Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1179

 

 

 

 

 

  2019          11           21                                            2019/ДШМ/1179

 

Я.М-д холбогдох                                                                                                          эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                           

            прокурор Н.Гэрэлмаа,

            шүүгдэгч Я.М-, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1558 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1906032501956 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Я-гийн М, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1976 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7; эх, дүү, хүргэн, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0000-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Я.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 21, 4 дүгээр сарын 10, 5 дугаар сарын 27-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 114-31 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү Я.Х-д агсам, согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Я.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Я.М-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Намайг төрсөн дүү Я.Х-ыг байнга дарамтлан, агсам тавьж, харгис хандан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгасан. Хэргийг гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн шүүсэн байдаг. Би хэдий согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлдээ хүндрэл учруулдаг ч нөхцөл байдлыг иймд хүргэх хүсэл санаагүй байсан. Гэр бүлийнхээ өмнө ийм байдал үүсгэсэндээ маш их гэмшиж байна. Их зүйл ойлгосон. Би бөөрний өвчтэй, элэгний цирроз, уушигны архаг бронхиттой өвчинтэй. Саяхан автомашины осолд орж хүнд бэртсэн. Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Миний хэрэгт хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, үйлдсэн хэрэгтээ харамсаж байгаа, төрсөн дүү Я.Х- хохирол нэхэмжлээгүй зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Я.М-гийн гомдлыг дэмжиж байна. Тэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогдсондоо чин сэтгэлээс гэмшиж байгаа, анхан шатны шүүх хуралдаанд хохирогч гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгч нөхрийгөө нас барснаас хойш архи уудаг болсон. Архи уусан үедээ гэртээ очиход гэр бүл нь оруулахгүй гэснээс болж хэрүүл маргаан үүсдэг. Удаа дараа цагдаад дуудлага өгч ийм асуудал үүссэн. Шүүгдэгч нь эрүүл мэндийн хувьд муу байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн хянан харгалзаж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах боломжтой гэж үзэж байна.” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байсан нь дуудлагын тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Шүүхээс хорих ялын хамгийн доод хэмжээгээр шүүгдэгчид ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Я.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Шүүгдэгч Я.М-г 2019 оны 3 дугаар сарын 21, 4 дүгээр сарын 10, 5 дугаар сарын 27-ны өдрүүдэд согтуугаар төрсөн дүү Я.Х-д агсам, согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч Я.М-г дээрх хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтад тулгуурлаагүй үндэслэл муутай шийдвэр болжээ.

            Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан шинжтэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.2 дахь заалтад хуульчилсан байна.

            Хуульд заасан харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэдэг нь бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийллээр илрэх ба хохирогчийг өвтгөн шаналгасан, зовж зүдрэхээр байдалд хүргэсэн, доромжилсон, гутаасан шинжтэй үйлдлүүд хамаарна. Бие махбодын хүчирхийллээр дамжин хохирогчийн сэтгэлзүйд нөлөөлөн сэтгэл санааны зовлон зүдгүүрт автуулж, энэ байдал нь гэмт этгээдээс хохирогчтой харилцах тогтсон зан үйл болон хувирсан байдаг. Тухайлбал: айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, гүтгэх, доромжлох, өлсгөх, цангаах, дааруулах, хорих, хазах, хавчих, чимхэх, цахилгаанд цохиулах, галаар төөнөх гэх мэт үйлдлүүдээр илрэх ба эдгээр нь байнгын хэвшил болсон байдлаар дээрх гэмт хэргийн шинж тодорхойлогдоно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн харилцаанд тэгш биш байдал үүсгэж, гэр бүлийн гишүүд хүчирхийлэгчийн дарамт эрхшээл автсан байдаг онцлогтой. 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтийн талаар шийтгэх тогтоолдоо “... Шүүгдэгч Я.М- нь төрсөн дүү Я.Х-тай байнга хэрцгий харьцаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх дурьдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шийтгэврүүд, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйлийг ойр ойр давтамжтайгаар их хэмжээгээр хэрэглэх нь гэр бүлийн бусад оролцогч нарын амар тайван, ая тухтай байдлыг байнга алдагдуулж, хохирогчийн хувьд сэтгэл санааны шаналал зовиурыг үүсгэж байгаа байдал юм...” гэж дүгнэжээ.

Шийтгэх тогтоолд хийсэн дээрх дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч Я.М- хамт амьдардаг төрсөн дүүгээ хэрхэн, яаж байнга тарчлаан зовоож, харгис хэрцгий хандсан талаар бодитой хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ямар нөхцөл байдал тогтоогдож, ямар хууль зүйн шалгуураар байнгын харгис хэрцгий, тарчлаасан шинжтэй гэж үзсэн нь тодорхой бус байна.

Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалбал хохирогч Я.Х- /шүүгдэгчийн төрсөн дүү/, гэрч М.Баяндэлгэр /шүүгдэгчийн төрсөн эх/, гэрч Г.Сувд-Эрдэнэ, О.Дэлгэрмаа, Л.Баасанхүү /хөршүүд/ нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, шүүхийн шийтгэврүүд зэрэг прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан нотлох баримтууд нь шүүгдэгч Я.М- архины хамааралтай байдлаас болж гэр бүлд таарамжгүй харилцаа үүсч, гэр бүлийн гишүүдийн дунд хэрүүл маргааны үндэс болдгоос бус гэр бүлийн хүрээнд тэгш байдал алдагдаж, хэн нэгэн харгис хэрцгий харьцсан, тарчлаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Я.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал;”-ыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар заасан хуулийн шаардлагыг анхан шатны шүүх тогтоол үйлдэхдээ мөрдөөгүй болохыг цаашид анхаарвал зохино.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1558 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Я.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Я.М- нь 42 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН