Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/00275

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 18 өдөр          Дугаар 101/ШШ2019/00275                       Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.П нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Б холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

 

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Пүрэвсүрэн нь Ж.Бавуудоржтой 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлүүлсэн. Ж.Бавуудорж нь зээлийн хүүнд 720,000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлээс төлөөгүй. Зээлийн гэрээний 3-т зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 300 хоногийн хугацааны алдангийг бодоход 1,200,000 төгрөг болж байна. Ж.Бавуудоржийн данснаас Б.Пүрэвсүрэнгийн данс руу 2,720,000 төгрөг орж ирсэн дээр маргахгүй бөгөөд уг төлбөрөөс 1,800,000 төгрөгийг н.Должинсүрэнтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээс хасч тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ төлбөр Ж.Бавуудоржийн төлбөрөөс хасагдахгүй, харин 200,000 төгрөгийг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоход татгалзах зүйлгүй.

Иймд Ж.Бавуудоржоос үндсэн зээлийн үлдэгдэлд 4,000,000 төгрөг, алдангид 1,200,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасанаа 5,000,000 төгрөг болгож багасгаж байгаа тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ж.Бавуудорж нь Б.Пүрэвсүрэнтэй 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Би хүүнд сар бүр төлөх 240,000 төгрөг буюу 720,000 төгрөгийг төлсөн. Би өөрийн Хаанбанкны 5028268177 дугаартай дансаар Б.Пүрэвсүрэнгийн 5076417533 дугаарын данс руу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 160,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 90,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 270,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 100,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 400,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 310,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 140,000 төгрөг, нийт 2,720,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 9 удаа, мөн 2018 оны 01 дүгээр сард 100,000 төгрөгөөр 5 удаа өгч бид хоёрын тохиролцсон графикийн дагуу бэлнээр 1,700,000 төгрөг, нийт 4,220,000 төгрөгийг төлсөн. Үүнээс гадна 4 сарын хүүнд 960,000 төгрөгийг өгсөнөөс 1 сарын хүү 240,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулна. Үндсэн зээлээс 4,660,000 төгрөгийг төлсөн учраас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.   

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь хариуцагч Ж.Бавуудоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 4,000,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад үндсэн зээл 4,000,000 төгрөгийн шаардлагаас 200,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, нийт 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээл авсан нь үнэн бөгөөд нэхэмжилж буй төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Б.Пүрэвсүрэн, Ж.Бавуудорж нар нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатай зээлүүлэхээр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор тус тус харилцан тохирч, “Зээлийн гэрээ” байгуулан, 4,000,000 төгрөгийг Б.Пүрэвсүрэн нь Ж.Бавуудоржид хүлээлгэн өгсөн болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч Ж.Бавуудорж нь өөрийн эзэмшдэг Хаан банкин дахь 5028268177 тоот данснаас нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн 5076417533 тоот данс руу дараахи байдлаар шилжүүлсэн байна. Үүнд:

  1. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 160,000 төгрөг,
  2. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 150,000 төгрөг,
  3. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 90,000 төгрөг,
  4. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 100,000 төгрөг,
  5. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 270,000 төгрөг,
  6. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 100,000 төгрөг,
  7. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 400,000 төгрөг,
  8. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг,
  9. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 310,000 төгрөг,
  10. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг,
  11. 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг,
  12. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөг,
  13. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг,
  14. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 200,000 төгрөг,
  15. 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 100,000 төгрөг,
  16. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 100,000 төгрөг,
  17. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 140,000 төгрөг,

            Нийт 2,720,000 төгрөг.

           

            Харин хариуцагч Ж.Бавуудоржийн данснаас нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн данс руу зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш төлсөн эдгээр төлбөрийг нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн хариуцагч Ж.Бавуудоржийн эхнэр А.Должинсүрэнгийн дүү А.Дуламсүрэнтэй байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй, учир нь дээрх төлөлтүүдийн гүйлгээний утгаас үзэхэд “Бавуу” гэсэн утгаар төлөлтүүд хийгдсэн, нөгөөтэйгүүр энэхүү зээлийн харилцаа нь Ж.Бавуудоржтой байгуулсан зээлийн гэрээнээс тусдаа бие даасан харилцаа байна.

 

            Дээрхээс үзвэл хариуцагч Ж.Бавуудорж нь зээлийн гэрээний үндсэн хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 2,380,000 төгрөгийг дансаар, зээлийн хүүд 720,000 төгрөгийг бэлнээр, нийт 3,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнд төлсөн байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 1,620,000 төгрөг байсан байна.

 

            Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үндсэн зээлд 4,000,000 төгрөг, хүү 720,000 төгрөг, нийт 4,720,000 төгрөг, үүн дээр хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор байна.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй, ийнхүү гэрээний хугацаа дууссан 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,620,000 төгрөг байх ба үүнээс гэрээний 3-т зааснаар 0,1 хувиар алдангийг тооцоход 1 өдөрт 1620 төгрөг ба хугацаа хэтрүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 300 хоногоор тооцвол 486,000 төгрөгийг алдангид төлөх үндэслэлтэй байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн бусдад мөнгө зээлдүүлсэн талаарх тэмдэглэл хөтөлдөг түүний шар өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн авсан бөгөөд уг дэвтрийн шүүхээс дугаарласан хуудасны 27 дугаар талын ар талд “Бавуу, Донио ... 2017.10.06-2018.01.06 хүртэл 6 % хүүтэй, 4,000,000 төгрөг, 240,000 төгрөг, 920,000 төгрөг хүү...” гэж бичсэн тэмдэглэлээс үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа сунгагдаагүй байхад 200,000 /920,000-720,000/ төгрөгийн хүүг илүү тооцсон гэж үзэхээр байх ба үүнийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй байна.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,080,000 /4,000,000 – 2,720,000 – 200,000/ төгрөг, алдангид 486,000 төгрөг, нийт 1,566,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 3,434,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Бавуудоржоос зээлийн гэрээний үүрэгт 1,566,000 /нэг сая таван зуун жаран зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,434,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бавуудоржоос улсын тэмдэгтийн хураамжид 40,006 /дөчин мянга зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнд олгосугай.   

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ЭНХЖАРГАЛ