Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0049

 

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0049

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Прокурор: С дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Б,

Хариуцагч: С дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүү ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О,

Прокурорын дүгнэлт: С дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүү ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О-ын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0002245 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: прокурор Э.Б /цахимаар/, хариуцагч Ц.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. С дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Б С дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүү ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О-ын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0002245 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар дүгнэлт шүүхэд гаргасан байна.

2. Хариуцагч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 01/130 дугаар удирдамжийн дагуу 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр С дүүргийн 20 дугаар хороонд байрлах .... дугаар цэцэрлэгийн ундны усанд шалгалт хийж, тус цэцэрлэгийн гал тогооны ундны уснаас дээж авч шинжилгээнд хамруулан, ундны усны шаардлага хангасан усаар хангаагүй гэх зөрчилд 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0002245 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулсан байна.

3. Улсын байцаагч 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх бөгөөд С дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Б төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 16-210001-137 дугаартай зөрчлийн материалыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр татаж хянаад прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар дүгнэлтийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

4. Прокурор Улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0002245 дугаартай шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

1/ Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим зөрчигдсөн байна. Тухайлбал, ундны болон ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан ус эсэхийг тогтоолгохоор шинжилгээнд оруулан дүгнэлт гаргуулах арга хэмжээг авах үүрэг нь цэцэрлэгийн нярав болон эрхлэгч нарын ажил үүрэгт байдаг эсэхийг шалган тодруулах, зөрчлийг нотлох ажиллагааг хийж гүйцэтгээгүй, тус цэцэрлэгийн нярав Б:Б-ийн ажил үүргийн хуваарь, усны шинжилгээнд хяналт тавих үүрэг нь хэнд байдаг болохыг шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл зөрчилд холбогдогч Б.Б-ийг зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдээгүй байхад шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн.

2/ Зөрчилд холбогдогч Б.Б-ийг зөрчил үйлдсэн гэж дүгнэж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон С дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүү ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О-ын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0002245 дугаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

5. Хариуцагч тайлбартаа:

1/ Хүнсний нярав бол тухайн ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээрээ цэцэрлэгийн хүүхдийн хүсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажилладаг. 

Тухайн цэцэрлэгийн ундны усны дээжинд хийгдсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн 21-1294 дугаартай сорилтын дүнг үндэслэн MNS 0900:2018 стандартын шаардлага хангахгүй болохыг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 02-03-270/67 дугаар Шинжилгээний дүнгийн тухай дүгнэлтээр гаргасан нь зөрчил үйлдсэн болохыг нотлох баримт болно.

Цэцэрлэгийн нярав, эрхлэгч нарт усны шинжилгээнд хяналт тавьдаггүй зөвхөн Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасны дагуу ундны усаар хангах чиг үүрэгтэй. Монгол Улсад мөрдөгдөж буй MNS 0900:2018 стандартын 7.1 дэх хэсэгт заасны дагуу төвлөрсөн бус ус хангамжийн /гүний худагтай/ ундны усыг улиралд 1 удаа шинжилгээнд хамруулах шаардлагыг тухайн ажилчин хэрэгжүүлээгүй байсан.

Иймд тухайн ажилчны зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн /ажил үүргийн хуваарь, ажил байдлын тодорхойлолтыг авах шаардлагагүй/ гэж үзэж байна.

2/ С дүүргийн 283 дугаар цэцэрлэгийн нярав Б.Б буюу тухайн хүн зөрчил үйлдсэн нь хяналт шалгалт, холбогдогчийн мэдүүлэг, улсын байцаагчийн шинжилгээний дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн торгох шийтгэлийг оногдуулсан.

Б.Б нь эрх бүхий албан тушаалтны зөрчлийн материалтай танилцаж, 0002245 дугаартай шийтгэлийн хуудаст хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зурж торгуулийг бүрэн төлж, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаагүй болно.

С дүүргийн ... дугаар цэцэрлэгийн нярав Б.Б төрийн албан хаагч мөн хэдий ч өөрийн ажлын байранд хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс зөрчил гарсан нь тогтоогдсон тул шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

3/ Эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагааны 16-21001-137 дугаартай материалыг С дүүргийн Прокурорын газар хянаж баталгаажуулан ирүүлсэн.

Энэ хугацаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.1. зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах; 1.14 зөрчлийн хэрэг бүртгэлт, хяналтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг гаргуулан авах, газар дээр нь танилцах, иргэн, албан тушаалтнаас тайлбар авах; зэрэг ажлыг хийж гүйцэтгээгүй байна гэж үзэж байна.

Иймд С дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Б-ний Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болохыг тайлбараар хүргүүлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. С дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Б-ний 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар дүгнэлтийг хангаж, С дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүү ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О-ын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0002245 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

2.  С дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүү ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 01/130 дугаар удирдамжийн дагуу С дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар цэцэрлэгийн ундны усанд шалгалт хийж, тус цэцэрлэгийн гал тогооны уснаас дээж авч шинжилгээнд хамруулжээ.

Улмаар С дүүргийн ... дугаар цэцэрлэгийн ундны ус нь MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 02-03-270/67 дугаар дүгнэлт гарсан байна.

Хариуцагч нь холбогдогч, тус цэцэрлэгийн нярав ажилтай Б.Б-ээс мэдүүлэг авч, түүнийг ундны усны шаардлага хангасан усаар хангаагүй гэх үндэслэлээр 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0002245 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3. Дүгнэлтийн ... холбогдогч Б.Б зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдээгүй байхад шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд,

3.1 Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг хүнс гэж ойлгохоор заасан байна.

3.2 Холбогдогч Б.Б нь С дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар няраваар ажилладаг, тус цэцэрлэгийн хоол, хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй, бүрэн бүтэн байдлын хадгалалт, хамгаалалтыг хариуцан ажиллах үндсэн чиг үүрэгтэй болох нь нийтэд илэрхий байх бөгөөд энэхүү чиг үүрэг нь хэрэгт авагдсан няравын албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байх тул цэцэрлэгийн ундны усны эрүүл ахуйн шаардлагад хяналт тавих чиг үүргийг тус цэцэрлэгийн нярав хэрэгжүүлдэг эсэхийг дахин нотлох шаардлагагүй гэж үзлээ. 

Иймд энэ талаарх Прокурорын дүгнэлтийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

4. Дүгнэлтийн ... Нярав Б.Б-ийг зөрчил үйлдсэн гэж дүгнэж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж шийтгэл оногдуулсан гэх үндэслэлийн тухайд,

С дүүргийн ... дугаар цэцэрлэгийн ундны ус нь стандартын шаардлага хангахгүй, холбогдогч тус цэцэрлэгийн нярав Б.Б нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй болох нь түүний мэдүүлэг, улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байх боловч хариуцагч 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0002245 дугаар шийтгэлийн хуудсаар төрийн албан хаагч Б.Болорцэцэгт шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-д Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөрчил үйлдсэн хүнийг шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэр гаргаж, прокурорт даруй мэдэгдэнэ, мөн зүйлийн 10-д Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгтэй холбоотой хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хариуцлагыг хүлээлгэх талаар харьяалах байгууллагын удирдлагад албан бичгээр, гэмт хэргийн шинжтэй бол энэ хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорт даруй мэдэгдэнэ гэж тус тус заажээ.

С дүүргийн ... дугаар цэцэрлэгийн нярав Б.Б нь төрийн албан хаагч болохын хувьд цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйгээр Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн нь зөрчлийн шинжтэй тул түүнд хууль тотоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэхээр байхад хариуцагч Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зарчим-ыг, 2.3 дугаар зүйлийн 4-д төрийн албан хаагчийн гаргасан зөрчлийг Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын арга хэмжээг авах зарчим-ыг тус тус хуульчилсан ба энэ тохиолдолд , С дүүргийн ... дугаар цэцэрлэгийн нярав Б.Б төрийн албан хаагчийн хувьд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж үзэж холбогдогчоор тогтоож буй бол Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг оногдуулах үндэслэлгүй болох нь дээр дурдсан хуулийн заалтуудаар тогтоогдож байна.

Иймд С дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүү ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О-ын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0002245 дугаартай шийтгэлийн хуудсаар С дүүргийн ... дугаар цэцэрлэгийн нярав Б.Б-т оногдуулсан шийтгэлийн хуудас хуульд нийцээгүй  гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 10.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Б-ний 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар дүгнэлтийг хангаж, С дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүү ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.О-ын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0002245 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу прокурорын дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-д зааснаар прокурор, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДАМДИНСҮРЭН