Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/29

 

Монгол Улсын нэрийн өмнөөсмэргэд

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч П.Н*******,

түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Их овогт П******* Н******* холбогдох эрүүгийн 2331000000017 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ны уурхайд инженер ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 13 дугаар баг, 44 дүгээр байр, 17 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт П******* Н******* /РД:*****

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Яллагдагч П.Н******* нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дельфин” нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч Р.Д******* албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэл үгээр доромжилж, албаны хувцас нүүр нь нулимж, биед нь өшиглөж, маажсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.Н******* нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дельфин” нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын цагдаагийн хэсгийн цагдаа, зохицуулагч Р.Д******* албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэл үгээр доромжилж, албаны хувцас нүүр рүү нь нулимж, биед рүү нь өшиглөн маажиж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н******* өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Р.Д******* 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг, Алтанбулаг суманд албан үүргээ гүйцэтгэж байх үед 19 цаг 15 минтуанд *****гэх дугаараас Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар багт байрлах “Дельфин” нэртэй зочид буудалд “өрөөнд орсон хүмүүс хоорондоо зодолдож, бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу тус хэсгийн хэв журмын цагдаа Б.Б******* хамтаар 19 цаг 18 минутанд дуудлага өгсөн газарт очиход буудлын 204 тоот өрөөнд 2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан тул тухайн 3 иргэнд хууль сануулаад, дахин бусдын амгалан тайван байдал алдагдуулж болохгүй талаар хэлж сануулан дараагийн ажилд шилжсэн. Тэгээд 20 цагийн орчимд тухайн дугаараас дахин адилхан утгатай дуудлага өгсөн. Дахин очиход 2 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 4 хүн байсан ба нэг эрэгтэйн нүүрийг маажсан байдалтай хоорондоо маргалдсан байсан тул нөхцөл байдлыг намжаах зорилгоор дахин хууль сануулаад зөрчил гаргасан Д.Б*******, Б.Э******* нарыг авч явах гэтэл улаан куртиктэй эмэгтэй болох П.Н******* нь тухайн 2 хүнийг өгч явуулахгүй гэж хэлэхээр нь шаардлага тавихад шаардлага биелүүлэлгүй өөдөөс /пизда, лалар/ гэх мэтээр хэл үгээр доромжилж хувцас руу нулимж, өшиглөж, цохих зэргээр биед халдсан. Тухайн үйлдлүүд нь энгэрийн камерт бичигдсэн байгаа. Би гомдолтой байна. Албанаас тавьж олгосон хантаазыг төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч Р.Д******* 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх асуудал болсны дараа П.Н******* нь надтай утсаар яриад уучлалт гуйсан. Мөн нөхөр нь гэх залуу надтай ирж уулзаад шинэ хантааз авч өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[3],

4.Ашид Б ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-923/5685 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Нуруу хэсэгтээ “Police” гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн албаны хантаазын бодит үнийг 45,000 төгрөг байх боломжтой” гэсэн тодорхойлолт[4], 5.Гэрч Б.Б, Л.А, Б.Э******* нарын мэдүүлэг[5], 6.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[6], 7.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[7], 8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], 9.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[9] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч П.Н******* гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

     Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч П.Н******* эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Р.Д нь хохирол төлбөр барагдсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болохыг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ял тохирч, шүүхэд шилжүүлэхдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэхээр оруулжээ.

Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан ба энэхүү хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацаа нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор хэвлэгдснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болдог.

Хуулийн хэрэгжих хугацаа болоогүй байхад энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н*******ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн мөн хугацаагаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг;

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид тус тус анхааруулсан болно.

Шүүгдэгч П.Н******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, тэрээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч П.Н*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэж, хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н******* 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч П.Н******* оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаагаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Н******* анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

6.Шүүгдэгч П.Н******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, тэрээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 8 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 8 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 119 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 12, 16, 18 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 29-31 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 1-2 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 55 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 63-64 дүгээр тал