Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 767

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Г, Б.Л нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00395 дугаар шийдвэртэй, Д.Г, Б.Л нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны замын 102 дугаар байрны 56 тоот орон сууц, 18 м.кв авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5/8 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/49 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Ерболат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 101/ШШ2016/05179 шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Шийрэв-Очироос зээлийн гэрээний үүрэгт 185 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ерболатад олгохоор шийдвэрлэсэн. Үүний дараа А.Ерболат хариуцагч Г.Шийрэв-Очирын төлөх 185 000 000 төгрөгийг Д.Г, Б.Ла бидний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Нарны замын 102-р байрны 56 тоот орон сууц, авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 101/ШШ2016/07031 дугаар шийдвэрээр бидний өмчлөлийн дээрх 3 өрөө байр, зоорийн давхарын 96 тоот авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан болохыг дурьдаж, албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан. Хариуцагч уг шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах тухай анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулахдаа бидэнд ямар нэг байдлаар огт мэдэгдэлгүй зохион байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.2.2, 66 дугаар зүйлийн 66.3, 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн ба 350 000 000 төгрөгөөр барьцаа хөрөнгийг үнэлж, дуудлага худалдааг биднээс нуусанд гомдолтой.

Мөн дээрх байр болон гражийг ямар ч зөрүү олгохгүйгээр шууд А.Ерболатад олгох шийдвэр гаргасанд гомдолтой. Дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэгч олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 14 хоногийн өмнө мэдэгдэх, төлбөр төлөгчид ч мөн адил хамааралтай байхад энэ талаар хуулиар хамгаалагдсан бидний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариу өгсөн тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан ба 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр албан бичгээр хариу авсан. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5/8 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/49 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, барьцаа хөрөнгө болох байр, гражийг хуульд заасан журмыг зөрчиж үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.5-д заасныг зөрчсөн буюу төлбөр төлөгчид мэдэгдэж, гарын үсэг зуруулах ёстой байтал дамжуулах үүрэгтэй шууданд өгснийг тооцохгүй. Хэргийн 59 дүгээр талд авагдсан 2017 оны 2 дугаар сарын 01-нд эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны тэмдэглэлээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг эвдэж нэвтэрсэн нь хуулийн 41, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал 350 000 000 төгрөгөөр үнэлээд ажиллагаа явуулахдаа мэдэгдэх хуудсыг хугацаанд гардуулах үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч учрыг ойлгоогүй тул 350 000 000 төгрөг гэсэн, 70 ба 50 хувь гэдгийг тайлбарлаж өгөөгүйн улмаас төөрөгдсөн. Иймд дуудлага худалдааны үнийг буруу тогтоосон. Мэдэгдэх хуудсаар хэзээ мэдэгдсэн нь ач холбогдолтой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар мэдэгдэнэ гэж хуульд заасан байгаа. Шууданд хийснээр хугацаандаа мэдэгдсэн гэж үзэхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 30 дугаар зүйлийн 30.1, 35 дугаар зүйлийн 30.7, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нийцэхгүй байна. Эд хөрөнгийг хураахдаа гэрч оролцуулаагүй. 2017 оны 2 дугаар сарын 02-нд битүүмжлэхдээ өмчлөгч нарт мэдэгдээгүй, байлцуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг төлбөр төлөгч нарт хүргүүлээгүй. Мөн үл хөдлөхөд хөрөнгийн газар хүргүүлээгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 05179 дүгээр захирамжаар 185 574 355 төгрөгийг гаргуулж А.Ерболатад олгох, мөн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07031 дүгээр шийдвэрээр Б.Л, Д.Г нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Нарны зам 102 дугаар байрны 56 тоот 94,5 м/кв талбайтай 3 өрөө орон сууц, зоорийн давхрын 18 м/кв талбайтай авто зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барыдаалсан үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 5179/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 14/09 дугаар тогтоолоор хураан авч, сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа өгсөн, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авсан.

Төлбөр төлөгч Б.Л, Д.Г, Г.Шийрэв-Очир нар 350 000 000 төгрөгөөр үнийн саналаа өгснийг төлбөр авагч А.Ерболат хүлээн зөвшөөрсөн. Талуудад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар харилцан тогтоосон үнэ 350 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт оруулах тухай мэдэгдэл 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3/14287 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцсон үнийн 50 хувиар тооцон 2 дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 3/16798 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар талуудад хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Шүүгчийн захирамжаар төлбөр төлөх нэхэмжлэл, шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах асуудал шийдвэрлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 29-нд үүсгэсэн. Төлбөр төлөгч Г.Шийрэв-Очирт удаа дараа мэдэгдэл өгч, барьцаа хөрөнгийг битүүмжилсэн. Хөндлөнгийн гэрч битүүмжлэх ажиллагаанд байлцсан, хуульд зааснаар үзлэг хийх болон хураах ажиллагаанд гэрч оролцуулдаг учраас гэрч оролцсон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасныг мэдээгүй гэж байна. Үнийн санал авахдаа дээрх хуулийн заалтыг тайлбарлаж өгсөн талаар тэмдэглэл тус бүрт байгаа. Үнэлгээ хийгдээгүй бөгөөд өөрсдөө үнийн санал өгсөн. Төлбөр авагч үнийн саналыг зөвшөөрөөд ажиллагаа явагдсан. Баталгаат шуудангаар мэдэгдэл явуулсан, үнэлгээтэй холбоотой гомдлыг 7 хоногийн дотор гомдол гаргах ёстой байсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар төлбөр төлөгч Г.Шийрэв-Очирын хамт тус тусдаа дуудлага худалдаанд оруулах барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн үнийг 350 000 000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрсөн. Энэ үнийг төлбөр авагч би зах зээлийн үнээс хэт өндөр тогтоосон үнэ гэж үзсэн боловч төлбөр төлөгчдийн өгсөн үнээр оруулахыг зөвшөөрсөн. Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Дуудлага худалдаа болох тухай мэдэгдэл төлбөр төлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлж байсан бөгөөд дуудлага худалдааны тухай зарыг өдөр тутмын сонин болон интернэтэд 14 хоногийн өмнө мэдээлж байсан нь холбогдох хууль журмыг зөрчөөгүй. Энэ талаар төлбөр төлөгчид нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч шүүх уг гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шат шатны албан тушаалтнууд уг гомдолыг хүлээн аваагүй байна.

Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өөрсдийн биеэр очиж шийдвэр гүйцэтгэлийн материалтай танилцаж байгаагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байна. Үүний тод жишээ нь 2017 оны 6 дугаар сарын 21-нд хоёр дахь дуудлага худалдаа болсны дараа худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцож авахыг санал болгох ажиллагаанд гурван удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй болно. Эцэст нь үндэслэлгүйгээр шүүхэд гомдол гаргасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад болж удаашруулах гэсэн санаа. Иймд уг гомдолыг хуульд заасны дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж өгнө үү. Шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж байнга хурдан гүйцэтгэх талаар хэлж байсан. Гэтэл хуулийн хугацааны дагуу явуулна гэдэг байсан.

Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэлд дурдаагүй үндэслэл ярьж байна. Гэтэл хураах ажиллагааны талаар маргаан үүсгээгүй. Хэрэв үнээ багаар хэлсэн бол дуудлага худалдаагаар зарагдах л байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын  дагуу явагдсан гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002.01.10/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны замын 102 дугаар байрны 56 тоотод байрлах 94.5 м.кв талбайтай 3 өрөө байр, зоорийн давхарын 96 тоот 18 м.кв авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5/8 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/49 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Л, Д.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 28652 дугаар захирамж, 3187 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 16261607 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж нэхэмжлэгч нарт анхан болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг зохих журын дагуу мэдэгдэлгүй дуудлага худалдааг зохион байгуулсан. Энэ нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж байгаа учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5/8 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/49 тоот Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Дээрх тогтоолуудад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зохион байгуулж буй албадан дуудлага худалдаа хэзээ, хаана, хэдэн цагт болох дуудлага худалдаанд оруулж буй хөрөнгийг хэдэн төгрөгөөр санал болгох гэж байгаа талаар тодорхой мэдээлэл байдаг. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас анхны болон 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолуудыг нэхэмжлэгч нарт шуудангаар хүргүүлсэн гэх боловч шуудангаас дуудлага худалдаа өнгөрсөний дараа нэхэмжлэгч нарт хүргэгдэн ирсэнийг нэхэмжлэгч нар хариуцагчийг хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэл болсон. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс “Монгол шуудан” ХК-аас маргаан бүхий акт болох 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5/8 тоот Үл хөплөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/49 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг хариуцагч хэзээ шууданд өгсөн, шуудангаас уг тогтоолуудыг хэзээ нэхэмжлэгч нарт хүргэж өгсөн талаарх буюу уг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргасан. Гэвч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн нь зохигч өөрөө бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлүүлэх зарчим зөрчигдсөн.

Дуудлага худалдаанд оруулах тухай дээрх тогтоолуудыг нэхэмжлэгч нap дуудлага худалдаа болохоос өмнө хүлээж авсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх “...Албадан дуудлага худалдааны мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 43 дугаар зүйлийн 43.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т нийцсэн байна...” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг шууд хохироосон гэж үзэхээр байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Д.Г, Б.Л нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлбөр авагч А.Ерболат бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцож, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж тайлбарласан байна.

 

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч Г.Шийрэв-Очироос төлбөр авагч А.Ерболатад төлөх 185 000 000 төгрөгийн төлбөрт барьцаалсан, нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууц болон авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах ажиллагааг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/07031 дугаар шийдвэрт заасны дагуу явуулжээ. /хх 29-41/

 

Нэхэмжлэгч нар анхан шатны шүүх хуралдаанд “тухайн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийхдээ өмчлөгч нарт мэдэгдээгүй ба төлбөр төлөгчийн эд хөрөнгийг эвдэж нэвтэрсэн, хөрөнгө хураахдаа гэрч оролцуулалгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн гэж тайлбарласан байх боловч энэ талаар шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруу гэж үзэхгүй.

 

Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах ажиллагааг явуулсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасантай нийцэж байна. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч болон өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч   буюу төлбөр авагч нараас санал асууж, хэрэв тохиролцохгүй бол шинжээч томилж үнэлгээ хийлгэх талаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл төлбөр төлөгч Г.Шийрэв-Очир нь 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, өмчлөгч Б.Л нь 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр, өмчлөгч Д.Г нь 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр албадан худалдах орон сууц авто зогсоолын үнийн талаар бичгээр санал гаргаж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нийт 350 000 000 төгрөг болохыг тодорхойлсноор төлбөр авагч уг саналыг зөвшөөрсөн тул талууд үнийн талаар тохиролцсон гэж үзнэ. /хх50-59/ Энэ нь хуулийн дээрх заалтад нийцэх бөгөөд үнэлгээчнээр үнэ тогтоолгох шаардлагагүй юм. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч үнийн санал гаргасан төлбөр төлөгч, өмчлөгч нартай уулзаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахад санал болгож буй үнийн 70 хувиар тооцож оруулах болон Иргэний хуулийн холбогдох заалтыг тайлбарлаж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн байна.

 

Дээрхээс дүгнэвэл шийдвэр гүйцэтгэх байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн, талуудын эрх ашгийг хохироосон гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. 

 

Нэхэмжлэгч нар анхны болон хоёр дахь дуудлага худалдааг төлбөр төлөгч. өмчлөгч нарт огт мэдэгдээгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаагүй, шуудангаар хүргүүлснийг тооцохгүй гэх үндэслэл зааж, эдгээр ажиллагааны талаар гаргасан тогтоол тус бүрийг хүчингүй болгох шаардлага гаргасан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5/8 дугаар тогтоол гаргаж, төлбөр төлөгч Г.Шийрэв-Очир, өмчлөгч Д.Лхагва, Д.Г нарт 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3/14287 дугаар Мэдэгдэл гэх баримтыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байна. Энэ нь баталгаат шуудангийн дардас бүхий тэмдэгээр тогтоогджээ. /хх59-61/

 

Мөн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр оруулах тухай 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/49 дугаар тогтоолыг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3/16798 дугаартай Мэдэгдэл гэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу дээрх хэлбэрээр буюу тэдгээрийн оршин суух хаягаар мэдэгджээ. /хх67-69/ Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн мэдэгдэх хуудсыг биечлэн хүргүүлэх буюу баталгаат шуудангаар хүргүүлж болох заалтад нийцэж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах талаарх мэдээллийг 14 хоногийн өмнө нийтэд мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан “Өнөөдөр” сонины 2017 оны 05 дугаар сарын 10, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугааруудаар тус тус тогтоогдож байна. /хх62, 70/ Эдгээрээс үзвэл шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч тал төлбөр төлөгч болон өмчлөгч нарын хуулиар тогтоосон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлэхээр хэзээ шууданд өгсөн, шуудангаас нэхэмжлэгч нарт хэзээ хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримт бүрдүүлэх зарчмыг зөрчсөн гэх үндэслэлийг дурджээ.

 

Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2018/02192 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэхдээ “...албадан дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг шуудангийн байгууллагад хэзээ хүлээлгэн өгсөн талаар тэмдэг дарагдсан ... гэж дүгнээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна. Үүнийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд Д.Г, Д.Лхагва нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх гомдлын дагуу өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА