| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0064/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/69 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгч Ц.Х, Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Х, Э.Б нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Б.Х, Э.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Х нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ханги суурьшлын бүсийн Караоке Паб дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бы нүүрэн тус газар шалтгаангүйгээр цохисны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, толгойн хуйх, дээд уруулын дотор салстын цус хуралт, 11 дүгээр шүдний ганхаа бүхий нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Б нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ханги суурьшлын бүсийн Караоке Паб дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Эын нүүрэн тус газар нь цохисны улмаас түүний эрүүл мэндэд зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний доод зовхи, дээд, доод уруулын цус хуралт бухий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлсэн. Тэр өдөр гурвуулаа бааранд ороод 1 шил архи уусан. Зарим үйлдлээ санахгүй байгаа. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй, миний буруу. Хохирогчид 450.000 төгрөгийг төлсөн гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлсэн. Тэр өдөр 6-уулаа явж байсан. Текний тэнд Э гэдэг хүнтэй маргалдаж цохисон. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохирогчид 200.000 төгрөг өгсөн. Миний буруу, ойлгож гэмшиж байгаа. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хамт ажилладаг Н, М болон ...ХХК-ний Г, Б нарын хамт уулзаж ажил төрөл ярьж суусан. Тэгээд 4 шил архи авч бүгд хувааж уусан тэгэх үед Б гэх залуу гарж ороод байсан. ...тухайн караокеныхон өрөөнөөс бие засах санаатай гарах үед нэг танихгүй залуу өөдөөс шууд миний нүүрэн тус газарт 1 удаа цохиж авах үед би газар унаж ухаан балартсан байсан. Тэгээд босоод ирэх үед урт талын дээд үүдэн шүд голоороо хугарч унасан байсан. ...Маргааш хүнээс сонсох үед хажуу талын өрөөнд байсан 3 согтуу залуутай Б гэх залуу муудаж зодолдож байх үед би бие засах санаатай гарч байгаад цохиулж газар унасан байсан. ...Миний нүүрэн тус газрын уруулын дээд хэсэгт нэг удаа цохиод би газарт хаалга мөргөж унасан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 4 ху/,
-Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн орой хамт ажилладаг 2 найз болох Х, Ж нарын хамт 1 ширхэг том Сэнгүр нэртэй 2.5 литр пиво хувааж уусан. ...Тэгээд манай найз Х нь караокены өрөөнөөс гарч ирсэн нэг залууг үг хэлээр өдөж маргалдаад байсан шиг санагдаад байна. Тэгээд би тухайн текний хажууд зогсож байгаад нөгөө залуугаас уучлалт гуйгаад зогсож байсан шиг санагдаж байна. Тэрнээс өөр зүйл сайн санахгүй байна. Тэгээд маргааш нь караоке ажиллуулж байсан эмэгтэйгээс асуухад нөгөө залуу намайг уучлалт гуйх үед шууд миний нуур лүү цохиод газарт унагаасан гэж хэлж байсан. ...Миний нүүр нь тус газар нэг удаа цохиод авах шиг болсон тэрнээс хойш юу ч санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх 7 ху/,
-Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Бид нар караокеных өрөөнд сууж байх үед нэг согтуу өндөр шар залуу хаалга онгойлгоод говийн хүүхнүүд болон Их говийн янхнууд гэж хашхираад байхаар нь би зүгээр бай гээд та нар цаашаа яв гэж хэлээд хаалга хаасан. Тэгсэн чинь удалгуй караоке ажиллуулдаг эмэгтэй орж ирээд та нартай хамт явж байсан хүнийг зодоод байна гэж манай өрөөнд орж ирж хэлэхээр нь бид бүгд өрөөнөөс гараад ирэх үед Быг газар унагаасан байдалтай өшиглөж байсан. ...Хамт явж байсан Б ардуур өрөөнөөс дөнгөж гараад ирэх үед нь өндөр шар залуу цохиод авах уед Б ах газар шууд унаж ухаан алдсан байсан гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,
-Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б ах өрөөнөөс гараад очих үед үл таних туранхай өндөр залуу Б ахыг нэг цохиод унагаасан байсан. Тэгээд хүүе гээд бужигнаж өрөөнөөс гараад Б ах дээр очиход Б ах ухаан алдаж газарт унасан байсан гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,
-Яллагдагч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр архи уучихсан байх үедээ Хатанбулаг сумын Ханги хилийн боомтын Суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг караоке паб дотор ул таних согтуу залуучуудтай маргалдаж зодолдож нэг хүний нүүр нь тус газар нь цохиж халдан биед нь хөнгөн хохирол учруулсан. ...Би өөрийн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна. Би Хохирогч Г.Эын эмчилгээний зардал гэж 200.000 төгрөг өгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа гэсэн мэдүүлэг /хх 78 ху/,
-Яллагдагч Ц.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр архи уучихсан байх үедээ Хатанбулаг сумын Ханги хилийн боомтын Суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг караоке паб дотор ул таних согтуу залуучуудтай маргалдаж зодолдож нэг хүний нүүр нь тус газар нь цохиж халдан биед нь хөнгөн хохирол учруулсан. ...Би өөрийн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна. Би хохирогч Б.Б гэх хүний гар утас руу холбогдож эмчилгээний зардал гэж 450.000 төгрөгийг өгч хохирлыг бүрэн барагдуулсан байгаа гэсэн мэдүүлэг /хх 81 ху/,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/083 дугаартай дүгнэлтэнд:
1.Г.Эын биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний доод зовхи, дээд, доод уруулын цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Учирсан зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
3.Учирсан зүүн нүдний доод зовхи, дээд, доод уруулын цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 18 ху/,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/075 дугаартай дүгнэлтэнд:
1.Б.Бы биед тархи доргилт, толгойн хуйх, дээд уруулын дотор салстын цус хуралт, 11 дүгээр шүдний ганхаа гэмтлүүд тогтоогдлоо.
2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Учирсан тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4.Учирсан толгойн хуйх, дээд уруулын дотор салстын цус хуралт, 11 дүгээр шүдний ганхаа гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 30-31 ху/,
-Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 33-40 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60-61 ху/
-Шийтгэх тогтоолын хуулбар /хх 62-66 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 69-70, 72-74, 78, 81 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ханги суурьшлын бүсийн Караоке Паб дотор шүүгдэгч Ц.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бы нүүрэн тус газар шалтгаангүйгээр цохисны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, толгойн хуйх, дээд уруулын дотор салстын цус хуралт, 11 дүгээр шүдний ганхаа бүхий нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Эын нүүрэн тус газар нь цохисны улмаас түүний эрүүл мэндэд зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний доод зовхи, дээд, доод уруулын цус хуралт бухий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.Хын “...Тэр өдөр гурвуулаа бааранд ороод 1 шил архи уусан. Зарим үйлдлээ санахгүй байгаа. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй, миний буруу” гэсэн, шүүгдэгч Э.Бын “...Текний тэнд Э гэдэг хүнтэй маргалдаж цохисон. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Бы “...тухайн караокеныхон өрөөнөөс бие засах санаатай гарах үед нэг танихгүй залуу өөдөөс шууд миний нүүрэн тус газарт 1 удаа цохиж авах үед би газар унаж ухаан балартсан байсан. Тэгээд босоод ирэх үед урт талын дээд үүдэн шүд голоороо хугарч унасан байсан” гэсэн, хохирогч Г.Эын ”...маргааш нь караоке ажиллуулж байсан эмэгтэйгээс асуухад нөгөө залуу намайг уучлалт гуйх үед шууд миний нуур лүү цохиод газарт унагаасан гэж хэлж байсан. ...Миний нүүр нь тус газар нэг удаа цохиод авах шиг болсон тэрнээс хойш юу ч санахгүй байна” гэсэн, гэрч Э.Бын “...Хамт явж байсан Б ардуур өрөөнөөс дөнгөж гараад ирэх үед нь өндөр шар залуу цохиод авах уед Б ах газар шууд унаж ухаан алдсан байсан” гэсэн, гэрч Г.Гын “...Б ах өрөөнөөс гараад очих үед ул таних туранхай өндөр залуу Б ахыг нэг цохиод унагаасан байсан. Тэгээд хүүе гээд бужигнаж өрөөнөөс гараад Б ах дээр очиход Б ах ухаан алдаж газарт унасан байсан” гэсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Эын биед зүүн нүдний алимны салстын цус харвалт бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон 02/083 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Бы биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон 02/075 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Х, Э.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Х, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөргүй байдлаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Хохирогч Г.Э, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б нь хохирогч Г.Эад 200.000 төгрөг, шүүгдэгч Ц.Х нь хохирогч Б.Бд 450.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У.Х, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х, Э.Б нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА