Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/00245

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр             Дугаар 101/ШШ2019/00245                             Улаанбаатар хот

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Р нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК

 

Хариуцагч: М.З

 

Хариуцагч: Т ХХКнарт холбогдох

 

“Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний үүрэг зөрчиж, илүү авсан 2,178,000 төгрөг, “Орон сууцны зээлийн гэрээ”, “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний үүрэг зөрчиж, төлөөгүй зээлийн хүү, зээлийн хуримтлагдсан хүү 9,500,000 төгрөг, хариуцагчийн өмнөөс зээлийн хүүд суутгуулсан 3,253,452 төгрөг, хувийн хадгаламжийн дансандаа ашиг олох зорилгоор үндэслэлгүйгээр авсан 4,707,650 төгрөг, нийт 19,709,102 төгрөг гаргуулах,

403646 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, 403646-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-нүүдэд заагдсан үндсэн зээлээс 73.053,61 төгрөгийг хасуулж тооцуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч “Мануул трэйвел” ХХК, М.Золбоот нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Оршихын сөрөг нэхэмжлэлтэй, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №403646 “Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1 байрлах, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагч “Мануул трэйвел” ХХК, М.Золбоот нарын өмгөөлөгч Г.Ариунзул, хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэлмэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Д.Рагчаасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Рагчаасүрэн нь “Мануул трэйвел” ХХК-иар Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Да хүрээ хотхон”-ны 65а байранд 2 өрөө орон сууц захиалан бариулах болж, 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ОССК /тухайн үеийн нэршил/-тэй 403646 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, мөн өдөр ОССК, “Мануул трэйвел” ХХК-тай 403646 дугаартай “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ тус тус байгуулсан. 2016 оны 6 дугаар сараас эхлэн Төрийн банкнаас 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны ОССК /тухайн үеийн нэршил/-тэй 403646 дугаартай “Орон суцуны зээлийн гэрээ” байгуулж, мөн өдөр ОССК, “Мануул трэйвел” ХХК-тай 403646 дугаартай “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-нд заагдсан “Мануул трэйвел” ХХК-ийн төлөх байсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхийг удаа дараа шаардаж, зээлийн гэрээнд заагдсан хугацаа, хэмжээтэй үндсэн зээл, зээлийн хүүг төлөхөөр “Мануул трэйвел” ХХК-ийн үүрэгт суутгаж аваад байна. Мөн “Мануул  трэйвел” ХХК болон түүний захирал нь нэхэмжлэгчийн орон сууцны, ахуйн боломжгүй байдлыг далимдуулж, “өөр бусдад худалдах боллоо” гэх зэргээр Улсын комисст хүлээлгэж өгөөгүй байрандаа оруулчихаад гэрээнд заагдаагүй нөхцөлөөр нэхэмжлэгчийн мөнгийг “...бараа, бүтээгдэхүүн, барилгын материал, нефтийн үнийн огцом өсөлт, цаг агаарын өөрчлөлт болсон, болох гэж байгаа...” гэж нотлогдоогүй тодорхой бус, давагдашгүй хүчин зүйлийн бус үйл явдлыг далимдуулж өөрийн компанийн гарах ёстой байсан зардлаа хууль бусаар удаа дараа хувийн дансандаа төлүүлж байсан.

Нэхэмжлэгч Д.Рагчаасүрэн нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц” зорилтот хөтөлбөрийн хүрээнд, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мануул трэйвел” ХХК-ийн барьж байсан “Да хүрээ хотхон”-ы 65а байранд 2 өрөө орон сууц захиалан бариулах болсон. Хариуцагчийн тайлбарласнаар, нэхэмжлэгчийн ойлгосноор тухайн орон сууц дээрхи хөтөлбөрт бүрэн хамрагдсан, ОССК болон “Мануул трэйвел” ХХК-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээний хүрээнд хийгдэж байгаа төсөл, 1 мкв талбайн үнийг 650,000 төгрөг гэж танилцуулж байсан. Харин ОССК, “Мануул трэйвел” ХХК-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээг бидэнд нэг ч удаа танилцуулж байгаагүй, танилцуулахаас татгалзаж, зайлсхийдэг байсан. Ингээд 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хэлцэл ёсоор урьдчилгаанд 500,000 төгрөг төлсөн, 7 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаанд 200,000 төгрөг болон 1,500,000 төгрөг тус тус төлж, гэрээ байгуулах эрхтэй болж, 5 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан. 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 740,300 төгрөг, 9 дүгээр сарын 12-ны өдөр 432,700 төгрөг тус тус төлж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц” зорилтот хөтөлбөрт хамрагдах эрхтэй болж, 9 дүгээр сарын 13-ны өдөр ОССК /тухайн үеийн нэршил”-тай 403646 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, мөн өдөр ОССК, “Мануул трэйвел” ХХК-тай 403646 дугаартай “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ” тус тус байгуулсан. 2015 оны 6 дугаар сараас эхлэн Төрийн банкнаас “... 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ОССК /тухайн үеийн нэршил/-тай 403646 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлт гэрээнд заасан хугацаанд хийгдэхгүй байна ...” гэж надтай холбогдоход анх шаардах эрх өөр банк руу шилжсэн, “Мануул трэйвел” ХХК-ийг 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 403646 дугаартай “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний үүргээ зөрчснийг, мөн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ”-ний зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж байгааг мэдсэн. Төрийн банкны зүгээс зээлийн гэрээний шаардах эрхийг хүлээж авсан гэж тайлбарладаг, гэтэл тухайн гэрээтэй холбоотой бусад үйл явдлыг бүрэн судлаагүй, харин ч элдэв шахалт үзүүлж, “Мануул трэйвел” ХХК-ийн хууль бус үйлдлийг хаацайлан өөгшүүлж, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг нөхөн төлүүлж, өөрсдийн болон бусдын шудрага бус үйлдлийг нуун дарагдуулсан. Мөн миний үндсэн зээлд төлсөн төлбөр нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлөгдөж байсныг мэдсэн. Үүнээс эхлэн “Мануул трэйвел” ХХК-д хандаж асуудлаа шийдвэрлуүлэх гэхээр биднийг /манай байрны 32 айлын орон сууц маргаан гаргасан/ хүлээж авахгүй, элдэв арга саам хэрэглэж зугтааж байсан. Манай байрны оршин суугчид бид энэ асуудлаар НМХГ, ШӨХТГ-т тус тус хандаж, энэ асуудал хэвлэлийн бага хурал хийлгэх, хэвлэл, мэдээллийн байгууллагуудаар багагүй шуугиан дэгдээгээд “Мануул трэйвел” ХХК-ийн хүчин чармайлтаар намдсан. 2012 оны 01 дүгээр сард “Мануул трэйвел” ХХК-ийн нэхэмжлэгчийн орон сууцны, ахуйн боломжгүй байдлыг далимдуулж байраа хүлээж ав, үгүй бол бусдад худалдлаа ...” гэх зэргээр сүрдүүлж, 01 дүгээр сарын 11-ний өдөр орон сууцанд оруулсан. Мөн “Мануул трэйвел” ХХК-ийн захирал М.Золбоот нь Улсын комисст хүлээлгэж өгөөгүй байрандаа оруулчихаад гэрээнд заагдаагүй нөхцөлөөр нэхэмжлэгчийн мөнгийг “... Монгол улс даяар бүх бараа, бүтээгдэхүүн, барилгын материал, нефьт, тээвэр үйлчилгээний, валютын үнийн огцом өсөлт болсон, цаг агаарын өөрчлөлт болсон, болох гэж байгаа...” гэж нотлогдоогүй тодорхой бус, давагдашгүй хүчин зүйлийн бус үйл явдлыг далимдуулж өөрийн компанийн гарах ёстой байсан зардлаа хууль бусаар удаа дараа хувийн хадгаламжийн дансандаа нэхэмжлэгчээр төлүүлж байсан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ/-аас гаргаж өгсөн, бидний олон жил хайсан гэрээг “Мануул трэйвел” ХХК нь илт зөрчиж, хууль бусаар мөнгө авсан болох нь илэрсэн тул нэхэмжлэх үнийн дүнд өөрчлөлт орж байна. Хариуцагч “Мануул трэйвел” ХХК нь 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ОССК, “Мануул трэйвел” ХХК-тай 403646 дугаартай “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “... орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгч ...” гэх үүргээ, ОССК нь мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “... орон сууцны барилгыг улсын комисст ашиглалтанд оруулах хүртэлх хугацаанд зээлдэгчийн нэрийн өмнөөс компани зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардах ...” гэх үүргээ тус тус зөрчсөн. Үүнээс дүгнэн үзвэл:

1. 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 2010/6-26 дугаартай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 2 дугаар бүлгийн 2.2.2 дахь хэсэгт “... үүрэг гүйцэтгэгч “Мануул трэйвел” ХХК нь ... орон сууцны 1 мкв үнийг 750,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр тооцож төрийн албан хаагчдад худалдах бөгөөд ямар ч тохиолдолд орон сууцны үнийг үүнээс нэмэхгүй байх үүрэгтэй ...” гэж заасныг “Мануул трэйвел” ХХК нь зөрчиж, луйварын аргаар нэхэмжлэгчид 1 мкв талбайн үнийг 810,000 төгрөгөөр худалдсан. “Да хүрээ хотхон”-ы 65а байрны 4 тоот орон сууц нь 36.3 мкв бөгөөд 750,000 төгрөгт тооцвол 27,225,000 төгрөг болж байна. Илүү төлсөн 2,178,000 төгрөг,

2. Улсын комисст 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн байдаг. Энэ өдөр хүртэлхи хугацаанд “Мануул трэйвел” ХХК зээлийн хүүнд 4,579,553 төгрөг төлөөгүй,

3. 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нь үндсэн зээлд 1,795,082 төгрөг төлөөд бүгд “Мануул трэйвел” ХХК-ийн төлөх ёстой зээлийн хүүнд тооцуулж төлөгдсөн байдаг бөгөөд дээрхи зээлийн хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдуулж байж, Төрийн банктай 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 403646-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г байгуулсан.

4. “Мануул трэйвел” ХХК-ийн хууль бус үйлдлээс болж нэхэмжлэгч Д.Рагчаасүрэн нь Монгол банкны мэдээллийн санд “муу зээлдэгч” гэх ангилалд орж, арилжааны банкуудаас зээл авах эрхгүй болсон.

5. “...2011 оны 12 дугаар cap, 2012 оны 1, 2 дугаар сард эрс хүйтэрч галлагааны зардал, нүүрс зарцуулалт их байсан. Шинээр тавигдсан сантехник, халаалтын системийг жигдрүүлэхэд ч илүү халаалт зарцуулагдсан байх магадлалтай ...” гэж үндэслэлгүй зүйлд 4,707,650 төгрөгийг М.Золбоот нь Голомт банкинд эзэмшдэг хувийн хадгаламжийн дансандаа ашиг олох зорилгоор авсан.

6. 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч Д.Рагчаасүрэн нь 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээнд заагдснаар 22,121,735 төгрөгийн үлдэгдэлтэй байх байж, гэтэл энэ хугацаанд үндсэн зээлд төлсөн 3,721,021 төгрөг нь зээлийн хүүнд суутгагдсан, нэмж зээлийн хүүнд 9,500,000 төгрөг, Төрийн банкинд хууль бусаар торгуулийн хүү гэж анзын гэрээгүйгээр 43,053.61 төгрөг төлсөн зэргийг шаардах эрх үүсээд байна.

Нэхэмжпэгч нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц” зорилтот хөтөлбөрийн хүрээнд, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мануул трэйвел” ХХК-ийн барьж байсан “Да хүрээ хотхон”-ы 65а байранд 36.3 мкв орон сууц захиалан бариулах болсон. Тухайн орон сууцны 1 мкв нь 750,000 төгрөг, нийт 27,225,000 төгрөг болж, нийт төлбөрийн урьдчилгаа төлбөрийн 1,722,500 төгрөгийг Д.Рагчаасүрэн, үлдэх 26,000,000 төгрөгийг ОССК “Мануул трэйвел” ХХК-нд төлөх байсан. Нэхэмжлэгч болон ОССК нь гэрээний үүргээ гүйцэтгэж дээрхи төлбөр /хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулгаар нотлогдоно/-ийг “Мануул трэйвел” ХХК-нд шилжүүлсэн байдаг.

Иймд Иргэний хууль, “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”, “Орон сууц захиалан бариулах гэрээ”, “Орон сууцны зээлийн гэрээ”, “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний холбогдох зүйл, заалтыг үндэслэн:

“Мануул трэйвэл” ХХК-иас:

1. “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний үүрэг зөрчиж илүү авсан 2,178,000 төгрөг,

2. “Орон сууцны зээлийн гэрээ”, “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний үүрэг зөрчиж, төлөөгүй зээлийн хүү, зээлийн хуримтлагдсан хүү 9,500,000 төгрөг,

3. Хариуцагчийн өмнөөс зээлийн хүүнд суутгуулсан 3,253,452 төгрөг,

“Мануул трэйвэл” ХХК-ийн захирал М.Золбоотоос:

1. Хувийн хадгаламжийн дансандаа, ашиг олох зорилгоор үндэслэлгүйгээр авсан 4,707,650 төгрөг, нийт 19,709,102 төгрөгийг хариуцагчдаас гаргуулахаар шаардсан ба “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний үүрэг зөрчиж илүү авсан 2,178,000 төгрөгийг “Мануул трэйвел” ХХК-иас шаардсаныг хариуцагч М.Золбоотоос гаргуулахаар өөрчилж байна.

Нэхэмжлэгч Д.Рагчаасүрэн нь “Мануул трэйвел” ХХК болон үүсгэн байгуулагч, захирал М.Золбоот нарт холбогдуулан холбогдох гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн банк Д.Рагчаасүрэнгээс үндэслэлгүйгээр, хууль бусаар “... торгуулийн хүү...” гэж анзын гэрээгүйгээр 73,053.61 төгрөг авсан нь илэрч байна. Учир нь 2015 оны 5 дугаар сард ОССК шаардах эрхээ Төрийн банкинд шилжүүлсэн байдаг. Төрийн банк Д.Рагчаасүрэнтэй 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 403646-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” байгуулахдаа төлсөн төлбөрийг тодорхой болгож, тооцоо нийлсэн бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд дээрхи мөнгийг авсан байж, төлсөн төлбөрөөс хасаагүй байна. Үүнийгээ Төрийн банк “... манай байгууллага нэмэгдүүлсэн хүү авсан ...” гэж тайлбарладаг бөгөөд банкнаас гаргаж өгсөн лавлагаа дээр “... торгуулийн хүү...” гэж бичигдсэн байдаг. 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 403646-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “... нэмэгдүүлсэн хүү 4,762.43 төгрөг ...” гэсэн бичилт байдаг, харин 73,053.61 төгрөгийг ямар зорилгоор авсан, яагаад хасаж тооцоогүй байгаа нь тодорхойгүй байна.

Иймд Төрийн банкинд холбогдуулан 403646 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, 403646-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-нүүдэд заагдсан үндсэн зээлээс 73,053.61 төгрөгийг хасуулж тооцуулахыг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Мануул трэйвел” ХХК, М.Золбоот нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших, өмгөөлөгч Г.Ариунзул нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч М.Золбоот нь надаас хувийн хадгаламжийн дансандаа 4,707,650 төгрөгийг ашиг олох зорилгоор үндэслэлгүй авсан гэсэн шаардлага гаргажээ. Д.Рагчаасүрэн 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Мануул трейвел” ХХК-тай № 5 “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” хотхонд 65А байрны 4 тоот, 2 өрөө байрыг 29,403,000 төгрөгөөр бариулахаар тохирсон. Д.Рагчаасүрэн байрны урьдчилгаа 10% буюу 3,403,000 төгрөгийг дараах байдлаар төлжээ. “Голомт” банкин дахь хариуцагч М.Золбоотын 1102685796 тоот дансанд:

- 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг,

- 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг, 200,000 төгрөг,

- 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 740,000 төгрөг тушаасан.

Голомт банкин дахь хариуцагч “Мануул трейвел” ХХК-ийн 1003481 тоот дансанд: 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 762,700 төгрөг тушаасан. Иймээс ОССКорпорациас Д.Рагчаасүрэнгийн авсан 26,000,000 төгрөгийн зээл 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Мануул трейвэл” ХХК-ийн дансанд байршжээ. Д.Рагчаасүрэн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Мануул трейвэл” ХХК-д тайлбар бичиж өгөхдөө “... 65А байрны 4 тоотын оршин суугч Д.Рагчаасүрэн миний бие танай компанид төлөх ашиглалтын зардал, алданги, НӨАТ-н 4,707,648 төгрөгөөс 2,480,000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тушаасан. Үлдэгдэл 2,227,650 төгрөгийг байрны ордер өөрийн нэр дээр гармагц шууд төлөхөөр тохиролцов” гэжээ. Д.Рагчаасүрэн “Мануул трейвел” ХХК-ийн кассанд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2,480,000 төгрөг тушаахдаа гүйлгээний утгыг байрны ашиглалтын зардал, алданги гэж бичсэн. 65А байрны 4 тоотын ордер өөрийн нэр дээр гаргуулсан Д.Рагчаасүрэн Голомт банкин дахь хариуцагч М.Золбоотын 1605016898 тоот дансанд 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,227,650 төгрөг шилжүүлжээ.

Д.Рагчаасүрэн болон “Мануул трэйвел” ХХК-ийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1/4 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д орон сууцны үнэ нэг мкв нь 810,000 төгрөг байхаар тохиролцсон байдаг. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан 2,178,000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн нотлох баримтад орон сууцны үнийн талаарх мэдэгдлийг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн байдаг. 2011 оны 7 дугаар сараас эхлэн түлш, шатахууны үнэ огцом өсч, үүнийг дагаад байрны үнэ өссөн. Манайх гэрээний үнийн дүнгээр барилгаа барьж дуусгасан. 1,700,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэсэн тайлбарыг хүргүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр №403646 дугаартай орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ байгуулагдсан. “Мануул Трэйвел” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Да хүрээ хотхоны 65А байрны 4 тоот орон сууцыг Д.Рагчаасүрэнгийн эзэмшилд хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Төрийн банк” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Рагчаасүрэн нь хариуцагч “Мануул трэйвел” ХХК-иас 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хугацааны зээлийн хүү 4,929,824 төгрөг, нэмэгдүүлсэн үүү 985,965 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4,707,650 төгрөг нийт 10,623,439 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч “Төрийн банк” ХХК нь Д.Рагчаасүрэнгээс 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд “торгуулийн хүү” гэж 73,202.67 төгрөгийг Төрийн банкны зүгээс Д.Рагчаасүрэнгээр төлүүлээгүй, харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Рагчаасүрэн нь нэмэгдүүлсэн хүү төлж байсан байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно гаргасан шаардлагад хамаарч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Мануул трэйвел” ХХК, М.Золбоот нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Д.Рагчаасүрэн нь 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Мануул трэйвел” ХХК-тай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан. 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Д.Рагчаасүрэн ОССК-тай №403646 Орон сууцны зээлийн гэрээг 216 сарын хугацаатай байгуулж 26,000,000 төгрөг зээлж авсан. Д.Рагчаасүрэн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ОССК “Мануул трэйвел” ХХК-тай №403646 Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ” байгуулжээ. “Мануул трэйвел” ХХК гурвалсан гэрээний 4.1 заалтын дагуу 2011 оны 10, 11, 12 дугаар сард Д.Рагчаасүрэнгийн өмнөөс түүний зээлийн хүүг ОССК-д төлсөн юм. “Мануул трэйвел” ХХК “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн тул талууд гэрээг дүгнэж 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Да хүрээ” хотхоны 65А байрны 4 тоот орон сууцыг Д.Рагчаасүрэнгийн эзэмшилд хүлээлгэж өгчээ. Д.Рагчаасүрэн орон сууцанд орсон өдрөөс эхлэн ОССК-аас авсан 26,000,000 төгрөгийн зээлийн хүүг өнөөдрийг хүртэл өөрөө төлж ирсэн. Иймээс “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний 4.1-д заасан “Орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, улсын комиссын актыг зээлдүүлэгчид баримтаар хүлээлгэн өгөх хүртэл зээлдэгчийн нэрийн өмнөөс зээлдэгчийн 403646 тоот зээлийн гэрээний хавсралтын дагуу зээлийн хүү хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги хүлээж нэмж тооцсон төлбөрийг төлөх гэсэн “Мануул трэйвел” ХХК-ийн үүрэг 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон юм. ОССК-тай Д.Рагчаасүрэнгийн байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ” болон гэрээний 2.1.1 дэх зээл, зээлийн хүүгийн төлбөрийг графикийн дагуу буюу 2029 оны хүртэл төлж дуусгах заалт хүчин төгөлдөр байхад зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээний 4.1-д барилгыг улсын комисс авах хүртэл “Мануул трэйвел” ХХК-иар төлүүлэхээр тусгасан нь барилгын компанид хохиролтой гэрээ болжээ.

Иймээс “Мануул трэйвел” ХХК “орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ” байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж гэрээ байгуулсан гэж үзнэ. “Мануул трэйвел” ХХК гурвалсан гэрээ байгуулахдаа барилгыг барьж дуусаад Д.Рагчаасүрэнд орон сууцыг хүлээлгэн өгсөнөөр түүний өмнөөс зээлийн хүү төлөх үүрэг дуусгавар болно гэж ойлгосон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж гэрээ байгуулсан гэж үзнэ. “Мануул трэйвел” ХХК гурвалсан гэрээ өгсөнөөр түүний өмнөөс зээлийн хүү төлөх үүрэг дуусгавар болно гэж ойлгосон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар хөнгөмсгөөр хандаж, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хүлээн зөвшөөрөн хийсэн, 58.2.2-т хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, 58.3.3-т зааснаар хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөлдсөн юм. “Мануул трэйвел ХХК барилгыг барьж дуусмагч Улсын комисст хүлээлгэн өгнө хэмээн найдаж байсан боловч компаниас шалтгаалахгүйгээр барилгыг улсын комисс хүлээн авах хугацаа удааширчээ. Барилгын компанийн буруутай үйл ажиллагаанаас болж улсын комисс байрыг хүлээж авах хугацаа сунжирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Талууд 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр №403646 “орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ” байгуулсан бөгөөд Д.Рагчаасүрэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жил хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №403646 тоот “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож  өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.Рагчаасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

1. ОССК /”Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ/, “Мануул трэйвел” ХХК, Д.Рагчаасүрэн нарын байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 403646 дугаартай “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-г “Мануул трэйвел” ХХК, Д.Рагчаасүрэн нар дангаар маргаад, шүүхээр шийдчих боломжгүй. Учир нь гэрээний нэг тал болох ОССК ТӨҮГ-н эрх ашиг хөндөгдөнө.

2. “Мануул трэйвел” ХХК нь гэрээний 1.1 дэх хэсгийг сайн дураар зөвшөөрч, “Хамтран ажиллах гэрээ”-ний шаардлагыг хангаж байж, гэрээг бүрэн ойлгож, үйлдлээ ухамсарлаж, үүргээ биелүүлэхийг гэрээгээр хүлээж 26,000,000 төгрөгийг дансандаа авсан. Түүнээс биш сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд заасан шиг төөрж будилсан зүйл харагдахгүй байна.

3. 26,000,000 төгрөгийг дансандаа авчихаад гэрээний үүргээ биелүүлэхгүй, цаг агаарын хүндрэл, валютын ханшны өөрчлөлт, барилгын материалын үнийн өсөлт, нүүрс түлээний үнэ нэмэгдсэн, шинээр тавьсан сантехник, халаалтын системийн жигдрэлт энэ тэр гэх мэтээр залилангийн гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдлээр хувь хүн өөрийн дансанд 4,707,650 төгрөг авсан.

4. 3 сарын зээлийн хүү төлсөн гэж өчүүхэн мөнгөө хэд дахин нэмж авчихаад одоо зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, төлөхгүй, ер нь тэр гурвалсан гэрээ амьдралд дарамт болоод байна гэх мэтээр хүчин төгөлдөр бусд тооцуулж болохгүй. Хэрэв гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа бол эхлээд дансандаа хүлээн авсан 26,000,000 төгрөгөө буцааж төл.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэлмэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Орон сууцны санхүүжилтийн корпораци” гэж байх үед “Мануул трэйвел” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулаад, гэрээний нөхцөлүүд хангагдаад, гэрээгээ дүгнээд дууссан байдаг. Оршин суугчид л “Мануул трэйвел” ХХК-д шаардлага гаргасан байдаг юм байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Рагчаасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай нь “Мануул трэйвел” ХХК-иас 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хоорон дахь зээлийн хүү 4,929,824 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 985,965 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4,707,650 төгрөг, нийт 10,623,439 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргаснаас хойш нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа удаа дараа тодруулж, өөрчилж, нэмэгдүүлэн хариуцагч “Мануул трэйвел” ХХК, М.Золбоот, “Төрийн банк” ХХК-д холбогдуулан дараахи шаардлагуудыг гаргажээ.

Үүнд:

Хариуцагч “Мануул трэйвел” ХХК-д холбогдуулан,

1. “Орон сууцны зээлийн гэрээ”, “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний үүрэг зөрчиж, төлөөгүй зээлийн хүү, зээлийн хуримтлагдсан хүү 9,500,000 төгрөг,

2. Хариуцагчийн өмнөөс зээлийн хүүд суутгуулсан 3,253,452 төгрөг нийт 12,753,452 төгрөг гаргуулах,

Хариуцагч М.Золбоотод холбогдуулан,

1. “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний үүрэг зөрчиж, илүү авсан 2,178,000 төгрөг,

2. Хувийн хадгаламжийн дансандаа ашиг олох зорилгоор үндэслэлгүйгээр авсан 4,707,650 төгрөг, нийт 6,885,650 төгрөг гаргуулах,  

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан

1. 403646 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, 403646-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-нүүдэд заагдсан үндсэн зээлээс 73,053.61 төгрөгийг хасуулж тооцуулахыг даалгуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагууд,

 

Хариуцагч “Мануул трэйвел” ХХК, М.Золбоот нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Рагчаасүрэнд холбогдуулан

            1. 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №403646 тоот “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.  

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг дараахи байдлаар үнэлэв.

 

Нэхэмжлэгч Д.Рагчаасүрэн нь хариуцагч “Мануул трэйвел” ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газар дээр баригдсан “Да хүрээ хотхон” орон сууцны барилгын 36,3 мкв талбайтай, 65А дугаар байрны 4 тоот, 2 өрөө орон сууцны зориулалттай байрыг Д.Рагчаасүрэн нь захиалан бариулахаар, 1 мкв талбайн үнэ 810,000 төгрөг, нийт 29,403,000 төгрөг байхаар, уг төлбөрийг гэрээг байгуулах үед нийт төлбөрийн 7 хувь болох 2,200,000 төгрөг, нийт төлбөрийн 3 хувь болох 740,300 төгрөгийг 2011 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх, үлдэгдэл болох 90 хувь 26,462,700 төгрөгийг ОССК-ийн зээлээр төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Энэхүү агуулга бүхий гэрээ нь өөр өөр дугаараар 1 дүгээр хавтаст хэргийн 14, 28 дугаар талд болон 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/4 дугаартайгаар 30 дугаар талд тус тус авагдсан бөгөөд агуулгын хувьд ижил, зохигчдын хооронд 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулагдсан дээр хэн алин нь маргаагүй болно. 

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 44 дүгээр бүлгийн 2 дугаар дэд бүлэг, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”, ОССК-ийн “Зээлийн ерөнхий журам”, Зээлийн хорооны хурлын шийдвэрийг үндэслэн Орон сууцны санхүүжилтийн корпораци нь Д.Рагчаасүрэн, Р.Төгссайхан нартай 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 403646 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, ОССК нь зээлдэгчид 26,000,000 төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 216 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар олгосон буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Энэхүү гэрээний 2.1.1-д зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөх үүргийг хүлээсэн, улмаар нэхэмжлэгч Д.Рагчаасүрэн нь төлөлтүүдийг хийж байсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журмыг хэрэгжүүлэх зорилгоор Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан “Зээлийн орон сууцанд тавигдах шаардлагыг хангуулах түр журам”-ын хүрээнд ОССК, “Мануул трэйвел” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” болон ОССК, зээлдэгчтэй байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 403646 тоот “Зээлийн гэрээ”-г үндэслэн “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК, “Мануул трэйвел” ХХК, Д.Рагчаасүрэн нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 403646 дугаартай “Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-г байгуулсан байна.

 

Уг гэрээний 4 дүгээр зүйл нь “Барилгын компанийн эрх, үүрэг”-ийг заасан ба 4.2-т “Орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, улсын комиссын актыг зээлдүүлэгчид баримтаар хүлээлгэн өгөх хүртэл зээлдэгчийн нэрийн өмнөөс зээлдэгчийн 403646 тоот зээлийн гэрээний хавсралтын дагуу зээлийн хүү ...-ийн төлбөрийг төлөх” үүргийг хүлээсэн, зээлдэгч нь гэрээний 3.2-т зааснаар үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар ипотекийн зээлийн гэрээний зарим үүргийг орон сууц захилгын гэрээний дагуу орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаагаар Д.Рагчаасүрэнгийн зээлийн хүүд төлөх төлбөрийг тодорхой хугацаанд “Мануул трэйвел” ХХК нь хариуцан төлөхөөр тохирсон байна. 

 

Барилгын компани болох “Мануул трэйвел” ХХК нь дээрх гурвалсан гэрээний үүргээ биелүүлж, Д.Рагчаасүрэнгийн өмнөөс зээлийн хүүд 2011 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 156,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 178,610 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 168,760 төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Д.Рагчаасүрэн нь “Мануул трэйвел” ХХК-иас 65А дугаар байрны 4 тоот орон сууцыг бүрэн бүтэн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, амьдарч эхэлсэн болох нь “Гэрээ дүгнэсэн протокол”, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

“Мануул трэйвел” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, 65-ын А, Б барилга, 8 автомашины зогсоолтой, 100 айлын орон сууцыг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2014/127 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт”-ын дагуу улсын комисс хүлээн авсан байх бөгөөд уг актын 1.7-д “Энэхүү барилга байгууламжийг ... 2010 оны 6 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр барьж дуусгасан байна” гэжээ.   

 

Хэдийгээр гурвалсан гэрээний дагуу улсын комисс хүлээн авах хүртэл хугацаагаар “Мануул трэйвел” ХХК нь Д.Рагчаасүрэнгийн зээлийн гэрээний хүүг төлөх үүргийг хүлээсэн боловч дээрх үйл баримтаас үзэхэд 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ашиглалтад орсон орон сууцыг захиалагч Д.Рагчаасүрэн нь өөрийн эзэмшилдээ авсан, ийнхүү эзэмшилд очих хүртэлх хугацааны зээлийн хүү төлөх үүргээ “Мануул трэйвел” ХХК биелүүлсэн байна.

 

Ийнхүү орон сууцыг нэхэмжлэгч нь эзэмшилдээ авч, орон сууцанд орсоны дараа холбогдох төлбөр зардлыг хариуцах үүргийг нэхэмжлэгч Д.Рагчаасүрэн хүлээсэн байх ба “Мануул трэйвел” ХХК нь 65А, 65Б байрнуудын ашиглалтын зардалтай холбоотой төлбөрүүдийг эрх бүхий байгууллагуудад төлж байсан болох нь тус компанийн “Бэлэн мөнгөний зарлагын баримт”, банкны орлогын мэдүүлэгүүд, “Төлбөрийн нэхэмжлэх”-үүд, “Бэлэн мөнгөн олгохыг хүссэн өргөдөл”, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Рагчаасүрэн нь орон сууцыг эзэмшилдээ авсантай холбоотойгоор ашиглалтын зардал, алданги, НӨАТ-ын төлбөрт нийт 4,707,648 төгрөг төлөхөөс 2,480,000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Мануул трэйвел” ХХК-д тушааж, үлдэгдэл нь 2,227,648 төгрөгийг байрны ордер өөрийн нэр дээр гармагц төлөх агуулгатай баримтыг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үйлдэж байснаас үзвэл ашиглалтын зардалтай холбогдолтой зардалд нэхэмжлэгч нь хариуцагч “Мануул трэйвел” ХХК-д 2,480,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Харин хариуцагч “Мануул трэйвел” ХХК-ийн ашиглалтын зардлыг төлөхтэй холбоотой удаа дараагийн шаардлагын дагуу Д.Рагчаасүрэн нь хариуцагч /иргэн/ М.Золбоотын Голомт банкин дахь 1605016898 тоот дансанд дээрх ашиглалтын зардлын үлдэгдэл 2,227,650 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлсөн болох нь Голомт банкны хуулгаар тогтоогдож байх бөгөөд үүнээс үзвэл Д.Рагчаасүрэн нь “Мануул трэйвел” ХХК-тай үүргийн харилцаанд орсон байхад хариуцагч М.Золбоот нь өөрийн хувийн дансаар 65а дугаар байрны 4 тоотын орон сууцны ашиглалтын зардлын төлбөрийг авсан нь хуульд нийцэхгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар хариуцагч М.Золбоот нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.

 

 Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Да хүрээ хотхон /13280/ Шархадны гудамж, 65а дугаар байрны 4 тоотод байрлах, 36,3 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204069939  дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000370879 дугаартай гэрчилгээ Д.Рагчаасүрэнгийн өмчлөлд бүртгэгдэн 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр олгогджээ.

 

Д.Рагчаасүрэн нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хуульд заасан журмын дагуу гарсаны дараа 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууцны санхүүжилтийн корпорацитай 403646 дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулж, дээрх орон сууцыг барьцаалсан байна.

 

“Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК нь татан буугдсантай холбогдуулан тус компани нь “Төрийн банк” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 440 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ №4”-г байгуулж, уг гэрээний хавсралтад заасан тоо ширхэг бүхий нийт 13,842,419,893.79 төгрөгийн шаардах эрхийг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлсэн ба уг хавсралтын жагсаалтын 442 дугаарт Д.Рагчаасүрэнтэй байгуулсан 403646 дугаартай гэрээний үүрэг багтсан байна.

 

“Төрийн банк” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 403646-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г Д.Рагчаасүрэн, Р.Төгссайхан нартай байгуулсан, энэхүү гэрээ байгуулагдах үед Д.Рагчаасүрэн нь үндсэн зээлд 467,568.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,047,431.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4762.43 төгрөг, нийт 10,519,762.43 төгрөгийг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл хэмжээ нь 25,532,431.09 төгрөг, жилийн 8 хувиар хүү тооцох, мөн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирсон ба Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулагджээ.

 

Төрийн банк нь 403646 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, 403646-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-нүүдэд заагдсаны дагуу 73,053.61 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцсоныг буруутгахгүй бөгөөд уг төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Рагчаасүрэн нь ОССК-тай байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ”-ний үүргийнхээ дагуу дээр дурьдсанчилан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн нь энэхүү гэрээний холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцсэн, уг гэрээний үүргийг хариуцагч “Мануул трэйвел” ХХК хариуцах үндэслэлгүй, “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК, “Мануул трэйвел” ХХК, Д.Рагчаасүрэн нарын хооронд байгуулагдсан 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 403646 дугаартай “Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний үүргээ “Мануул трэйвел” ХХК биелүүлсэн байх тул эдгээр гэрээний үүргийг зөрчиж, төлөөгүй зээлийн хүү, зээлийн хуримтлагдсан хүүд 9,500,000 төгрөг, хариуцагчийн өмнөөс зээлийн хүүд суутгуулсан гэж үзэн 3,253,452 төгрөгийг хариуцагч “Мануул трэйвел” ХХК-иас шаардсан нь үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч нь “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК, “Мануул трэйвел” ХХК, Д.Рагчаасүрэн нарын хооронд байгуулагдсан 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 403646 дугаартай “Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.9, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2, 58.3.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэхүү хуульд заасан нөхцлүүд хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь Иргэний хууль болон холбогдох бусад хуульд нийцжээ.

 

“Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК нь “Мануул трэйвел” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2010/6-26 дугаартай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г Засгийн газрын 4000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагч нар чанартай, хямд үнэтэй байр худалдан авах боломжийг бүрдүүлэх, үүнтэй холбоотойгоор гэрээний талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан байх бөгөөд гэрээний 2.2.2-т “Орон сууцны 1мкв талбайн үнийг 750,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр тооцож төрийн албан хаагчдад худалдах бөгөөд ямар ч тохиолдолд орон сууцны үнийг нэмэхгүй байх үүрэгтэй” гэж заажээ.

 

Харин нэхэмжлэгч Д.Рагчаасүрэн, хариуцагч “Мануул трэйвел” ХХК-ийн хооронд 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 5 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулагдаж, орон сууцны 1 мкв талбайн үнийг 810,000 төгрөг байхаар тохирсон байх ба дээрх “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний үүргийг хариуцагч М.Золбоотоос шаардсан нь үндэслэлгүй, учир нь гэрээний нэг тал нь “Мануул трэйвел” ХХК байна.

 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Д.Рагчаасүрэн нь 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2010/6-26 дугаартай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”, 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 5 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 403646 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээ, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 403646 дугаартай “Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-нүүдийн үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Өөрөөр хэлбэл Д.Рагчаасүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хугацаа түр зогссон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.  

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч “Мануул трэйвел” ХХК-д холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/27771 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан, тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/06066 дугаартай шийдвэрээр “Мануул трэйвел” ХХК-ийг эрэн сурвалжуулж байсан байх боловч энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэний дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ хотхоны 65А, 65Б дугаар байрны ашиглалтын зардал, барилгын чанарын асуудлаар тус байрны оршин суугчид эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шалгуулж байсан байх бөгөөд энэ нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан гэж үзэх үндэслэлгүй, учир нь “Мануул трэйвел” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой гомдол, нөгөөтэйгүүр энэхүү доголдолтой холбоотой гомдлоо Иргэний хуульд заасан хугацааны дотор эрх бүхий байгууллагад гаргах зохицуулалттай юм.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хувийн хадгаламжийн дансандаа ашиг олох зорилгоор үндэслэлгүйгээр авсан 2,227,650 төгрөгийг хариуцагч М.Золбоотоос гаргуулах шаардлагыг хангаж, хариуцагч М.Золбоотод холбогдох үлдэх шаардлага болон хариуцагч “Мануул трэйвел” ХХК, “Төрийн банк” ХХК-д холбогдох шаардлагуудыг бүхэлд нь, хариуцагч “Мануул трэйвел” ХХК, М.Золбоот нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

 Хариуцагч “Мануул трэйвел” ХХК, М.Золбоот нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Оршиход нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, зарим хэсгийг нэмэгдүүлсэн шаардлагыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардуулсан бөгөөд тэрээр мөн өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо хариу тайлбар өгөх 2 хоногийн хугацаа шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага өөрчилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид удаа дараа мэдэгдэж, гардаж авахыг шаардсан боловч ирээгүй, түүний өмгөөлөгч Г.Ариунзул уг асуудлыг мэдэж байсан болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч “Мануул трэйвел” ХХК-иас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хариуцагч нь баримтыг ирүүлээгүй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

 

 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 492 дугаар зүйлийн 492.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч М.Золбоотоос хувийн хадгаламжийн дансандаа ашиг олох зорилгоор үндэслэлгүйгээр авсан 2,227,650 /хоёр сая хоёр зуун хорин долоон мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Рагчаасүрэнд олгож, нэхэмжлэгч Д.Рагчаасүрэнгийн хариуцагч М.Золбоотод холбогдох шаардлагаас “2,480,000 төгрөгт холбогдох хэсэг болон “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний үүрэг зөрчиж, илүү авсан 2,178,000 төгрөг гаргуулах” шаардлагууд, хариуцагч “Мануул трэйвел” ХХК-д холбогдуулан гаргасан ““Орон сууцны зээлийн гэрээ”, “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний үүрэг зөрчиж, төлөөгүй зээлийн хүү, зээлийн хуримтлагдсан хүү 9,500,000 төгрөг, хариуцагчийн өмнөөс зээлийн хүүд суутгуулсан 3,253,452 төгрөг нийт 12,753,452 төгрөг гаргуулах” шаардлага,  хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан гаргасан “403646 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, 403646-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-нүүдэд заагдсан үндсэн зээлээс 73,053.61 төгрөгийг хасуулж тооцуулахыг даалгуулах” тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.9-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Мануул трэйвел” ХХК, М.Золбоот нарын нэхэмжлэгч Д.Рагчаасүрэнд холбогдуулан гаргасан “2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №403646 тоот “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,810 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Золбоотоос улсын тэмдэгтийн хураамжид 50,593 /тавин мянга таван зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Рагчаасүрэнд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ