Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01462

 

 

 

 

 

 

 

 

 

2021 12 02 001/ХТ2021/01462

 

 

 

Д.Жавзан-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00179 дүгээр шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр магадлалтай,

 

Д.Жавзан-Эрдэнийн нэхэмжлэлтэй

*******т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 7,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би *******, ******* нарын хүсэлтээр 8 хувийн хүүтэйгээр сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 5,700,000 төгрөгийг 2019.10.26-ны өдөр О.Октябрийн ХААН банк ХХК-ийн 5111013780 данс руу өөрийнхөө 5093076791 гэсэн данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгө авсан өдрөө цехдээ миний мөнгөөр 4 том хөргөгч авсан. Түүнээс хойш 40 хоног хэтэрсэн. Одоо хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Өдөр болгон залгахад ерөөсөө утсаа авдаггүй. Аргаа бараад өөр дугаараас залгахад шууд авна. Өөдөөс аймаар уурлана. Намайг арай залилж байна. Хэлэх хэлэхгүй үгээр доромжилно. Би их гомдолтой байна. Иймд Октябриас үндсэн зээлийн төлбөр дээр 8 хувийн хэтэрсэн хоногоор бодуулж гаргаж өгнө үү. Нийт 7,180,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Жавзан-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь зөвшөөрч зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгч ******* надаас үндсэн зээлд 5,700,000 төгрөг, зээлийн хүү 8 хувиар тооцож /7,180,000-5,700,000=1,480,000 төгрөг/ 1,480,000 төгрөгийн хүү тооцжээ. Би 2019.11.16-ны өдөр нэхэмжлэгчээс 4,500,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдэж авсан учир би үндсэн зээлд 4,500,000 төгрөг, зээлийн хүүд /4,500,000х8%=360,000 төгрөг/ 360.000 төгрөг нийт 4,860,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгч буузны цех дээрээс 4 уут 20кг бууз, 7 уут 35 кг банш, нийт 55 кг бууз, баншны үнэ /55кг х 6,500 төгрөг=357,500 төгрөг/ 357,500 төгрөгийн хүү төлсөн учир хүүгийн үлдэгдэл 2,500 төгрөг нийт 4,502,500 төгрөг төлнө. Харин 2019.10 дугаар сард *******т өгсөн гэх 1,200,000 төгрөгийг, мөн хүү гэж илүү нэхэж байгаа 280,000 төгрөг нийт 1,480,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас 1,480,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00179 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.Октябриас 5,832,000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,348,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,678 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Октябриас 108,262 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00179 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,262 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хохироолоо гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Д.Жавзан-Эрдэнийн нэхэмжлэлтэй О.Октябриас зээлийн төлбөрт 7,180,000 төгрөг гаргуулан авахаар шаардлага гаргасан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хоёр талын 2019.10.16-ны өдрийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-дэх хэсэгт: Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ мөн хуулийн 40-р зүйлийн 40.2-т: Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн байхад хуульд нийцүүлж үнэлсэнгүй. Хоёр талын зээлийн гэрээн дээр 5,700,000 төгрөгийн зээлийг хариуцагч *******т зээлдүүлсэн гэж байгаа боловч 4,500,000 төгрөгийг хариуцагчийн дансанд хийсэн болох нь нотлогдсоор байтал шүүх үндсэн зээл, зээлийн хүүд 360,000 төгрөг, алдангид 972,000 төгрөг нийт 5,832,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн явдал нь хууль зөрчжээ. ҮНДЭСЛЭЛ НЬ: Хавтаст хэрэгт 2019.10.16-ны өдрийн 5,700,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 8%-ийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоногт 0.5%-ийн алданги тооцохоор гэрээ байгаа хэдий ч хариуцагч *******т 2019.10.16-ны өдөр 4,500,000 төгрөг өгсөн атлаа 5,700,000 төгрөг өгсөн гэж гэрээ хийсэн нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ. Гэрээ хүчин төгөлдөр бус байхад шүүх хүү, алданги тооцоод байгаа нь буруу учир 1,332,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч О.Октябриас 4,500,000 төгрөг гаргуулж гэж, 1,332,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэр, магадлалд тус тус оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагч О.Октябриас зээл, хүү, алдангид нийт 7,180,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Жавзан-Эрдэнийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2019.10.16-ны өдөр байгуулагдсан 5,700,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон зээлийн бичгийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон байна.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******эс 4,500,000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй зээлж авснаа маргаагүй, харин тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хариуцагчийн эхнэр *******ийн нэхэмжлэгчээс өмнө нь зээлсэн 1,200,000 төгрөгийг нэмж нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн 337,500 төгрөгийн үнэ бүхий бууз, банш авсныг зээлийн төлбөрөөс хасч тооцуулна гэж маргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх хариуцагчаас үндсэн зээл 4,500,000 төгрөг, нэг сарын хүү 360,000 төгрөг, алдангид 972,000 төгрөг, нийт 5,832,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ...зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасан ...талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх зохицуулалтыг тус тус зөрчөөгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэгч нь 4,500,000 төгрөг өгсөн атлаа зээлийн гэрээнд 5,700,000 төгрөг өгсөн гэж гэрээ хийсэн нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус тул хүү, алданги гаргуулсныг зөвшөөрөхгүй гэсэн байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлүүдийг тодорхойлон заасан бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээг агуулга болон хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр бус гэх нөхцөл тогтоогдоогүй байна.

 

Тухайлбал, зохигч зээлийн гэрээг хүсэл зоригийн илэрхийллийн дагуу байгуулсан, хариуцагч ******* нь гэрээний нөхцөл буюу 4,500,000 төгрөгийн зээлийн хэмжээ, уг мөнгийг төлөх хугацаа, гэрээгээр тохирсон хүү, алдангийн тохиролцоог үгүйсгээгүй, гэрээнд *******ийн *******эс зээлсэн 1,200,000 төгрөгийг нэмж оруулсан талаар зохигч маргаагүй тул шүүх эдгээр байдлыг харгалзан зээлийн үндсэн төлбөр 4,500,000 төгрөгийн хэмжээнд хүү болон хугацаа хэтрүүлсний нэмэлт үүрэг алдангийг тооцож дүгнэлт хийсэн нь хууль зөрчихгүй юм.

 

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00179 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.13-ны өдөр төлсөн 36,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Б.МӨНХТУЯА

 

Х.СОНИНБАЯР