| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/04828/И |
| Дугаар | 101/ШШ2019/00210 |
| Огноо | 2019-01-14 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2019/00210
2019 оны 01 сарын 14 өдөр Дугаар 101/ШШ2019/00210 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Г холбогдох
15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Отгонбаяр, хариуцагч Н.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2016 оны 10 дугаар сарын эхээр Н.Гантулгад 50-29 УНС улсын дугаартай хар өнгийн Вранглер жип машиныг 40,000,000 төгрөгөөр худалдахаар болж урьдчилгаа 17,200,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 22,800,000 төгрөгийг Н.Гантулга нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Машиныхаа нэрийг шилжүүлээд өгчих, би үлдэгдэл мөнгөө хугацаанд нь найдвартай төлнө гэж гуйгаад байхаар нь би итгэн найдаж өөрийн машиныг түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл Н.Гантулга өгөх ёстой мөнгөө бүрэн өгч чадахгүй, би увуулж цувуулан түүнээс 7,000,000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 15,000,000 төгрөгийг огт өгөхгүй, утас руу нь залгахаар утсаа авахгүй, гэрт нь очихоор өөрөө байхгүй, надаас нуугдаж зугтаад өдийг хүрсэн. Үлдэгдэл мөнгөө гүйцэд өгөөгүй байж миний машиныг цааш нь өөр хүнд зарсан байна. Эндээс үзэхэд Н.Гантулга миний итгэмтгий занг минь ашиглан, намайг анхнаасаа хуурч залилан мэхэлж машиныг нэр дээрээ болгуулж авчихаад зүсээ буруулан зугтааж байна. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж, хариуцагч Н.Гантулгаас 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2016 оны 10 дугаар сард Н.Гантулга бид 2 тохиролцон манай дүү Э.Отгонжаргалын эзэмшлийн вранглер жип машиныг Н.Гантулгад зарахаар болж, урдчилгаанд 10,000,000 төгрөгийг өгөөд, уг автомашин нь Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан тул барьцаанаас чөлөөлж, 10,000,000 төгрөг, хүү 600,000 төгрөг, нийт 10,600,000 төгрөгийг төлж, барьцаанаас машиныг чөлөөлсөн. Үүнээс хойш 1 жилийн хугацаанд увуулж, цувуулан 1,000,000 орчим төгрөгийг төлсөн, өөр төлбөр төлөөгүй байна. Машины обуд, дугуйг 1,000,000 төгрөгөөр солих талаар тохироогүй, солих эсэх нь өөрийнх нь асуудал. Мөн ямар нэгэн бартераар төлбөр тооцоо хийхээр тохироогүй. Миний тооцоогоор 18 сая орчим төгрөг төлөгдөөгүй боловч 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Н.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ажлын хамтрагч, танил болох Э.Отгонбаяр /Кабар/-тай 2016 оны 10 дугаар сард 50-29 УНС улсын дугаартай вранглер жип маркийн авто машин худалдаж авсан. Э.Отгонбаяр нь ажил төрөлд нь мөнгө хэрэг болоод байна, бартераар авсан жип машин байна, чи аваад тус болооч гээд хэд хоног гуйж шалж, ажил дээр ирж уулзаж гуйсаар байгаад наймаа хийхээр болсон. Тухайн машиныг үзээд би 40,000,000 төгрөгөөр авах боломжгүй, зах зээлийнх нь үнээр нь авъя. Бартерийн үнэ нь хэт өндөр байна гээд харилцан тохиролцоод бэлэн мөнгөнд 35,000,000 төгрөгөөр бодох эсвэл ажил үүрэг гүйцэтгэх, бараа материал авах бол 40,000,000 төгрөгөөр авах тухай харилцан тохиролцож наймаагаа хийсэн. Эхлээд машиндаа өвлийн дугуй обуд-4 ширхэгийг нэг бүрийг 250,000 төгрөгөөр нийт 1,000,000 төгрөгөөр худалдан авч тавьсаныг үнийн дүнгээс хасчих гэсэн, тухайн өдөр 400,000 төгрөг хэрэг байсан гээд авсан, дараа нь эхнэртэйгээ ирээд 6,000,000 төгрөг бэлнээр авсан. Хэд хоногийн дараа мөн 3,000,000 төгрөг авсан. Би тухайн машин авсанаас хойш 10 гаруй хоногийн дараа бичиг баримт шилжүүлэх болоход ББСБ-д унадаг зээлтэй байсан тул 10,420,000 төгрөгөөр чөлөөлж, машины гэрчилгээг н.Пүрэвдорж нэр дээрээ шилжүүлж авсан. Машины бичиг баримтыг шилжүүлж авсанаас хойш үлдэгдэл төлбөрийг Э.Отгонбаяр болон Кабарын эхнэрийн данс руу шилжүүлж байсан гэжээ.
Хариуцагч Н.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2013 оноос эхлэн Э.Отгонбаярыг танина. Ажилчдынхаа цалинг өгөхөд санхүүжилт хэрэгтэй байна гээд 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн машинаа надад бартерийн хэлбэрээр 40,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Тухайн үед бүрэн тоноглосон яг ижил машин бэлэн мөнгөөр бол 30,000,000-аас 35,000,000 төгрөг, бартераар бол 40,000,000-с 45,000,000 төгрөгийн үнэтэй байсан. Э.Отгонбаяр эхлээд 30,000,000 төгрөгийг бэлнээр өгчих, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг нь барилгын материалын бартераар хийж болно гэж тохиролцсон. 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр 400,000 төгрөг, дараа нь бэлнээр 10,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгөөр машинд обуд, дугуй авсан. 2016 оны 10 дугаар сарын дундуур “Алтан-Эг” ББСБ-д 10,600,000 төгрөгийг төлж, барьцаанаас чөлөөлсөн. Машины нэр шилжигдэх үед Э.Отгонбаярыг гуйгаад байхаар нь урдчилгаанд өгсөн мөнгөнөөсөө 5,000,000 орчим төгрөг дутуу бичиж Э.Отгонжаргалд өгсөн. Нэхэмжлэлээ энэ дутуу бичиж өгсөн үнийн дүнгээр гаргасан байсан. Би машины нэр шилжүүлснээс хойшхи мөнгөн дүн дээр бол маргаан байхгүй байгаа. 2016 оны 10 дугаар сараас хойш дансаар 1,300,000 орчим төгрөг, бэлнээр 5,000,000 орчим төгрөг төлсөн. Одоо 12,000,000 орчим төгрөг үлдсэн байгаа. Би эдийн засгийн хувьд боломжгүй байгааг Э.Отгонбаяр мэдэж байгаа. Намайг залилсан мэт яриад байгаа нь үндэслэлгүй юм гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Отгонбаяр нь хариуцагч Н.Гантулгад холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Э.Отгонбаяр нь 2016 оны 10 дугаар сард өөрийн дүү Э.Отгонжаргалын эзэмшлийн вранглер жип маркийн 50-29 УНС улсын дугаартай автомашиныг хариуцагч Н.Гантулгад 40,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, Н.Гантулга нь Э.Отгонбаярт машины урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг өгсөн, улмаар вранглер жип маркийн автомашин нь банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд байсан тул уг барьцаанаас чөлөөлөх зорилгоор Н.Гантулга нь 10,600,000 төгрөгийг төлсөн, мөн уг автомашины обуд, 4 дугуйг 1,000,000 төгрөгөөр сольсон, 2016 оны 10 дугаар сараас хойш Н.Гантулга нь Э.Отгонбаярт 6 сая орчим төгрөгийг шилжүүлсэн, өөр төлбөр төлөгдөөгүй, 12,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Хариуцагч Н.Гантулга нь Э.Отгонжаргалын эзэмшлийн вранглер жип маркийн 50-29 УНС улсын дугаартай автомашиныг ийнхүү хүлээн авч, өөрийн нэр дээр шилжүүлээгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Г.Пүрэвдоржийн эзэмшилд шилжүүлсэн буюу түүнд худалдсан байна.
Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч Э.Отгонбаяр, хариуцагч Н.Гантулга нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, харин мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар зохигчдын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, хариуцагч Н.Гантулга нь машиныг хүлээн авсан атлаа өөрийн эзэмшилд шилжүүлээгүй, цааш нь бусдад худалдан борлуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Э.Отгонбаяр нь өөрийн дүү Э.Отгонжаргалын эзэмшлийн автомашиныг бусдад худалдан борлуулж, төлбөрийг Н.Гантулга нь Э.Отгонжаргалд биш нэхэмжлэгч Э.Отгонбаярт төлж байсан, Э.Отгонжаргал нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... Э.Отгонбаярыг машиныг зараад мөнгийг нь ав гэсэн юм ...” гэсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хувьд шаардах эрхтэй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 12,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Гантулгаас 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Отгонбаярт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Отгонбаярт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ