| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0002/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/02 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/02
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Энхзул
Улсын яллагч А.Баясгалан,
Шүүгдэгч Л.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Л.Ууганбаярт холбогдох эрүүгийн 2231004400249 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, металлургийн инженер мэргэжэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, Үйлдвэрийн 7-37 тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ар тогоруутан овогт Лхагвасүрэнгийн Ууганбаяр, /РД:ТА00231877/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Л.Ууганбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт 00-29 СБА улсын дугаартай “Зил-131” маркийн ачааны авто машин жолоодож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.1, 23.2, 23.3, 23.9 /б дэх заалтыг зөрчиж, тэвшинд хүн тээвэрлэсний улмаас хохирогч Л.Алтангэрэл тэвшнээс унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Алтангэрэл мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр уулнаас буцаад Ууганаагийн машины тэвшин дээр сууж яваад тэвшин дээрээс унаж бэртсэн, машины тэвшин дээрээс унаж бэртэх үедээ би зүүрмэглэж явьсан болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна,нэг мэдэхэд би газар уначихсан, сэргэсэн юмаа. ... Миний биед одоогоор учирсан гэмтэл тодорхойгүй байна,нуруу толгойгоор өвдөж байна. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12 дугаар тал/,
Мөрдөн шалган ажиллагааны шатанд гэрч Ж.Ганзориг мэдүүлэхдээ: “...Намайг машины кабин дотор сууж явтал тэвшин дээр байсан хүмүүс машины кабины орой руу цохиод тэвшин дээрээс хүн уначихлаа, зогсоорой гээд орилсон юм. Тэгээд жолооч Л.Ууганбаяр машинаа зогсоогоод би машинаас бууж очиход найз Алтангэрэл ухаан алдчихсан байдалтай газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар тал/,
Мөрдөн шалган ажиллагааны шатанд гэрч Ш.Баттулга мэдүүлэхдээ: “...Хүдэр сумын төв рүү Л.Ууганбаярын машины тэвшний баруун хойд булан тал руу сууж явад тэвшин дээрээс нь унаж бэртсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 986 дугаартай: “...Л.Алтангэрэлийн биед сээр нурууны 12 дугаар нугаламын арын сэртэн, бүсэлхийн 1 дүгээр нугалмын сэлтэрсэн, бүсэлхийн 1 ба 2 дугаар нугалмын баруун талын хажуугийн сэртэнгийн хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
“Мөнгөнхүлэг авто сургуулийн Замын хөдөлгөөний дүрэм”-ийн багш С.Оюундэлгэрийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай: “...00-29 СБА улсын дугаартай “Зил 131” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1, 23.2, 23.3, 23.9 б заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан...” гэх дүгнэлт, /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар тал/,
Хүн тэвшин дээрээс нь унаж бэртсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 6-7 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 38-39, 44-45 дугаар тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 62 дугаар тал/,
Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 63 дугаар/,
Жолоочийн лавлагаа, /хх-ийн 65 дугаар тал/,
Дансны хуулга, /хх-ийн 66-70 дугаар тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 71 дүгээр тал/ ,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 78 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй,мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Л.Ууганбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт 00-29 СБА улсын дугаартай “Зил-131” маркийн ачааны авто машин жолоодож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.1, 23.2, 23.3, 23.9 /б дэх заалтыг зөрчиж, тэвшинд хүн тээвэрлэсний улмаас хохирогч Л.Алтангэрэл тэвшнээс унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Алтангэрэл мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр уулнаас буцаад Ууганаагийн машины тэвшин дээр сууж яваад тэвшин дээрээс унаж бэртсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12 дугаар тал/,
Мөрдөн шалган ажиллагааны шатанд гэрч Ж.Ганзориг мэдүүлэхдээ: “...Намайг машины кабин дотор сууж явтал тэвшин дээр байсан хүмүүс машины кабины орой руу цохиод тэвшин дээрээс хүн уначихлаа, зогсоорой гээд орилсон юм. Тэгээд жолооч Л.Ууганбаяр машинаа зогсоогоод би машинаас бууж очиход найз Алтангэрэл ухаан алдчихсан байдалтай газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар тал/,
Мөрдөн шалган ажиллагааны шатанд гэрч Ш.Баттулга мэдүүлэхдээ: “...Хүдэр сумын төв рүү Л.Ууганбаярын машины тэвшний баруун хойд булан тал руу сууж явад тэвшин дээрээс нь унаж бэртсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 986 дугаартай: “...Л.Алтангэрэлийн биед сээр нурууны 12 дугаар нугаламын арын сэртэн, бүсэлхийн 1 дүгээр нугалмын сэлтэрсэн, бүсэлхийн 1 ба 2 дугаар нугалмын баруун талын хажуугийн сэртэнгийн хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
“Мөнгөнхүлэг авто сургуулийн Замын хөдөлгөөний дүрэм”-ийн багш С.Оюундэлгэрийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай: “...00-29 СБА улсын дугаартай “Зил 131” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1, 23.2, 23.3, 23.9 б заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан...” гэх дүгнэлт, /хх-ийн 64-65 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Ууганбаярыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Цэндбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндүвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Шүүгдэгч Л.Ууганбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Ууганбаяр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад тусалцааг үзүүлсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Л.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгч Л.Ууганбаяр хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Л.Алтангэрэл нь шүүгдэгч Л.Ууганбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэн түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч Л.Алтангэрэл нь энэ хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ар тогоруутан овогт Лхагвасүрэнгийн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Лхагвасүрэнгийн Ууганбаярт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Ууганбаярын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Ууганбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хохирогч Л.Алтангэрэл нь гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч Л.Ууганбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ