Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтохын Туяа |
Хэргийн индекс | 102/2017/3409/и |
Дугаар | 765 |
Огноо | 2018-03-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 765
В, Ж, Внарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03409 дүгээр шийдвэртэй, В, Ж, Внарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ш” ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээнээс гарч 1 339 806 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ван Сэн Тунын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн В, Ж, Внар нь 2002 онд Ли Шан Баотой /Li Xiang Bo/ уулзаж Монгол улсад хамтран бизнес хийж, хөрөнгө оруулалт хийхээр болсон. Ингээд Ли Шан Баотой 2002 оны 4 дүгээр сарын 28-нд “Олон улсын худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээр” хийж, “Ш” ХХК-ийн хувьцааг хуваан эзэмшиж, үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулалт хийхээр болсон. Ингээд 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, “Ш” ХХК-д хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Хамтран ажиллах гэрээний тал болох Ли Шан Бао нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул В, Ж, Внар дээрх хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, хөрөнгө оруулалтаар хийсэн 3 860 000 юань буюу 1 339 806 000 төгрөгийг “Ш” ХХК-иас гаргуулахыг хүсч байна. Нэхэмжлэгч нар хамтран ажиллах гэрээ байгуулж, “Ш” компанид 3 810 000 юаны хөрөнгө оруулсан нь Улсын дээд шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 000098 дугаартай тогтоолоор тогтоогдсон гэжээ
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Улсын дээд шүүхийн тогтоол гэж тайлбарладаг. Уг тогтоолоор нэхэмжлэгч нар “Ш” ХХК-д 3 810 000 юаны хөрөнгө оруулсан болохыг тогтоосон. Гэхдээ нэхэмжлэгч нь хэн хэдэн төгрөг оруулсан, хөрөнгө оруулах зорилго, зориулалт нь юу байсныг нэхэмжлэлдээ тодорхойлоогүй, хамтран ажиллах гэрээг цуцлах, гэрээнээсээ татгалзах гэж өөр өөрөөр тайлбарласан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “хамтран ажиллах гэрээнээс хэзээ ч татгалзаж болно, оруулсан хөрөнгөө авч болно гэж байна. Оруулсан хөрөнгийн хэмжээгээр үүрэг хариуцлага, өр төлбөрийн асуудал яригдах ёстой. Нотлох баримтын хувьд “Ш” ХХК-ийн өгсөн мөнгөний болон зээлсэн мөнгөний баримт, Олон улсын хэлэлцээр зэрэг нь өмнө шүүхээр хэлэлцэгдсэн баримтууд байна. Харин энэ хэрэг маргаантай холбоотой баримтууд хэрэгт огт авагдаагүй.
Хамтран ажиллах гэрээгээ цуцлах гэж байгаа бол уг гэрээний талууд нь В, Жан Юан Ши, Ван Сэн Тун, Баатар, Ли Шан Бао, Ли Жиа Зон, Соёлт зэрэг 7 хүн байгаа бөгөөд эдгээр хүмүүс хамтран ажиллах гэрээ байгуулахдаа компанийн санхүүгийн үйл ажиллагааг өргөжүүлэх, вакум хаалга цонх болон цемент тоосго үйлдвэрлэх ажиллагаа явуулахаар тохирч хөрөнгө оруулсан. Вакум цонхны болон цемент, тоосгоны үйлдвэр нь байгаа юу гэдэг нь тодорхойгүй. Нийт 7 хүн байгуулсан хамтран ажиллах гэрээг 3 иргэн цуцлах эрх байгаа эсэх, гэрээ байгуулснаас хойш хэдэн төгрөгийн ашиг олсон, алдагдал нь хэд байгаа, хэн хэн гэрээнээс гарсан зэрэг тооцоолол байдаггүй. Нэхэмжлэгч нар энэ талаар тодруулж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 479.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ш” ХХК-иас 1 322 451 000 төгрөг гаргуулахыг хүссэн БНХАУ-ын иргэн В /Wang Diqing/, Ж /Zhan Yuanbin/, В/Wang Sentong/ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 856 980 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар олгосон эрхийг зөрчиж, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хариуцагчид ашигтай байдлыг бий болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн нь гомдол гаргах үндэслэлийн нэг юм. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж, талуудын зөрүүтэй тайлбар, маргаантай асуудлыг шүүхээр хянуулах эрхийг хөндсөн. Тодруулбал, үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж өгсөн нэмэгдүүлсэн шаардлагыг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 01629 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 62, 64, 66, 123, 170 дүгээр зүйл заалттай нийцдэггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүй байх нь шүүхийн хууль бус ажиллагаа байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа бол тусгайлан хэрэглэгдэх зохицуулалттай атал шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгож хүсэлтийг хэрэгсэхгүй болгож буцаах гэж хууль зөрчиж шийдвэрлэсэн. Түүнчлэн захирамжийг хянуулах боломжийг хязгаарласан нь хариуцагч талд давуу байдлыг бий болгосон.
Бид хэргийг шийдвэрлэх шүүгчийг татгалзсан боловч татгалзлын үндэслэлийг харгалзалгүйгээр Ерөнхий шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02674 дүгээр захирамжаар шийдвэрлэхдээ “хүсэлтийг хэрхэн шийдсэн нь шүүгчийг татгалзах үндэслэл болохгүй байна” гэж татгалзлын үндэслэлийг өөрөөр тайлбарласан байдаг. Уг нь шүүхэд мэдүүлэх эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг хууль бус үндэслэлээр татгалзаж байгаа нь хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлж байна гэж Ерөнхий шүүгчид хандсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 6 дугаар зүйлд заасан эрхийг зөрчсөн, хариуцагчаа өөрөө тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан үндэслэлээр хянуулах эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа.
Шүүхийн шийдвэрийн үндэслэлд Внь “Ш” ХХК-д хохирол учруулсан эсэх нөхцөл байдалтай холбоотой гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, маргааны үйл баримтаас давсан төдийгүй хариуцагчид цаашид ашигтай байдал бий болгож, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, шүүх “Ш” ХХК-д нэхэмжлэгч Вхохирол учруулсан “гэм буруутай” гэж дүгнээд үүнээс болж нэхэмжлэгч нар “Ш” ХХК-д оруулсан 1 322 541 төгрөгийн оруулсан хөрөнгөө эргүүлэн шаардах эрхгүй гэсэн дүгнэлт хийжээ.
Мөн шүүх “бүхэлд нь гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй” гэжээ. Хэрэв бүхэлд нь шаардсан нь буруу гэж үзээд байгаа бол хэсэгчлэн шаардах эрхийг нь хүртэл эцэслэн хязгаарлаж дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэрийг ойлгомжгүй тодорхойгүй болгож хариуцагч талд давуу байдал бий болгож байгаагийн илрэл, нөгөө талаар нэхэмжлэгч нарын шаардах эрхийг үгүйсгэсэн тодорхойгүй дүгнэлт гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “1 339 806 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж багасгаад Ван Сэн Тун, Ж нар тус бүр 900 000 юань буюу 312 390 000 төгрөг, В 2 010 000 юань буюу 697 671 000 төгрөг, нийт 1 322 451 000 төгрөг гаргуулахаар хэрэг хянагдсан. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг “хамтран ажиллах гэрээнээс гарч, 1 339 806 төгрөг гаргуулах”-ыг хүссэн гэж тодорхойлон бичжээ. Тогтоох хэсэгт “1 339 806 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 497.3 дах заалтыг удирдлага болгожээ. Хамтран ажиллах гэрээнээс гарах эрх нь нээлттэй байтал шүүх нэхэмжлэгч В, Ж, Внарыг тус бүр гэрээнээс гарах эрхтэй гээд байгаа юмуу, эрхгүй гээд байгаа юмуу ойлгомжгүй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэлд “Ш” ХХК-ийн шүүхэд төлөөлөх эрхийн асуудлаар буюу Ли Шан Боа компаний үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа талаар маргаагүй гэжээ. Энэ нь хуульд зааснаар бол шүүхэд хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий 1 этгээд нь хэн бэ гэж маргаагүй гэсэн ойлголт. Гэтэл шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгчөөс энэ компанийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх гүйцэтгэх захирал нь Вөөрөө байж, өөрөө өөртөө хандан нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй юм” гэж 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсныг болон өөр олон шүүхийн шийдвэрийг нотлох баримт болгон гаргаж, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг шүүх хүлээж аваагүй.
Нэхэмжлэгч Ван Сэн Туны хувьд шүүх ямар тохиолдолд Ли Шан Боа-г шүүхэд төлөөлөх эрхтэй этгээд гээд, ямар тохиолдолд Внь шүүхэд төлөөлөх эрхтэй этгээд гэж дуудаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөрүүтэй байдлаар оруулаад байгааг ойлгохгүй байгаа учраас бодит байдлыг шүүхээр үндсэн нэхэмжлэлийн хамт шаардлагаа шийдвэрлүүлэхийг хүсч маргасан. Энэхүү шаардлага, үндэслэлийг нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгчийн зүгээс улсын бүртгэл хүчинтэй юм уу, тамгагүй болчихоор компаний үйл ажиллагаа болон шүүхэд төлөөлөх эрх хууль, улсын бүртгэлд хамаагүй болчихдог юм уу гэж тайлбарласан.
Ийнхүү нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлан баримтыг хэргээс гаргаж, улмаар талууд маргаагүй гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэхийг заасан. Дээр дурьдагдсан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж нь талуудын маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүх эрх мэдлийн актын хувьд ойлгомжтой, тодорхой, хуульд нийцсэн байх ёстой учир шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Шүүхээс хүсэх нь нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, нэмэгдүүлсэн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломж олгон шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч В, Ж, Внар хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс гарч, оруулсан хөрөнгө болох 1 339 806 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 322 451 000 төгрөг болгон багасгасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Хэргийн баримтаас үзвэл БНХАУ-ын иргэн В, Ван Сэн Тун, Ж, Ли Шан Бао, Жиа Зөн, Баатар, Соёлт нар нь 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсад бүртгэлтэй “Ш” ХХК-ийн үйл ажиллагааг өргөтгөх, вакум цонх, хаалга, цемент, тоосго үйлдвэрлэх ажиллагаанд санхүүжилт хийж, ашгийг хуваарилах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. /1хх18-24/ Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нар тус компанид нийт 3 810 000 юаны мөнгөн хөрөнгийг оруулсан нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 001/ХТ2017/00098 дугаар тогтоолоор тогтоогджээ. /1хх35-39/
Шүүх нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт заасантай холбон дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн байна.
Нэхэмжлэгч нар “Ш” ХХК-ийг хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир уг гэрээнээс хэдийд ч гарч болох бөгөөд оруулсан хөрөнгөө бүхэлд нь буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлажээ. Хамтран ажиллах гэрээнд хамтын үйл ажиллагааны хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээнээс хэдийд ч гарч болох боловч талуудын дундын хөрөнгө тэдний хүлээсэн нийт үүргийг биелүүлэхэд хүрэлцэхүйц байх нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.5 дахь хэсэгт заасантай нийцэх юм.
Хариуцагч “Ш” ХХК бусдад төлөх өр төлбөртэй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, шийтгэх тогтоолуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний талууд уг гэрээнээс гарах тохиолдолд оруулсан мөнгөн хөрөнгөөр үүссэн ашиг болон алдагдлыг хуваарилахын тулд тэдгээрийн дундын хөрөнгө нь төлвөл зохих төлбөрт хүрэлцэх эсэх, биелүүлээгүй байгаа бүх үүргийг хэрхэн хуваарилах талаар харилцан тооцоо нийлсэн байх нь хамтын үйл ажиллагааны зорилгод нийцэх учиртай. Хэрэгт энэ талаар баримт авагдаагүйн гадна талууд тооцоо нийлээгүй гэдэгт маргаагүй тул нэхэмжлэгч нар гэрээнээс гарч, оруулсан хөрөнгөө шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч Ван Сэн Туны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хариуцагч “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь тодорхойгүй байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж буруутгасан байна.
Хэрэгт авагдсан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ХТ2017/00098 дугаар тогтоолын агуулгаас үзвэл Внь хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэгдсэн байх боловч хувь нийлүүлэгчдийн 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 09-01 тогтоолоор Лин Шан Бао-г гүйцэтгэх захирлаар томилсон, тамга тэмдэг нь хуулийн байгууллагад хураагдаж улсын бүртгэлд бүртгүүлээгүй, үүнд маргаагүй учраас түүнийг “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж дүгнэсэн нь хэрэгт авагджээ. /1хх 38/
Мөн Лин Шан Бао-г гүйцэтгэх захирлаар томилсон 2009 оны 4 сараас хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн талаар хэрэгт авагдсан баримтгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс “Ш” ХХК-ийн захирлаар Важиллаагүй болохыг тогтоолгох, үүнтэй холбоотойгоор Ли Шан Бао-г хариуцагчаар татах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй гэж үзэж мөн хуулийн 123 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч талын тайлбараас үзэхэд Ли Шан Бао-г тус компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсныг үгүйсгээгүй гэж үзнэ.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “Ш” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан гэх нэхэмжлэгч Ван Сэн Туны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03409 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ван Сэн Туны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 719 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Т.ТУЯА