Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/00274

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 18 өдөр               Дугаар 101/ШШ2019/00274                           Улаанбаатар хот

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: С ХХК нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Б.У холбогдох

         

            Үйлчилгээний төлбөрт 759,370 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт 762,870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* нь 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23703 тоот Скаймедиа үйчилгээний гэрээг “Скаймедиа Корпораци” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Б.******* нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3.1-д заасын дагуу 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тасалбар болгон “Скаймедиа Корпораци” ХХК-иас зогсоосон. Гэсэн хэдий ч 2016 оны 2-8 хүртэлх сарын үйлчилгээний төлбөр болох 759,370 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Хариуцагч нь үйлчилгээ авсан атлаа төлбөр төлөхөөс зайлсхийж байна. 2014, 2015 оны үйлчилгээний төлбөрийг нэхэмжлээгүй, 2016 оны нийт 7 сарын төлбөрийг л нэхэмжилж байгаа. Гэрээнд хариуцагчийн насанд хүрээгүй хүүхэд нь гарын үсэг зурсан гэж нялцаах ёсгүй юм.

Иймд Б.*******ээс үйлчилгээний төлбөрт 759,370 төгрөг, нотариатын зардалд 3,500 төгрөг, нийт 762,870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.******* нь тус компанийн нэхэмжлэлийг үл зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна.

1. Миний дүү Б.******* “Скаймеди Корпораци” ХХК-д өрхийн бизнесийн албаны захирлаар ажилладаг байхдаа “Ажилчдын багц 2 үйлчилгээний багцад хамрагдсан, төлбөрийн нөхцөл үнэгүй гэрээ байгуулсан байна. Тиймээс багцад хамруулж, гурвалсан үйлчилгээ авах боломжтой гэсэн тайлбарын дагуу манай гэрт төхөөрөмжийг байрлуулан миний хүү гарын үсгээ уг гэрээнд зурсан юм. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үйлчилгээний 23703 тоот гэрээг надтай байгуулаагүй болно. Скаймедиа үйлчилгээний 23703 тоот гэрээг надтай байгуулаагүй болно. Скаймеди үйлчилгээний гэрээнд зурсан гарын үсэг минийх биш болно. Гэрээ байгуулсан гэх үед манай хүү 14 настай Ц.******* байсан. Иймд Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д насанд хүрээгүй иргэнтэй хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрөл олгосноо нотлохыг хууль ёсны төлөөлөгчөөс хүсвэл тэрээр зөвшөөрөх эсэхээ 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Миний дүү Б.******* ажилчдын багцад хамрагдан 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр буюу гэрээ байгуулсан ба нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зогсоосон гэжээ. Миний дүү Б.******* 2017 оны 01 дүгээр сард ажлаас гарсан байсан. Харин тус компаниас 2016 оны 2 сараас 8 сар хүртэлх төлбөрийн талаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас л мэдлээ. Хэрэв ажилчдадаа үзүүлж байгаа хөнгөлөлтөө цуцалсан бол компани энэ талаар мэдэгдэх үүрэг хүлээх ёстой. Энэ тухай үйлчилгээний гэрээний 5.1.1, 5.1.2, 5.2.4-т заасан эрх, үүргээ гэрээний нэг тал болох Скаймеди Корпорац биелүүлээгүй гэж үзэж байна. Тодруулбал, уг үйлчилгээний гэрээний 3.2.1, 3.2.2, 3.2.3-т хэрэглэгч төлбөрөө бүрэн төлөөгүй бол хязгаарлалт хийх, 30 хоног өнгөрөхөд үйлчилгээг бүрэн хаана гэсэн үүргээ Скаймедиа Корпораци биелүүлээгүй байна. Энэ нь Иргэний хуулийг 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэн заалтыг Скаймедиа Корпораци биелүүлээгүй байна. Учир нь 2016 оны 02 дугаар сараас хойш төлөөгүй бол 2016 оны 4 дүгээр сар гэхэд үйлчилгээг шууд хаах ёстой гэдэг нь гэрээний заалтаас уншиж болно. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үйлчилгээ явж байжээ гэж нэхэмжлэлийн шаардлагаас харагдаж байна.

3. Манай дүү тус гэрээг байгуулах үед удирдах бүрэлдэхүүнд байж ажиллаж байсан тул холбогдох журамд заасны дагуу компаний үйлчилгээнээс хөнгөлөлт эдлэх эрхтэй байсан. Хэрвээ энэ эрх өөрчлөгдсөн бол манай дүүд энэ тухай бичгээр мэдэгдэх ёстой байсан ба хэрэв үүнийг компаний дүрэм, журамд шууд зохицуулаагүй гэж үзвэл компаний дээр дурдсан үйчилгээний гэрээнд заасан холбогдох заалтын дагуу төлбөрөө төлөх талаар урьдчилж мэдэгдэх, мөн төлбөрөө хугацаанд төлөөгүй бол гэрээгээ шууд цуцлах эрхтэй байсан шүү дээ. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс тагалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэдэг ч Иргэний хуулийн 227.2-т нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэсэн заалтын дагуу би нэхэмжлэлийн шаардлагад хамаарах төлбөрийг төлөхгүй гэж тайлбараа гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 150,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан үйлчилгээний төлбөрт 759,370 төгрөг, нотариатны зардалд 3500 төгрөг, нийт 762,870 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь “... Манай дүү нэхэмжлэгч компанид ажилладаг байсан ... Ажилчдын багц 2 үйлчилгээний багцад хамрагдсан, төлбөрийн нөхцөл үнэгүй гэрээ байгуулсан... мөн гэрээнд манай насанд хүрээгүй хүүхэд гарын үсэг зурсан ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаас 150,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэсэн тайлбарыг гаргаж байна.

 

  “Скаймедиа Корпораци” ХХК нь Б.*******тэй 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23703 дугаартай “Скаймедиа үйчилгээний гэрээ”-г байгуулсан гэж үзэж, уг гэрээний үүргийг шаардсан бөгөөд энэхүү гэрээнд хариуцагч Б.******* нь гарын үсэг зураагүй, харин Б.*******ийн хүү Ц.******* гарын үсэг зурсан, улмаар 2016 оны 8 дугаар сарыг хүртэл энэхүү гэрээний дагуу скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сараас 8 дугаар сарыг хүртэлх хугацааны үйлчилгээний төлбөрт 759,370 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацааны скаймедиа үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхээс үзэхэд 2016 оны 02 дугаар сараас өмнөх хугацааны төлбөрийн үлдэгдэл дээр нэмэгдэж төлбөр тооцогдсон байх тул эдгээр баримтыг үндэслэн хариуцагчаас үйлчилгээний төлбөрт 759,370 төгрөгийг бүхэлд нь гаргуулах үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад гэрээнд түүний хүү гарын үсэг зурсан, тодорхой хэмжээний үйлчилгээ авсан тул 150,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй юм.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг зөрчсөнтэй холбогдуулан нотариатын зардалд 3500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд дээр дурьдсанчилан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлд хамааруулан хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Эдгээрээс дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн чадамжгүй этгээдтэй хэлцэл хийсэн нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл ба 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагчаас үйлчилгээний төлбөрт 150,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцсон тул зохигчдын мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй, мөн нэхэмжлэгч нь шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Б.*******ээс 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 612,870 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,859 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 5150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ЭНХЖАРГАЛ