Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0198

 

х

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч Б.А

 

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Х.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын бичилт зөрүүтэй, завсарласан байдалд хяналт шалгалт хийсэн нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д-гийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, хяналт шалгалтын явцад нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг зөвтгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын байцаагчийн акт гаргаагүй эс үйлдэхүй бүхэлдээ хууль бус болохыг тогтоолгох, улсын байцаагчийн акт гаргахыг даалгуулах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 114/ШШ2024/0033 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А

Хариуцагч Х.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 114/2024/0017/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Аээс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар, тус газрын нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Дд холбогдуулан “Нийгмийн даатгалын бичилт зөрүүтэй, завсарласан байдалд хяналт шалгалт хийсэн нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Дгийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, хяналт шалгалтын явцад нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг зөвтгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын байцаагчийн акт гаргаагүй эс үйлдэхүй бүхэлдээ хууль бус болохыг тогтоолгох, улсын байцаагчийн акт гаргахыг даалгуулах”-аар маргасан.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 114/ШШ2024/0033 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.5, 47.1.6. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.9.11, Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч Б.А дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. 2022 оны 1 сарын 28-ны өдрөөс өмнө ажил олгогч нь даатгуулагч Б.А миний ээлжийн амралтын цалинг 3,870,000 төгрөг гэж тооцоолж, 2020 оны 6 сард 1,500,000 төгрөг, 2020 оны 7 сард 1,900,000 төгрөг, үлдэгдэл 470,000 төгрөгийг 2020 оны 8 сарын цалин 700,000 төгрөг дээр нэмж, 2020 оны 8 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 2,170,000 төгрөгөөр тооцож, тайлагнан нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байдаг. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 9 сарын 02-ны өдрийн “Ш А”сургуулийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу шалгалт явуулж, улсын байцаагч Г.Болоршагайн шийдвэрээр даатгуулагч Б.А миний 2019 оны 8, 9, 10, 11, 12 сар 2020 оны 9, 10, 11, 12 сар, 2021 оны 1 сарын шимтгэл ногдуулалтад өөрчлөлт оруулжээ.

3.2. Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 сарын 04-ний өдрийн 1999 тоот шүүгчийн захирамжаар ажил олгогч “Ш А”сургуулийг даатгуулагч Б.А миний нийгмийн даатгалын дэвтрийн эх хувийг 2021 оны 6 сарын 18-ны дотор уг шүүхэд ирүүлэхийг мэдэгсүгэй гэж шийдвэрлэдэг. Гэвч хариуцагч 2021.6.18-2022.1.28 хүртэл 7 сар 10 хоногийн турш нийт даатгалын дэвтрийн эх хувийг шүүхэд ирүүлээгүй. 2021.9.14-2022.1.18 хүртэл 4 сар 4 хоногийн хугацаанд ажил олгогчийг ня-бо А.У-гаар Нийгмийн даатгалын дэвтрийн 2020 оны 8 сарын 2,170,000 гэсэн бичилтийг дарж 1,700,000 болгон хууль бусаар засварлуулжээ. Даатгуулагч Б.А надад 2020 оны 5 сарын 20-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт олгох шийдвэр гарсан. Миний ээлжийн амралтын цалин 3,870,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийн 2020 оны 6 сард 1,900,000 төгрөгийг 2020 оны 7 сард тайлагнаж, үлдэгдэл 470,000 төгрөгийг 2020 оны 8 сарын цалин дээр нэмж, 2,170,000 төгрөгөөр тайлагнасан үйлдлийг үгүйсгэсэн хариуцагч Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Дгийн 2023 оны 10 сарын 13-ны өдрийн “Ш А”сургуулийг хариуцаж байсан шимтгэл орлогын байцаагч М.Л нь тус сургуулийн ажилчдын дэвтрийг баталгаажуулахдаа ... 2020 оны 08 дугаар сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг тус байгууллагын нягтлан бодогчийн нийгмийн даатгалын дэвтэр дээр зөрүүтэй бичсэнийг нийгмийн даатгалын мэдээллийн санд НД-8 маягтаар ирүүлсэн цаасан болон цахимаар илгээсэн мэдээлэлтэй тулган шалгаж тус байгууллагын нягтлан бодогчоор засварлуулан баталгаажуулсан байна" гэсэн дүгнэлт гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

3.3. Ажил олгогч нь даатгуулагч Б.А миний 2020 оны 5 сарын Хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг 1,500,000 төгрөгөөр тайлагнасан атлаа 1,500,000 цалин хөлсийг дансаар олгожээ. Ажил олгогч нь даатгуулагч Б.А миний 2020 оны 6 сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг 1,900,000 төгрөгөөр тайлагнасан атлаа 2,226,780 цалин хөлсийг дансаар олгожээ. Уг үйлдлийн хууль эрх зүйн үндэслэл бүхий тайлбарыг зөвтгөсөн тайлбарыг Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д шүүхэд нотолж чадахгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

3.4. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 9 сарын 02-ны өдрийн “Ш А”сургуулийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу шалгалт явуулахдаа даатгуулагч Б.А миний Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ болон Хөдөлмөрийн гэрээний дагуу 2019 оны 8 сарын 1, 8 сарын 31-ний өдөр олгосон 3,500,000 төгрөг, 2019 оны 11 сард олгосон 1,500,000 төгрөг, 2019 оны 12 сард олгосон 3,000,000 төгрөг, 2020 оны 2 сард олгосон 4,000,000 төгрөг, 2020 оны 6 сард олгосон 6,000,000 төгрөгийг тус тус нийт 18,470,000 төгрөг, түүнд ногдох алданги 9,230,000 төгрөг нийт 27,705,000 төгрөгийг нөхөн төлүүлэх захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй гаргасан болох нь даатгуулагч Б.А миний дансны хуулгаар бүрэн нотлогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 32.5-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно”, 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй”, 32.7-д “Энэ хуулийн 32.5-д заасныг зөрчсөн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 101.3-д “Хэрэгт байгаа бичмэл, цахим баримт хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүхэд гаргана. Бичмэл баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд энэ тухайгаа нотлох үүрэгтэй. Бичмэл, цахим баримт хуурамч эсэхийг шалгахын тулд шүүх шинжилгээ хийлгэх болон бусад нотлох баримт шаардан авч болно”, 101.4-д “Бичмэл, цахим баримт хуурамч байсан нь тогтоогдвол шүүх түүнийг нотлох баримтаас хасах бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шаардлагатай гэж үзвэл хуурамч баримт бичгийн талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүх 2019 оны 11 дүгээр сард бэлэн мөнгөний баримтаар олгосон 450.000 төгрөгийг гаргуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн хуурамч гэж мэдэгдэж, нотолсон нотлох баримтуудыг хасах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй асуудлыг шалган тогтоож өгнө үү гэжээ.

3.6. Мөн Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын холбогдох зохицуулалтуудыг гомдлын үндэслэл иш татан дурдана.

4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Аээс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар, тус газрын нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Дд холбогдуулан “Нийгмийн даатгалын бичилт зөрүүтэй, завсарласан байдалд хяналт шалгалт хийсэн нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Дгийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, хяналт шалгалтын явцад нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг зөвтгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын байцаагчийн акт гаргаагүй эс үйлдэхүй бүхэлдээ хууль бус болохыг тогтоолгох, улсын байцаагчийн акт гаргахыг даалгуулах нэхэмжлэл гаргасан.

2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “ ... Шинэ алхам сургуультай 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 5 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахад сарын үндсэн цалинг 1,700,000 байхаар тохиролцсон, үр дүнгийн урамшууллыг ажил олгогч 20 хувиар олгоно гэж зөвхөн өөрт үлдэх гэрээний хувь дээр гарын үсэг зуруулсан, хөдөлмөрийн гэрээний эх хувиас үзэхэд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн миний цалин 1,854,562 төгрөг болсныг мэдсэн, нийгмийн даатгалын улсын байцаагч Г.Б үйлдсэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0009581 дүгээр шийтгэлийн хуудасны дагуу зөрүүтэй тайлагнасан учраас 2019 оны ээлжийн амралтын цалинд өөрчлөлт орох ёстой, 2020 оны ээлжийн амралтын цалин 3,870,000 төгрөгөөр тооцон тайлагнаж, нягтлан бодогч баталгаажуулсан ч нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтийг засварласан болохыг мэдсэн, нийгмийн даатгалын байгууллагаас хяналт шалгалтын явцад бичилтийг зөвтгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх зэргээр тодорхойлж маргасан.  

2.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... даатгуулагчийн мэдээллийг цахим систем болон дэвтэрт нийгмийн даатгалын байцаагч засвар хийгээгүй болох нь тухайн хяналт шалгалтаар тогтоогдсон, 2020 оны 6 дугаар сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дэвтэрт зөрүүтэй бичсэнийг НД-8 маягтаар ирүүлсэн цаасан болон цахим мэдээллийн сантай тулган шалгаж, засварлуулан баталгаажуулсан, гаргасан өргөдөл гомдлыг тухайн бүр шийдвэрлэж хариу өгсөн тул эс үйлдэхүй гаргаагүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлана.

3. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “... нийгмийн даатгалын улсын байцаагч нь холбогдох хууль, дүрмээр тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн буюу дүгнэлт нь хэн нэгнийг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан агуулгагүй тул илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй, Нийгмийн даатгалын газар нь ямар өргөдөл гомдлыг дутуу  хийсэн талаар нэхэмжлэгч тодорхойлж маргаагүй, хариуцагчийн хууль бус гэх үйл ажиллагааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлгүй” гэж дүгнээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4. Хэргийн үйл баримтын тухайд;

4.1. Дархан-Уул аймгийн “Ш А”сургуулийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Б.Аийг бага ангийн багшийн ажилд томилж, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар чөлөөлсөн, мөн 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар хугацаа зааж уг ажилд дахин томилсон ч 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон асуудлаар иргэний хэргийн шүүхэд маргаан үүссэн.

Анх 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 жилийн хугацаатай үйлчлэх хөдөлмөрийн гэрээг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулахдаа үндсэн цалинг 1,700,000 төгрөг, нэмэгдлийг анги даалт 10 хувь, кабинет 5 хувь, мэргэжлийн зэрэг 20 хувь, олон жилийн нэмэгдэл 25 хувь, үр дүн 20 хувь, ур чадвар 30 хувь гэж тус тус тусгажээ.

Талуудын хооронд 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ байгуулж, сургуулиас хамтын үйл ажиллагааны санхүүжилт гэж Б.Ат 18,000,000 төгрөг олгохоор зааж, хөдөлмөрийн гэрээний нэг хэсэг байхаар тохиролцсон.

4.2. Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг зөрүүтэй тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн, ээлжийн амралтын цалинг дутуу тооцож олгосон зэрэг асуудлаар 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нийгмийн даатгалын байгууллагад гомдол гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Г.Б, Х.Д, Л.Н нар хяналт шалгалт явуулж, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтийг үйлдсэн ба Б.Аийн 2019 оны 8-12, 2020 оны 9-12 болон 2021 оны 1 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тодорхойлж засварлуулахаар акт тогтоосон.

Мөн шаардсан баримтыг ирүүлээгүй, хяналт шалгалтад худал мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0009581 дүгээр шийтгэлийн хуудсаар Шинэ алхам сургуулийг 500,000 төгрөгөөр торгосон байна.

4.3. Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10-06-027/41 дүгээр актаар Б.Ат 2021 оны 2 болон 3 дугаар сарын цалин хөлс 209,497.06 төгрөг, тус хугацааны ээлжийн амралтын олговор 2,172,463.56 төгрөгийг нөхөн олгохыг мөн “Ш А”сургуульд даалгаж байжээ.

4.4. Нэхэмжлэгчээс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан, ажил олгогчоос 2020 оны 8 дугаар сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн дүн нь олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос зөрүүтэй /дутуу/ байгаа талаар дурдаж, шимтгэл төлөлтийн дүн хэрхэн өөрчилж баталгаажуулсан талаар шалгахыг хүсч гомдол гаргасан.

Улмаар хариуцагч, нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нь Шинэ алхам сургуулиас нэхэмжлэгчид олгосон цалингийн цэс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан зэргийг харьцуулан, ажил олгогчийн нягтлан бодогч, тухайн хуулийн этгээдийг хариуцаж байсан нийгмийн даатгалын улсын байцаагчаас тус тус тайлбар авсны үндсэн дээр маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг үйлджээ.

5. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 32 дугаар зүйлийн 1-д “Дараахь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна: 1/Хөдөлмөрийн тухай хуулийн 83.5 дахь хэсэг, 101 дүгээр зүйлд заасан цалин хөлс, 113, 114, 115, 116, 117 дугаар зүйлд заасан олговор;”, 26 дугаар зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын байцаагч дараахь эрх эдэлнэ: 1/ шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах” гэж,

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:”, 52.1-д "Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 52.3-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ”, 10 дугаар зүйлийн 10.9-д “Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 10.9.4. хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах; 10.9.11. улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж,

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар ажил олгогч нь ажилтанд олгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн зөв тодорхойлж тайлагнах, энэ үйл ажиллагаа нь хуульд нийцсэн буюу даатгуулагчийн эрх ашгийг зөрчсөн эсэхэд нийгмийн даатгалын улсын байцаагч хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх, ингэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу төрийн хяналт шалгалтыг явуулах учиртай. Өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргах ажиллагааны үндсэн зарчим, нийтлэг шаардлага энэ тохиолдолд нэгэн адил хамаарна.

6. Гэтэл Б.Аийн хувьд энэ хэсгийн 4-д дурдсан үйл баримтын хүрээнд ажил олгогч болох “Ш А”сургуулиас түүнд олговол зохих хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилгах орлого, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалин хөлсний хэмжээ, нэхэмжлэгчийн банкны харилцах дансанд бодитоор шилжүүлсэн буюу түүнд олгосон мөнгөн дүн зөрүүтэй байгаа талаар шаардлагын үндэслэлдээ тодорхойлон маргаж байхад даатгуулагчийн цалингийн харилцах дансны хуулгыг цуглуулан авч, бусад бичгийн баримтуудтай харьцуулан шалгах, Б.Аээс тайлбар авах ажиллагааг төрийн хяналт шалгалтын явцад хэрэгжүүлээгүй буюу шийдвэр гаргахад ач холбогдолтой, шаардлагатай нөхцөл байдлыг бүрэн тодорхойлоогүй тохиолдолд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг зөрүүтэй тооцсон, зарим хугацааны цалин орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлүүлээгүй, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг засварласан шалтгааныг тогтоогоогүй гэх гомдлыг шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм. 

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/99 дүгээр тушаалаар баталсан /маргаан бүхий акт гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журмын 2.2-т “Ажил олгогч нь төлбөл зохих шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцож, баталгаажуулсан, дараах шаардлагыг хангасан тайланг гаргана.  Үүнд: 2.2.1. Ажил олгогч нь даатгуулагчид олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг үнэн зөв тодорхойлох; 2.2.4. Даатгуулагчид тухайн сард нэгтгэн олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон ээлжийн амралтын олговрыг уг даатгуулагчийн аль сард олгох орлого болохыг тодорхойлж харгалзах саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (НД-7, НД-8)-д тус бүр тайлагнах; 2.2.6. Ажил олгогчийн тухайн сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дүн, даатгуулагчдад олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дүн нь тус тусдаа зөв тооцогдсон байх; 2.2.7. Даатгуулагчдад олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого нь тухайн даатгуулагчийн батлагдсан албан тушаалын цалинтай тохирсон байх” гэж зохицуулснаас үзэхэд, ажилтанд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцож олгох журам ба давтамж, түүнээс шимтгэл суутган төлөх зарчмыг тодорхойлсон байхаас гадна үнэн зөв тайлагнах нь ажил олгогчийн үүрэг болно.

9. Маргааны энэ тохиолдолд хариуцагч нь зөвхөн ажил олгогч болон холбогдох нийгмийн даатгалын улсын байцаагчаас л тайлбар, баримт гаргуулах замаар дүгнэлт үйлдсэн учраас маргааны үйл баримтад голлох ач холбогдолтой 2019 оны 8 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тайлагнасан, хамтын ажиллагааны зөвшилцлийн гэрээний дагуу олгосон 18 сая төгрөг болон 2019 оны 8 дугаар сард дутуу олгосон гэх 3.5 сая төгрөгөөс тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд голлох ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.  

Хариуцагч улсын байцаагч нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэргийн энэ нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулж, шаардлагатай ажиллагааг хийсний үндсэн дээр “Ш А”сургуулиас Б.Ат олгохоор тохиролцсон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг бодитой тооцож тайлагнасан эсэх, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох засвар оруулсан нь үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгч, дахин акт гаргах шаардлагатай, тухайн асуудал нь улсын байцаагчийн чиг үүрэгт хамаарах тул шүүхээс шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий дүгнэлтийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагч нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдав.

10. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох “хяналт шалгалтын явцад нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг зөвтгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын байцаагчийн акт гаргаагүй эс үйлдэхүй бүхэлдээ хууль бус болохыг тогтоолгох, улсын байцаагчийн акт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн хувьд, уг шаардлагын үндэслэл болсон буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн нөхцөлд захиргааны эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тухайлан дүгнэж шийдвэрлэх шаардлагагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 114/ШШ2024/0033 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Х.Дгийн үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Х.Дгийн үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалтыг тогтоох хэсэгт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ