Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагч Б.Дашням,

         Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

   Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.   

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д.Б

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотоос хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Г.Эийн эзэмшлийн Хаан банкны виза картыг автомат бэлэн мөнгөний машинд уншуулан Г.Эийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас нийт 1.700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээж байгаа. Архи уусан байсан болохоор дахиж архи уухаар л авч явсан. Хэргийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг 3 сарын сүүлчээр 2 хувааж төлсөн. Манай дүү 1.000.000 төгрөгийг авсан байснаа шилжүүлж, үлдэх хохирлыг би төлсөн. Дахиж хэрэгт холбогдохгүй гэсэн мэдүүлэг,

          -Хохирогч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 10 дугаар сарын 20-д дөнгөж гараад өөрийн амьдардаг Шинэ Зууны 28 дугаар байрны 3 дугаар орцны гадаа Б,Г нартай таараад юм ярихад Б,Г хоёр нь "Шартаж үхлээ” гээд байхаар нь би гэр лүүгээ дагуулж орсон. ...Тэгээд би Бд өөрийн Хаан банкны виза картаа өгч, пин кодыг нь хэлж, дэлгүүр лүү архи болон идэж уух юмтай авч ирүүлэхээр гаргасан. Тэгээд төд удалгүй юм аваад ороод ирсэн. Тэгээд бид хэд архиа хувааж уусан. Тэгээд би дахиж 2-3 удаа картаа өгч дэлгүүр гаргаж архи авч өгсөн. Тэгээд бид хэд өдрийн 12 цагийн үед бол архиа уугаад бөөндөө гэрт байсан гэж байгаа юм. ...Б,Г бид хэд архи ууж байгаад би унтаад өгсөн. ...Тэгээд маргааш нь утсандаа цэнэглэгч олж хийгээд асаахад миний данснаас гүйлгээ хийгдсэн мессеж миний дугаарт ирсэн байхаар нь би картаа байхгүй болсон, хүн авсныг мэдсэн. ...Гийн төрсөн дүү Жимээ гэх эмэгтэй над руу залгаад "Э гээд ногоон өнгийн виза карт байна. Таных уу. Б харин авч явж байсан. Би 1.000.000 төгрөгийг нь өөр лүүгээ шилжүүлсэн. Тань руу буцаагаад өгье" гэхэд би "За тэгээ. Картыг нь өөр дээрээ айлгаж бай. очоод авчихна" гэж хэлсэн. ...Тэгээд би картаа авсны маргаашаас байна уу, ээж Мажигсүрэн нь над руу утсаар залгаад "Б нь чиний виза картыг аваад дотор нь байсан мөнгө төгрөгийг үрэн таран хийсэн байна аа. Эгч нь хохирол мөнгийг нь барагдуулчихна аа. Чи цагдаад өгөхгүй эндээ учраа олчихъё" гэхээр нь би тэгье гээд хэлсэн. 2022 оны 11 сарын дундуур Бийн төрсөн эгч Гэрэлчимэг нь миний дансны дугаарыг аваад над руу 600.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг ...хүүхдийн мөнгө орохоор мөнгийг нь шилжүүлье гэж байсан. Дараагаар нь над руу мөнгө шилжүүлээгүй. Тэгээд ээжтэй нь холбоо барихад өөрөө ажил хийж байгаа. цалин нь буухаар өгнө гэсэн гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 23-24 ху/,

         -Гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Э ах Б лүү залгаад ахдаа дахиад 1, 2 шил архи дөхүүлээд өгчих гэж байсан. Тэгээд бид хоёр тэднийх руу очоод Б виза картыг авч бид хоёр хамт дэлгүүрт очиж архи авахад Б кодыг нь хийгээд картаар архиа авч байсан. ... Тэгээд бид хоёр Э ахынд 2 шил архи авч очсон. Тэгээд бид гурав архи хувааж уусан. Өөр хүн байгаагүй. Тэгээд би тасраад унтаад өгсөн. Нэг мэдсэн Б нь намайг сэрээгээд явъя гэсэн. Тэгээд би гэр лүү очоод унтсан гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,

         -Гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг Б худалдааны дэлгүүрийн хүнсний дэлгүүрт нь 2019 оноос хойш худалдагчаар ажиллаж байна. ...Д.Б нь миний ажилладаг хүнсний дэлгүүрт тухайн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр цалин буусан гээд 500.000 төгрөг барьсан орж ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад бууж ирээд ундаа авъя гэж виза карт гаргаж ирэхээр нь би танд хэр их мөнгө байгаа юм. Би зээлье. Тэгээд дараа нь өгье гэхэд тэг тэг. Нэг сая гаруй төгрөг байгаа байх. Гэхдээ би чамд бүгдийг нь өгөхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би дагуулаад АТМ ороод дансыг нь узэхэд 1.200.000 төгрөг байсан. Тэгээд би 1.000.000 төгрөгийг нь өөрийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлж авсан. Тэгээд үлдсэн мөнгийг нь Б бэлэн аваад гарсан. Тэгээд буцаад яваад Б цайны газар луу эргээд орсон. Тэгээд дээрээс ахиад бууж ирээд би бичиг баримтаа үлдээе гэхэд нь би виза картынх нь нэрийг харахад өөр хүний нэр байсан. Тэгээд би Б ахаас энэ хэний виза карт вэ гэхэд Бэвэгийн карт аа. Миний цалин орсон юм гэж хэлсэн. Тэгээд тухайн үед нь анзаараагүй өнгөрсөн. Маргааш нь би Бэвэ гэх хүний хамаатан Бороо гэх хүнээс дугаарыг нь авч байгаад ярихад Б нь миний картыг аваад явчихсан алга байна гэж хэлсэн. Тэгээд би Э гэх хүнд би таны картаас 1.000.000 төгрөгийг нь авсан гэсэн. ...Тэгээд би мөнгийг бүгдийг нь шилжүүлсэн. Дараа нь өөрөө өдөр ирж виза картаа авсан гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/,

         -Яллагдагч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...архи дуусаж Э ах виза картаа өгчГ бид хоёр дахин 1 шил 0,75 литрийн хараа архи авч ирж уусан. Тэгээд бид гурав нэлээн согтоодГ бид хоёр явлаа шүү гээд явсан. Тэгээд бид хоёр гэрээс нь гараад явж байтал миний халаасанд Э ахын виза карт байсан. Би картыг нь өгөхөө мартчихсан байсан. ... 500.000 төгрөгөө аваад Буянт шанд нэртэй дэлгүүрийн гадна байдаг хүмүүсийг хоолонд оруулж архи авч өгсөн. Тэгээд тухайн 500.000 төгрөг дууссан. Тэгээд дахин картаас нь 200.000 төгрөгөөр архи авч уусан. Тухайн үед би маш их согтсон байсан гэсэн мэдүүлэг /хх 47-48 ху/,

         -Г.Эийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 21-23 ху/,

         -Виза картанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 11-12 ху/,

         -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 32-35, 47-48 ху/,

        -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49 ху/

         -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 51-53 ху/  зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотоос хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Г.Эийн эзэмшлийн Хаан банкны виза картыг автомат бэлэн мөнгөний машинд уншуулан Г.Эийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас нийт 1.700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч  Д.Бийн “...Архи уусан байсан болохоор дахиж архи уухаар л явсан. Хэргийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа“ гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Эийн “...Гийн төрсөн дүү Жимээ гэх эмэгтэй над руу залгаад Э гээд ногоон өнгийн виза карт байна. Таных уу. Б харин авч явж байсан. Би 1.000.000 төгрөгийг нь өөр лүүгээ шилжүүлсэн. Тань руу буцаагаад өгье гэхэд би за тэг ээ. Картыг нь өөр дээрээ айлгаж бай. очоод авчихна" гэж хэлсэн” гэсэн, гэрч Г.Гийн “...бид хоёр тэднийх руу очоод Б виза картыг авч бид хоёр хамт дэлгүүрт очиж архи авахад Б кодыг нь хийгээд картаар архиа авч байсан” гэсэн, гэрч Г.Гийн “...Д.Б нь миний ажилладаг хүнсний дэлгүүрт тухайн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр цалин буусан гээд 500.000 төгрөг барьсан орж ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад бууж ирээд ундаа авъя гэж виза карт гаргаж ирэхээр нь би танд хэр их мөнгө байгаа юм. Би зээлье. Тэгээд дараа нь өгье гэхэд тэг тэг. Нэг сая гаруй төгрөг байгаа байх. Гэхдээ би чамд бүгдийг нь өгөхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би дагуулаад АТМ ороод дансыг нь узэхэд 1.200.000 төгрөг байсан. Тэгээд би 1.000.000 төгрөгийг нь өөрийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлж авсан. Тэгээд үлдсэн мөнгийг нь Б бэлэн аваад гарсан. Тэгээд буцаад яваад Б цайны газар луу эргээд орсон. Тэгээд дээрээс ахиад бууж ирээд би бичиг баримтаа үлдээе гэхэд нь би виза картынх нь нэрийг харахад өөр хүний нэр байсан. Тэгээд би Б ахаас энэ хэний виза карт вэ гэхэд Бэвэгийн карт аа. Миний цалин орсон юм гэж хэлсэн" гэсэн мэдүүлгүүд, Г.Эийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, виза картанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

          Мөн хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.

          Шүүгдэгч Д.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Хохирогч Г.Эт 1.700.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

         Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирлоо нөхөн төлсөн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч Д.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

        4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА