| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/05084/И |
| Дугаар | 101/ШШ2019/01762 |
| Огноо | 2019-06-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2019/01762
2019 оны 06 сарын 12 өдөр Дугаар 101/ШШ2019/01762 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Ундраа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-уул дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байр, 121 тоотод оршин суух, Аюушийн Эгийн /РД: 000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав 13311, Их Монгол улсын гудамж, 102 дугаар байр, 1 тоотод оршин суух, Дамчаабадгарын Ст /РД: 000000/ холбогдох
31.759.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,
Хариуцагч Д.С,
Иргэдийн төлөөлөгч Б.Сүхбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 13 цаг 5 минутын орчимд Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, Нарны Зам төмөр замын вокзалын баруун хойд уулзварт Д.С нь тоёото харриер маркийн 36-52 УББ улсын дугаартай авто машиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан заалтыг зөрчиж Г.Ариунболдын жолоодон явсан рэнжровер маркийн 35-00 УНО улсын дугаартай авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргаж бусдад хохирол учруулсан.
Д.Сийн дээрхи үйлдлийг Хан-уул дүүргийн Замын цагдаагийн тасаг зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж түүнийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдад хохирол учруулсан болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т зааснаар шийтгэл оногдуулсан.
Уг зам тээврийн ослын улмаас А.Эгийн өмчлөлийн рэнжровер маркийн авто машиныг засварлахад 30.322.500 төгрөг, үнэлгээний ажлын хөлсөнд 954.000 төгрөг, авто машин ачсан төлбөр 70.000 төгрөг, “Вагнер Ази” ХХК-ийн авто машинд задаргаа хийсэн төлбөр 412.500 төгрөг, нийт 31.759.000 төгрөгийг хариуцагч Д.Сээс гаргуулж өгнө үүгэв.
Хариуцагч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд зам тээврийн осол гаргаж бусдад хохирол учруулсан нь үнэн. Хохирлыг тодорхой хэмжээгээр төлнө. Ийм их хэмжээний мөнгө төлж чадахгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Д.Ст холбогдуулан рэнж ровер маркийн 35-00 УНО улсын дугаартай авто машинд учирсан гэм хорын хохирол 30.322.500 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 954.000 төгрөг, авто машин ачилтын төлбөр 70.000 төгрөг, авто машинд задаргаа хийсэн 412.500 төгрөг, нийт 31.759.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Хан-уул дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарны Зам, Төмөр Замын вокзалын баруун хойд уулзварт тоёота харриер маркийн 36-52 УББ улсын дугаартай, авто машиныг жолоодон явсан хариуцагч Д.С нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс Г.Ариунболдын жолоодон явсан, нэхэмжлэгч Д.Сийн өмчлөлийн рэнж ровер маркийн 35-00 УНО улсын дугаартай авто машиныг мөргөн зам тээврийн осол гарган бусдад хохирол учруулсан үйл баримт болжээ.
Замын цагдаагийн албаны Хан-уул дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтэс нь Д.Ст холбогдох зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч уг ослыг шалгасан байх бөгөөд тоёота харриер маркийн 36-52 УББ улсын дугаартай авто машиныг жолоодон явсан хариуцагч Д.С Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Гэрэл дохио дор дурьдсан утгатай байна. г/Улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч Д.С энэ талаар маргаагүй болно.
/ХХ-ийн 5-21 дүгээр тал/
Д.Сийн гаргасан зам тээврийн ослын зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 51 дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
/ХХ-ийн 19 дүгээр тал/
Хариуцагч Д.С нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй ба тэрээр дээрх түүний гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэлийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй байна.
Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад буюу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн рэнж ровер маркийн 35-00 УНО улсын дугаартай авто машинд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний “Итгэлт Эстимейт” ХХК-иар үнэлүүлэхэд “эвдэрсэн эд ангиудыг солих, засварлахад 27.752.500 төгрөг, хагарч, гэмтсэн эд анги задлах, солих ажлын хөлс 1.650.000 төгрөг, буфер, крыло, хаалга будах зардал 790.000 төгрөг, нийт 30.322.500 төгрөгийн зардал гарна” гэсэн байх ба үнэлгээний ажлын хөлс 954.000 төгрөг гэжээ.
/ХХ-ийн 7-12 дугаар тал/
Хариуцагч Д.С дээрхи үнэлгээг эс зөвшөөрч дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул тус шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 818 дугаар захирамжаар хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.
/ХХ-ийн 31-32 дугаар тал/
“Дамно” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 19-79 тоот дүгнэлтэд “...эвдэрсэн эд ангиудыг солих, засварлахад 19.980.212 төгрөг, будаг, туслах материал, лак, будах зардал, эд анги задалж, угсрах зардал 2.534.800 төгрөг, нийт 22.515.012 төгрөгийн зардал гарна” гэж дүгнэжээ.
Үнэлгээний ажлын хөлс 658.000 төгрөгийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар дүгнэлт гаргасан байгууллагад төлсөн нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон ба хариуцагч Д.С тус шүүхийн тамгын газарт шинжээчийн зардалд 350.000 төгрөгийг төлсөн нь түүний тайлбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 34, 56 дугаар тал/
Рэнж ровер маркийн 35-00 УНО улсын дугаартай авто машин нэхэмжлэгч А.Эгийн, тоёота харриер маркийн 36-52 УББ улсын дугаартай авто машин хариуцагч Д.Сийн өмчлөлийнх болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 8-12, 18-21 дүгээр тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх зам тээврийн осол нь хариуцагч Д.С Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан заалтыг зөрчсөнтэй холбоотой болох нь тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэгч А.Эгийн өмчлөлийн рэнж ровер маркийн 35-00 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч А.Э машин ачилтын үйлчилгээ авч “Бодь Транс” ХХК-д машин ачилтын төлбөрт 70.000 төгрөг, мөн Вагнер Ази” ХХК-иар авто машиндаа задаргаа хийлгэн 412.500 төгрөгийг тус тус төлсөн нь баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 5-6, 14-16 дугаар тал/
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Д.Сээс авто машинд учирсан хохирол 22.515.012 төгрөг, цагдаагийн байгууллага зам тээврийн ослыг шалгах үед “Итгэлт Эстимейт” ХХК-д төлсөн үнэлгээний ажлын хөлс 954.000 төгрөг, машин ачилтын 70.000 төгрөг, “Вагнер Ази” ХХК-ийн авто машинд задаргаа хийсэн төлбөр 412.500 төгрөг, нийт 23.951.512 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.807.488 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээчийн зардал 658.000 төгрөгийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар төлсөн ба хариуцагч Д.С 350.000 төгрөгийг тус шүүхийн тамгын газарт төлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Эгаас 308.000 төгрөгийг гаргуулан тус шүүхийн тамгын газарт олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Сээс 23.951.512 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7.807.488 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Эгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 316.745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сээс 277.707 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Эд олгосугай.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч Д.Сийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21135 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч А.Эгаас 308.000 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Б.УНДРАА
Б.ЦОЛМОНГЭРЭЛ