| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 101/2019/01974/и |
| Дугаар | 00815 |
| Огноо | 2019-10-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 00815
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Eрөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгчид Б.Отгонбямба, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвд оршин суух, “Борнууд” овогт Батбаярын Энхбаяр /РФ-88070792/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх 2062 дугаарын эрхийн үнэмлэхтэй “Барнууд” овогт Батмөнхийн Мягмарсүрэн /РУ-86082501/,
Хариуцагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо 24 дүгээр гудамжны 5-29 тоотод оршин суух, “Онход” овогт Дамдиндоржийн Бямбабаяр /РФ-95052711/-т холбогдох,
Гэм хорын хохиролд нийт 4.509.047 /дөрвөн сая таван зуун есөн мянга дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Д.Бямбабаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Бямбабаярт зодуулж хамар хугараад хөнгөн гэмтэл авсан. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр эрүүгийн хэргийн шүүх хурал болохоос өмнө бэлэн 1.100.000 төгрөг авсан ба харин шүүхээс цаашид гаргах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг надад нээлттэй үлдээсэн юм. Би 2019 оны 4 дүгээр сард хотод хамрын хагалгаанд орж хагалгааны зардал 2.370.000 төгрөг, хагалгааны дараах эмчилгээний зардал 460.653 төгрөг, унааны зардал нийт 533.700 төгрөг, Улаанбаатар хот доторх унааны зардал 207.000 төгрөг, хоол хүнсний зардал 337.694 төгрөг, цалин 600.000 төгрөг гарснаа нэхэмжилсэн болно. Үүнээс одоо би хагалгааны зардал 2.370.000 төгрөг гарснаас шүдээ үзүүлсний зардал 65.000 төгрөгийг хасаад 2.305.000 төгрөг, хагалгааны дараах эмчилгээний зардал 460.653 төгрөг, унааны зардал 533.700 төгрөгийг нэхэмжлэж, харин үлдэх Улаанбаатар хот доторх унааны зардал 207.000 төгрөг, хоол хүнсний зардал 337.694 төгрөг, цалин 600.000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж байна. Надаас тэр ч байтугай их зардал гарсныг харин нэхэмжлээгүй ба би эрүүгийн шүүх хурлаас хойш гарсан зардлаа нэхсэн, миний өмнөх хамрын гайморит өвчтэй байсан нь энэ хагалгаатай ямар ч хамаагүй болно.
Иймд хамрын хагалгааны зардал 2.305.000 төгрөг, хагалгааны дараах эмчилгээний зардал 460.653 төгрөг, унааны зардал 533.700 төгрөг буюу нийт 3.299.353 төгрөгийг хариуцагч Д.Бямбабаяраас гаргаж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Бямбабаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Энхбаяртай маргалдаж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн ба гэмтэл учруулсан даруйдаа энэ хүнийг Улаанбаатар хот руу авч явж 2 эмнэлгээр үзүүлсэн. Тухайн үед хамрын хугарлын эмчилгээг 200.000-400.000 төгрөгөөр л хийнэ гэсэн боловч хийлгээгүй байж дараа нь өөрөө ийм өндөр эмчилгээ хийлгэсэнд гайхаж байгаа болон хамрын хагалгаа хийлгэсэн гэхэд би үнэмшихгүй зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь Энхбаяр нь өмнө хамрын гайморит өвчтэй байсан ба энэ талаар үзсэн хоёр ч эмч хамрын гайморит өвчтэй бичлэгийг өөрт нь үзүүлж байсан. Тэр бичлэг нь өөрт нь байгаа. Тэгээд би эмчилгээ, унааны зардал гэж тухайн үед бэлнээр 1.100.000 төгрөг өгсөн байхад дахиад эмчилгээ хагалгааны зардал гэж нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд би Энхбаярт мөнгө өгөхөөр бол унааны зардалд 500.000 төгрөг л өгөх боломжтой тэрнээс 3 сая гаран төгрөг өгөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь хариуцагч Д.Бямбабаярт холбогдуулж гэм хорын хохиролд нийт 4.509.047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3.299.353 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч Д.Бямбабаяр нь нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн замын зардалд нэхэмжилсэн 533.700 төгрөгийг зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Харин хариуцагч Д.Бямбабаяр нь нэхэмжлэгч Б.Энхбаярыг цохиж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Тухайлбал:
Нэхэмжлэгч Б.Энхбаярын: “....2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Бямбабаярт зодуулж хамар хугараад хөнгөн гэмтэл авсан....” гэх,
Хариуцагч Д.Бямбабаярын: “....би Энхбаяртай маргалдаж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн....” гэх тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байх ба Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор гэмтэл учруулсанд маргахгүй байх тул Иргэний хуульд заасан гэм хор учруулснаас үүссэн эрх зүйн харилцаа байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гэм хорын хохиролд 3.299.353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Энхбаярын Улаанбаатар хотын “ЭМЖЖ” хувийн эмнэлэгт эмчлүүлсний төлбөрт 2.288.980 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн Ебаримт,
“ЭМЖЖ” хувийн эмнэлэгт Чих хамар хоолойн давтан үзлэгийн 23.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр шилжүүлсэн Ебаримт,
“ЭМЖЖ” хувийн эмнэлэгт Чих хамар хоолойн давтан үзлэгийн 35.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн Ебаримт,
“ЭМЖЖ” хувийн эмнэлэгт Чих хамар хоолойн давтан үзлэгийн 60.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн Ебаримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан нотлогдон тогтоогдож буюу нийт 2.406.980 төгрөгийн бодит зардал гаргасан байна.
Харин нэхэмжлэгчийн: Лабораторийн шинжилгээнд илгээх хуудсанд авагдсан 42.000 төгрөгийн баримтанд овог засвартай, мөнгө тушаагчийн гарын үсэг зурагдаагүй болон мөнгө төлсөн эсэх нь тодорхойгүй /хх-ийн 24-р хуудас/,
Хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан Ебаримтууд нь хэн шилжүүлсэн нь тодорхойгүй ба орлого, зарлага нэхэмжлэлийн баримт хэрэгт давхар авагдаагүй, мөн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн баримт хэрэгт авагдсан байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол гаргахаас өмнөх баримт авагдсан байх ба нэхэмжлэгчийн “....би эрүүгийн шүүх хурлаас хойш гарсан зардлаа нэхсэн....” гэж тайлбарлаж байх боловч дээрх гаргаж өгсөн баримттай зөрж байна. Жич: 43, 59, 60 дугаар хуудсанд авагдсан шээсний шинжилгээний сав, хатгины наалт зэрэг Ебаримт хавсаргасан нь ойлгомжгүй байна.
Мөн хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэхэд хариуцагч байгууллага гэх хэсэгт МХС гэж бичсэний хажууд өөр өнгийн балаар Б.Энхбаяр гэж нэмж бичсэн, нэхэмжлэлд бичсэн төлбөрийг нэхэмжлэгч нь төлсөн эсэх нь тодорхойгүй ба уг төлбөрийг хариуцагчаас гаргах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн нэхэмжлэл нь МХС болон Б.Энхбаярт холбоотой баримт байна. /хх-ийн 63-р хуудас/, РФ-67102663 регистрийн дугаартай Эрдэнэчимэг гэх хүний зорчигчийн тасалбар хэрэгт авагдсан нь мөн ойлгомжгүй байгаа болно /хх-ийн 64-р хуудас/,
65-66 дугаар хуудсанд авагдсан АИ-92, дизель түлшний Ебаримтууд байх боловч хэнээс шилжүүлсэн нь тодорхойгүй, 67-69-р хуудсанд авагдсан нэхэмжлэх дээрх Б.Оюунчимэг гэж нэр байгаа нь ойлгомжгүй, уг төлбөрийг төлсөн эсэх нь тодорхойгүй байх тул дээрх баримтуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх нэхэмжлэгчийн хэт хайнга буруутай үйлдлээс болж цаг хугацаа алдаж хагалгаа, эмчилгээ хийлгэснээс болж хохирлын хэмжээ нэмэгдэхэд хүрсэн байна гэж үзэж хохирлоос 1.000.000 төгрөгийг хасаж шийдвэрлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бусдад зодуулсаний улмаас хөнгөн гэмтэл учирсан байхад 2019 оны 4 дүгээр сард хагалгаанд орсон нь түүнээс гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн байна гэж үзсэн болно.
Иймд хариуцагч Д.Бямбабаяраас хүний биед учруулсан гэм хорын хохирол буюу зодооноос үүдэлтэй гэмтлээс болж эмчилгээ хийлгэсний зардалд нийт 1.406.980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу 1.892.373 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 19, 39, 96, 117 дугаар хуудсанд авагдсан шүдний эмчилгээ, цалин хөлс, хоол хүнс, хот дотор явсан унааны зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Нэхэмжлэгч Б.Энхбаярыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн байх тул хариуцагч Д.Бямбабаяраас 1.406.980 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 37.461 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч Ц.Уртнасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба хэргийн зохигчид түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан цааш үргэлжүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Д.Бямбабаяраас 1.406.980 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга есөн зуун наян/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.892.373 /нэг сая найман зуун ерэн хоёр мянга гурван зуун далан гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхбаярыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Бямбабаяраас 37.461 /гучин долоон мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА
Б.МӨНХТУЯА