй Кэй Си” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Б.Амгаланг эрэн сурвалжлан 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хаана амьдарч байгааг нь олж тогтоосон байна. Б.Амгалан нь үлдэгдэл төлбөрөө төлнө гээд дахин сураггүй алга болсон. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр буцаагдсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагчийг эрэн сурвалжлан, хариуцагч “Жэй Кэй Си” ХХК-ийн хаяг, холбогдох мэдээллийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр олж тогтоосон. Ч.Амарсайханаас гэрчийн мэдүүлэг авахад хариуцагч компанийн нягтлан бодогч нь мөнгө өгөөд баримт үйлдээд аваад явсан гэж мэдүүлсэн тул манайд үүнтэй холбоотой баримт байхгүй. Үлдэгдэл төлбөрөөс 10,000,000 төгрөг хасагдах ёстой гэж үзэж байгаа бол өөрсдөө нотлох үүрэгтэй.
Иймд “Жэй Кэй Си” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 32,800,960 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслэн гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Жэй Кэй Си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч “Жэй Кэй Си" ХХК нь нэхэмжлэгч “Тэвхэн” ХХК-иас 2013 онд шохойн эрдэс нунтгийг зээлээр авч байсан нь үнэн. Нийт худалдан авсан бараа бүтээгдэхүүнээс үлдэгдэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тооцоо нийлэхээс өмнө нэхэмжлэгч компанийн захирлын хэлснээр Ч.Амарсайхан гэх ажилтан цалингийн авлагатай байсан учраас бэлнээр өгөөрэй гэж хүссэний дагуу 10,000,000 орчим төгрөгийг бэлнээр манай компани өгсөн байгаа. Энэ мөнгийг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлэхдээ оруулаагүй байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас Ч.Амарсайханд өгсөн 10,000,000 төгрөгийн баримт харагдахгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хасаад үлдэх хэсгийг хариуцах бүрэн боломжтой. Тооцоо нийлэхдээ оруулсан гэх баримтыг нэхэмжлэгч гаргаж өгч, нотлох ёстой. Нотлох баримтын хувьд манайд гэрчийн мэдүүлгээс өөр зүйл байхгүй байна. Тийм учраас тооцоо нийлсэн баримтад 10,000,000 төгрөг ороогүй гэж үзэж байгаа нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэх хэсгийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тэвхэн” ХХК нь хариуцагч “Жэй Кэй Си” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөрт 32,800,960 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь “Тэвхэн” ХХК-иас 2013 онд шохойн эрдэс нунтгийг зээлээр авч байсан нь үнэн, нийт худалдан авсан бараа бүтээгдэхүүнээс үлдэгдэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ “Тэвхэн” ХХК-ийн ажилтан Ч.Амарсайханд өгсөн 10,000,000 орчим төгрөг нь энэхүү үлдэгдэл төлбөрөөс хасагдаж тооцогдох ёстой тул үүнийг хасч, үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч “Тэвхэн” ХХК нь хариуцагч “Жэй Кэй Си” ХХК-д 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 87,200,960 төгрөгийн шохойн эрдэс нунтгийг зээлээр нийлүүлсэн, уг барааны төлбөрт хариуцагч нь 54,400,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчид маргаагүй болно.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй юм.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” үүргийг ерөнхий нягтлан бодогч хэрэгжүүлэхээр заасны дагуу нэхэмжлэгч “Тэвхэн” ХХК болон “Жэй Кэй Си” ХХК-ийн нягтлан бодогч нар 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Тооцоо нийлсэн тухай акт”-ыг үйлдсэн байна.
Ийнхүү тооцоо нийлэхдээ 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд өгч, авалцсан зүйлээ 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд “Жэй Кэй Си” ХХК нь 32,800,960 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталгаажуулсан байна.
Хариуцагч нь дээрх үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрдөг ба харин “Тэвхэн” ХХК-ийн ажилтан Ч.Амарсайханд 2014 оны 4 дүгээр сард өгсөн 10 орчим сая төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох ёстой, талууд тооцоо хийхдээ энэ төлбөрийг оруулаагүй тооцсон байна гэж маргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу уг тайлбар, татгалзалтай холбоотой баримтыг ирүүлээгүй байна.
Гэрчээр асуугдсан Ч.Амарсайхан нь шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “... Надад 2014 оны хавар 10 сая орчим төгрөгийг би Австри явах үед нягтлангаараа дамжуулаад өгсөн... 4 сая төгрөгийг Монгол мөнгөөр, үлдэгдэл мөнгийг еврогоор өгч байсан ... Жэй Кэй Си ХХК-ийн жолооч залуу, нягтлан хоёр 8 шарга дээр мөнгөө сольж байна гэж ярьж байгаад өгч байсан. Би Жэй Кэй Си ХХК-ийн баримт дээр гарын үсэг зурж авсан ... Тэвхэн ХХК-ийн нэр дээр авсан ...” гэжээ.
Үүнээс үзвэл “Тэвхэн” ХХК-ийн ажилтан Ч.Амарсайхан нь “Жэй Кэй Си” ХХК-ийн нягтлан бодогчоос 10 орчим сая төгрөгийг баримт үйлдэн авсан, уг санхүүгийн анхан шатны баримт нь хариуцагч “Жэй Кэй Си” ХХК-д байгаа, энэхүү баримтаа хариуцагч нь шүүхэд ирүүлэх боломжтой ба нотлох үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч нь дээр дурьдсанчилан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн зохигчид тооцоо нийлсэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд буюу 2014 оны хавар гэрч Ч.Амарсайхан нь 10 сая орчим төгрөгийг хариуцагчаас авч, баримт үйлдсэн байхад уг тооцоонд ороогүй гэж маргаж буй хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар зохицуулсан бөгөөд хариуцагч “Жэй Кэй Си” ХХК-ийг буюу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хувиар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 158 дугаартай шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00451 дугаартай шийдвэрээр тус тус эрэн сурвалжлуулж байсан байх тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч “Жэй Кэй Си” ХХК-иас 32,800,960 /гучин хоёр сая найман зуун мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэвхэн” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Жэй Кэй Си” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 321,955 /гурван зуун хорин нэгэн мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэвхэн” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ