Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/125

 

 

 

 

                                   2021/ШЦТ/125

 

 

                                                                                                        

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: А.Н  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нх овогт Аийн Нт холбогдох эрүүгийн 2112000000137 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ............... гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 1 хоног баривчлах ялаар шийтгүүлж, Архангай аймгийн эрүү, иргэн, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дугаартай магадлалаар ялыг хэвээр үлдээсэн, Нявх овогт Аийн Н/РД:АИ............../

 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Шүүгдэгч Аийн Н нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгой багийн нутаг сумын төвийн хойно 3-4 километрийн зайтай байрлах өөрийн гэрийн гадна “ямаа хулгай хийлээ” гэх шалтгаанаар Б.Пын толгой хэсэгт нь чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд толгойн оройн хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 *Эрүүгийн 2112000000137 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 *Хохирогч Б.Пын өгсөн:

“...2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 18:00 цагийн орчимд Төвшрүүлэх сумын төв орж хоол идээд эргээд хөдөө байдаг гэртээ ирсэн. Манай хөдөө байдаг гэр сумын төвөөс ойрхон 3-4 км зайтай байдаг. Манай хөдөө байдаг гэрийн хажууд саахалт айл А.Нынх байдаг. Намайг хөдөө очоод гэрийн гадаа мотоциклоо засах гээд сууж байхад А.Н ах гэрээсээ гарч ирээд надад хандаж “Чи намайг доромжлоод байна уу ?, манайхаас ямаа алга болчихлоо чи манай ямааг ачуулсан уу ?, хулгай хийсэн үү ?” гээд гутлын түрийнээсээ бор өнгийн иштэй урт хутга гаргаж ирээд над руу дайраад “Чамайг ална” гээд байсан, би явган зугтаад уулын энгэр дээр гарсан миний араас чулуу шидээд толгой руу оносон. Удалгүй А.Н мотоциклоо унаж миний араас ирээд газраас чулуу аваад тэр чулуугаа барьж байгаад миний толгой руу 2-3 удаа цохиод дараа нь миний өмсөж  явсан куртикны захаар миний хоолойг боосон, би ухаан алдах гээд байхаар нь А.Нын гарыг нь тавиулаад байж байхад тэдний эхнэр хоёр дүү нь ирээд бид хоёрыг салгасан. Ямар шалтгаанаар намайг цохиж зодсон гэдгийг сайн мэдэхгүй байна, тэдний ямаа алга болоод уурандаа намайг авсан гэж бодсон юм шиг байсан. Миний толгой руу газраас чулуу аваад гартаа атгаж байгаад 2-3 удаа цохисон мөн газраас 1 удаа чулуу авч шидээд миний толгой руу оносон, бас миний хоолойг куртикны захаар боосон өөр байдлаар цохиж зодоогүй. Тухайн үед А.Нын эхнэр байсан Ука гэж дууддаг, мөн А.Нын дүү Б.Н, Наака нар байсан би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. А.Нын гаргаж ирсэн хутга бор өнгийн модон иштэй хутга байсан, дунд зэрэг урттай 15-20 см урттай байсан байх тухайн хутгаараа намайг гэмтээгээгүй би зугтаад явчихсан. Араас мотоциклтой ирэхдээ хутга гаргаж ирээгүй. Миний толгой хагарсан эмнэлэгт үзүүлж 2 оёдол тавиулсан, одоо толгой өвдөж хагарсан шарх нь хорсож байна. Би огт тэр хүнд гар хүрээгүй. Би гомдолтой байна А.Н ахад хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/

 

*Хохирогч Б.Пын дахин өгсөн:

“...А.Н ах газраас чулуу аваад гартаа барьж байгаад миний толгой руу 2 удаа цохихдоо язарсан шарх гэмтлийг учруулсан. А.Н ахын шидсэн чулуу миний толгойны ар дагз хэсэгт оносон, тухайн үедээ өвдөж байсан боловч ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Бага зэрэг цус болсон байхаар нь би тухайн үед өмсөж байсан цамцаа гэрийн хогтойгоо хамт шатаачихсан одоо байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/

 

*Гэрч П.Бийн өгсөн:

“...Би тухайн өдөр гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан, оройны хоол бэлдэх гээд байж байх үеэр гаднаас манай нөхөр А.Н орж ирээд түлээний хайрцагнаас гишүү аваад гараад явсан үүнээс цааш гадаа юу болсон талаар би мэдээгүй. Дараа нь манай хоёр дүү Б.Н, Б нар аниа “Б.Пыг А.Н ах цохисон байна” гэж хэлсэн. Тэгээд Б.П А.Н хоёрыг маргалдсан талаар би мэдсэн. Би А.Наас юу болсон юм бэ гээд асуухад надад юм яриагүй тэгэхээр нь би эд нарын дунд оролцоод яах вэ гээд орхисон. Манай хоёр дүү Б.Н, Б нар байсан, Б.П хажууд гэртээ байсан өөр хүн байгаагүй. Би хоолоо хийж дуусаад гэрээс гараад та хэд хоолоо ид гэж хэлтэл манай хоёр дүү Б.Н, Б нар аниа сая А.Н ах Б.Пыг цохисон, зодсон зүйл боллоо гэхээр нь би хоорондоо маргалдсан юм байна гэж ойлгосон өөр байдлаар надад мэдсэн зүйл байхгүй. Айл хөрш олон жил болж байгаа хоорондоо муудалцаж, маргалддаггүй байсан. Гэрт байхдаа тэд нар зүгээр байсан гадаа л маргалдсан. Би хутга барьж Б.Птай маргалдсан гэдгийг хараагүй би гэртээ байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй гэрч Б.Нын өгсөн:

“...Би тухайн үед хэрэг гарах үеэр гэртээ унтаж байгаад гэрээс гарч ирсэн. Намайг гарч ирэхэд Б.П, А.Н ах хоёр юм яриад урд уулын энгэр дээр сууж байсан. Быг түлээний мод хагалж байхаар нь би очоод хамт мод хагалж байсан удалгүй Б.П, А.Н хоёр босч ирээд барьцалдаж аваад хэрэлдээд байхаар нь Б бид хоёр очоод салгая гэж бодоод тэр хоёрыг чиглээд алхсан. Б бид хоёр алхаж очоод А.Н, Б.П хоёрыг салгаж байхад Б.Пын толгойноос цус гарч байсан бас өмсөж байсан ногоон өнгийн цамц нь цус болсон байсан. Бид хоёр сайн дийлэхгүй байсан болохоор тэр хоёрыг удаан салгасан. Дараа нь Б.П ах мотоциклоо унаад толгойгоо эмнэлэгт үзүүлнэ гээд яваад өгсөн өөр зүйл болоогүй. Яг хэзээ нь хэрхэн яаж А.Н ах Б.Пын толгойг цохиж хагалсан гэдгийг би хараагүй ямар ч байсан бид хоёрыг очиход Б.П та яагаад чулуугаар хүний толгой руу цохиж байгаа юм бэ гээд А.Нтай хэрэлдэж байсан. Манай хоёр дүү, А.Н ах, мөн түүний эхнэр П.Б байсан, Баасандорж байсан өөр хүн байгаагүй. Би гэрт унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна уулан дээр барьцалдаж авахад нь би сэрээд очсон. Намайг очоод харахад ямар ч байсан А.Н ах Б.Пын толгойг цохиод цус гарсан байсан. Би хутга барьсан байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/

 

*Яллагдагч А.Нын өгсөн:

  “...Улсаас цалин тэтгэвэр, тэтгэмж авдаггүй малаараа орлого олдог одоо хонь, ямаа, үхэр, адуу нийлсэн 170 гаран тооны малтай өөр орлогын эх үүсвэр байхгүй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж байгаа гэдгээ ойлгосон прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдрийн өмнө нь буюу 05 дугаар сарын эхээр манай хониноос 6 тооны ямаа алга болчихсон. Тэгэхээр нь би Б.Пыг хулгай хийсэн байж магадгүй гэж бодоод бага зэрэг үг хаяад муу хулгайч минь битгий хулгай хийгээд байгаарай гээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Үүнээс болж Б.П уурлаж намайг элдвээр хэлээд байхаар нь чи ахмад хүнээс үг дуугүй сонсчихгүй өөдөөс хэрүүл хийгээд, би чамайг хулгай хийсэн гээд уурандаа л хэлчихлээ гэхэд Б.П уурлаад байхаар нь бид хоёр үргэлжлүүлээд муудалцсан. Би тэгээд Б.Пын толгой руу хойноос нь чулуу шидээд дараа нь очиж барьж аваад газраас чулуу аваад Б.Пын толгой руу 2 удаа цохисон юм энэ миний буруу. Уг нь бид хоёр айл саахалт олон жил амьдарч байгаа учраа олоод маргалдахаа больж болох байсан манайхаас яасан нь мэдэгдэхгүй ямаа алга болчихоор нь би Б.Пыг уурандаа элдвээр хэлчихсэн юм. Б.Пын гэр манай хажууд айл саахалт шахуу байдаг бид нар нэг нэгнийгээ сайн мэдэх хүмүүс. Миний эхлээд шидсэн чулуу Б.Пын толгойны ард оносон жижигхэн чулуу аваад шидчихсэн чинь оночихсон юм уг нь Б.Пыг оноё гэж бодож шидээгүй юм. Харин гартаа барьж байгаад Б.Пын толгой хэсэг газарт 2 удаа цохисон чулуу нь гарт атгагдахаар жижигхэн хэмжээтэй эрхий хурууны дайтай чулуу байсан. Баруун гартаа жижигхэн чулуу атгаж байгаад, их далайгаагүй ойрхноос цохисон. Би сайн санахгүй байна газар байсан 1 чулуу байсан. Би Пын биед учирсан энэ гэмтлийг учруулсан. Газраас чулуу аваад гартаа барьж байгаад Б.Пын толгой хэсэг газарт 2 удаа цохиж учруулсан. Би Б.Птай уулзсан мөн түүнд учирсан гомдлыг бүрэн барагдуулсан эмчилгээндээ хэрэглээрэй гээд 100.000 төгрөг өгсөн. Бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би чулуугаар Б.Пыг цохисон намайг Б.П цохиогүй мөн тухайн үед өөр байдлаар маргалдсан, хэрэлдсэн, зодолдсон зүйл болоогүй. Би түрхэн зуурын уурнаасаа болоод Б.Птай ам мурийгаад таарамжгүй харилцсанаас болоод би Б.Пыг цохисон. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна өөрийн гэм бурууг ойлгож байна, хохирогч Б.Птай уулзаж ярилцан түүнд учирсан хохирол гомдлыг мөн барагдуулсан байгаа. Би Б.Паас уучлалт гуйж хоорондоо ойлголцсон, одоо өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..” гэх мэдүүлэг/хх-ийн 43-46 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 156 дугаартай“...Б.Пын биед толгойн орой хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Толгой орой хэсэгт 2 ширхэг язарсан шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгой багийн нутагт иргэн Б.П нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.Н үйлдсэн болох нь хохирогч Б.Пын”...А.Н ах гэрээсээ гарч ирээд надад хандаж “Чи намайг доромжлоод байна уу ?, манайхаас ямаа алга болчихлоо чи манай ямааг ачуулсан уу ?, хулгай хийсэн үү ?” гээд гутлын түрийнээсээ бор өнгийн иштэй урт хутга гаргаж ирээд над руу дайраад “Чамайг ална” гээд байсан, би явган зугтаад уулын энгэр дээр гарсан миний араас чулуу шидээд толгой руу оносон. Удалгүй А.Н мотоциклоо унаж миний араас ирээд газраас чулуу аваад тэр чулуугаа барьж байгаад миний толгой руу 2-3 удаа цохиод дараа нь миний өмсөж  явсан куртикны захаар миний хоолойг боосон, би ухаан алдах гээд байхаар нь А.Нын гарыг нь тавиулаад байж байхад тэдний эхнэр хоёр дүү нь ирээд бид хоёрыг салгасан. Миний толгой руу газраас чулуу аваад гартаа атгаж байгаад 2-3 удаа цохисон мөн газраас 1 удаа чулуу авч шидээд миний толгой руу оносон...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Нын”...Б.П, А.Н хоёр босож ирээд барьцалдаж аваад хэрэлдээд байхаар нь Б бид хоёр очоод салгая гэж бодоод тэр хоёрыг чиглээд алхсан. Б бид хоёр алхаж очоод А.Н, Б.П хоёрыг салгаж байхад Б.Пын толгойноос цус гарч байсан бас өмсөж байсан ногоон өнгийн цамц нь цус болсон байсан. Бид хоёр сайн дийлэхгүй байсан болохоор тэр хоёрыг удаан салгасан. Дараа нь Б.П ах мотоциклоо унаад толгойгоо эмнэлэгт үзүүлнэ гээд яваад өгсөн өөр зүйл болоогүй. Яг хэзээ нь хэрхэн яаж А.Н ах Б.Пын толгойг цохиж хагалсан гэдгийг би хараагүй ямар ч байсан бид хоёрыг очиход Б.П та яагаад чулуугаар хүний толгой руу цохиж байгаа юм бэ гээд А.Нтай хэрэлдэж байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч А.Нын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 156 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч А.Нын биед толгойн орой хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Нын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.П нь хохирол төлбөрөө авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч А.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Н нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч А.Н нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч А.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Нт эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

          1.  Шүүгдэгч Н овогт Аийн Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ныг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР