Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0211

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

 

“Ш т” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х

 

Гомдол гаргагч: “Ш т” ХХК

Хариуцагч: Монополын эсрэг газрын улсын байцаагч Л.А

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучнаар/-ын улсын байцаагчийн үйлдсэн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003004 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0141 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц

Хариуцагч Л.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2021/0662/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Ш т” ХХК-иас Монополын эсрэг газрын улсын байцаагч Л.Ад холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучнаар/-ын улсын байцаагчийн үйлдсэн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003004 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0141 дүгээр шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “Ш т” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучнаар/-ын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3004 /гэж бичсэн/ дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. 

3.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт /зөрчлийн хэргийн материал/, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүй, зөвхөн гомдол гаргагчийн гаргасан тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан нотлох баримтыг бүx талаас нь судлан үзэж хэргийг шийдвэрлээгүй, хууль зүйн үндэслэл дурдаагүй буруу дүгнэлт болсон.

Тодруулбал Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон Иргэний нисэхийн Үндэсний төв оношилгоо хэмжил зүйн лабораторийн аль аль нь Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэгдсэн лаборатори бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал болон тэдгээрийн бүтээгдэхүүний шинжилгээ, туршилтыг Монгол Улсад мөрдөж буй стандартын дагуу сорилын дүн гаргах чиг үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу холбогдох дээжүүдийг хүлээн авч шинжилсэн байхад шүүх сорилын дүнг хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн нь хууль бус гэж үзэж байна.

3.2. Дээрх хоёр лабораторийн шинжилгээний хариунуудыг мэргэжлийн байгууллагын холбогдох албан тушаалтан болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын Улсын ахлах байцаагчийн гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгоогүй байхад шүүх уг дүгнэлтийг үнэлээгүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан төрийн хяналт шалгалтын зарчимд нийцэхгүй.

3.3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ эдлэх, хүсэлт гаргах, хууль ёсны төлөөлөгчөө томилуулах, гомдол гаргах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх  зэрэг эрх эдлүүлээгүй нь гомдол гаргагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж буруу дүгнэж, хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэл бүрдсэн байхад шийтгэл оногдуулсан шийдвэрийг “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн явуулаагүй, зөрчилд шийтгэл оногдуулах маргаан бүхий захиргааны актын үндэслэл нотлогдоогүй байхад ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст түүнд үндэслэж шийдвэр гаргах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй алдаа гаргасан, зөрчлийг нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

3.4. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0141 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Ш т” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.  

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучнаар/-ын улсын байцаагч Л.Агийн үйлдсэн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003004 дүгээр шийтгэлийн хуудсаар “худалдан борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангахгүй” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасны дагуу “Ш т” ХХК 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. 

3. Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргахдаа “... хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, ижил бүтээгдэхүүнд хийсэн хоёр лабораторийн хариу зөрүүтэй байхад стандартад нийцээгүй гэх  дүгнэлтийг ашигласан нь буруу” гэх зэргээр үндэслэлийг тодорхойлж маргасан.

4. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг” ойлгоно, 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд ...заасан зөрчил”, 6.1 дүгээр зүйлийн 1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн, ... байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаарх холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн тохиолдолд  эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж тус тус заасан.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар хяналт шалгалтын удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Ш т” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах ШТС-27 салбарт борлуулж буй АИ-92 автобензин, дизель түлшнээс, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах компанийн төв агуулгахад хадгалж буй АИ-92 автобензин, дизель түлшнээс, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хилээр орж ирсэн дизель түлшнээс тус тус дээж авч, чанарын үзүүлэлтийг тодорхойлуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн.

6. “Ш т” ХХК-ийн борлуулж буй шатахуунаас дээж авахдаа, ШТС-27 салбарт жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензинийг 210711, дизелийн түлшийг 210752; Төв агуулахад хадгалж байгаа АИ-92 автобензинийг 210696, дизелийн түлшийг 210760; хилээр оруулж ирсэн дизелийн түлшийг 518384 гэж тус тус кодлож дугаарласан ба Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн сорилтын дүн “GT”, харин Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн сорилтын дүн “СШ” гэсэн тэмдэглэгээ бүхий дугаарлалтаар баталгаажуулсан байна.

Улмаар лабораторийн сорилтын дүнг дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлснийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хүлээн авч, улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтийг дараах агуулгаар гаргасан. Үүнд:

- Шинжилгээний сорилтын СШ21/130, СШ21/176, GT055 дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017, “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг тус тус хангахгүй;

- Шинжилгээний сорилтын СШ21/175 дугаар бүхий үр дүнгээр 200C дахь хувийн жин дунджаар 820.5 кг/м3 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй;

- Шинжилгээний сорилтын СШ21/129 дүгээр бүхий үр дүнгээр цетаны индекс дунджаар 10.2 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017 стандартын шаардлага хангахгүй;

- Шинжилгээний сорилтын GT042 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензины октаны тоо дунджаар 91.5 тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангахгүй;

- Шинжилгээний сорилтын СШ21/103 дугаар бүхий үр дүнгээр автобензинд механик хольц илэрсэн нь Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангахгүй; гэж тодорхойлжээ.

Тодруулбал, “Ш т” ХХК-ийн (а) ШТС-27 салбараар борлуулж байсан дизелийн түлш нь заавал мөрдөх стандартын шаардлагыг хангаагүй болох нь 2 лабораторийн, (б) төв агуулахад хадгалж буй АИ-92 автобензин болон дизель түлш нь заавал мөрдөх стандартын шаардлагыг хангаагүй болох нь мөн л 2 лабораторийн сорилтын үр дүнгийн тогтоогджээ. /Хэргийн I хавтасны 48, 52-85 дахь талд/

7. Гомдол гаргагч “Ш т” ХХК нарын нэр бүхий хуулийн этгээдээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04ий өдрийн 128/ШШ2024/0192 дугаар шийдвэрээр “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ... “Ш т” ХХК …-иудын гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн нэхэмжлэгч тус бүрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2024/0384 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001ШХТ2024/0325 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

8. Ийнхүү хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр гомдол гаргагчийн худалдан борлуулж байсан шатахуун нь “чанар стандартын шаардлага хангахгүй” болох нь нэгэнт тогтоогдсон байхад анхан шатны шүүх “... хуулиар тогтоосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хоёр лабораторийн тайланд бичигдсэн шинжилгээний дүнгүүд зөрүүтэй, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлт нь эрх зүйн өөр үр дагаврыг үүсгэсэн шинжтэй мэргэжлийн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэрээр уг дүгнэлтийг хэвээр үлдээсэн нь энэ хэрэгт хамааралгүй, зөрчил гаргасан гэх үйл баримт хөдөлбөргүй нотлогдоогүй буюу гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн тул зөрчил гаргаагүйд тооцож, холбогдогчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, энэ тохиолдолд маргааны үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг буруу үнэлж, Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

9. Учир нь, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг  анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан дан ганц “холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд явуулах бус мөн  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасанчлан “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй” болон “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон” гэх өөр хоёр үндэслэлээр явуулах боломжтой бөгөөд тухайн тохиолдолд хариуцагчаас чухам энэхүү хоёр дахь үндэслэл тогтоогдож байна хэмээн үзэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулсныг хууль зөрчсөн хэмээн үзэх боломжгүй.

10. Энэ хэсгийн 6, 7-д заасанчлан “Ш т” ХХК-ийн ШТС салбараар борлуулж буй болон агуулахад хадгалж байсан шатахуун нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид 11 үзүүлэлтээр, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид 9 үзүүлэлтээр тус тус шинжилсэн сорилтын үзүүлэлт, түүний дагуу үйлдсэн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдож байгаа тохиолдолд 2 лабораторийн шинжилгээг зөрүүтэй байсан гэж дүгнэх, хуулийн этгээд уг зөрчлийг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй гэж үзэх ч боломжгүй юм.

11. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус заасны дагуу зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд гомдол гаргагчийн хувьд нэгэнт зөрчил үйлдсэн нь тогтоогдсон энэ нөхцөлд, гэм буруугийн хувьд эргэлзээтэй нөхцөл үүссэн хэмээн хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэлгүй. 

12. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...ийг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1. хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэжээ.

13. Хяналт шалгалтын явцад гомдол гаргагч компанийн Төв агуулахын дарга, лабораторийн эрхлэгч, салбарын эрхлэгч, менежер нарыг тус тус байлцуулан шинжилгээний дээж авч, дээжийг кодлон лацдаж шинжилгээнд хүргүүлсэн, мөн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахаас өмнө хариуцагчаас 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/1473 дугаар албан бичгээр “...зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж байна. ... хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсхүл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, ...2021 оны 7 дугаар сарын 19-ний 14.00 цагт ирж мэдүүлэг өгнө үү” гэсэн дуудах хуудсыг гомдол гаргагчид шуудангаар хүргүүлсэн, 2021 оны 07 дугаар сарын 16, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргагч компанийн хуульч зэрэг холбогдох ажилтантай утсаар  холбогдож мэдэгдсэн, мөн албаны цахим шууданд захиа илгээж мэдэгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.

14. Үүнээс үзэхэд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахаас өмнө гомдол гаргагч компанид хууль ёсны төлөөлөгчөө томилон оролцуулах, тайлбар, санал, хүсэлт гаргах боломж олгосон, хяналт шалгалт хийх талаар гомдол гаргагч компанид мэдэгдсэн гэдэг нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах, хууль ёсны төлөөлөгчөө оролцуулж оролцогчийн эрх, үүргийг тайлбарлуулж, эрхээ хамгаалан оролцох зэрэг эрхийг зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй ... гэх гомдол үндэслэлтэй” гэх агуулга бүхий дүгнэлтийг зөвтгөх үндэслэл тогтоогдсонгүй, харин энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэл бүхий байна.

15. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0141 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан “Ш т” ХХК-иас Монополын эсрэг газрын улсын байцаагч Л.Ад холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучнаар/-ын улсын байцаагчийн үйлдсэн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003004 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хгийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                    Д.ОЮУМАА

 

 

                          ШҮҮГЧ                                                                      О.ОЮУНГЭРЭЛ

 

 

  ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ