| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/04919/И |
| Дугаар | 101/ШШ2019/00603 |
| Огноо | 2019-02-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2019/00603
| 2019 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2019/00603 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид З.Баярмаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 12-204 тоотод оршин суух, Д.Ч/РД: 00000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байр, 36 тоотод оршин суух, Г.Х/РД: 00000000/ холбогдох,
647.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ч,
Хариуцагч Г.Х,
Иргэдийн төлөөлөгч Ж.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Ч миний бие 2018 оны 1 дүгээр сарын 22-ны орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Цайз захын уулзвар өнгөрөөд Гэгээ хотхоны урд зам дээр 33-65 УНЯ улсын дугаартай, цагаан өнгийн приус 20 маркийн авто машинтайгаа 1 дүгээр эгнээгээр зорчин явж байтал 2 дугаар эгнээнээс 00-04 УБЦ улсын дугаартай, лексус 470 маркийн авто машиныг жолоодож явсан Г.Х нь гэнэт огцом дарж миний авто машиныг шүргэж зам тээврийн осол гаргасан.
Улмаар замын цагдаа ирж хэргийн газар хэмжилт хийхэд 00-04 УБЦ улсын дугаартай, лексус 470 маркийн авто машиныг жолоодож явсан Г.Х буруутай болох нь тогтоогдсон. Зам тээврийн ослын улмаас миний машинд 647.200 төгрөгийн хохирол учирсан нь “Вендо” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон. Үнэлгээний ажлын хөлс 38.000 төгрөгийг Г.Х төлсөн.
Г.Х миний хохирлыг даатгалаараа төлнө гэсэн боловч өнөөг хүртэл төлсөнгүй. Би 2018 оны 3 дугаар сард Г.Хоос хохирлоо нэхэмжилж шүүхэд хандсан боловч тэрээр Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байр, 36 тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй тул миний нэхэмжлэлийг хариуцагчийн хаяг тодорхойгүй байна, хаягийг нь тодруул гээд буцаасан. Хариуцагч Г.Хоос гэм хорын хохирол 647.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2018 оны 1 дүгээр сарын 22-ны орой би өөрийн эзэмшлийн 00-04 УБЦ улсын дугаартай, лексус 470 маркийн авто машинаа жолоодон гэртээ харихаар Гэгээ хотхоны зам дээр явж байсан ба манай хашаа руу 1 дүгээр эгнээнээс орж болдоггүй тул би 2 дугаар эгнээнээс баруун эргэх дохио өгөөд ортол 1 дүгээр эгнээнд явж байсан 33-65 УНЯ улсын дугаартай, цагаан өнгийн приус 20 маркийн авто машиныг мөргөсөн.
Цагдаа ирж хэргийн газрын хэмжилт хийхэд миний буруу гэж тогтоосон ба осол миний буруугаас болж гарсан, хохирлыг даатгалаар төлнө. Энэ хүн ч гэсэн адилхан жолооч хүн байж анхаарал болгоомжтой явж болох байсан.
Цагдаа даатгалаа дууд гэхэд би Хаан даатгал ХХК-ийг дуудсан. Тус компани та манай даатгуулагч мөн гэсэн атлаа маргааш нь та 2 даатгалд идэвхитэй байгаа тул Бодь даатгал ХХК-иар хохирлоо төлүүл гэсэн.
Бодь даатгал ХХК нь Хаан даатгал ХХК-д даатгуулахаас өмнө манайд даатгалтай байсан байна, Хаан даатгал ХХК таныг 30 хоногийн дотор манай даатгуулагч болсныг хэлээгүй тул манайх хохирлыг хариуцахгүй гэсэн.
Бодь даатгал ХХК-ийн тайлбарыг ойлгож байгаа ч Хаан даатгал ХХК-ийн хохирол төлөхгүй гэснийг ойлгохгүй байгаа. Үнэлгээн дээр маргаан байхгүй, бид хамт явж үнэлгээ хийлгэсэн гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч Г.Хт холбогдуулан гэм хорын хохирол 647.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01 цаг 20 минутын үед Баянзүрх дүүрэг, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэгээ хотхоны урд замд лексус 470 маркийн, 00-04 УБЦ улсын дугаартай, авто машиныг жолоодон явсан хариуцагч Г.Х нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс нэхэмжлэгч Д.Чгийн жолоодон явсан тоёота приус 20 маркийн 33-65 УНЯ дугаартай машиныг мөргөн зам тээврийн осол гарган бусдад хохирол учруулсан үйл баримт болжээ.
Замын цагдаагийн албаны Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтэс нь Г.Хт холбогдох зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч уг ослыг шалгасан байх бөгөөд лексус 470 маркийн, 00-04 УБЦ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч Г.Х Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7-д “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх”, 7.8-д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч Г.Х энэ талаар маргаагүй болно.
/ХХ-ийн 3-16 дугаар тал/
Г.Хын гаргасан зам тээврийн ослын зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 51 дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
/ХХ-ийн 6, 13 дугаар тал/
Хариуцагч Г.Х нь өөрийн гэм буруугийн талаар маргахгүй байгаа ба тэрээр дээрх зам тээврийн осолд гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэлийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй гэж тайлбарлалаа.
Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад нэхэмжлэгч Д.Ч, хариуцагч Г.Х нар нэхэмжлэгчийн өмчлөлийн 33-65 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-иар үнэлүүлжээ.
“Вендо” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 9536260 тоот хөрөнгийн үнэлгээний тайланд “эвдэрсэн эд ангиудыг солих, засварлахад 532.000 төгрөг, будаг, туслах материал, лак, будах зардал 115.200 төгрөг, нийт 647.200 төгрөгийн зардал гарна” гэсэн байх ба хариуцагч Г.Х нь хохирлын үнэлгээтэй холбоотой маргаангүй гэсэн болно.
/ХХ-ийн 4-8 дугаар тал/
“Вендо” ХХК-ийн үнэлгээний ажлын хөлс 38.000 төгрөгийг хариуцагч Г.Х төлсөн талаар талууд хэн аль нь тайлбарласан болохыг дурьдлаа.
/ХХ-ийн 12 дугаар тал/
Тоёота приус 20 маркийн 33-65 УНЯ улсын дугаартай авто машин нэхэмжлэгч Д.Чгийн өмчлөлийнх, лексус 470 маркийн 00-04 УБЦ улсын дугаартай авто машин хариуцагч Г.Хын өмчлөлийнх болох нь талуудын тайлбар болон тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 3, 11 дүгээр тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх зам тээврийн осол нь хариуцагч Г.Хын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.8-д заасан заалтыг зөрчсөнтэй холбоотой болох нь тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэгч Д.Чгийн өмчлөлийн тоёота приус 20 маркийн 33-65 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Хоос 647.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Чд олгох нь зүйтэй гэж үзэв.
Г.Хт холбогдох 682.200 төгрөг гаргуулах тухай Д.Чгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлд дурьдсан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байр, 36 тоот хаягт Г.Х бүртгэлгүй, оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 8451 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
/ХХ-ийн 15-16 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Хоос 647.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Чд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Чгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 20.922 төгрөгөөс илүү төлсөн 856 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Чд олгож, үлдэх хэсэг болох 20.066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Хоос 20.066 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Чд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Э.ЭНЭБИШ