Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0234

 

 

 

 

 

 

 

 

“С б” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                           захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөөлөгч А.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

 

Нэхэмжлэгч: “С б” ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар

Гуравдагч этгээд: “С с” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч Т.Згийн бүртгэсэн 2022 оны  04 дүгээр сарын 18-ны өдрийн 220418053 дугаартай хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын бүртгэлийг хүчингүй болгуулах, улсын бүртгэгч Г.Сгийн бүртгэсэн 2022 оны  04 дүгээр сарын 20-ны өдрийн 2505418 дугаартай “С с” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсныг бүртгэсэн агуулга бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэрийг хүчингүй болгуулах”

 Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0083 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2024/0555/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С б” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан “улсын бүртгэгч Т.Згийн бүртгэсэн 2022 оны  04 дүгээр сарын 18-ны өдрийн 220418053 дугаартай хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын бүртгэлийг хүчингүй болгуулах, улсын бүртгэгч Г.Сгийн бүртгэсэн 2022 оны  04 дүгээр сарын 20-ны өдрийн 2505418 дугаартай “С с” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсныг бүртгэсэн агуулга бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0083 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.2, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2022 оны  04 дүгээр сарын 18-ны өдрийн 220418053 дугаартай хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын бүртгэл, 2022 оны  04 дүгээр сарын 20-ны өдрийн 2505418 дугаартай “С с” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсныг бүртгэсэн шийдвэрийг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Давж заалдах гомдлын агуулга:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 17 дахь талын 8 дахь хэсэгт “...Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Зохицуулах хороо дараахь шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрлийг олгох бөгөөд тухайн төрөл, хэлбэрээс хамааран нэмэлт шаардлага тавьж болно”, 11.1.6-д “өргөдөл гаргагчийн нэр нь өргөдөл гаргагч даатгалын үйл ажиллагаа эрхлэх, эсхүл даатгалын зуучлагчийн тухайн үйл ажиллагааг эрхэлнэ гэдгийг илэрхийлэхгүй бол” гэж зааснаас үзэхэд “Б” буюу зуучлал гэсэн үг орсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгох байсан эсэх дээр хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай буюу шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрч байна” гэх үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх тус хуулийн зохицуулалтыг тайлбарлах боломжгүй, шүүхээс шинжлэх судлах хүрээнээс хэтэрч байна гэж үзсэн.

3.2. Ингэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу хэрэглэсэн байна. Учир нь тус зохицуулалтыг хэрэглэхийн тулд “хэргийн нөхцөл байдал тодорхойгүй байх” болон “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” байх урьдчилсан нөхцөлтэй. Тус хуулийн заалтын захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд шаардлагатай ажиллагааг бүрэн хийсэн боловч маргааны үйл баримтыг тогтоох нотлох баримт нь байхгүй, хангалтгүй бөгөөд шүүх болон хэргийн оролцогчоос үл хамаарах шалтгаанаар бүрэн дүүрэн цуглараагүй, үүний улмаас мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан нотлох баримтыг үнэлэх, эрх зүйн дүгнэлт өгөх ажиллагаа хийх боломжгүйд хүрсэн, эсхүл нотлох баримт цугларсан боловч захиргаа сонгох боломжийн хүрээнд нөхцөл байдалтай уялдуулан шинэ акт гаргах боломжтой бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрч, шүүх захиргааны чиг үүргийг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй болсон үед хэрэглэгдэх учиртай. Эсвэл тодорхойгүй нөхцөл байдал үүссэн, үйл баримтын хувьд тодорхой бус, хэргийн оролцогчид үйл баримтын маргаантай тохиолдолд хэрэглэгдэж болно. Гэтэл тус захиргааны хэргийн хувьд хангалттай нотлох баримт цугларсан, нотлох баримтыг үнэлэх, эрх зүйн дүгнэлт өгөх бүрэн боломжтой, захиргааны сонгох боломжийн хүрээтэй холбоотой ямар нэгэн нөхцөл байдал үүсээгүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй байсан.

   3.3. Анхан шатны шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэх “Б” буюу зуучлал гэсэн үг орсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгох байсан эсэх асуудал нь үйл баримтын тодорхойгүй нөхцөл байдал биш юм. Харин Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалтыг хэрхэн хэрэглэх талаар хууль хэрэглээний асуудал юм. Иймд, шүүх хуулийг хэрхэн зөв тайлбарлан хэрэглэх талаар дүгнэлт өгөх бүрэн боломжтой байхад шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж байгаа нь үндэслэлгүй.

   3.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 17 дахь тал 7 дахь хэсэгт “... гуравдагч этгээд “С с” ХХК нь 2022 оноос ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаар төөрөгдөл үүсэх нөхцөл үүссэн гэж үзэхээр байна” гэж, шийдвэрийн 18 дахь тал 12 дахь хэсэгт “... Тухайн маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хуулийн этгээдийн оноосон нэрийн тухайд ... нэг чиглэлийн үйл ажиллагааг эрхлэх компаниудын хувьд төөрөгдөл үүсэх боломжтой ...” гэж тус тус эрх зүйн дүгнэлт хийсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт алдаатай болохыг шүүхээс хүлээн зөвшөөрсөн. Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалттай, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэжээ.

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

4.1. Анхан шатны шүүхээс “... ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаар төөрөгдөл үүсэх нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна..., ... оноосон нэрийн тухайд шууд утгаар ижил төсөөтэй, төөрөгдөл үүсэхүйц гэж үзэхгүй ч нэг чиглэлийн үйл ажиллагааг эрхлэх компаниудын хувьд төөрөгдөл үүсэх боломжтой байх тул хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах эрх бүхий төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад мэдэгдэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ..., хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасан нөхцөл байдлыг харгалзан үзэх, төөрөгдөл үүсгэх талаар тогтоосны үндсэн дээр бүртгэл баталгаажуулалтыг хийх нь зүйд нийцнэ...” гэсэн дүгнэлт хийж “С с” ХХК-д нэр олгосон болон бусад улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэрүүдийг дахин шинээр гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2. Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрыг манай компанид “С с” ХХК гэсэн нэр олгосон нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.10-т заасан шаардлагыг зөрчсөн гэж байгаа боловч уг журмын 3.10 дугаар зүйлийн 3.10.1-3.10.13-д заасан 13 тохиолдлын чухам яг аль заалтыг зөрчиж олгосон талаар тайлбарлаж, энэ талаарх асуултад хариулж чадахгүй байна.

Уг журмын 3.10.1-3.10.4, мөн 3.10.8, 3.10.9 гэсэн зургаан заалт нь хуулийн этгээдийн нэртэй холбоотой зохицуулалт байх бөгөөд эдгээрээс хуулийн этгээдүүдийн нэр хоорондоо ижил төсөөтэй байж болохгүйг журамласан заалтууд нь 3.10.1-3.10.4 буюу эхний дөрвөн заалт байна. Гэвч эдгээрийн алинд нь ч бидний нэрийг нэхэмжлэгч байгууллагын нэртэй адил буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй гэж үзэхээргүй байна. Тухайлбал 3.10.1-т зааснаар өмнө нь бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрний өмнө болон хойно нь зохион байгуулалтын хэлбэрийг тусгаж ““С бГрупп” гэх мэтээр нэрлээгүй. Мөн журмын 3.10.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэрийг Монгол гэсэн утга санаагаар ялгаагүй.

4.3. Одоогоор тус хоёр компани нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч тэдгээрийн нэртэй холбоотой ямар нэгэн төөрөгдөл үүсч маргаан гарсан үйл баримт байхгүй байхад “нэг салбарт үйл ажиллагаа эрхлэх болсноос төөрөгдөл үүсэх нөхцөл байдал бий болсон гэх” шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. Мөн шүүхээс нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нь төөрөгдөх нөхцөл байдал үүсэх боломжтой гэж байгаа ч ямар үндэслэлээр төөрөгдөл үүснэ гэж үзэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

4.4. Нэгэнт нэхэмжлэгчийн “С б” ХХК, гуравдагч этгээдийн “С с” ХХК гэсэн нэрнүүд нь илтэд өөр утга агуулгатай, бусдыг төөрөгдүүлэхүйц ижил төсөөтэй гэж үзэх боломжгүй, мөн “Б” буюу зуучлал гэсэн үг орсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгох байсан эсэх дээр хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай буюу шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн” гэж үзэх боломжгүй тул “С с” ХХК гэсэн нэр болон хуулийн этгээдийг бүртгэсэн бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэх шаардлагагүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0083 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтыг буруу үнэлж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчилж, “С б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. “С б” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан “улсын бүртгэгч Т.Згийн бүртгэсэн 2022 оны  04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын бүртгэлийг хүчингүй болгуулах, улсын бүртгэгч Г.Сгийн бүртгэсэн 2022 оны  04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай “С с” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсныг бүртгэсэн агуулга бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.

3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “… 12 жилийн турш даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулж буй манай компанитай нэг зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа “С с” ХХК гэх ижил төстэй нэртэй хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн нь бусдыг төөрөгдүүлэгдэхээр ижил төстэй оноосон нэрийг бусад хуулийн этгээдэд олгох, бүртгэхийг хориглосон хууль журмыг зөрчсөн; ижил төстэй нэртэй компаниуд нэг чиглэлийн үйл ажиллагаа явуулснаар хэрэглэгчид төөрөгдөх, бидний бий болгосон брэндинг, танигдалтыг ашиглаж бусад этгээд өөртөө давуу байдал бий болгох боломжтой болсноор манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн” гэх зэргээр тодорхойлно.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “… “С б” нэр ухаалаг зуучлал гэсэн утгатай байгаа нь “С с” гэх нэртэй давхардах буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй гэж үзэхгүй, “С с” гэх нэрийг Засгийн газрын тогтоолоор баталсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд нийцүүлэн “С б” ХХК-ийн нэрнээс ялгагдах байдлаар олгосон” гэж,

3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хуулийн этгээдийн оноосон нэр нь бусдыг төөрөгдүүлэхээр, ижил төсөөтэй гэж үзэхээргүй, хуулийн этгээдийн нэр баталгаажуулахтай холбоотой журмын чухам аль хориглолтыг зөрчиж байгаа талаар нэхэмжлэгч тодорхойлоогүй, ирээдүйд үүсэж болзошгүй гэж хөндөгдөөгүй эрх ашгаа хамгаалахаар шүүхэд хандсан, төөрөгдөл үүссэн зүйл байхгүй” гэж тус тусын татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд;

4.1. 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд “Гэрэлт буян ундрах” нэртэйгээр бүртгэгдсэн, “ХХК” хэлбэртэй, ******* регистрын дугаартай хуулийн этгээд нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр оноосон нэрийг “С б” болгон өөрчилж, 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2012 оноос даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхэлж иржээ.

4.2. Гуравдагч этгээд болох “С с” /РД:6856047/ нэртэй, ХХК хэлбэртэй хуулийн этгээд нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн ба Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 онд олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөн адил даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх авсан.

4.3. “С б” ХХК-ийн зүгээс “С с” ХХК-ийн оноосон нэрийн бүртгэлийн асуудлаар гомдол гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 6/5716 дугаар албан бичгээр “… С с гэх үгийн утга нь бичиглэлийн болон үгийн язгуур нь өөр утгыг илэрхийлэх тул бусдыг төөрөгдүүлэх ижил төстэй гэж үзэх үндэслэлгүй” гэх агуулга бүхий хариу өгчээ. 

5. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “... нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хуулийн этгээдийн оноосон нэрийн тухайд шууд утгаар ижил төсөөтэй, төөрөгдөл үүсэхүйц гэж үзэхгүй, “С с” ХХК нь 2022 оноос ижил төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авснаар төөрөгдөх нөхцөл байдал үүссэн, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа холбогдох баримтыг бүрэн цуглуулаагүй, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн эсэхийг нягтлаагүй” гэх зэргээр зөрчилтэй дүгнэлт хийсний зэрэгцээ “... хариуцагч маргаан бүхий актуудыг дахин хянах, Иргэний хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан холбогдох нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр хуулийн этгээдийн нэр төөрөгдөл үүсгэх эсэхийг тогтоож, бүртгэл баталгаажуулалтыг хийх нь зүйтэй, хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах эрх бүхий төрийн захиргааны байгууллага /Улсын бүртгэлийн ерөнхий газар/-аас тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллага /Санхүүгийн зохицуулах хороо/-д мэдэгдэн, дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой” гэх үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэл муутай болжээ. 

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт билээ.

7. Энэ тохиолдолд, нэхэмжлэлийн шаардлагад хүчингүй болгуулахаар тодорхойлсон маргаан бүхий улсын бүртгэлүүд хууль зүйн үндэслэлтэй эсэхэд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх тул шийдвэрт заасан эдгээр асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу цаашид тодруулах шаардлагатай хэргийн нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй.

8. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн оноосон нэрийг баталгаажуулах, үүсгэн байгуулах шийдвэрийг бүртгэх зэрэг улсын бүртгэлийн байгууллагад хамаарах захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөхөд даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргах, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцаанд хамаарах буюу нэгэнт байгуулагдсан хуулийн этгээдийн хувиар бусад захиргааны байгууллагатай харилцахтай холбоотой зохицуулалтыг харгалзах шаардлагагүй, энэ нь цаашид тодруулах шаардлагатай, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн асуудал болохгүй.  

9. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна”, 27.3-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж,

Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Компани оноосон нэртэй байх бөгөөд түүнийг хэрэглэх тохиолдол бүрд уг нэрийн ард компанийн хэлбэрийг тодорхойлсон хувьцаат компани буюу ХК”, хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу “ХХК” гэсэн ялгах тэмдэглэгээ заасан байна”, 10.2-т “Компанийн оноосон нэр нь бусад компани, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болно” гэж,

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д ““даатгалын зуучлагч” гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг /хэлнэ/”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Зохицуулах хороо дараахь шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрлийг олгох бөгөөд тухайн төрөл, хэлбэрээс хамааран нэмэлт шаардлага тавьж болно: 11.1.6. өргөдөл гаргагчийн нэр нь өргөдөл гаргагч даатгалын үйл ажиллагаа эрхлэх, эсхүл даатгалын зуучлагчийн тухайн үйл ажиллагааг эрхэлнэ гэдгийг илэрхийлэхгүй бол;”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн компанид олгоно” гэж,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т ““хуулийн этгээдийн нэр” гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг /хэлнэ/”, 13 дугаар зүйлийн 13.3-д “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна: 13.3.1. кирилл үсгээр илэрхийлэгдсэн; 13.3.2. бусад хуулиар хориглоогүй”, 13.7-д “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах талаар иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргах, түүнд тавигдах шаардлага, хязгаарлалт, нэр баталгаажуулахтай холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.8-д “Хуульд заасан тохиолдолд хуулийн этгээдийн нэрийн хойно үйл ажиллагааны чиглэлийг илэрхийлсэн үг, эсхүл товчилсон үгийг хэрэглэнэ …”, 3.10-д “Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй: 3.10.4. баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол…” гэж тус тус зохицуулсан.

10. Хууль, журмын эдгээр зохицуулалтыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал;

10.1. Хуулийн этгээдийн оноосон нэр нь түүнийг бусдаас ялган танихын агуулга, ач холбогдлыг илэрхийлэх ба бүртгэлийн байгууллагаас түүнийг баталгаажуулахдаа “үл давхардах, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй биш байх, хуулиар хориглоогүй нэр байх” зэрэг холбогдох хууль, журмаар тогтоосон шаардлагад нийцсэн эсэхийг хянасны дүнд бүртгэл хийх,  

10.2. Үүсгэн байгуулагдаж буй хуулийн этгээдээс бүртгүүлэхээр мэдүүлсэн “оноосон нэр” нь улсын бүртгэлийн байгууллагын санд бүртгэгдсэн нэртэй үгийн үндэс, үеэр төсөөтэй бол бусдыг төөрөгдүүлэхүйц ижил, төсөөтэй гэж үзэхээс гадна гагцхүү хуульд заасан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлийг илтгэсэн тэмдэглэгээг оноосон нэрийн хамт бичих,

10.3. Даатгалын мэргэжлийн оролцогч болох даатгалын зуучлагчийн хувьд нэр нь тухайн үйл ажиллагааг эрхлэх агуулгыг илэрхийлсэн байх нь тусгай зөвшөөрлийг олгох үндэслэлд хамаарах зэрэг агуулгаар тус тус хэрэглэгдэхээр байна.

11. Маргааны үйл баримтаас дүгнэхэд, “С с” ХХК-ийн хувьд хуулийн этгээдийн оноосон нэрийг баталгаажуулж, үүний дагуу үүсгэн байгуулах шийдвэрийг бүртгүүлсэн нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-аар тогтоосон эрх зүйн зохицуулалтад нийцэж байх тул маргаан бүхий улсын бүртгэлийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээдийн “С б” болон гуравдагч этгээдийн “С с” гэх нэрүүдийн аль аль нь нэг утга санааг илтгэсэн, үгийн үндсэн утгаа хадгалж буй үгийн нийлэмж байх тул тэдгээрийг нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй, утга агуулга, дуудлагын хувьд давхардсан, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй гэж үзэхээргүй байна.

12. Шинжлэх ухааны академиас 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/226 дугаар албан бичгээр “… Б, сонголт нь нийлэмж үгийн гол үг буюу захирах харьцаагаар оршиж, “смарт” нь үгсийг тодотгон нэмэн дэлгэрүүлэх үүрэгтэй, “С с”, “Ухаалаг сонголт” нь захирах төлөвт буй нийлэмж үгсийн гол үгсийн утга, бичиглэл өөр байна” гэх агуулга бүхий тайлбар, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3/3052 дугаар албан бичгээр “… “С б” ХХК, “С с” ХХК нь тус тусдаа даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд оноосон нэр давхардсантай холбоотой аливаа өргөдөл, тайлбарыг Хороонд ирүүлж байгаагүй”, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3/4268 дугаар албан бичгээр “… холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн нэрэнд “брокер”, эсхүл “зуучлал” гэсэн үгийг заавал хэрэглэсэн байхыг шаарддаггүй”  гэх агуулга бүхий тайлбарууд ч үүнийг нотолно.

13. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасан зохицуулалт нь гагцхүү тусгай зөвшөөрөл олгоход хамаарах учраас шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, түүнийг улсын бүртгэлд бүртгэхэд тавигдах шалгуур болохгүй.

Энэ тохиолдолд анхан шатны шүүхээс “… нэг зах зээлд адил чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь төөрөгдөл үүсгэх нөхцөл үүсгэсэн” гэж Хорооноос тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хуулийн этгээд анх үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгэхэд тавигдах шаардлага мэтээр  дүгнэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан “... маргаан бүхий акт алдаатай болохыг шүүхээс хүлээн зөвшөөрсөн тул хүчингүй болгох үндэслэлтэй, “С с” ХХК нь даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа атлаа нэрийн араас үйл ажиллагааныхаа чиглэлийг заах хуулийн шаардлагыг хангаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авсангүй.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд, нэхэмжлэгчийн аль хуулиар олгосон, ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бодитоор хэрхэн зөрчигдсөн байх урьдач нөхцөлийг шаарддаг байтал “С б” ХХК-иас “... манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн” гэж маргаж буй нь үүнд нийцэхгүй, нэгэнт шүүхээс сэргээн тогтоовол зохих зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй нь хэрэгт цуглуулсан нотлох баримтаар дээрх байдлаар тогтоогдсон учир гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэл бүхий байна.

Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөөлөгч А.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0083 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.7 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “С б” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч Т.Згийн бүртгэсэн 2022 оны  04 дүгээр сарын 18-ны өдрийн 220418053 дугаартай хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын бүртгэлийг хүчингүй болгуулах, улсын бүртгэгч Г.Сгийн бүртгэсэн 2022 оны  04 дүгээр сарын 20-ны өдрийн 2505418 дугаартай “С с” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсныг бүртгэсэн агуулга бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бгийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч А.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                    Г.МӨНХТУЛГА

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ