Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2530

 

 

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/02530

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З-ийн гаргасан,

 

Хариуцагч: Д

 

Хариуцагч: О/ нарт холбогдох,

 

676,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 50,460.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З, хариуцагч Д, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, хариуцагч Д, О нартай 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, С.Данзан, 3 дугаар байр, 7 тоот хаягт байрлах орон сууцыг түрээслэхээр тохирсон.

 

Талууд энэ гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан ба түрээсийн төлбөрт сарын 550,000.00 төгрөгийг төлөхөөр болсон. Ингээд миний бие хариуцагч нарт эхний 2 сарын төлбөрт 1,100,000.00 төгрөг дээр барьцаа гэж 550,000.00 төгрөг, нийт 1,650,000.00 төгрөгийг өгсөн юм.

 

Гэтэл анх түрээсийн байранд очиж үзэхэд байсан бүх эд хогшил нь нүүж ороход байхгүй, мөн ванны өрөөний дүш, шүршүүр байхгүй, бүх эд зүйлээ аваад явсан байснаас гадна хана нь цууралттай, гал тогооны угаалтуураас ус алдсан байсан. Намайг энэ талаар хариуцагчийн охинд хэлэхэд огт хүлээж аваагүй, үүнээс хойш нэг сарын дараа ариун цэврийн өрөөнөөс бохир үнэртдэг болсон.

Үүнээс шалтгаалан хоол унд хийж болдоггүй, их чийгтэй, угаалгын өрөөний шүршүүр байхгүй учраас хүүхдүүдээ усанд оруулж чадахгүй байсан. Сүүлдээ амьдран суухад хэцүү байсан учраас 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр орон сууцнаас гарах тухай бичгийг хариуцагчийн хүүхдэд өгөхөд өөдөөс минь шидсэн.

 

Бид, түрээсийн гэрээг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр цуцалсан ба ашиглаагүй 7 өдрийн түрээсийн төлбөрт 126,000.00 төгрөг, барьцаа болгон өгсөн 550,000.00 төгрөг, нийт 676,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Гэвч хариуцагч нар барьцаа хөрөнгө хэмээн өгсөн 550,000.00 төгрөгөөс 85,450.00 төгрөгийг орон сууцны ашиглалтын төлбөрт суутган авсан талаар маргахгүй. Тэд надад 464,550.00 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаасаа орон сууцны ашиглалтын зардалд суутгасан 85,450.00 төгрөг болон буцаан өгсөн 464,550.00 төгрөгийг хасахад нийт 126,000.00 төгрөг болж байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 550,000.00 төгрөгөөр багасгаж, 126,000.00 төгрөгийг нэхэмжилж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 50,460.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

 

Би, орон сууцны түлхүүрийг байрны жижүүрт өгснийг хариуцагч нар 2019 оны 27-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарлаж байгаа ч орон сууцыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр чөлөөлсөн тул амьдараагүй хугацааны илүү төлсөн 126,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

 Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:

 

“Манай гэр бүл уг орон сууцанд 2010 оноос хойш өөрсдөө амьдарсан. Би, нэхэмжлэгчтэй 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, улмаар 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр түлхүүрийг албан ёсоор хүлээн авсан.

 

Талуудын байгуулсан гэрээнд зааснаар гэрээг цуцлах тухай хүсэлтээ 1 сарын өмнө мэдэгдэх ёстой гэснийг нэхэмжлэгч тал зөрчсөн. Манай охинд 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгсөн боловч түлхүүрийг 27-ны өдөр хүлээн авсан тул орон сууцыг дутуу ашигласан хугацаа гэж байх ёсгүй.

 

Бид, уг орон сууцанд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаагүй, нэхэмжлэгчид бүхий л зүйлийг бүрэн хүлээлгэж өгсөн. Ус алдаж байсан талаар тайлбарлаж байна, гэтэл ус алдсан бол слесарь дуудах байсан, ариун цэврийн өрөөнөөс манайх ус алдаагүй хажуу талын цэцэрлэг ус алдсан.

 

Нэхэмжлэгчийг орон сууцыг хүлээлгэн өгсний дараагаар ашиглалтын дутуу төлсөн төлбөрийг лавлахад ус, халаалтын төлбөрт 42,120.00 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 8,370.00 төгрөг, нийт 50,460.00 төгрөгийг төлөөгүй байсан.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ зөрчиж, бид нарыг ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг түрээслүүлсэн гэж худал тайлбарлаж буйг зөвшөөрөхгүй. Орон сууцны түлхүүрийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр авсан тул 126,000.00 төгрөгийг төлөхгүй, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад        

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Згаас хариуцагч Д, О нарт холбогдуулан 676,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулан 50,460.00 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа 550,000.00 төгрөгөөс татгалзаж, 126,000.00 төгрөгийг нэхэмжилж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна /х.х-ийн 24-27, 32 хуудас/.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч З 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Д, О нартай орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, С.Данзан, 3 дугаар байр, 7 тоот хаягт байрлах орон сууцыг хөлслөхөөр тохиролцсон байна /х.х-ийн 5 хуудас/.

 

Талуудын байгуулсан гэрээний зүйл болох Ү-2204029849 тоот улсын бүртгэлийн дугаартай дээр дурдсан 30 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Д, О нар өмчилдөг ажээ /х.х-ийн 6 хуудас/.

 

Хэдийгээр зохигчид уг гэрээг түрээсийн гэрээ гэж тайлбарлаж байгаа ч тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Учир нь, орон сууц хөлслөх гэрээгээр хөлслөгч нь ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор эд хөрөнгийг эзэмшиж, ашигладаг бол түрээсийн гэрээгээр түрээслэгч этгээд аж ахуйн буюу ашиг орлого олох зорилгоор эд хөрөнгийг түр хугацаагаар эзэмшиж, ашиглаж, тухайн хөрөнгийг ашигласнаас олох орлого, үр шимийг өмчлөх эрхтэй байдаг.

 

Нэхэмжлэгч З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг орон сууцанд ямар нэгэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулахаар бус, харин амьдран суух зорилгоор эзэмшиж, ашигласан гэсэн тул орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Уг орон сууц хөлслөх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2.-т зааснаар хөлслөгч буюу нэхэмжлэгч тал орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хөлсөлж, 1 /нэг/ сарын хөлсөнд 550,000.00 төгрөгийг хөлслүүлэгчид төлөхөөс гадна орон сууцны сар бүрийн ашиглалтын зардлыг мөн адил төлөхөөр болж, барьцаа хэмээн 550,000.00 төгрөгийг 2 сарын хөлс болох 1,100.000.00 төгрөгийн хамт нэхэмжлэгчид төлжээ.

 

Гэтэл талууд тус орон сууцны хэвийн байдал буюу ашиглалтын шаардлага хангаагүй гэсэн маргааны улмаас орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан ба 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цуцалсан эсэх талаар мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4.-т “Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж заажээ. Тодруулбал, орон сууц хөлслөх гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлсөх гэрээний харилцааг зохицуулсан тус хуулийн бусад заалт үйлчлэх бөгөөд 294 дүгээр зүйлийн 294.3.-д” “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно” гэж, мөн 294.4.-т “Хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй” гэж заасныг талууд заавал харгалзах учиртай.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа буюу нэхэмжлэгч тал орон сууцыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн гэсэн тайлбараа, хариуцагч нь орон сууцны түлхүүрийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан гэсэн тайлбараа тус тус баримтаар нотлохгүй байна.

 

Харин талууд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өгсөн эсэх талаар маргасангүй. Тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.-д “Хөлслөгч тал гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар 1 сарын өмнө хөлслүүлэгч талд бичгээр мэдэгдэж, зөвшилцсөний үндсэн дээр үлдэгдэл төлбөрийг хоногоор тооцож хөлслүүлэгчээс авч болно” гэж заажээ.

 

Иймд, нэхэмжлэгч З нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Д, О нарт гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн талаар зохигчид маргаагүй тул 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ингээд нэхэмжлэгч Згийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих орон сууцны хөлсийг тооцвол:

 

  • 2019 оны 04 дүгээр сар нийт 30 хоногтой,  нэхэмжлэгч тал 11 хоног амьдарсан ба 550,000:30=18,333.33 төгрөг /нэг хоногийн хөлс/, 18,333.33x11=201,666.63 төгрөг,

 

  • 2019 оны 05 дугаар сар нийт 31 хоногтой бөгөөд нэхэмжлэгч тал 31 хоног амьдарсан ба 550,000:31=17,741.93 төгрөг /нэг хоногийн хөлс/, 17,741.93x31=550,000.00 төгрөг,

 

  • 2019 оны 06 дугаар сар нийт 30 хоногтой, нэхэмжлэгч тал 19 хоног амьдарсан ба 550,000:30=18,333.33 төгрөг /нэг хоногийн хөлс/, 18,333.33x19=348,333.27 төгрөг, нийт 1,100,000.00 төгрөг болж байна.

 

Талууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч тал нийт 1,650,000.00 төгрөгийг хариуцагч нарт өгсөн гэснийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд барьцаа 550,000.00 төгрөгөөс 85,450.00 төгрөгийг орон сууцны ашиглалтын төлбөрт суутгаж, үлдэх 464,550.00 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн байна.

 

Гэвч нэхэмжлэгч тал уг орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 1,100,000.00 төгрөгийг төлөх ёстой тул хөлслөөгүй хугацааны төлбөрт 126,000.00 төгрөгийг илүү төлсөн гэсэн тайлбар үндэслэлгүй байна. 

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Згийн гаргасан хариуцагч Д, О нарт холбогдох 126,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг үндэслэн хариуцагч Д, О нарын гаргасан нэхэмжлэгч Зд холбогдох 50,460.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,800.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР