Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 103

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Хохирогч: Ж.Цэндсүрэн,

Шүүгдэгч: Ц.Дашзэвэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тариачин овогт Цэрэндолгорын Дашзэвэгт холбогдох 201615000288 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум Рашаант 8 дугаар баг 22-20 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр баг “Гурнай” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Тариачин овогт Цэрэндолгорын Дашзэвэг /РД: ЙЮ88031678/

Шүүгдэгч Ц.Дашзэвэг нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Халх Тулгат” нэртэй хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 58-79 ӨВЗ улсын дугаартай, цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2 дугаар бүлгийн 2.3в “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч болох хохирогч Ж.Цэндсүрэнгийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Дашзэвэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 22-ны өлгөө Ж.Цэндсүрэн эгч намайг зах ороод мах зараад ирье гэсэн. Тэгээд Ж.Цэндсүрэн эгч бид хоёр махаа зарчихаад буцаад Ж.Цэндсүрэн эгчийг хүргэж өгөх гээд явж байтал гэнэт урдуур нохой ороод ирсэн. Тухайн үед мотоциклио зогсоох ямар ч боломж байгаагүй. Тэгээд Ж.Цэндсүрэн эгчийг эмнэлэг явъя гэхэд гайгүй байна, гэрт хүргээд өг гэхээр нь гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ ирээд байж байтал Ж.Цэндсүрэн эгчийн хүргэн над руу утсаар залгаж эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод Ж.Цэндсүрэн эгчийг эмчид үзүүлж эмнэлэгт хэвтүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ж.Цэндсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2016 оны 08 дугаар сарын 22-ны өглөө гэртээ ганцаараа байж байтал хөдөөнөөс мах ирсэн. Тэгээд махаа зарах гээд Ц.Дашзэвэгт эгчдээ зах ороод өг гэхэд тэгье, би нэг хүн хүргэж өгчихөөд ирье гэсэн. Тэгээд Ц.Дашзэвэг 10-20 минутын дараа ирээд бид хоёр махаа аваад захын хойд талд очиж махаа өгчихөөд зах орж усны гутал авах гэтэл зах онгойгоогүй байсан. Тэгээд гэр рүүгээ явсан. Гэр рүү явж байтал гэнэт урдуур нохой ороод ирсэн. Тухайн үед нэг их хурдтай явж байгаагүй. Тэгээд л унасан. Түүнээс хойш юу болсон талаар би сайн санахгүй байгаа. Орж гараад л байсан. Хохирол төлбөрт бэлнээр 500.000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн болон эм тарианы мөнгө, мөн нэг хонь тус тус авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Ж.Цэндсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүргэн Бямбасүрэнгийнд ганцаараа байж байтал эхнэрийн төрсөн ах Улаан гэж дууддаг /Дашзэвэг/ залуу мотоциклтойгоо ганцаараа ирсэн. Би Улаанааг зах хүргээд өгөөч, хонины мах зарах гэж байгаа гэхэд Улаан айлд очоод буцаад удалгүй ирсэн. Дашзэвэг бид хоёр “Сод” хүнсний дэлгүүрийн баруун талд байдаг махны бөөний төвд хонины махаа зарчихаад зах орж усны гутал авах гэтэл зах онгойгоогүй байхаар нь Дашзэвэг өөрийнхөө улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклио унаад тэсэлгээ рүү өгсдөг замаар 10 цаг өнгөрч байхад явж байтал гэнэт урдуур том шар нохой орж ирэхээр нь шууд нохойг дайраад засмал зам дээр би зүүн чих, зүүн мөр хэсгээрээ унасан. Дашзэвэг ч гэсэн унасан. Тэгээд л ухаан алдсан. Нэг мэдэхэд манай том эгчийн хүү Ариунболдын гэрт нь хэвтэж байхад түргэний эмч ирж байгаа харагдсан. Тэгээд л ухаан алдсан. Тэр өдрөөс БОЭТөвийн гэмтлийн тасагт хэвтсэн. Би Дашзэвэгээс эмчилгээний мөнгө 500.000 төгрөгийг охин Бадамцэцэгийн дансаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлж авсан. Дашзэвэг өөрийн эзэмшлээсээ шүдлэн хонь өгсөн, ор хоногийн мөнгийг өгсөн. Мөн эм тариа авч өгсөн. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 30-32 хуудас/

Гэрч А.Бадамцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Цэндсүрэн нь миний төрсөн ээж. Дашзэвэг нь манай нөхрийн төрсөн дүү Лхагвасүрэнгийн нөхөр гэдгээр нь танина. Аль алинтай нь садан төрлийн холбоотой. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай ээж Цэндсүрэн, Дашзэвэгтэй хүнс барааны зах орж хонины мах зарчихаад буцаад гэр рүүгээ буюу Арвайхээр сумын 8 дугаар багийн тэсэлгээний шинэ зам дээр явж байхад нь урдуур нь нохой гэнэт орж ирж дайруулаад мотоцикльтойгоо унаж манай ээж Ж.Цэндсүрэн толгойдоо гэмтэл авсан. Тэр өдрөө аймгийн БОЭТөвийн гэмтлийн тасагт хэвтэж, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гарсан. Дашзэвэг ээжид эмчилгээний мөнгө гэж 500.000 төгрөгийг миний дансаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкаар шилжүүлж өгсөн. Дашзэвэг ээжид шөлний хонь өгсөн. /хх-ийн 33 хуудас/

Гэрч Ш.Цэрэндолгор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дашзэвэг өөрөө надад утсаар нэг эмэгтэйг гэрт нь хүргэж өгөх гэж явж байгаад зам дээр урдуур нохой гарч ирээд мөргөөд уначихлаа. Энэ эмэгтэйг хүргэж өгчихөөд харина гэж хэлсэн. Тэгээд над дээр удалгүй мотоцикльтой ирсэн. Манай хүү Дашзэвэг гэмтээгүй зүгээр байсан. Мотоцикль нь зүгээр л харагдсан. Дашзэвэгийг ирээд удаагүй байж байтал мотоцикльтой цуг явсан эмэгтэйн хүргэн нь утсаар залгаад эмнэлэг дээр хүрээд ир гэж дуудахаар нь манай хүү мотоцикльтойгоо очиж уулзах гээд явсан. Тэгээд тэр өдрийнхөө үдээс хойш эмнэлэгт хэвтүүлчихээд ирлээ гэж ирсэн. Тэгээд л хүү бид хоёр 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Зүүнбаян-Улаан сум руу самранд яваад 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. /хх-ийн 35 хуудас/

Гэрч Ө.Бямбасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 20-ны үеэр өдрийг нь сайн санахгүй байна, би Ариунболдынд Чулуунбаатартай хамт байж байтал манай хадам ээж Цэндсүрэн хүргэн Дашзэвэгтэй мотоцикльтой хоёулаа ирсэн. Дашзэвэг ярихдаа хадам ээжтэй захын хойно мотоцикльтой явж байгаад нохой дайраад унагаасан гэж ярьж байсан. Хадам ээжийн хоёр гар нь гадна хэсгээрээ шалбарчихсан, зүүн чихнээс нь цус гарч байсан. Юу болсон талаараа зүгээр ярьж байсан. Тэгээд чихнээс нь цус гараад байхаар нь эмнэлэгт үзүүлээд тархины зургийг нь авахуулахад хэвтэх шаардлагатай гээд эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэх эмчилгээний мөнгийг Дашзэвэг өгсөн. Надтай хамт байсан Чулуунбаатар унтаж байсан тул энэ талаар сайн мэдэхгүй. /хх-ийн 36 хуудас/

Гэрч Т.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ж.Цэндсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эмнэлэгт хэвтэж 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үзэж эхэлсэн. Үзэхэд биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, хүзүүний булчин 1 см, зүүн чихнээс цус гарсан байдалтай, томографийн зургаар зүүн чамархайн урд хэсэг, зүүн талдаа цус хуралттай байсан. Зовиур нь толгой их өвддөг гэж байсан тул эмийн эмчилгээ хийж 11 хоног хэвтээд эмнэлгээс гарсан. Одоо физик эмчилгээ хийлгэж байгаа. Буцаад эмчилгээ хийлгэх шаардлагагүй. /хх-ийн 37 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 310 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Ж.Цэндсүрэнгийн биед тархины суурь ясны хугарал, тархины эдийн цусархаг няцралт, тархины хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн хэсгийн зөөлөн эдийн няцралт, хэнгэргэн хальсны язрал бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 41 хуудас/

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 104 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна. Авто тээврийн осол болох үед 58-79 ӨВЗ улсын дугаартай, цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож явсан Ц.Дашзэвэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.3.в дэх заалт “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”-ыг тус тус зөрчсөн байна. Авто тээврийн осол болох үед зорчигч Ж.Цэндсүрэн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 58-79 ӨВЗ улсын дугаартай цэнхэр өнгийн, “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож явсан Ц.Дашзэвэг нь дээрх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэлтийг гаргалаа. /хх-ийн 45 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №11/24 дугаартай үнэлгээний тайлан, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, Хаан банкны депозит /5553081019/ дансны дэлгэрэнгүй хуулга, хохирлын баримтууд, шүүгдэгч Ц.Дашзэвэгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 1, 4-5, 9-16, 18-20, 25-28, 52-53, 56 хуудас/

Шүүгдэгч Ц.Дашзэвэгийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 69-71 хуудас/

Шүүгдэгч Ц.Дашзэвэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Дашзэвэг нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Халх Тулгат” нэртэй хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 58-79 ӨВЗ улсын дугаартай, цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2 дугаар бүлгийн 2.3в “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Ж.Цэндсүрэнгийн бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:... Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Дашзэвэгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Цэндсүрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өглөө Ц.Дашзэвэгтэй хамт мотоцикльтой гэр рүү явж байтал гэнэт урдуур нохой ороод ирсэн. Тэгээд л унасан гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Цэндсүрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг өнгөрч Дашзэвэгтэй түүний улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикльтой сундлаад тэсэлгээ рүү өгсдөг замаар явж байтал гэнэт урдуур том шар нохой орж ирэхэд нохойг шууд дайраад засмал зам дээр би зүүн чих, зүүн мөр хэсгээрээ унасан. Тэгээд л ухаан алдсан. Гэрч А.Бадамцэцэгийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай ээж Цэндсүрэн, Дашзэвэгтэй хамт мотоцикьтой Арвайхээр сумын 8 дугаар багийн тэсэлгээний шинэ зам дээр явж байхад нь урдуур нь нохой гэнэт орж ирж дайруулаад мотоцикльтойгоо унаж манай ээж Ж.Цэндсүрэн толгойдоо гэмтэл авсан. Гэрч Ш.Цэрэндолгорын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дашзэвэг нэг эмэгтэйг гэрт нь хүргэж өгөх гэж явж байгаад зам дээр нохой гарч ирээд мөргөөд уначихлаа гэж над руу утсаар ярьсан. Гэрч Ө.Бямбасүрэнгийн Дашзэвэг надад хэлэхдээ манай хадам ээж Цэндсүрэнтэй хамт мотоцикльтой захын хойно явж байгаад нохой дайраад унагаасан гэж ярьж байсан. Хадам ээжийн хоёр гар нь гадна хэсгээрээ шалбарчихсан, зүүн чихнээс нь цус гарч байсан. Эмнэлэгт үзүүлээд тархины зургийг нь авахуулахад хэвтэх шаардлагатай гээд эмнэлэгт хэвтсэн. Гэрч Т.Батсайханы Ж.Цэндсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эмнэлэгт хэвтэж 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үзэж эхэлсэн. Үзэхэд биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, хүзүүний булчин 1 см, зүүн чихнээс цус гарсан байдалтай, томографийн зургаар зүүн чамархайн урд хэсэг, зүүн талдаа цус хуралттай байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 310 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 104 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №11/24 дугаартай үнэлгээний тайлан, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч Ц.Дашзэвэгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Дашзэвэгт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Дашзэвэг нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Ж.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Дашзэвэг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд ял оногдуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Дашзэвэгийн №773923 дугаартай “А” “В” “С” ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж,

Шүүгдэгч Ц.Дашзэвэгийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Samsung брэндийн Samsung Galaxy-J1 маркийн, 2 симтэй, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч Ц.Дашзэвэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Цэндсүрэнд эмнэлгийн ор хоногийн болон эм тарианы мөнгө, мөн нэг хонь, 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Тариачин овогт Цэрэндолгорын Дашзэвэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Ц.Дашзэвэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Дашзэвэгт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ц.Дашзэвэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Дашзэвэгийн №773923 дугаартай “А” “В” “С” ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6.Шүүгдэгч Ц.Дашзэвэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Цэндсүрэнд эмнэлгийн ор хоногийн болон эм тарианы мөнгө, мөн нэг хонь, 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ц.Дашзэвэгийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Samsung брэндийн Samsung Galaxy-J1 маркийн, 2 симтэй, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ц.Дашзэвэгт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Дашзэвэгийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг шүүгдэгч Ц.Дашзэвэгт мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Дашзэвэгт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ