Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгч Ө.Д, Н.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Д, Н.М нарт холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Ө.Д, Н.М

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ө.Д, Н.М нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Стэй "ажлын хүн доромжиллоо" гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газар нь өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүү, баруун, зүүн шуу, цээж, нуруу, хэвлий, зүүн гуянд цус хуралт, хамар, нуруу, зүүн бугалгад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Ө.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчийг зүс танина. Тухайн үед М ах хохирогчтой зууралдаад авахаар нь би очиж цохиж авсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй. Хохирогчид 1.500.000 төгрөгийг бид хоёр хувааж төлсөн гэсэн мэдүүлэг,

            -Шүүгдэгч Н.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогч бид хоёр маргалдаж барьцалдаж авсан. Нийг С багалзуурдсан зогсож байхаар нь очиж маргалдсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө, маргахгүй. Хохирогчид 1.500.000 төгрөгийг бид хоёр хувааж төлсөн. Ойлгож гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Т.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01:00 цагийн үед С ХХК-ний ажилтан Э гэх эмэгтэйд сумын төвөөс архи, ундаа болон хэрэглээний зүйл захисан бөгөөд түүнийг ирж байгаа гэхээр нь очиж авах зорилгоор манай компанийн лабораторийн инженер ажилтай С гэх залуугийн хамт гарч яваад манай кемпээс зүүн хойд зүгт хөдөө хээр газар Эгийн байгаа гэх газарт очиход 2 тээврийн хэрэгсэлтэй 7 хүн байсан. ...Н гэх залуу надад хандан би чамайг хамгаална гэсэн зүйл яриад зууралдаад байсан чинь нөгөө хамт байсан М, А, Д гэх залуу, О, Ш гэх эмэгтэй нар намайг Нтой муудаж байна гэж ойлгосон юм уу яасан юм шууд над руу дайрсан. Би энэ үед Ноос өөрийгөө салгах гэсэн боловч Н намайг урдаас цээжээр тэвэрчихээд тавихгүй байсан бөгөөд Д, М нар ээлжлэн миний нүүрэн тус газар цохисон. ...Миний мэдэж байгаагаар Д, М хоёр намайг хөлөөрөө бүсэлхийнээс дээш бие хэсэгт өшиглөж цохисон. ...Д, М хоёр нүүр хэсэгт гараараа цохих, газар унаад хэвтэж байхад зүүн гуянд өшиглөх зэрэг үйлдэл хийснийг санаж байна гэсэн мэдүүлэг /хх 9-12 ху/,

         -Гэрч Г.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Э кемпээс зүүн хойд зүгт хөдөө хээр зогсож байна хүрээд ирээч гэхээр нь С бид хоёр очсон. Энэ үед С тухайн газарт очоод танил Н гэх залуутай маргалдсан байх ямар ч байсан нэг нэгнийгээ барьж авч зууралдсан. Энэ үед тэнд байсан МөнгөнШ, О гэх хоёр эмэгтэй Н, С хоёрыг салгах гэсэн чинь С тэр хоёрыг гичий янхнууд минь хол бай, та нарт хамаагүй гэсэн. ...Энэ үед М, О, Д, М, А нар тойроод бүсэлчихсэн ноцолдоод цохиж зодоод байж байсан. ...Тэгээд би маргааш өглөө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өглөө Сг кемпэд ирээд дахин Төгөлдөр гэх залууд зодуулсан гэдгийг манай ажилчид ярьж байхыг сонсоод мэдсэн гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/,

         -Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Орой 12:00 цаг болж байсан байх. Бид нар кемпээс зайдуу хөдөө хээр архи ууж байсан. Би тухайн үед нэлээн согтсон учраас хүмүүсээ явах уу гээд машинд сууж байсан. Энэ үед С, С гэх хоёр залуу ирсэн бөгөөд С тодорхой шалтгаангүйгээр миний хоолойг боож байсан. М гэх эмэгтэй боосон гарыг нь тавиулах гээд надад халдсан. Энэ үед надтай хамт Сг боль гээд миний хоолойг Сгийн баруун гарын эрхий хурууг нь татсан байх. Тэгсэн чинь С, М, О хоёрыг янхан гичийнүүд гэсэн хараалын байсан. ...М нь эхнэр доромжиллоо гээд Стэй маргалдаад ноцолдсон. ...Сг салгах гээд очоод тэврээд авсан чинь бид хоёр давхралдаад газар унасан. Бид хоёрыг унах үед хамт байсан манай Д гэх залуу Сг ямар ч байсан хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. ...Миний мэдэж байгаагаар Сгийн биед эхлээд Д, М нар анх гар хүрч цохисон, харин дараа нь кемп дээр Төгөлдөр гэх инженер зодсон гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/,

         -Гэрч Ж.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Намайг С гичий минь гэж хэлснийг миний нөхөр М сонсоод Стэй очиж маргалдаад цохисон гэж байсан. Би хаана нь хэдэн удаа юугаар цохисныг мэдэхгүй. ...М, Д хоёр болохоор муудалцаж ноцолдоод байсан гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/,

         -Яллагдагч Н.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний бие Т.Сгийн зүүн мөр болон нүүрний зүүн шанаа хэсэгт гараараа нэг нэг удаа нийт 2 удаа цохисон. Мөн надтай хамт байсан Д гэх залуу Сг газар унасан байх үед нь цохиж зодсон асуудал байгаа. Миний хувь өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа буруугаа ойлгож байна. ...Д бид хоёрын зүгээс Т.Сд хохирлын 1.500.000 төгрөг дансаар өгсөн гэсэн мэдүүлэг /хх 80-82 ху/,

         -Яллагдагч Ө.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Сг газар унахаар нь зүүн хөлийн гуя хэсэг рүү нь өшиглөсөн юм. Түүнээс болоод Сгийн зүүн гуя хэсэгт хөхөрч гэмтэл үүссэн. Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдэл байгаа. Архи ууснаас болж тэнд маргалдсан гэсэн мэдүүлэг /хх 85-86 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 02/0527 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Т.Сгийн биед тархи доргилт, хамрын таславчийн хугарал, муруйлт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүү, баруун, зүүн шуу, цээж, нуруу, хэвлий, зүүн гуянд цус хуралт, хамар, нуруу, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2.Учирсан гэмтлүүд нь мохоо гэмтлүүдийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3.Учирсан тархи доргилт, хамрын таславчийн хугарал, муруйлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4.Учирсан баруун, зүүн нүдний зовхи, зуун хацар, эрүү, баруун, зүүн шуу, цээж, нуруу, хэвлий, зүүн гуяны цус хуралт, хамар, нуруу, зүүн бугалганы зулгаралт гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          6. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна  гэсэн дүгнэлт /хх 43-44 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 64-71, 82-82, 85-86 ху/,

          -Эмнэлгийн баримт, гэрэл зураг /хх 45-52 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 98-99 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Ө.Д, Н.М нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Стэй "ажлын хун доромжиллоо" гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газар нь өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүү, баруун, зүүн шуу, цээж, нуруу, хэвлий, зүүн гуянд цус хуралт, хамар, нуруу, зүүн бугалгад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ө.Дийн “...Тухайн үед М ах хохирогчтой зууралдаад авахаар нь би очиж цохиж авсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй” гэсэн, шүүгдэгч Н.Мгийн “...Хохирогч бид хоёр маргалдаж барьцалдаж авсан. Нийг С багалзуурдсан зогсож байхаар нь очиж маргалдсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө, маргахгүй” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Сгийн “...Д, М нар ээлжлэн миний нүүрэн тус газар цохисон...Миний мэдэж байгаагаар Д, М хоёр намайг хөлөөрөө бүсэлхийнээс дээш бие хэсэгт өшиглөж цохисон”  гэсэн, гэрч Г.С, Д.Н, Ж.М нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, хамрын таславчийн хугарал, муруйлт бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон 02/0527 дугаартай шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн баримт, гэрэл зураг болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Ө.Д, Н.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Д, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөргүй байдлаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д, Н.М нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж  шийдвэрлэлээ.

          Хохирогч Т.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хохирогчид 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 104 дугаарт авагдсан хохирогчийн хүсэлт, 106 дугаарт авагдсан хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ө.Д, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д, Н.М нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д, Н.М нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Д, Н.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА