Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01461

 

 

 

 

 

 

 

 

 

2021 12 02 001/ХТ2021/01461

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132/ШШ2020/00019 дүгээр шийдвэр,

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй

*******, ******* нарт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 27,783,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны намар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Яргуйт гэх газарт 300 га газрын зөвшөөрөл авч 15,000 боодол өвс бэлтгэсэн. Тэрнийхээ 7000 орчмыг Улаанбаатар, Дарханд борлуулсан. Өвсөө бэлтгэж байхад хариуцагч нар ирж уулзсан. Тэгээд өвс преслэгчээ түр хэрэглүүлээч, өвсөө худалдаач гэсэн байсан. Би байгаагүй тул гэрт очоорой гээд гэрээ зааж өгсөн. Тэгээд би гэрт нь очиход өвсөө зарах уу преслэгчээ хэрэглүүлээч гэсэн. Би нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр зарна, өөрсдөө хэрэглэж байгаа тул преслэгчээ хэрэглүүлэх боломжгүй гэсэн. Миний утасны дугаарыг авч үлдсэн. Тэр үед 7000 боодол өвсийг зарсан. Удалгүй над руу ярьж танайд хэдэн боодол өвс үлдсэн бэ үлдсэн өвсийг чинь бүгдийг нь худалдаж авъя гэж хэлэхээр нь 8000 орчим боодол өвс байгаа гэхэд бүх өвсөө бид хоёрт зээлээр өгчих гэхээр нь нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр худалдаж байгаа гэсэн. Тэгэхэд манай өвс ачиж байгаа шаланз маркын машин танай хадлангийн бригад руу очиж чадахгүй байна. Иймд нэг боодол өвсний 3000 төгрөг дээр 500 төгрөг нэмж бодоод танайх машинаараа зөөгөөд даваа давуулаад 7 хоногийн дотор буулгаад өгөөч гэсэн. Ингээд 7938 боодол өвсийг нэг боодлыг нь 3500 төгрөгөөр бодож нийт 27,783,000 төгрөгөөр тохиролцож, манайх хадлангийн бригаддаа хүн нэмж аваад *******, ******* нарын хэлсэн Аргуут-ын даваа давуулж, өөрийн машинаар зөөж, буулгаж өгсөн. Тэгээд ******* руу залгахад утас нь холбогдохгүй байсан тул тэнд байсан Н.Ганболд гэх айл руу залгаж хэл дуулгаад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн *******т хэлчихлээ маргааш очиж авна гэж байна. Яасан сайхан мэдээ дуулгаваа гэж байна гэсэн. Н.Долгор гэх хүнтэй ярьсан. Маргааш нь бид өвсөө хүлээлгэж өгөхдөө машины гэрлээр дохиод байсан саарал приүстэй 2 хөгшин ирж хүлээж авсан. Улаанбаатарт ирээд утас нь холбогдохгүй байсан. Баянхонгор луу явж байна машин эвдрээд гэсэн. Тэгээд дансны дугаараа мессэжээр явуулсан. Холбогдохгүй байж байгаад цагаан сарын дараа холбогдоход ******* надад хамааралгүй гээд *******ын 2 дугаарыг өгсөн. 1 нь холбогдохгүй нөгөөх нь авахгүй байхаар нь Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт залилуулсан гэж гомдол гаргахад цагдаагийн байгууллагаас иргэний журмаар шүүхэд ханд гэсэн. Одоо *******, ******* нараас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 27,783,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018.08.31-ний өдөр Н.Цолнэмэхийн өвсийг хадаж өгөхөөр яриад *******тай хамт хадланд гарсан. *******, Н.Бат-Эрдэнэ, Н.Сүхээ гэх 6 хүмүүстэй гарсан. Бороо ихтэй байсан тул хадлан хадахад хэцүү байсан. ******* ам боогч олж ирнэ гээд 2 сар байхгүй байсан. Утсаар ярихаар олдохгүй байна гэдэг байсан. 10 сард хүний ам боогчоор боосон. Идэшний хонь авах гээд явж байхад сайхан өвс хадсан байна гэж харсан. *******тэй нэг удаа уулзаж, 2 удаа утсаар ярьсан. Н.Ганболдынд очиж ам боогч асуухад *******өөс асуу гэсэн. Дараа нь өөр айлын ам боогчоор 1,000,000 төгрөгөөр боолгосон. 1000 боодол өвсийг Дарханд борлуулж, 2000 боодол өвс аччихаад би баруун аймаг явахаар болоод 8,000,000 төгрөгийн гэрээгээр машин түрээсэлж явахаар болсон. Тэр үед Баттөмөр манай гэр дээр ирсэн. 2-3 орой ******* надад 22 товчооны тэнд өвс зарах хашаа байна олдох болов уу, чи яриад өгөөч гэж хэлсэн. Би өвсийг борлуулах санаатай хүдрийн нүхэн гүүрэн дээр гаргаж өгсөн. Жижиг машинд ачаад гүүрний наана гаргаж шаланзад ачаад эхнэртэйгээ явсан. Тэгсэн ******* надаар *******тэй утсаар яриулсан. ******* утасгүй, миний утас сүлжээтэй байсан тул миний утсаар яриулсан. Би авах хүн нь ******* гэж хүн байгаа гэж хэлсэн. Бүгд алдагдалд орсон байсан. Намайг гуйгаад байсан болохоор би ярьж өгсөн. Намайг Өвөрхангай аймагт очиход өвс буусан гэж ярьсан. Дараа нь ******* хар цагаан өвс байна гэсэн. Тэгэхээр нь би *******тэй ярь, ийм муу өвс яаж авах вэ дээ гэж хэлсэн. Дараа нь ******* залгаад мөнгөө гэхэд хар цагаан өвс байна гэж ******* хэлж байна. Та нар гэрээгээ хий гэж хэлсэн. ******* өөрөө дарга хийж байсан хүн байж яагаад надаар яриулсныг мэдэхгүй байна. Сар гарны дараа шаланзны мөнгийг өгөөд 2,000,000 төгрөг илүү гараад би гэртээ ирсэн. Би *******т *******тай гэрээгээ хий, гэхдээ өвс чинь цагаан байна гэж ******* хэлж байна гэсэн. Гэтэл ******* уурлаад утсаа салгасан. ******* өвсөө харсан. ******* 3 сард надруу ярьсан. Би *******тай гэрээ хий гэж хэлсэн. Би нэг ч боодол өвс аваагүй. Гэрээ хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* авсан өвснөөсөө зарсан байна лээ. Би *******тэй өвс зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 8000 боодол өвсийг *******, ******* нарт зээлээр худалдсан гэсэн үндэслэлгүй худал зүйлийг бичжээ. Учир нь ******* нь *******тэй өвс зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй бөгөөд *******ын харж хамгаалж байгаач гэж гуйсны дагуу түүний гэх өвсийг ойр буулгаж мал идэхээс хашиж хамгаалж байсан. Тухайн өвсийг хэдэн ширхэг ямар хэмжээний өвс байгааг мэдээгүй учир нэхэмжлэгч ******* нь өвсийг *******т хүлээлгэн өгөөгүй. ******* өвсийг харж хамгаалж байх талаар захисны дараа очиж үзэхэд шарласан, харлаж хөгцөрсөн муу өвс байсныг тухайн үед нь ******* болон ******* нарт та нар өөрсдөө уулзаж өвсөө үзэж учраа олохгүй бол өвсний чанар их муу байна гэж хэлж байсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг харилцаа ******* болон ******* нарын хооронд үүссэн нь Эрүүгийн журмаар шалгаж байсан хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байна. Өмнө нь *******аас авна гэсэн тайлбар гаргаж байсан байж өнөөдөр *******аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. ******* буулгасан өвсийг харж байсан нь тогтоогдож байна. Иймд *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132/ШШ2020/00019 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 27,783,000 /хорин долоон сая долоон зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,865 /хоёр зуун ерэн зургаан мянга найман зуун жаран тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 296,865 /хоёр зуун ерэн зургаан мянга найман зуун жаран тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* /РД:МЬ82120911/-т буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч *******, ******* нарын арилжааны банкуудад эзэмшдэг дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авагдсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Хариуцагч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Хариуцагч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,865 /хоёр зуун ерэн зургаан мянга найман зуун жаран тав/ төгрөг, 297.000 /хоёр зуун ерэн долоон мянга/ төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэн *******ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдуулан гаргасан Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 27,783,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 206.1 дүгээр зүйлд Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн мөн хуулийн 243 дугаар зүйлд худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй...эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн болон худалдагч худалдаж байгаа эд хөрөнгийн хэрэглээ, чанар байдал, бусад зүйлийн талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэсэн заалтыг ******* зөрчиж, худалдаж байгаа өвснийхөө талаар бодит бус мэдээлэл өгч, чанарын шаардлага хангахгүй өвс нийлүүлсэн, үүнийгээ худалдан авагч нарт биечлэн хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй болох нь талуудын гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар батлагддаг. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл буюу хэлцэл хүчин төгөлдөр байх хуулийн үндсэн шаардлага нь нэг талын хүсэл зоригийг нөгөө тал нь хүлээн авсан байх явдал бөгөөд талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсоноор хэлцэл хийгдсэн гэж үздэг. Мөн хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд утга, илэрхийлэл ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарладаг. Шүүхийн шийдвэрт дурдахдаа ...баримтуудаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байх ба *******, *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна, мөн өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй учир хариуцагч *******, ******* нараас 7938 боодол өвсийг нэг бүрийг нь 3500 төгрөгөөр тооцон нийт 27,783,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгон шийдвэрлэх нь зүйтэй гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон үйл, баримтууд тухайлбал *******, *******, ******* нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлгээс үзвэл *******, ******* нар нь *******т эхнээсээ тавьсан гол нөхцөл, санал нь морины тэжээлийн зориулалттай сайхан шинэ ногоон өвс байвал газар дээр нь нэг боодлыг нь 2500 төгрөгөөр, харин даваа давуулаад аваад ачиж хүргэж ирвэл 1000 төгрөг нэмж 3500 төгрөгөөр тооцон худалдан авах-аар хүсэл зоригоо илэрхийлж, худалдах худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар санал гаргажээ. ******* тухайн үед *******, ******* нартай харилцаж, үнэ тохирсон үйл баримт болон сүүлд гэрээний үүрэг шаардахдаа нэг боодол өвсийг 3500 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн зэргээс үзвэл дээрх нөхцөл буюу адуу тэжээх зориулалттай шинэ ногоон өвс нийлүүлэхээр зөвшөөрч, үүрэг хүлээжээ. Гэвч *******, ******* нараас гадна өвс хүлээн авсан болон тухайн өвсийг буух үед байлцсан, гэрээний зүйл болох өвсийг бодитоор харж, үзсэн, энэ асуудлыг ойроос харж тодорхой сайн мэдэж байсан гэрчүүдийн мэдүүлгээр тухайн буусан өвс нь худалдан авагч талын хүссэн хэмжээнд чанарын шаардлага хангах сайн чанарын шинэ ногоон өвс байгаагүй харин харласан, хатаж цагаарсан шаардлага хангахгүй өвс байсан нь нотлогддог. Тухайлбал хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн мэдүүлгээрээ ******* нь *******, ******* нарт нийлүүлсэн өвс нь түүний бэлтгэж зарж байсан өвсний үлдэгдэл болох талаар өөрөө хүртэл тодорхой ярьж, мэдүүлсэн байдаг. Нийлүүлсэн өвс нь шинэ ногоон, адуу тэжээх зориулалт шаардлага хангахгүй харин харлаж, цагаарсан өвс байгааг *******, ******* өвс буусан дариу *******т хэлж, хүлээн авахаас татгалзсан байдаг. Харин *******ийн тухайд өвсийг буулгаж орхиод албан ёсоор чанар, тоо хэмжээг нь тулган худалдагч нарт хүлээлгэн өгөх үүргээ огт биелүүлэлгүй орхисон болох нь түүний өөрийн хэрэг бүртгэлт болон шүүхэд удаа дараа өгсөн мэдүүлэг тайлбараар бүрэн нотлогддог. Тиймээс худалдагч ******* худалдан авагч талын хүсэл зориг, хэрэгцээ шаардлагад тохирсон чанарын өвсийг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, чанарын талаар үнэн бодит мэдээлэл өгөөгүй, гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй зэргээр үүргээ биелүүлээгүй зөрчсөн учир худалдан авагч талаас хариу үүрэг болох төлбөрийг нэхэмжлэн шаардах эрхгүй байна. Гэтэл шүүх дээрх үйл баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр гаргасан нь хуульд нийцсэнгүй. Шүүх дээрх хэргийг шийдвэрлэн шийдвэр гаргахдаа талуудын хүсэлтээр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын шалгасан 193100120 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийн материалыг бичгийн хэлбэрээр хуулбарлан авч, мөн нэр бүхий хүмүүсийг шүүхэд дуудан гэрчээр оролцуулан өгсөн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэр гаргажээ. Хэрэг бүртгэлтийн болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулан мэдүүлэг авсан, мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцоход нь хүлээх үүрэг хариуцлага, үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулах хуулийн шаардлагыг бүрэн хангаж мэдүүлэг, тайлбар авсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэрч гэр бүл төрөл садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс бусад нөхцөлд мэдүүлэг өгөхөөс татгалзахгүй байх, хуулийн энэ шаардлагыг зөрчиж гэрчээс мэдүүлэг авсан бол нотлох баримтад тооцохгүй байх эрх зүйн зохицуулалт эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил байдлаар хэрэгждэг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын талаар татгалзаж байгаа үндэслэлээ нотолж, нотлох баримт гаргаж оролцох эрхтэй. Дээрх байдлаар хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд хариуцагч талын хүсэлтээр хэрэгт авагдсан бичгийн баримт, мөн тэдний хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон нэр бүхий гэрчүүд болох Д.Баяраа, Г.Бат-Эрдэнэ, С.Батзориг нарын мэдүүлгийг шүүх хуульд заагдаагүй үндэслэлээр буюу хүсэлт гаргагч талд ашигтай мэдүүлэг өгсөн, гэр бүл найз нөхдийн харилцаатай учир хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэх үндэсгүй, эргэлзээгүй талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэжээ. Гэтэл дээрх гэрчүүд тухайн хэрэг, маргааныг эхлэхээс нь биечлэн байлцаж оролцож, энэ тухай тодорхой мэдэж байсан байдаг. Тухайлбал гэрч Д.Баяраа нь *******, ******* ******* нарыг анх уулзах, утсаар харилцан санал тавих, гэрээний зүйлийн чанар байдал зэргийн талаар ямар нөхцөл тохирсон талаар хамгийн сайн мэдэх хүн байсан. Тиймээс ч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлгээрээ гэрээг анх Д.Баяраатай хийсэн гэж андуурч мэдүүлэг өгч байсан байдаг. Гэтэл шүүх дээрх гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг хүсэлт гаргагч талд ашигтай мэдүүлэг өгсөн, гэр бүл найз нөхдийн харилцаатай учир хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэх үндэсгүй, эргэлзээгүй талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэсэн нь гэрч оролцуулах хүсэлт гаргасан хэргийн оролцогч талын төдийгүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирж, хуулийн дагуу үүргээ биелүүлэн үнэн зөв мэдүүлэг өгсөн бусад оролцогч болох гэрчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, үнэлэх талаар хуулиар тогтоосон журмыг давхар зөрчсөн үйлдэл боллоо. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: *******ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхийн магадлалаар хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Нэхэмжлэгч ******* нь уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэснийг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэж улмаар шийдвэр гаргасан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч *******ийн үнийг нь нэхэмжилж буй өвс нь *******ийн өмчлөл, эзэмшил мөн гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч ******* уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгээ нотолж чадаагүй болно. Учир нь *******ийн *******, ******* нарт худалдсан гэх өвсийг Скайрим монголиа ХХК хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл, 2018.08.07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Албанбулаг сумын Засаг дарга, газрын даамал нартай байгуулсан 03 тоот Хадлангийн газар ашиглуулах гэрээ, 0243-р ангитай байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний дагуу өөрийн ажилтнуудыг хилийн бүсэд нэвтрүүлэн бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна. Гэтэл шүүх иргэн ******* уг өвсний өмчлөгч мөн эсэх, өвсний үнийг шаардах эрхтэй эсэхэд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч бид уг асуудлаар шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн боловч бидний уг үндэслэлд шүүх огт дүгнэлт хийсэнгүй. Мөн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар Г.Бат-Эрдэнэ, С.Батзориг нарыг оролцуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Хоёр. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 40.1.1-д заасан хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, 195.1-д заасан Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч ******* нэхэмжлэгч *******тэй өвс худалдах, худалдан авах талаар уулзах эсхүл утсаар ярих зэргээр огт холбогдож байгаагүй тул гэрээ байгуулах санал гаргах, гол нөхцөлийг хэлэлцэн тохирох ямар ч боломжгүй. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хууль зүйн дүгнэлт хийхдээ ******* *******тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч ******* нь анх өвсний үнийг гаргуулах асуудлаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт гаргасан гомдол, хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүддээ *******тай утсаар ярьсан, өвс худалдах, худалдан авахаар тохиролцсон нь тодорхой дурдсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа *******, ******* нартаа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлдээ дурдсан. ******* нь *******ын захиж, хэлсний дагуу өвсийг хашиж, хамгаалж байсан нь хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогддог. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 43.1.1, 195.1-д заасны дагуу талууд гэрээ байгуулах санал гаргасан, гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна хэмээн дүгнэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар гэрээний саналыг ******* гаргаж, ******* болон ******* нар гол нөхцөлийн хэлэлцэж тохирсон үйл баримт тогтоогдож байгаа тул ******* уг гэрээний оролцогч биш байхад гэрээний төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

******* нь *******, ******* нарт холбогдуулан 27,783,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа ...2018 оны 8 дугаар сард хариуцагч нарт 1 бүрийг 3,500 төгрөгөөр, нийт 7938 боодол өвсийг зээлээр худалдсан, үнийг төлөөгүй тул мөнгийг гаргуулна уу гэсэн, хариуцагч ******* ...*******ын гуйсны дагуу нэхэмжлэгчтэй утсаар ярьж өгснөөс бус өвсийг худалдаж аваагүй гэж, хариуцагч ******* ...*******ын хэлсний дагуу өвсийг харж хамгаалж байсан, хэдэн боодол өвс байсныг мэдэхгүй, гэрээ байгуулаагүй... гэж тус тус марган нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 7938 боодол өвс нийлүүлсэн, хариуцагч нар үнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг зөв гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

1. Хоёр шатны шүүх зохигчийн тайлбар, тэдний шүүхэд ирүүлсэн болон хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүхий л талаас нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, тогтоогдсон үйл баримтын хүрээнд гэрээний төрөл, хүчин төгөлдөр байдал, гэрээний талуудын үүргээ хэрхэн гүйцэтгэсэн болон гүйцэтгэх ёстой талаар дүгнэж хуульд нийцсэн шийдвэр гаргасан байна.

 

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох ба талуудын хэн алины хүсэл зориг бодитоор илэрхийлэгдсэн, гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйл, үнийн талаар талууд тохиролцсон, хариуцагч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй талаар шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 195 дугаар зүйлийн 195.1, 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нараас 27,738,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх... үүргийг хүлээнэ гэсэнтэй нийцжээ.

 

2. ...Худалдаж буй өвснийхээ талаар бодит бус мэдээлэл өгсөн, гэрээгээр тохирсон шаардлага хангахгүй өвс нийлүүлсэн, биечлэн хүлээлгэж өгөөгүй, чанарын шаардлага хангахгүй байгаа талаар даруй мэдэгдсэн, ...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж зарим гэрч нарын мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзсэн, нэхэмжлэлийг хангасныг зөвшөөрөхгүй гэсэн хариуцагч *******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

а/ Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг талууд гэрээгээр тохиролцож тогтоох, худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг хүлээн авсанд тооцдог. Талууд өвсийг бэлтгэсэн газраас нэхэмжлэгчийн автомашинд ачиж, даваа давуулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон, өвсийг хариуцагчийг төлөөлж ирсэн хүмүүс авсан байх тул нэхэмжлэгч эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй... эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх ба гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж, түүнчлэн хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар тодорхой заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж тооцно.

 

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар хариуцагчийн гомдолд дурдаж байгаачлан шинэ ногоон, адуу тэжээх зориулалттай өвс нийлүүлэх гэсэн нөхцөлийг талууд тохиролцсон нь тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн өвс хадаж байсан газарт хариуцагч нар биечлэн очсон, тэд боож бэлтгэсэн өвсийг худалдан авахаар тохирсон зэргээс үзэхэд ердийн ашиглагдах боломжтой өвс нийлүүлсэн гэж дүгнэнэ.

 

Нөгөө талаар хэрэв өвс чанарын шаардлага хангаагүй байсан бол хариуцагч нар хүлээн авахгүй байх боломжтой бөгөөд худалдсан эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч нь доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алддаг болохыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д заасан байна.

 

Иймээс доголдолтой чанарын шаардлага хангаагүй өвс нийлүүлсэн гэх хариуцагчийн гомдолд заасан нь тогтоогдоогүй гэж үзэв.

 

б/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлэх үүрэгтэй, энэ үүргийн хүрээнд гэрч Д.Баяраа, Г.Бат-эрдэнэ нарын мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзээгүйг буруутгах үндэслэлгүй.

 

3. ...Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй, ...******* ******* нарын хооронд гэрээ байгуулагдаагүй атал түүнээс мөнгө гаргуулсныг зөвшөөрөхгүй тухай хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангах нь хуульд нийцэхгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гээд, энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохыг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заажээ.

 

Дээр дурдсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй, тухайлбал, нэхэмжлэгч ******* нь өөрийн Скайрим монголиа ХХК-ийн нэрээр хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл авч, улмаар 2018.08.07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга, газрын даамал нартай байгуулсан 03 тоот Хадлангийн газар ашиглуулах гэрээ, 0243-р ангитай байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний дагуу өвс бэлтгэсэн үйл баримт байгаа боловч тэрээр хариуцагч нартай компанийг төлөөлж бус өөрийн нэрээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Иймд ******* нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах /процессын эрх зүйд оролцох/ болон гэрээнээс үүдэлтэй төлбөрийг шаардах /материаллаг шаардах эрхээ хэрэгжүүлэх/ эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ******* болон хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг тус тус хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132/ШШ2020/00019 дүгээр шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч *******ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.20-ны өдөр төлсөн 299,000 төгрөг, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.20-ны өдөр төлсөн 297,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Б.МӨНХТУЯА

 

Х.СОНИНБАЯР