Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 102

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Хохирогч: С.Батбаяр,

Шүүгдэгч: Б.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анж овогт Батдэлгэрийн Золжаргалд холбогдох 201615000252 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 4 дүгээр баг 17-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Анж овогт Батдэлгэрийн Золжаргал /РД:ЙИ94052512/

Шүүгдэгч Б.Золжаргал нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагаас 16 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн нутагт байрлах Цагаан хаалганаас урагш чиглэж шороон замаар өөрийн эзэмшлийн 93-54 ӨВР улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9 дүгээр бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч болох хохирогч С.Батбаярын бие махбодид хүнд, Б.Лхагвадуламын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Золжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч С.Батбаяр нь шүүгдэгчтэй төрөл садангийн холбоотой тул шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч С.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Мижиддоржтой хамт “Оюу” төв орж том цэвэр ус аваад “New lider”-ийн 1 давхрын интернет тоглоомын газар орж Мижиддорж хүнтэй уулзаад утсаар Гүндэгмаатай ярьсан. Тэгээд Золжаргал дээр очоод 1 дүгээр хороо орж Гүндэгмаатай уулзсан. Тэгээд найзууд нь болох Охинтогтох, Лхагвадулам нартай уулзаад хамт гол орохоор болсон. Ингээд үдээс хойш 16 цагийн үед бид нар Золжаргалын саарал өнгийн 93-54 ӨВР улсын дугаартай Королла маркийн автомашинтай гол руу явцгаасан. Цагаан хаалганы наанаас зам салаад шороон замаар явж байгаад гэнэт осол болсон. Юунаас болж осолдсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Золжаргал машин унаж явсан. Хажууд нь Гүндэгмаа, арын суудалд би, миний хажууд Лхагвадулам, Мижиддорж, Охинтогтох нар сууцгаасан байсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, бүгд эрүүл байсан. Аймгаас гарахдаа Мижиддорж, Золжаргал нар дэлгүүр орсон. Орохдоо пиво авч байсан. Замд бол огт пиво уугаагүй. Бид нар 60км цагийн хурдтай л явсан байх. Би цонхон талд жолоочийн ард сууж явсан. Гэнэт машин онхолдсон. Юунаас болж осол болсныг мэдэхгүй байна. Урдаас машин ирээгүй, ойр хавьд машин харагдаагүй. 16 цагийн орчимд л осол болсон байх. Миний биеийн байдал гайгүй сайн байгаа. Одоогоор өвдөж байгаа зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардлыг өгч байгаа. /хх-ийн 28-29 хуудас/

Хохирогч Б.Лхагвадулам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд аймгийн төвөөс Золжаргал, Батбаяр, Охинтогтох, Мижиддорж, Гүндэгмаа бид зургуул Золжаргалын саарал өнгийн Королла маркийн автомашинтай гол орох гээд явцгаасан. Тэгээд цагаан хаалганы наанаас шороон зам руу салаад гол руу явж байх замд гүвээ уруудаад гэнэт машин унаад эргэлдэж байгаад зогсчихсон. Тухайн үед миний хүзүү өвдөөд байсан. Юу болсон талаар одоо санахгүй байна. Машиныг Золжаргал барьж явсан. Өөрийнх нь машин байсан. Хажууд нь Гүндэгмаа, ард нь Мижиддорж, Охинтогтох, Батбаяр бид 4 сууж явсан. Бид нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Өмнөөс машин ирээгүй. Яг юунаас болж осол гарсныг мэдэхгүй, гэнэт гүвээ уруудаад машин хажуугаараа унаад эргэлдээд эхэлсэн. Бид нар хэр хурдтай явсаныг мэдэхгүй. Золжаргал архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, эрүүл байсан. Одоогоор хохирол барагдуулаагүй байгаа. Эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг барагдуулчихвал гомдол байхгүй. Одоогоор 2 сая төгрөгийн эмчилгээ, бусад зардлын хохирол учраад байна. Би эмчилгээний мөнгө 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. /хх-ийн 32-33 хуудас/

Гэрч Т.Мижиддорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед аймгийн төвөөс найз Золжаргалын саарал өнгийн 93-54 ӨВР улсын дугаартай Королла маркийн автомашинтай Батбаяр, Гүндээ, Охиноо, Лхагвадулам бид зургуул гол орох гээд явцгаасан. Тэгээд цагаан хаалганы наанаас шороон зам руу салаад гол руу явдаг зам руу ороод удаагүй явж байгаад би нэг тонгойгоод өндийх хооронд гэнэт машин хажуугаараа эргэлдэж байгаад аймаг руу буюу буруу хараад зогсчихсон. Би машины ард талын цонхоор гараад эмнэлэг рүү залгасан. Тэгээд удалгүй түргэн тусламж ирээд бид нарыг аваад явцгаасан. Машиныг Золжаргал барьж явсан. Хажууд нь Гүндэгмаа, ард нь Охиноо, Лхаагий, Батбаяр бид 4 сууж явсан. Бид нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Гол ороод хэрэглэх хэдэн пиво авч явсан. Өмнөөс машин ирээгүй байсан. Осол яг юунаас болж гарсныг мэдэхгүй, гэнэт хажуугаараа эргэлдээд эхэлсэн. Бид нар 60км цагийн хурдтай л явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 34 хуудас/

Гэрч Н.Охинтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 15-16 цагийн үед найз Гүндэгмаа болон түүний найзуудтай зургуул аймгийн төвөөс Золжаргалын саарал өнгийн Королла маркийн автомашинтай явцгаасан. Тэгээд цагаан хаалганы наанаас шороон зам руу салаад удаагүй байтал гэнэт машин доошоо уруудсан зам руу ороод унаж эргэлдэж байгаад зогсчихсон. Машин эргэлдэж байгаад зогссоны дараа би машины цонхоор гартал гадаа Лхагвадулам хэвтэж байсан санагдаж байна. Мижиддорж бид хоёр лав арын суудалд машин дотор байсан. Тэгээд түргэн дуудаж удалгүй ирээд аваад явсан. Машиныг Золжаргал барьж явсан. Хажууд нь Гүндэгмаа, ард нь Мижиддорж, Лхагвадулам, Батбаяр бид 4 сууж явсан. Бид нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Өмнөөс машин ирээгүй байсан. Осол яг юунаас болж гарсныг мэдэхгүй, гэнэт хажуугаараа эргэлдээд эхэлсэн. Бид нар ойролцоогоор 60км цагийн хурдтай явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 35 хуудас/

Гэрч М.Гүндэгмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим аймгийн төвөөс найз Золжаргал, Батбаяр, Охинтогтох, Мижиддорж, Лхагвадулам бид зургуул Золжаргалын саарал өнгийн Королла маркийн автомашинтай гол орох гэж явцгаасан. Тэгээд цагаан хаалганы наад талаас шороон зам руу салаад гол руу явж байтал замд машин гэнэт гүвээ уруудаад хажуу талаараа эргэлдэж байгаад зогсчихсон. Хамгийн сүүлд би машинаас гарсан. Машины гадна Батбаяр, Лхагвадулам нар шидэгдсэн бололтой хэвтэж байсан. Лхагвадулам ухаан нь орж гараад байсан. Бусад нь ухаан нь эрүүл гайгүй байсан. Машиныг Золжаргал барьж явсан, өөрийнх нь машин байсан. Хажууд нь би, ард Мижиддорж, Лхагвадулам, Охинтогтох, Батбаяр 4 сууж явсан. Бид нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Өмнөөс ямар нэгэн машин, тээврийн хэрэгсэл ирээгүй байсан. Яг юунаас болж осол гарсныг мэдэхгүй байна. Гэнэт гүвээ уруудаад машин хажуугаараа унаад эргэлдээд эхэлсэн. Бид нар ойролцоогоор 60-70км цагийн хурдтай явсан байх. Золжаргал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 36 хуудас/

Гэрч С.Лхам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 93-54 ӨВР улсын дугаартай Королла маркийн автомашин нь манай нөхөр Б.Золжаргалын эзэмшлийн автомашин байгаа юм. 2015 онд хүнээс худалдан авч байсан. Бичиг баримт нь “Хас банк”-ны нэр дээр байгаа. Зээл авах гээд барьцаанд тавьсан байсан. /хх-ийн 37 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 261 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Б.Лхагвадуламын биед баруун ташаа, суудал ясны зөрөөтэй хугарал, баруун дал, зүүн бугалга, аарцаг хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, баруун тохой, 2 өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 40 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 260 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... С.Батбаярын биед тархины суурь ясны цуурсан хугарал, дух баруун хацар ясны цөмөрсөн хугарал, тархины няцрал, баруун шанаа, тохой, ташаа, 2 өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 44 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын

22-ны өдрийн 7253 дугаартай химийн шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн “Б.Золжаргал 22 н/эр” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. /хх-ийн 65 хуудас/

            Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... Автомашины жолооч Б.Золжаргал нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Б.Золжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 заалт “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”-ыг. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг тус тус зөрчсөн байна. Жолооч Б.Золжаргалын буруутай үйлдлээс болж осол гарсан байна. Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Энхболдын гаргасан ослын акт нь үндэслэлтэй байна. /хх-ийн 72 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №08/28, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №10/55 дугаартай үнэлгээний тайлангууд, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, шүүгдэгч Б.Золжаргалын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Лхагвадуламын хохирол төлбөрт 1.000.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 1, 4-8, 13-17, 19-20, 69-70, 77-83, 93, 95 хуудас/

Шүүгдэгч Б.Золжаргалын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1137 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 96, 98 хуудас/

Шүүгдэгч Б.Золжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Золжаргал нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагаас 16 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хаалга”-аас урагш чиглэж шороон замаар өөрийн эзэмшлийн 93-54 ӨВР улсын дугаартай “Тоёота Королла” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч С.Батбаярын бие махбодид хүнд, Б.Лхагвадуламын бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Золжаргалын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Батбаярын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд Золжаргалын саарал өнгийн 93-54 ӨВР улсын дугаартай Королла маркийн автомашинтай Золжаргал машин унаж, хажууд нь Гүндэгмаа, арын суудалд би, миний хажууд Лхагвадулам, Мижиддорж, Охинтогтох нар сууцгааж бид зургуул гол руу явцгаасан. Цагаан хаалганы наанаас зам салаад шороон замаар явж байгаад гэнэт осол болсон. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, бүгд эрүүл байсан. Хохирогч Б.Лхагвадуламын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд аймгийн төвөөс Золжаргал, Батбаяр, Охинтогтох, Мижиддорж, Гүндэгмаа бид зургуул Золжаргалын саарал өнгийн Королла маркийн автомашинтай гол орох гээд явцгаасан. Тэгээд цагаан хаалганы наанаас шороон зам руу салаад гол руу явж байх замд гүвээ уруудаад гэнэт машин унаад эргэлдэж байгаад зогсчихсон. Машиныг Золжаргал барьж явсан. Гэрч Т.Мижиддоржийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр аймгийн төвөөс найз Золжаргалын саарал өнгийн 93-54 ӨВР улсын дугаартай Королла маркийн автомашинтай Батбаяр, Гүндээ, Охиноо, Лхагвадулам бид зургуул гол орох гээд явцгаасан. Тэгээд цагаан хаалганы наанаас шороон зам руу салаад гол руу явдаг зам руу ороод удаагүй явж байгаад би нэг тонгойгоод өндийх хооронд гэнэт машин хажуугаараа эргэлдэж байгаад аймаг руу буюу буруу хараад зогсчихсон. Гэрч Н.Охинтогтохын цагаан хаалганы наанаас шороон зам руу салаад удаагүй байтал гэнэт машин доошоо уруудсан зам руу ороод унаж эргэлдэж байгаад зогсчихсон. Машиныг Золжаргал барьж явсан. Бид нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Гэрч М.Гүндэгмаагийн цагаан хаалганы наад талаас шороон зам руу салаад гол руу явж байтал замд машин гэнэт гүвээ уруудаад хажуу талаараа эргэлдэж байгаад зогсчихсон. Машины гадна Батбаяр, Лхагвадулам нар шидэгдсэн бололтой хэвтэж байсан. Машиныг Золжаргал барьж явсан, өөрийнх нь машин байсан. Гэрч С.Лхамын 93-54 ӨВР улсын дугаартай Королла маркийн автомашин нь манай нөхөр Б.Золжаргалын эзэмшлийн автомашин гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 260, 261, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 7253 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №08/28, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №10/55 дугаартай үнэлгээний тайлангууд, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, шүүгдэгч Б.Золжаргалын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Б.Золжаргалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч С.Батбаярын бие махбодид хүнд, Б.Лхагвадуламын бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Золжаргал нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Лхагвадуламын хохирол төлбөрт 1.000.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.Батбаярын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Золжаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд ял оногдуулсан болно.

Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Золжаргалын №919675 дугаартай “В” ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж,

Шүүгдэгч Б.Золжаргалын эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн, Iphone-4 маркийн хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.Золжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хохирогч Б.Лхагвадуламд 1.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Лхагвадулам, С.Батбаяр нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Анж овогт Батдэлгэрийн Золжаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч С.Батбаярын бие махбодид хүнд, Б.Лхагвадуламын бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Б.Золжаргалд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Золжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Золжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Золжаргалын №919675 дугаартай “В” ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6.Шүүгдэгч Б.Золжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хохирогч Б.Лхагвадуламд 1.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Лхагвадулам, С.Батбаяр нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Б.Золжаргалын эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн, Iphone-4 маркийн хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Золжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Золжаргалын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг шүүгдэгч Б.Золжаргалд мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Золжаргалд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ