Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1403

 

 

 

 

 

                            2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2019/01403

Улаанбаатар хот

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, туул гол 70б байр, 10 тоотод оршин суух Шаазган овогтой Лхагвасүрэнгийн Гансүх /РД:ОЭ77031871/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 7 дугаар байр, 34 тоотод оршин суух Харчин овогтой Дамдинжавын Бавуужав /РД:ЧЛ72041678/-д холбогдох

 

6 080 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Должинсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, хариуцагч Д.Бавуужав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Гансүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Л.Гансүх нь өөрийн эзэмшлийн 5671 УНУ улсын дугаартай Норд бенз маркийн хүнд даацын автомашинаа хариуцагч Д.Бавуужавт 1 удаагийн рейсэнд 20 куб хайрга ачих ба 1 куб хайргыг 10,000 төгрөг төлөх нөхцөлтэй түрээслүүлэхээр амаар хэлцэл хийсний үндсэн дээр харилцан тохиролцож хариуцагч Д.Бавуужав нь түрээсэлсэн тээврийн хэрэгслээ 2017 оны 06-09 cap хүртэл нийт 3 cap ашигласан. 2017.09 сарын эхээр түрээслэх хугацаа дуусан тээврийн хэрэгслээ хүлээлцэх үед тооцоо нийлэхэд хариуцагч Д.Бавуужав нь 2017 оны 06-09 сарын хугацаанд 58 удаа рейс ажил хийн үүнээс түлшний зардлаа хасаад 9,208,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Гансүхэд төлөхөөр хүлээн зөвшөөрсөн. Ингээд хариуцагч нь нэхэмжпэгч Л.Гансүхийн эхнэр Э.Мөнхцэцэгийн Хаан банк дахь 5063142403 тоот дансанд 2018.02.16-нд 1.000.000 төгрөг, 2018.06.10 нд 1.500.000 төгрөг, 2018.08.27 нд 1.000.000 төгрөг мөн бэлнээр 2017.07.28-нд 200.000 төгрөг, буюу нийт 3700,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь үлдэгдэл 5,580,000 төгрөгийг төлөхгүй удсан тул маргалдсанаар нэхэмжлэгч Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандсан.

Харин хяналтын прокурор нь хэрэг бүртгэлтийн хэргийг хянаад прокурорын 2018.10.24-ний өдрийн 2121 тоот тогтоолоор иргэд хоорондын маргаан байна гэж үзэн иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүл хэмээн хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тул танай байгууллагад иргэний хэрэг хянан шийдвэрлүүлэхээр хандаж байна. Иймд Хариуцагч Д.Бавуужаваас эд хөрөнгө түрээсэлсний төлбөрийн үлдэгдэл 5.580.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нийт 6.080.000 / 'аан сая наян мянган төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Л.Гансүхэд олгуулж өгнө гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Должинсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн автомашиныг хариуцагчид 1 удаагийн рейсэнд 20 м.куб ачих, 1 м.куб-д 10 000 төгрөг төлөхөөр түрээсэлсэн. Тооцоо нийлэхэд 58 удаагийн рейс хийсэн байсан. Үүнээс түлшний зардлаа хасаад 9 208 000 төлөхийг зөвшөөрсөн. Ингээд нэхэмжлэгчийн эхнэрийн дансанд нийт 3 700 000 төгрөг төлөөд 5 508 000 төгрөг төлөөгүй байдаг. Улмаар цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэний маргаан гэж үзсэн. Иймд 5 508 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь иргэний хуулийн 39-д заасан хүчин төгөлдөр хэлцэл хийсэн. Хэрэгт байгаа баримтаар болон гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Хариуцагч нь тооцоо нийлэхээр мессеж бичсэн байдаг. Иргэний хуулийн 318-д заасан түрээсийн харилцаа үүссэн байдаг. Нэхэмжлэгчид төлбөр шаардах эрх үүссэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Эрүүгийн журмаар шалгаж байхад тооцоо нийлсэн байдаг. Нийт 11 600 000 төлбөр гарсан. Хоол, түлшэнд 2 392 000 байдаг. Ингээд тооцвол төлсөн мөнгийг нь хасаад 5 508 000 үлдсэн байдаг. Нэхэмжлэгчид 1 сая төгрөг төлсөн гэсэн боловч энэ баримтгүй гэв.

 

            Хариуцагч Д.Бавуужав нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны Бридж компанийн бетон зуурмагийн үйлдвэрийг түрээслэн үйл ажиллагаа явуулсан билээ. Тус оны 7 сард зүс таних замын цагдаагийн ахмад Гансүх гэж хүн ирээд танай шороонд өөрийн эзэмшлийн Норд 56-71 улсын дугаартай автомашиныг явуулъя. Минийх 20 м.куб ачдаг гэж ярьсан. Тэгээд аман гэрээ хийгээд явуултал түүний машин нь өндөрлөгөөгүй тул дээд тал нь 18 м.куб ачдаг болох нь мэдэгдсэн. Үүнийг өөрт нь хэлж байсан. Би энэ хүний машиныг түрээслээгүй энэ хүн өөрийн машиныг өөрийн жолоочоор бариулж байсан. Бид хоёрын ярьсанаар би тус машиныг ажилд явахад хэрэглэх түлш, сэлбэг, хаалганы мөнгө болон жолооч нарыг нь хоол ундаар хангаж байсан. Гэтэл энэ хүн машиндаа түлш, хоол, сэлбэг, хаалганы мөнгө бодит ёсоор тооцохгүй байгаа бөгөөд анхнаасаа миний машин 20 м.куб ачдаг гэж худлаа ярьсан бөгөөд өндөрлөгөөгүй Норд дээд тал нь 18 м.куб ачдаг бөгөөд үүнийг том тэрэгний тээвэр хийдэг бүх жолоочоос асууж лавласан ч болно. Энэ хүний бичсэнээр 58 рейс явсан гээд байгаа боловч үүнийг Бридж компанийн манаачийн бүртгэлтэй тулгахад тохирохгүй байгаа юм. Би энэ хүний тооцоогоор бодоход 58 рейс*18 м.куб=1044 м.куб*10,000=10,440,000 төгрөг болж байгаа юм. Үүнээс түлш, жолоочийн хэрэглээ, хаалганы мөнгөнд 6,445,500, бэлнээр 3,700,000, хоол 1 хүний 4,000, 2 хүний 8,000*2 /өдөрт 2 удаа/, нийт 300,000, нийтдээ 10,445,500 төгрөг төлсөн бөгөөд энэ хүн өвөлжингөө өөрийн танил тал цагдаа нараар дарамтлуулан байн байн яриад байсан. Би 10,445,500 төлсөн тул одоо энэ хүнд өгөх ямар ч өр төлбөргүй бөгөөд энэ бүх өгсөн мөнгө дандаа дансаар хийгдсэн бөгөөд цөөн хэд нь үйлдвэр дээрээ явуулын түлшний машин дуудаж хийлгэсэн удаа бий билээ. Бидний элс хайрга татдаг газар маань 2 талдаа 80 км газар бөгөөд том тэрэгнүүд Норд, Хово зэрэг машинууд нь 1 рейсэндээ 50 л түлшээр явдаг юм. Ийм учир миний бие нь энэ хүнд ямарч өргүй болно.

Нэхэмжлэгчийн яриад байгааг ойлгохгүй байна. Ярихдаа 4 800 000 төгрөг төлсөн гэсэн. Дансыг шүүхэд зөвшөөрсөн гэсэн. Гэтэл одоо 2 300 000 гэж байна. Бид ямар нэг байдлаар түрээслээгүй. Жолоочтойгоо машин нь ирээд манай ажлыг хийсэн. Миний тооцоогоор 1 500 000 төлөхийг зөвшөөрч байгаа.  2 392 000 түлш гэж байна. Үүнээс тооцоход 58 рейст 25 литр ногдоно. Том тэрэг ийм түлшээр явахгүй. Нэхэмжлэгч нь өөрийн дансаар мөнгө аваагүй гэж байна. Гэтэл миний хуулгаар төлсөн байдаг гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Гансүх нь түрээсийн гэрээний үүрэгт 5,580,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 500,000 төгрөг, нийт 6,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед түрээсийн төлбөр 72,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 500,000 төгрөг, нийт 572,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

Хариуцагч Д.Бавуужав 1,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсэг нь үндэслэлгүй, бид түрээсийн гэрээ байгуулаагүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд гүйцэтгэгч нь өөрийн болон захиалагчийн материалаар тодорхой ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэж тохирсон хөлс төлөх үүрэг хүлээдэг. Хэдийгээр нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нь манай бетон зуурмагт шаардлагатай элс, хайргыг тээвэрлэх ажлыг гүйцэтгэсэн гэж тайлбарласан. Улмаар 1 м.куб элс, хайрга тээвэрлэх ажлын хөлсийг 10,000 төгрөгөөр тохиролцсон талаар зохигч маргахгүй байна. Иймд зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь 58 удаагийн элс, хайрга зөөвөрлөх ажил гүйцэтгэсэн болох нь хэргийн 9-32 дугаар талд байгаа баримтаар тогтоогдсон. Ийнхүү гүйцэтгэсэн ажил бүр нь 20 м.куб элс, хайрга зөөвөрлөсөн болох нь эдгээр баримтаар мөн нотлогдож байна. Иймд хариуцагчид ажлын хөлсөнд 11,600,000 /58*20*10,000/ төгрөг төлөх үүрэг үүсжээ.

Хариуцагч нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 06 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 08 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн гэх Э.Мөнхцэцэгийн Хаан банк дахь 5063142403 тоот дансны хуулгаар, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг бэлнээр төлсөн болох нь нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдсон. Харин нэхэмжлэгч нь 1,041,600 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй гэж маргасан боловч энэхүү төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлсөн болох нь хариуцагч Д.Бавуужав болон түүний гэр бүлийн хүн гэх Д.Дэлгэрцэцэг нарын хамтран эзэмшдэг Хаан банк дахь 5029856009 данснаас нэхэмжлэгч Л.Гансүхийн мөн банк дахь 5063007869 тоот дансанд шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 165 дугаар тал/

Зохигч ажил гүйцэтгэх гэрээний явцад автомашинд зарцуулах түлшний үнэ, жолоочийн хоолны зардал, замын хураамжийг хариуцагч төлөхөөр тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон.

Хариуцагч Д.Бавуужав болон түүний гэр бүлийн хүн гэх Д.Дэлгэрцэцэг нарын хамтран эзэмшдэг Хаан банк дахь 5029856009, Д.Дэлгэрцэцэгийн 5075240665 тоот дансны гүйлгээнээс “түлш норд”, “норд гансүх” гэсэн гүйлгээнүүдийг MNS5217:2012 стандартын дагуу хөрвүүлэн уншиж, түүвэрлэвэл хариуцагч нь түлшинд нийт 4,305,800 төгрөг төлсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

Хариуцагч нь жолоочийн хоолны зардал болон замын хураамжид төлсөн төлбөрийг баримтаар нотлоогүй. Хэдийгээр дансны хуулгаар зарим төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч уг төлбөр нь нэхэмжлэгчийн дансанд шилжигдээгүй байна.

Дээрхийг нэгтгэн тооцоод хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 4,741,600 /3,700,000+1,041,600/ төгрөг, түлшний зардалд 4,305,800 төгрөг, нийт 9,047,400 төгрөг төлсөн гэж үзлээ.

Үүнийг төлөх ёстой төлбөр болох 11,600,000 төгрөгний төлбөрөөс хасаж тооцвол хариуцагч нь 2,552,600 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл, түүний зарим шаардлагыг татан авах буюу татгалзах эрхтэй тул мөн зүйлийн 106.5-д зааснаар 572,000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзсанаар 572,000 төгрөгт холбогдох хэсэгт дээрх хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарахыг тэмдэглэж байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Д.Бавуужаваас 2,552,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Гансүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,955,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь 572,000 төгрөг холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55,792 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД