Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2019/01236

 

 

 

 

 

                                                

2019 оны 04 сарын 29 өдөр

   Дугаар 101/ШШ2019/01236

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид З.Баярмаа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг, 2 дугаар байр, 403 тоотод оршин суух, Ц.С/РД: 00000/,

Нэхэмжлэгч: С дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, Боорчи төв, 203 тоот, “АО” хадгаламж зээлийн хоршоо /РД: 000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 37 дугаар байр, 45 тоотод оршин суух, Б.С/РД: 00000/, С.Х/РД: 00000/ нарт холбогдох

4.501.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан,

Хариуцагч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

  Нэхэмжлэгч Ц.С, “АО” хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шинэ Дөлийн замд өөрийн эцэг Б.Сын эзэмшлийн челенжер маркийн 09-69 УНБ улсын дугаартай авто машиныг жолоодон явах үедээ иргэн Ц.Сын эзэмшлийн Н.Батмөнхийн жолоодож явсан рав-4 маркийн 27-56 УНХ улсын дугаартай авто машиныг, мөн “АО” хадгаламж зээлийн хоршооны эзэмшлийн Н.Мөнхбаатарын жолоодож явсан тоёота приус 20 маркийн 11-04 УБХ улсын дугаартай, авто машиныг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаж иргэд, байгууллагад хохирол учруулсан.

С.Хын дээрхи үйлдлийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж түүнийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдад хохирол учруулсан болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т зааснаар шийтгэл оногдуулсан.

Хариуцагч Б.С нь хүүдээ авто машинаа өгч явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, мөн С.Х Япон улсад суралцахаар явсан тул хариуцагч С.Хаас татгалзаж байна.

Хариуцагч Б.Саас гэм хорын хохирлоо нэхэмжилж байна. Уг зам тээврийн ослын улмаас иргэн Ц.Сын өмчлөлийн тоёота рав-4 маркийн авто машиныг засварлахад 3.741.000 төгрөг, үнэлгээний ажлын хөлсөнд 155.000 төгрөг,  нийт 3.896.000 төгрөг, “АО” хадгаламж зээлийн хоршооны өмчлөлийн тоёота приус 20 маркийн авто машиныг засварлахад 572.000 төгрөг, үнэлгээний ажлын хөлсөнд 33.000 төгрөг, нийт 605.000 төгрөгийн зардал гарч хохирол учирсан.

Хариуцагч Б.С эдгээр авто машинд учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг хэт өндөр байна гээд дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон.

Шинжээчээр томилогдсон “Дамно” ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэлтээ гаргасан ба иргэн Ц.Сын авто машинд учирсан эвдрэл гэмтлийг 3.233.200 төгрөг, “АО” хадгаламж зээлийн хоршооны өмчлөлийн тоёота приус 20 маркийн авто машинд учирсан эвдрэл гэмтлийг 531.500 төгрөг байна гэсэн.

Иймд хариуцагч Б.Саас 531.500 төгрөг болон үнэлгээний ажлын хөлс 33.000 төгрөг, нийт 564.500 төгрөгийг гаргуулан “АО” хадгаламж зээлийн хоршоонд, 3.233.200 төгрөг болон үнэлгээний ажлын хөлс 155.000 төгрөг, нийт 3.388.200 төгрөгийг гаргуулан иргэн Ц.Ст олгож өгнө үү. Хариуцагч Б.Саас 4.501.000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 3.952.700 төгрөг болгон бууруулж байна гэв.

 

  Хариуцагч С.Х шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие С овогтой Х нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Нарны Зам дагуу байх Шинэ Дөл уулзвар дээр рав-4 маркийн авто машины араас мөргөн тус мөргөлтийн улмаас түүний урд явж байсан приус маркийн авто машинд мөн гэмтэл учруулсан.

Тус ослын улмаас үүссэн хохирлыг миний бие бүрэн нөхөж барагдуулах хүсэлтэй байсны дагуу рав-4 авто машины жолооч иргэн Н.Батмөнхтэй хамт явж зах зээлийн үнэ ханш болон засвар үйлчилгээний үнийн талаар судалгаа хийсэн.

Үүний дүнд гэмтэл учирсан хэсгүүдийн хохирлын хэмжээг дараах хэмжээнд байгааг 2 тал мэдэж авсан.

1. Рав-4, урд гупер 230.000 төгрөг, /өмнө нь гэмтэлтэй байсныг харгалзан үзэн тус мөнгөн дүнг 2 тал хувааж төлөхөөр тохиролцсон/

-Хойд гупер 400.000 төгрөг, /хэрэв хуучин гуперыг залгаж засварлавал тус сэлбэг шаардлагагүй, бүтнээр тавивал ийм үнэтэй/

-Хойд гэрэл, жолооч тал, 120.000 төгрөг, зайлшгүй шаардлагатай.

Авто машиныг бүрэн засварлахад монгол засвар 800.000 төгрөг, хойд гэрлээс өөр сэлбэг шаардлагагүй, вьетнам засвар 1.300.000 төгрөг, хойд гэрэл, урд гупер хоёроос өөр сэлбэг шаардлагагүй.

Иймд хохироогч миний зүгээс рав-4 авто машины хойд гэрэл 120.000 төгрөг, урд гуперын тохиролцсон хэмжээ 130.000 төгрөг, авто машины бусад гэмтэлтэй хэсгийн засварын мөнгө болох 800.000-1300.000 төгрөг, нийт 1.050.000-1.550.000 төгрөгийн хариуцлагыг хүлээх болно.

Хэрэв хохирогч хойд гуперыг шинээр авах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл засварын мөнгө хасагдаж, гуперын мөнгө нэмэгдэх болно. Харин хохирогчийн нэхэмжилж буй зүүн урд их гэрлийг өмнөх гэмтлийн улмаас учирсан хохирол гэж үзэж байна. Мөн хойд багажны хаалгыг авто засварын газрын мэргэжилтнүүд солих шаардлагагүй, савагддаггүй талд учирсан гэмтэл тул цаашдын аюул бага гэж зөвлөсөн тул засварлаж янзлах хүсэлтэй байна. Засварын хөлс дээр дурьдагдсан үнийн дүнд багтсан болно.

2. Приус-20 маркийн авто машин, приус маркийн авто машины хувьд нэхэмжилж буй үнийн дүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь:

-Ослын үед рав-4 машины өмнө байсан приус маркийн авто машины зөвхөн хойд гуперт гэмтэл учирсан ба фото зургаас арын багажны хаалганд тус ослын улмаас гэмтэл учраагүйг харах боломжтой.

-Хойд гуперын зүүн талд хуучин гэмтлийн улмаас үүссэн хонхорхойтой байсан.

-Үнэлгээний үеэр өөрийн шалтгаанаа тайлбарласан боловч энэ асуудал дараагийн байгууллагад шийдвэрлэгдэх тул бид үйлчлүүлэгчийн хүсэлтээр үнэлгээг гаргана гээд ард талд байгаа бүх гэмтлийг хамтад нь үнэлсэн.

-Хохирогч хамт явахаас татгалзсан тул тус гуперын зах зээлийн үнэ болон засварын хөлсний талаар бие даан ганцаараа судалсан. Үүнд: Тайвань улсаас орж ирсэн шинэ гупер 150.000 төгрөг, Япон улсаас орж ирсэн бол 250.000 төгрөг, будаж суурилуулах ажлын хөлс 100.000 төгрөг байна. Иймд өөрийн зүгээс приус маркийн авто машины гэмтэлд нийт 250.000-350.000 төгрөгийн хохирлыг барагдуулан хохирогчийг хохиролгүй болгох хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.С миний эзэмшлийн митсубиши челенжер маркийн 09-69 УНБ улсын дугаартай авто машиныг миний хүү С.Х унаж яваад 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Нарны Зам дагуу байх Шинэ Дөл уулзвар дээр рав-4 маркийн авто машины араас мөргөсний улмаас түүний урд явж байсан тоёота приус маркийн авто машинд мөн гэмтэл учруулсан.

Миний хүү С.Х 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Япон улс руу 1 жилийн хугацаагаар ажиллахаар явсан. Бодитоор учирсан хохирол болох 2.200.000 төгрөгийг өгөөд эвлэрч болно. Уг мөнгийг манай гэр бүл төлнө, хүү маань мөнгө явуулна гэсэн.

Би машинаа хэнд ч өгч явуулж болно. С.Х өөр нэг найзынхаа машиныг унаж яваад осол хийсэн бол нэхэмжлэгч тал тэр найзаас нь нэхэмжлэхгүй, тэр хүн үүнийг хариуцахгүйтэй адил би энэ ослыг гаргаагүй байхад намайг хариуцагчаар татаж байгааг ойлгохгүй байна.

Намайг бодвол С.Х орлоготой хүн, одоо Япон улсад ажиллаж байгаа. Би 2017 оны 1 дүгээр сараас хойш ажилгүй байгаа, тэтгэвэрт гарах нас болоогүй учраас одоо орлогогүй, ажилгүй байгаа. Үнэлгээг бодит биш гэж үзэж байгаа гэв.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Б.С, С.Хт нарт холбогдуулан рав-4 маркийн 27-56 УНХ улсын дугаартай авто машинд учирсан гэм хорын хохиролд 3.741.000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 155.000 төгрөг, нийт 3.896.000 төгрөгийг,

нэхэмжлэгч “АО” хадгаламж зээлийн хоршоо нь мөн тэдгээрт холбогдуулан тоёота приус 20 маркийн 11-04 УБХ улсын дугаартай авто машинд учирсан гэм хорын хохирол 572.000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 33.000 төгрөг, нийт 605.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь хариуцагч С.Хаас татгалзан, тоёота приус 20 маркийн 11-04 УБХ улсын дугаартай авто машинд учирсан хохирол 531.500 төгрөг болон үнэлгээний ажлын хөлс 33.000 төгрөг, нийт 564.500 төгрөгийг,

 рав-4 маркийн 27-56 УНХ улсын дугаартай авто машинд учирсан хохиролд 3.233.200 төгрөг болон үнэлгээний ажлын хөлс 155.000 төгрөг, нийт 3.388.200 төгрөг, дээрхи 2 авто машинд учирсан хохиролд бүгд 3.952.700 төгрөгийг хариуцагч Б.Саас нэхэмжлэн нэхэмжлэлийнхээ шаардлагыг 548.300 төгрөгөөр багасгажээ.  

 

2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цаг 00 минутын үед Баянзүрх дүүрэг, 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ Дөлийн замд  челенжер маркийн, 09-69 УНБ улсын дугаартай, авто машиныг жолоодон явсан хариуцагч С.Х нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс нэхэмжлэгч Н.Батмөнхийн жолоодож явсан тоёота рав-4 маркийн 27-56 УНХ улсын дугаартай авто машиныг болон Н.Мөнхбаатарын жолоодож явсан тоёота приус 20 маркийн 11-07 УБХ улсын дугаартай авто машиныг мөргөн зам тээврийн осол гарган бусдад хохирол учруулсан үйл баримт болжээ.

 

    Замын цагдаагийн албаны Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтэс нь С.Хт холбогдох зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч уг ослыг шалгасан байх бөгөөд челенжер маркийн, 09-69 УНБ улсын дугаартай, авто машиныг жолоодон явсан хариуцагч С.Х Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн  заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч С.Х энэ талаар маргаагүй болно.

/ХХ-ийн  16-21 дүгээр тал/

 

С.Хын гаргасан зам тээврийн ослын зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 51 дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

/ХХ-ийн  14 дүгээр тал/

 

Хариуцагч С.Х нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй ба тэрээр дээрх түүний гаргасан зөрчилд  ногдуулсан шийтгэлийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй байна.

 

2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас хариуцагч Б.Сын өмчлөлийн челенжер маркийн 09-69 УНБ улсын дугаартай авто машинд эвдрэл гэмтэл учирсан хэдий ч Б.С нь гомдолгүй гэх тайлбарыг цагдаагийн байгууллагад өгч байсан болохыг дурьдлаа.

/ХХ-ийн 15 дугаар тал/

 

Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад буюу 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч “АО” хадгаламж зээлийн хоршооны өмчлөлийн тоёота приус 20 маркийн 11-04 УБХ улсын дугаартай авто машинд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-иар үнэлүүлэхэд “эвдэрсэн эд ангиудыг солих, засварлахад 310.000 төгрөг, будаг, туслах материал, лак, будах зардал 262.000 төгрөг, нийт 572.000 төгрөгийн зардал гарна” гэсэн байх ба үнэлгээний ажлын хөлс 33.000 төгрөг гэжээ.

            /ХХ-ийн 22-24 дүгээр тал/

 

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Ц.Сын өмчлөлийн тоёота рав-4 маркийн 27-56 УНХ улсын дугаартай авто машинд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-иар үнэлүүлэхэд “эвдэрсэн эд ангиудыг солих, засварлахад 3.056.000 төгрөг, будаг, туслах материал, лак, будах, тэнхлэг шалгах зардал 685.000 төгрөг, нийт 3.741.000 төгрөгийн зардал гарна” гэсэн байх ба үнэлгээний ажлын хөлс 155.000 төгрөг гэжээ.

            /ХХ-ийн 25-28, 45-46 дугаар тал/

 

Хариуцагч Б.С нь дээрхи үнэлгээг эс зөвшөөрч дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 20456 дугаар захирамжаар хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

/ХХ-ийн 50-58 дугаар тал/

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 19-49 тоот дүгнэлтэд “... тоёота рав-4 маркийн 27-56 УНХ улсын дугаартай авто машины “эвдэрсэн эд ангиудыг солих, засварлахад 2.890.000 төгрөг, будаг, туслах материал, лак, будах зардал 343.200 төгрөг, нийт 3.233.200 төгрөгийн зардал гарна”,

тус компанийн мөн өдрийн 19-50 тоот дүгнэлтэд “... тоёота приус 20 маркийн 11-04 УБХ улсын дугаартай авто машины эвдэрсэн эд ангиудыг солих, засварлахад 360.000 төгрөг, будаг, туслах материал, лак, будах зардал 171.500 төгрөг, нийт 531.500 төгрөгийн зардал гарна” гэж дүгнэсэн бөгөөд үнэлгээний ажлын хөлс 136.000 төгрөгийг хариуцагч Б.С төлсөн нь түүний тайлбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 61-63 дугаар тал/

 

Тоёота приус 20 маркийн 11-04 УБХ улсын дугаартай авто машин нэхэмжлэгч “АО” хадгаламж зээлийн хоршооны, тоёота рав-4 маркийн 27-56 УНХ улсын дугаартай авто машин нэхэмжлэгч Ц.Сын өмчлөлийн, челенжер маркийн 09-69 УНБ улсын дугаартай авто машин хариуцагч Б.Сын өмчлөлийнх болох нь талуудын тайлбар болон тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

            /ХХ-ийн 10-13 дугаар тал/

 

            Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх  зам тээврийн осол нь хариуцагч С.Х Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11-т заасан заалтыг зөрчсөнтэй холбоотой болох нь тогтоогдлоо.

 

            Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Хариуцагч Б.С өөрийн өмчлөлийн челенжер маркийн, 09-69 УНБ улсын дугаартай авто машиныг хүү Сын Хт өөрөө шилжүүлэн өгсөн байх тул уг авто машины өмчлөгч болох Б.С нэхэмжлэгч “АО” хадгаламж зээлийн хоршоо болон Ц.С нарын тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч Б.С нь “Дамно” ХХК-ийн үнэлгээг хэт өндөр байна гэж тайлбарлаж байх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.

 

Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллага зам тээврийн ослыг шалгах явцад үнэлгээний ажлын хөлсөнд нийт 188.000 төгрөгийг үнэлгээний компанид төлснийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн зардал 136.000 төгрөгийг хариуцагч тал төлсөн тул дээрхи зардлыг нэхэмжлэгчид учирсан бодит хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Зам тээврийн ослын улмаас тоёота приус 20 маркийн 11-04 УБХ улсын дугаартай авто машинд 531.500 төгрөгийн, рав-4 маркийн 27-56 УНХ улсын дугаартай авто машинд 3.233.200 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул уг хэмжээгээр хариуцагч Б.Саасхохирлыг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй.

 

 Иймд хариуцагч Б.Саас 531.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АО” хадгаламж зээлийн хоршоонд, 3.233.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.С нарт тус тус олгож, нэхэмжлэгч “АО” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлагаас 33.000 төгрөг, нэхэмжлэгч Ц.Сын нэхэмжлэлийн шаардлагаас 155.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Саас 531.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АО” хадгаламж зээлийн хоршоонд, 3.233.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.С нарт тус тус олгож, нэхэмжлэгч “АО” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлагаас 33.000 төгрөг, нэхэмжлэгч Ц.Сын нэхэмжлэлийн шаардлагаас 155.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “АО” хадгаламж зээлийн хоршоо болон Ц.С нар нь хариуцагч С.Хаас татгалзсан болохыг дурьдаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Сын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 77.300 төгрөг, нэхэмжлэгч “АО” хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18.800 төгрөг, нийт 96.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Саас 16.595 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АО” хадгаламж зээлийн хоршоонд, 66.681 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.С нарт тус тус олгосугай. 

 

4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч Б.Сын арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарласан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 20455 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.САРАНГҮН

 

                ШҮҮГЧИД                                   З.БАЯРМАА

 

                                                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ