Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 116/ШШ2022/0003

 

                 Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                 Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг, Зангиатын 12-04 тоотод оршин суух, Э.Б-ийн нэхэмжлэлтэй,

                 Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан,

               Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Иргэдийн Нийтийн ээлжит Хурлын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 02 тоот тогтоол, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай” багийн иргэдийн Нийтийн Хурлын 05 тоот тогтоол, “Багийн Засаг даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 04 тоот тогтоол, “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” багийн иргэдийн Нийтийн Хурлын 07 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэн даруй дахин хуралдуулахыг Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах, Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг дарга О.А иргэдийн Нийтийн Хурлын өмнө харъяа багийн иргэдэд 10 кг гурил тараасан нь “Авлигын эсрэг хууль”-ийн 4.1-т заасан давуу байдлыг өөртөө үүсгэж, ашиг хонжоо олсныг хуулийн дагуу шийдвэрлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ч.Э , хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Э.Б  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021.12.05-ны едрийн 11 цагаас Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт болсон Хэрлэн сумын 4-р багийн Иргэдийн нийтийн хурлаар

1. Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгох,

2. Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчийг сонгох,

3. Багийн засаг даргыг сонгох тухай 3 асуудлыг хэлэлцэн баталсан.

         1. ИНХурлын дарга сонгох санал тооллогын комиссын 02 тоот тогтоол нь тухайн хурлын тэмдэглэлийн 5 нүүрэнд хурал даргалагч Д.М-ын хэлж тэмдэглүүлснээр Иргэдийн нийтийн хурлын даргад нэр дэвшигч Б.Б162 хүн, Э.Б  147 хүний санал авсан байна гэж хэлсэн нь тэмдэглэгдсэн бөгөөд нийт 309 иргэн саналаа өгсөн байна. Гэвч тухайн хуралд оролцогч багийн иргэд нь хурал эхлэх үед 281 хүн байсан ба тухайн барилгын гаднах бүх хаалгыг хааж /цагдаагийн 2 албан хаагчдаар харгалзуулсан байсан/ хурлыг эхэлсэн нь хурлын тэмдэглэлд үлдсэн. Нийт санал өгсөн иргэдийн тоо нь нийт ирцээс даван 28 иргэний илүү санал гараад байгаа нь хурлын дэгийг зөрчсөн эсвэл тооллогын комисс буруу ажилласан гэж үзэж байна.

           2. Анхнаасаа хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус даргаар удирдуулсан хурал нь Багийн Засаг даргыг сонгогдсонд тооцож Хэрлэн сумын Засаг даргад уламжилсан Багийн иргэдийн нийтийн хурлын тооллогын комиссын 04 тоот тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т заасан заалтыг зөрчиж дээд албан тушаалтанд уламжилсан нь хууль бус юм. Багийн Засаг даргыг сонгох сонгуулиар О.А , Х.М нар нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд О.А 128 иргэний /45.6 хувь/, Х.М 84 иргэний санал /29.9хувь/ авсан байгаа нь дээрх хуулийн 26.2 дахь заалтыг хангаагүй байхад тооллогын комиссын тогтоолыг О.А 70.7 хувь, Х.Мыг 46.4 хувийн санал авсан гэж тогтоолыг буруу гаргасан, мөн иргэдийн Нийтийн Хурлаар Багийн засаг даргад нэр дэвшүүлэх 07 тоот тогтоолыг батлуулахдаа хуулийн шаардлага хангаагүй иргэн О.А-г олонхийн буюу 60.3 хувийн санал авсан гэж тогтоолыг үйлдэн баталсан.

         3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.4-т заасны дагуу багийн иргэдийн нийтийн хурлын даргыг сонгох, тэргүүлэгчдийг сонгох, багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулахыг Хэрлэн сумын Засаг дарга Н.П, 4-р багийн Иргэдийн нийтийн хуралд даалгуулах шаардлагатай байна.

              4. Хэрлэн сумын 4 багийн Засаг дарга О.А иргэдийн Нийтийн Хурлын өмнөх өдрийн орой буюу хурлын тов зарлагдаад, хурлаар яригдах асуудал тодорхой болчихсон байхад тус багийн иргэн Н.Байгальмаагийнд очиж 10кг гурил өгснийг иргэн Н.Байгальмаа олон нийтийн өмнө хэлэхдээ Алтайхүү дарга өмнө нь манайхаар ирж байгаагүй хэрнээ өчигдөр орой манайд ирж 10кг гурил өгсөн тухай, мөн нэр дэвшигч тайлбар хийхдээ би кармаанаасаа мөнгө гаргаад тухайн иргэнд тусалсан нь авлига биш биздээ , би тэгж бодохгүй байна гэж хурлын индэр дээрээс олон нийтэд маш тод чангаар хэлж байсан, мөн иргэн Э.Б  миний бие хурлын зааланд энэ талаар хэлсэн үг ч гэсэн хурлын тэмдэглэлд үлдсэн байна. Дээрх үйлдлүүд нь Авлигын тухай хуульд зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэхээр байна. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Иргэдийн нийтийн ээлжит хурлын 2021 оны 12 дугаар сарын 05-ны 4, 5, 7 дугаар тогтоол, тооллогын комиссын 2, 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэн даруй дахин хуралдуулахыг Хэрлэн сумын иргэдийн Нийтийн Хуралд даалгах, ...багийн Засаг даргын ашиг хонжоо олсныг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2, 5, 4, 7 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, дахин хуралдахыг иргэдийн Нийтийн Хуралд даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хуучин багийн Засаг дарга Алтайхүү нь нийт 4 дүгээр багийн иргэдэд гурил тараасан үйлдэл гаргасан. Энэ нь өөрт байгаа эрх хэмжээг өөрт ашигтайгаар ашиглаж хахууль өгсөн үйлдэл гаргасан тул тус сонгуулийг хүчингүй болгуулах шаардлагыг тус тус гаргасан байна. Шан харамж тараасан үйлдэл нь хууль зүйн хувьд хүчингүй болгох боломжийг үүсгэж байна гэж үзсэн. Хавтаст хэргээс харахад яг хэдэн иргэн санал өгсөн нь тодорхой бус байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд яг 281 иргэнийг зааланд оруулж хаалгыг хаасан. Ингээд цагдаагийн албан хаагч манасан байдаг. Гэтэл 281 иргэнээс илүү тооны санал өгсөн байгаа нь харагддаг. Хаанаас 28 иргэн гарч ирж хаалттай зааланд орж ирж санал өгсөн нь тодорхой бус байна. Тооллого, ирц нь зөрүүтэй байна. Тооллогын комисс үндэслэлгүйгээр тоог нэмсэн байх боломжтой байна. Гэхдээ өөрийнх нь сонгогдсон ирц дээр 309 иргэний санал хүргэгдсэн байгаа. Нэхэмжлэгчийн гаргаж хэлсэн 281 хүн гэдэг нь зөв байна гэж харж байна. 69 хүн ямар үндэслэлээр санал өгөөгүй вэ? Эсвэл заалыг орхиж гарсан эсэх нь тодорхой бус байна. Уг нь тэмдэглэлд тусгагдах ёстой байдаг. Зөвшөөрөлгүй гарсан эсэх, хуралдааныг орхиж гарсан эсэх нь тодорхой бус байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан заалтыг мөрдөхгүй байна. 50 хувиас дээш хувийн санал авч байж сонгогдох талаар дээрх хуульд заасан, тооллогын комиссын хувьд 70.7 хувийн санал хураалт тоологдсон гэж тайлагнасан, мөн Алтайхүүг Засаг даргад уламжилсан дүн дээр 60.3 хувь гэдэг тоог дурдсан байна. Энэ тоон үзлэгийг яг хэдэн хүнээс тоолж байгаа нь тодорхой бус байна. Хоорондоо илэрхий зөрүүтэй байна. Гадагш чиглэсэн захиргааны актын ирцтэй холбоотой ийм маргаантай байгаа тул шийдвэр ч гэсэн хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Тоо хэмжээг өөрийн санал хураалтад илэрхий нэмэгдүүлсэн байх боломжтой гэж хардаж байна. Энэ хүмүүсийн хувьд тухайн үед тус тусын албан тушаалд алба хашиж байсан. Энэ эрхээ урвуулан ашигласан байх боломжтой байна. Бусдад мөн шан харамж тарааж өөртөө давуу байдал бий болгож байна. Энэ бүхнээс хамаарч дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Авилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан байна. Энэ талаар баримт хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв. 

             Хариуцагч Б.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Б ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Холбогдох зүйл заатын дагуу хариу тайлбарыг хүргүүлсэн. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг сонслоо. 2021.12.05-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдааны товыг урьдчилж иргэдэд мэдэгдэж товлосон цагтаа эхэлсэн. Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчийн томилох, багийн Засаг даргыг сонгож уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн. Миний хувьд урьд нь тухай багийн иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсан. Багийн ажлын алба, багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор тухайн хурлын зохион байгуулалт, тооллогын комисс зэргийг баталж шийдвэрлэсэн. Эхний асуудал нь багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг томилох асуудал байсан. Миний хувьд энэ сонгуульд оролцох хүсэлтэй байсан тул тайзнаас буусан. М гэж иргэнийг олонхийн саналаар даргалагчаар томилсон. Ингээд Баатарсүх бид хоёр нэрсээ хүргүүлсэн. Энэ хуралдааныг ерөнхийдөө М гэх хүн даргалж явсан. Мын хувьд тооллогын комиссын тоог иргэдэд индэр дээрээс танилцуулсан. Саналыг нь иргэд хүлээн зөвшөөрч томилсон байгаа. Хүн тус бүр дэмжсэн, дэмжээгүй гэдэг саналыг өгнө. Ингэхдээ нэг иргэн нэг л санал өгнө гэдгийг сануулж хэлсэн. Иргэдээс санал өгсөн тоо нь 309 гэж бүртгэгдсэн байсан. Анх тооллогын комиссоос гарсан тоог М иргэдэд танилцуулсан. Иргэдээс сонгогдсон этгээд л хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Анх нийт 281 иргэн хуралдаанд оролцож байгааг танилцуулж хэлж байсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох ажиллагаанд иргэдийн дунд маргаан үүсгэх зүйл болоогүй. Хоёр иргэнээс илүү тооны саналтай иргэнийг томилсон талаар танилцуулж, би Баатарсүхтэй гар барьж хэдэн үг сольсон. Үүний дараа багийн Засаг даргыг сонгох ажиллагаа эхэлсэн. Энэ үед маргаан үүсэх нь ихэссэн. Суудал дээр санал өгөх эрхтэй 13 хүн байхад тухайн эгнээнээс нийт 54 иргэний санал хүртэл тоологдсон байгаа. Энэ мэтчилэн асуудал үүсч эхэлсэн. Ирцтэй холбоотой маргаан хүртэл үүссэн. Зарим иргэд заалнаас гарах саналыг гаргаж, уриалан хэд хэдэн иргэд заалыг орхиж гарч байсан. Зарим иргэдийн өөрсдийнх нь өгсөн иргэн сонгогдох, эс сонгогдохоос шалтгаалж маргаан үүсгэж эхэлсэн. О.А , М нар багийн Засаг даргад нэр дэвшсэн. О.А д 128 иргэн, Мд 84 иргэн саналаа өгсөн. Миний хувьд иргэдийн Нийтийн Хурлын тогтоолын дагуу л ажиллагаа явуулсан. Засаг даргад санал өгөх үед иргэдийн зарим хэсэг нь гарсан байсан. Засаг даргын сонгууль 212 иргэн санал өгсөн. О.А нь 61.3 хувийн саналаар тэргүүлсэн байдаг. Хэрлэн сумын Засаг даргад О.А-г Засаг даргаар томилуулах тогтоолыг хүргүүлсэн байна. Мөн О.А-г өөртөө давуу эрх үүсгэсэн, албан тушаалаа ашигласан, гурил тараасан гэж хэлж байна. Би энэ асуудлыг хуралдааны үеэр сонссон. Тэмдэглэлд ч гэсэн тусгагдсан байх гэж бодож байна. Багийн Засаг даргыг сонгох сонгуулийн явцыг нууцаар хураадаг. Нийт хуралдаанд ирсэн иргэдээс санал авсан байгаа. Ингээд “ил” санал хураалт явуулахыг зөвшөөрсөн. Яагаад тэмдэглэлд тусгаагүй байгааг би сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол тухайн өдөр санал хураалт “ил” явагдсан байгаа шүү гэдгийг анхааруулж хэлэхийг хүсч байна. Би тооллогын комиссын тоог үндэслэж батлуулсан. Тухайн хуралдаанд оролцогч иргэдийн эрх, ашгийг хамгаалж оролцож байгаа хуралдаан юм. Хэн нэгэнд юм уу өөртөө давуу эрх олгосон зүйл байхгүй. Миний гаргасан тогтоолууд нь багийн иргэдийн саналыг үндэслэсэн байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч Э.Б  нь тус шүүхэд “Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Иргэдийн нийтийн ээлжит хурлын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 02 тоот тогтоол, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай” багийн иргэдийн Нийтийн Хурлын 05 тоот тогтоол, “Багийн Засаг даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 04 тоот тогтоол, “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” багийн иргэдийн Нийтийн Хурлын 07 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэн даруй дахин хуралдуулахыг Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах, Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг дарга О.А иргэдийн Нийтийн Хурлын өмнө харъяа багийн иргэдэд 10 кг гурил тараасан нь “Авлигын эсрэг хууль”-ийн 4.1-т заасан давуу байдлыг өөртөө үүсгэж, ашиг хонжоо олсныг хуулийн дагуу шийдвэрлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ[1].

               1.Маргаан бүхий Захиргааны акт болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Иргэдийн нийтийн ээлжит хурлын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 02 тоот тогтоол[2], “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай” багийн иргэдийн Нийтийн Хурлын 05 тоот тогтоолын[3] тухайд:

                   Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болж хуралдаанд анх 281 иргэн оролцжээ.

                Тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад Борын Бат-Эрдэнэ, Эрдэнэчимэгийн Баатарсүх нар өрсөлдсөн бөгөөд санал хураалтыг илээр явуулахад Б.Б162, Э.Б  147 хүний санал авсан гэж хурлын тэмдэглэлд тусгагдсан бөгөөд тооллогын комиссын дарга Б.Э“ ...10, 11 эгнээнийхэн Э.Б  нэр дэвшигч дээр санал өгч байгаа хүмүүс дахин гараа өргөнө үү, 30 гаран хүн суучихаад 50 гаран хүн санал өгөөд байна” гээд тоолоход Э.Б  102 хүний санал авсан нь хурлын тэмдэглэлээр[4] нотлогдож байна.

                Дээрхи санал хураалтын дүнг үндэслэж Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай тооллогын комиссын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг баталж, Б.Б162 хүний санал буюу 55.6 хувь, Э.Б  102 хүний санал буюу 35 хувийн санал авч, олонхийн санал авсан нэр дэвшигч Б.Б-г тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг зөрчөөгүй байна.

               Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэх заалтыг үндэслэн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас хуралдааныхаа дэгийг тогтоож[5] дэгийн 16.1-д “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгохдоо ...хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэх заалтын дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад өрсөлдөж олонхийн санал авсан нэр дэвшигч Б.Б-г тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгосон Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Иргэдийн Нийтийн ээлжит Хурлын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 02 тоот тогтоол, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай” багийн иргэдийн Нийтийн Хурлын 05 тоот тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

                2. Маргаан бүхий Захиргааны акт болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Иргэдийн нийтийн ээлжит хурлын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Багийн Засаг даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 04 тоот тогтоол[6], “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” багийн иргэдийн Нийтийн Хурлын 07 тоот тогтоолын[7] тухайдДорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргад О.А , Х.М нар нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд санал хураалт илээр явагдахад 0.Алтайхүү 128 хүний санал, Х.М 84 хүний саналыг тус тус авсан  бөгөөд олонхийн санал авсан нэр дэвшигч О.А-г багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын 4 багийн иргэдийн Нийтийн Хурлын 07 дугаартай тогтоолыг гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-тБаг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

                 Харин 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Багийн Засаг даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” 04 дүгээр тогтоолд нэр дэвшигч О.А 128 хүний санал буюу 70.7 хувь, Х.М 84 хүний санал буюу 46.4 хувь, мөн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 07 дугаар тогтоолд ...иргэдийн олонхийн буюу 60.3 хувийн санал авсан О.А-гбагийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоолыг гаргасан байх бөгөөд нэр дэвшигч нарын авсан саналын тоонд зөрүү байхгүй, зөвхөн дээрхи 2 тогтоолд хувийг бодохдоо зөрүүтэй гаргасан, хурал орхиж гарсан иргэдийг хурлын тэмдэглэлд тусгаагүй  нь тооллогын комисс, багийн ажлын албаны зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой болохоос Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгууль, тус багийн Хурлын дарга, Засаг даргыг сонгосон тогтоолуудыг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгч Э.Б  нь Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдөөгүй, тус багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн Х.М нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй.

                 3. Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Иргэдийн Нийтийн ээлжит Хурлын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 02 тоот тогтоол, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай” багийн иргэдийн Нийтийн Хурлын 05 тоот тогтоол, “Багийн Засаг даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 04 тоот тогтоол, “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” багийн иргэдийн Нийтийн Хурлын 07 тоот тогтоолууд нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй нь дээрхи үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах боломжгүй.

               4. Нэхэмжлэгч нь Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг дарга О.А иргэдийн Нийтийн Хурлын өмнө харъяа багийн иргэдэд 10 кг гурил тараасан нь “Авлигын эсрэг хууль”-ийн 4.1-т заасан давуу байдлыг өөртөө үүсгэж, ашиг хонжоо олсныг хуулийн дагуу шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь тус шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш бөгөөд дээрхи асуудлыг шалгах эрх бүхий холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

                  Иймд нэхэмжлэгч Э.Б ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

                 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Э.Б ийн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 02 тоот тогтоол, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай” багийн иргэдийн Нийтийн Хурлын 05 тоот тогтоол, “Багийн Засаг даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” тооллогын комиссын 04 тоот тогтоол, “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” багийн иргэдийн Нийтийн Хурлын 07 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэн даруй дахин хуралдуулахыг Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах, Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг дарга О.А иргэдийн Нийтийн Хурлын өмнө харъяа багийн иргэдэд 10 кг гурил тараасан нь “Авлигын эсрэг хууль”-ийн 4.1-т заасан давуу байдлыг өөртөө үүсгэж, ашиг хонжоо олсныг хуулийн дагуу шийдвэрлүүлэхшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

                  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  5  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-3-р хуудас

[2] Хавтаст хэргийн 21-р хуудас

[3] Хавтаст хэргийн 17-р хуудас

[4] Хавтаст хэргийн 7-р хуудас

[5] Хавтаст хэргийн 15-р хуудас

[6] Хавтаст хэргийн 16-р хуудас

[7] Хавтаст хэргийн 19-р хуудас