Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 116/ШШ2022/0002

 

  

                  Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                 Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт байрлах, “С О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                      Хариуцагч: Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

                 Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/97 дугаар захирамжийн 1 дэх заалтын А/61 гэснийг хүчингүй болгож, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/61 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангуулахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С О” ХХК-ийн захирал Д.Ш, хариуцагч Баян-Уул сумын Засаг дарга Х.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ш.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч “С О” ХХК-ийн захирал Д.Ш  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Баян-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 6-р тогтоолоор баталсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 2021.02.05-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа цахимаар зохион байгуулагдсан. Уг дуудлага худалдаанд миний бие оролцож, үр тарианы усалгааны тариалангийн зориулалтаар 1016,06 га /10 160 600м2/ ялагч болсон. Улмаар 2021.02.09-ний өдөр газрын даамал Л.Б той дуудлага худалдааны ялагчтай байгуулах ДХ-2021-03 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 3.1-т заасны дагуу Баян-Уул сумын ЗДТГ-ын Төрийн сан 10071155402 тоот дансанд дуудлага худалдаанд ялсан ялагчийн үнэ болох 547 510 306 төгрөгийг Хас банкин дахь 5002510077 тоот данснаас тухайн өдрөө буюу 2021.02.09-ний өдөр бүрэн төлсөн. 2021.04.06-ны өдөр Баян-Уул сумын Засаг даргын А/61 тоот Газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан. Ингээд тариалангийн газарт тариа тарихаар бэлтгэл ажлуудыг хөөцөлдөж хөдөө орон нутгаар явж байх үед буюу 2021.09.09-ний өдөр дансанд 559 956 942 төгрөг орж ирсэн мессеж миний гар утсанд гэнэт ирсэн. Лавлатал 2021.08.24-ний өдөр Баян-Уул сумын Засаг даргын захирамж хүчингүй болгох тухай А/97 дугаар захирамж гарсан болохыг мэдсэн. Өнөөдрийг хүртэл уг захирамжийг надад албан ёсоор гардуулан өгөөгүй. Уг захирамжид Газрын дуудлага худалдааг хууль зөрчин явуулсан талаар Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас аймгийн Засаг даргад ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн сумын Засаг даргын 2021.04.06-ны өдрийн А/59, А/60, А/61, 04.18-ны өдрийн А/70, А/71 дугаар захирамжуудыг тус тус хүчингүйд тооцсугай гэсэн байсан. Сумын Засаг даргын А/97 дугаар захирамж хууль зөрчиж явагдаагүй, дуудлага худалдааг хуульд заасны дагуу явуулсан гэж миний бие үзэж байна. Сумын Засаг даргын 2021.08.24-ний А/97 дугаар захирамж нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2, 26.3.1, Газрын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.2 дахь заалтуудыг үндэслэсэн нь хууль бус бөгөөд манай “С О” компаний эзэмшиж буй тариалангийн зориулалттай газрууд нь Монгол Улсын Газрын нэгдмэл сангийн Хөдөө аж ахуйн газрын ангиллын атаршсан газар дэд ангилалд бүртгэгдсэн, 1964 оноос Ононгийн САА үр тариа тариалж байсан атаршсан газар юм. Монгол Улсын Засгийн газраас Атар-60 бүтээлч ажил өрнүүлэх тухай 76 тоот тогтоол гарч атаршсан болон өнжсөн талбайг эргэлтэнд оруулах, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулахыг ХХААХҮЯ, БХБЯ, аймаг сумын ИТХ, ЗДТГ-т хариуцуулсан байдаг. Уг тогтоолын хүрээнд сумын ИТХ холбогдох тогтоолыг гаргаж сумын Засаг дарга тогтоолын хэрэгжилтийг хангаж, Тариалангийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу дуудлага худалдаагаар газрыг эзэмшүүлсэн. 2020 онд Баян-Уул сумын Засаг даргаас удаа дараа Хил хамгаалах газар руу атаршсан газрыг эргэлтэнд оруулах хүсэлтийг 1/205, 1/290 тоот албан бичгээр явуулж байсан бөгөөд Хил хамгаалах ерөнхий газраас 2020.5.07-ны өдрийн 2/4477, 2020.7.08-ны өдрийн 2/6427 тоот албан бичгүүдээр хариуг өгч байсан ба уг албан бичгүүдэд хилийн бүсэд тариалан эрхлэхийг хориглосон тухай, хил хамгаалалтад сөрөг нөлөө үзүүлэх тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй билээ. Тагнуулын ерөнхий газар иргэн Лхагважав нь атаршсан газрыг дуудлага худалдаагаар Хятад улсын иргэд өндөр үнээр авч байж магад гэсэн хардлагын улмаас өргөдөл гаргасан байдаг ба Тагнуулын ерөнхий газар гомдлын хүрээнд асуудлыг шийдвэрлээгүй, хил хамгаалах ерөнхий газарт үндэслэлгүй албан бичгийг илгээж, түүний дагуу Хил хамгаалах ерөнхий газраас аймгийн Засаг дарга болон Сумын засаг даргад хууль бусаар нөлөөлж хуулийн дагуу явагдсан газар эзэмшүүлэх үйл ажиллагааг хүчингүй болгосонд миний бие гомдолтой байна. Монгол Улсын Хилийн тухай хуульд хилийн бүсэд хуулиар хориглоогүй үйл ажиллагааг явуулж болдог бөгөөд гагцхүү хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдэгт л асуудлын гол оршиж байна. Тариалангийн үйл ажиллагааг газрыг эзэмшилдээ авч эрхэлдэг, газар эзэмших үйл явц нь газрын тухай хуульд заасны дагуу явагддаг. Уг атаршсан газар нь газрын нэгдмэл сандаа бүртгэгдсэн, тариалангийн тухай хууль болон холбогдох хуулиар зөвшөөрөгдсөн, сумын Засаг дарга бэлтгэл ажлыг бүрэн хийж, холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, зөвшөөрлийг авсны үндсэн дээр газрыг зохих журмын дагуу дуудлага худалдаанд оруулж эзэмшүүлсэн байдаг. Манай компаний хувьд хууль, журмын дагуу тариалангийн атаршсан газруудыг эзэмшсэн, 2021 оны 4-р сараас хойш тариалан эрхлэхээр бэлтгэл ажлуудыг хийж, их хэмжээний зардлуудыг гаргасан зэргээс харахад Засаг даргын гаргасан хууль бус шийдвэрээс болж их хэмжээний мөнгөн хөрөнгөөр хохирох нөхцөл байдал үүсээд байна.

                 Иймд Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2021.8.24-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/97 тоот захирамж нь “С О” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул уг захирамжийн 1 дэх хэсгийн А/61 гэснийг хүчингүй болгож, 2021.4.06-ны өдрийн Баян-Уул сумын Засаг даргын А/61 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулахыг Баян-Уул сумын Засаг даргад даалгах нь хууль зүйн үндэслэлтэй юм. “С О” ХХК-аас 2021.9.15-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргад хандан Баян-Уул сумын Засаг даргын хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар өргөдөл, гомдлыг гаргасан боловч аймгийн Засаг даргаас ямар нэгэн байдлаар шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрлээ гэв.

               Хариуцагч Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга Х.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2019.12.25-ны 476 дугаар тогтоолоор батлагдсан “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжил аян” 2020.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү аяны хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.03.27-ны өдрийн А-118 дугаар тушаалаар батлагдсан. Төлөвлөгөөний 5.6 дахь заалтад атаршуулсан олон жил орхигдсон 60.0 мянга га талбайг эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж, тариалангийн талбайн зүй зохистой газар ашиглалтыг хянах, эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах нөхцөл бүрдсэн байна гэж тусгагдсан.

              Энэхүү ажлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймгийн Засаг даргатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн тул Онон голын хойд талын атаршсан газрыг эргэлтэд оруулах саналыг Хил хамгаалах ерөнхий газарт 2020.04 сард хүргүүлсэн. Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүсэлт тавьж энэхүү газар нь газрын нэгдмэл сангийн ямар ангилалд байгаа талаар дүгнэлтийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсний дагуу Хил хамгаалах Ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2020.05.07-ны өдрийн 2/4477 тоот албан бичгээр хариу ирүүлсэн.  

                Сумын 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020.12.16-ны өдрийн 02 дугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор батлуулан газар зохион байгуулалтын цахим системд байршуулсан. Сумын Засаг даргын 2021.01.05-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар газар эзэмших дуудлага худалдааг 2021.02.05-ны өдрийн 09-15 цагийн хооронд цахим хэлбэрээр зохион байгуулахаар зарласан. ...3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

                Нийт 15 нэгж талбар, 97.16 сая төгрөгийн үнэ бүхий газарт цахим дуудлага худалдаа зохион байгуулахад 114 иргэн, аж ахуй нэгж оролцох хүсэлтээ ирүүлж, үүнээс тариалангийн 11 талбай дээр 95 иргэн, аж ахуй нэгж оролцож үнийн саналаар өрсөлдсөн. Цахим дуудлага худалдаа дуусахад 5 талбайг С О ХХК-ийн захирал Д.Ш , 1 талбайг “Энх Ногоон тал” ХХК, 1 талбайг Н.Бадрамрагчаа нар ялагч болж дуудлага худалдааны үнийг төлсөн тул сумын Засаг даргын 2021.04.06-ны өдрийн А/59, А/60, А/61, А/70, А/71 дүгээр захирамжуудаар газрыг эзэмшүүлсэн шийдвэр гарсан. Захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгох шатанд явж байхад дээрх дуудлага худалдааны талаар Тагнуулын Ерөнхий газарт гомдол ирж АТГазраас шалгаж эхэлсэн тул гэрээ, гэрчилгээ олгохыг түр хойшлуулсан. 2021.08.12-ны өдөр аймгийн Засаг даргын 1/1626 тоот албан бичгээр дээрх захирамжуудаар олгосон газарт хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч явуулах тухай мэдэгдсэн. Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26.3.1 дэх заалтуудыг зөрчин газар эзэмшүүлсэн гэснийг үндэслэн сумын Засаг дарга 2021.08.24-ний А/97 дугаар захирамжаар А/59, А/60, А/61, А/70, А/71 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож, дуудлага худалдааны орлогыг буцаан олгосон.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Онон голын хойд талд хуучин ашиглаж байсан талбай байсан. Бид уг нь Хил хамгаалах ерөнхий газарт хүсэлт гаргасан. Тухайн газрыг эзэмшүүлэх талаар мэдэгдсэн. Тэгэхэд хилийн зурвасаас 1.5 км-ээс 3 км зайтай байх боломжтой гэж хэлсэн. Үүний дагуу дуудлага худалдааг зарласан. Дуудлага худалдаагаар газар эзэмшигч нар нь мөнгөө өгөхгүй байсан тул 04 дүгээр сарыг хүртэл ажиллагаа сунжирсан. Ингээд энэ хугацаанд иргэнээс гомдол ирсэн тул бид гэрчилгээ гаргаж өгөөгүй юм. Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан байна лээ. Гомдол гаргасан иргэний хувьд Хятад улсын хөрөнгө оруулалттай гэсэн гомдол гаргаагүй. Хилийн зурвас тусгай хэрэгцээний газар эзэмшүүлсэн гэж гомдол гаргасан байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “С О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/97 дугаар захирамжийн 1 дэх заалтын А/61 гэснийг хүчингүй болгож, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/61 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангуулахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ[1].

                Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 6-р тогтоолоор[2] баталсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 2021.02.05-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа цахимаар зохион байгуулагдсан[3] бөгөөд уг дуудлага худалдаанд “С О” ХХК оролцож ялагч болж, улмаар 2021.02.09-ний өдөр дуудлага худалдааны ялагчтай байгуулах ДХ-2021-03 тоот гэрээг байгуулжээ[4].

                Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын  2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар[5] “Тус суманд Газрын дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд 553.733.674 /Таван зуун тавин гурван сая долоон зуун гучин гурван сая зургаан зуун далан дөрөв/ төгрөгөөр ялагч болсон “С О” ХХК-д 6 дугаар багийн нутаг Онон голын хойно хавсралтад заагдсан 1016.0910 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарсан байна.

             Энэхүү дээрхи шийдвэр нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас  бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1-т “Улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэх”-ийг хориглоно гэх заалтыг зөрчсөн болох нь Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг Тагнуулын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 529 дүгээр[6], Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/1010 дугаар албан[7] бичгүүдээр нотлогдож байна.

Иймээс Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/97 дугаар “ Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар[8] “Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 06 дугаар тогтоолоор баталсан 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 2021 оны 02 дугаар сарын 05, 03 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан газрын дуудлага худалдааг хууль зөрчин явуулсан талаар Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас аймгийн Засаг даргад ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ... А/61... дүгээр захирамжийг өөрийн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна. 

               Өөрөөр хэлбэл Монгол Улсын Хилийн тухай хууль тогтоомжийг зөрчиж газрын дуудлага худалдааг зохион байгуулсан нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой юм.

                Иймд “С О” ХХК-ийн  Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/97 дугаар захирамжийн 1 дэх заалтын А/61 гэснийг хүчингүй болгож, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/61 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангуулахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26 дугаар зүйлийн 3.1-д заасныг  баримтлан, нэхэмжлэгч “С О” ХХК-ийн, Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/97 дугаар захирамжийн 1 дэх заалтын А/61 гэснийг хүчингүй болгож, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/61 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангуулахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-4-р хуудас

[2] Хавтаст хэргийн 40-р хуудас

[3] Хавтаст хэргийн 48-49-р хуудас

[4] Хавтаст хэргийн 10-11-р хуудас

[5] Хавтаст хэргийн 34-р хуудас

[6] Хавтаст хэргийн 63-р хуудас

[7] Хавтаст хэргийн 64-р хуудас

[8] Хавтаст хэргийн 97-р хуудас