Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/124

 

 

 

 

 

                                   2021/ШЦТ/124

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч: Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч овогт Чын Бт холбогдох эрүүгийн 2112000000140 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1960 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, эрэгтэй, 61 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................ аймгийн................. ...сумын ..................... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ч овогт Чын Б/РД:АЗ............/

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ч.Б нь .................. аймгийн ............... сумын .............багийн нутаг дэвсгэр, ............... гэх газарт 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн төрсөн эгч Ч.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь духны баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2112.................... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ч.Цын өгсөн:

“...Тухайн өдөр би гэртээ байж байгаад гадаа хүүхэд дугарах шиг болохоор нь гараад ирэх үед манай дүүгийн хүүхдийн хүүхэд болох охин нь гүйгээд ирсэн, би тэр охиныг нь өхөөрдөөд байж байхад тэр охин надад 1 ширхэг тамхи өгсөн, тэгсэн араас нь манай дүү Ч.Б гарч ирээд хүүхэд саатуулж байхад замаас нь юмыг нь авчих юм хулгайч чинь гэж хэлсэн. Тэгээд би гэртээ орж ирээд сууж байгаад гэнэт намайг яагаад хулгайч гэдэг юм гэж бодоод дүү Ч.Бынд ороод би чиний юуг хулгай хийсэн юм, чи яагаад намайг алхам дутамд хулгайч гээд байгаа юм гэж хэлсэн. Би хулгайч гэж хэлээгүй шүү дээ гэж надад хэлсэн. Би хулгайч гэж хэлэхийг нь сайн сонссон. Ч.Б нь над руу модон сандал авч шидсэн, шидсэн сандал нь миний толгойн хэсэгт цохисон санагдаж байна. Миний уур хүрээд тэр сандлыг нь буцаагаад дүү Ч.Б руу шидсэн санагдаад байна. Миний уур хүрээд зүрх муу болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Миний толгой шилэн хүзүү өвдөөд дүү Ч.Бт хандан чи намайг зодоод байхдаа яахав дээ гэж уйлж байгаад гэртээ орсон. Ч.Бын ач охин нь манай гадаа дугараад манай гадаа ач охин нь зогсож байсан, би өхөөрдөөд байж байхад ач охин нь нэг ширхэг тамхи өгсөн. Би аваад байж байхад дүү Ч.Б нь өө хүүхэд саатуулж байхад замаас нь юмыг нь аваад байх юм хулгайч чинь гэж надад хандаж хэлсэн. Би ач охиндоо 1 ширхэг тамхи өгч явуулж саатуулж байгааг ойлгоогүй. Ач охиныг аав, ээж нь явчихаад саатуулж байсан юм байна лээ. Тухайн үед манай хүү байхгүй байсан болохоор ач охин тамхийг надад өгсөн юм байна лээ. Намайг хулгайч гэж хэлсэнд нь гомдоод би Ч.Бын гэрт нь орж чи намайг хулгайч гэлээ гэж хэлээд хэрүүл маргаан болсон. Намайг аравчтай зузаан модон сандлаар толгойн хэсэгт 1 удаа цохисон, эхлээд над руу зөөлөн шидсэн, би зөрүүлээд шидсэн санагдаж байна. Тэгээд Ч.Б нь над руу хүчтэй авч шидсэн санагдаж байна. 2 дахь шидэлтээр миний толгой цээж хэсэгт 1 удаа цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Ч.Бын эхнэр Цээсүрэн нь ямарч байсан нөхөртөө хандаж чи хүн аллаа ш дээ гараад яваад өгөөч гэж байсан нь санагдаж байна. Намайг цохиж зодсоны дараа нь би ширээн дээр байсан шанага авч шидсэн Ч.Бын хаана нь цохсоныг хараагүй. Эхлээд сандал шидэхэд оноогүй санагдаад байна. Би эгчийн хувьд хэдэн үг хэлэх гэж гэрт нь орсон, бас гомдоод орсон. Намайг гэрт нь ороход манай дүү Ч.Б, түүний эхнэр Цээсүрэн нар нь байсан, өөр хүн байгаагүй. Бид хоёр муудалцаад Ч.Б нь намайг цохиж зодох үед хэн ч салгаагүй. Цээсүрэн нь Ч.Бт хандан чи хүн алчихлаа гэж хэлж байсан. Манай төрсөн эгч Чанцалдулам, Ч.Бын манай 3 гэр хамт байдаг. Манай эгч Чанцалдулам нь 70 гарсан хөгшин хүн байдаг. Миний толгойн духны хэсэгт хавдсан, баруун талын хөхний дээд талд хөхөрч хүрэн өнгөтэй болсон байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, би гомдол санал гаргахгүй. Учир нь миний төрсөн дүү бас үр хүүхэд хоорондоо эвтэй байг гэж бодож байна одоо Ч.Б бид хоёр учраа олсон одоо би гомдол санал байхгүй. Ч.Б нь миний хажууд байж чадахгүй бол манай өвөлжөөн дээрээс өөрөө нүүгээд яваад өг гэж хэлмээр байна. Миний 60 жил гэрээ хийсэн газар дээрээс Ч.Б нь зайлаарай гээд хөөгөөд байдаг. Иймд Ч.Б нь өөрөө манай газар дээрээс нүүгээд яваад өгөөрэй гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/

 

*Гэрч Б.Бийн өгсөн:

“...Тэр өдөр би сумын төвөөс эхнэр хүүхдээ аваад аав Ч.Бынд очоод 1 цаг орчим болоод эхнэр бид 2 хүүхдээ орхиод гэртээ харьсан. Орой 19-20 цагийн үед буцаад хүүхдээ авах гээд очсон чинь манай аав Ч.Б нь эгч Ч.Цыг зодсон сураг байсан, би юу болсон талаар мэдээгүй. Намайг аавынд очсон байх үед тийм зүйл болоогүй зүгээр байсан. Өмнө тийм асуудал болж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/

 

*Гэрч Д.Бн өгсөн:

“...Тэр өдөр өдөр 15-17 цагийн орчим байхаа намайг гэртээ сууж байхад Ч.Бын эхнэр Цээсүрэн нь манайд орж ирээд танай ээж манай нөхөр Ч.Б нар нь хоорондоо хэрүүл маргаан хийгээд байна гэж орж ирсэн. Тэгэхээр нь би ороод ээжийг авах үед тэр 2 ширээний хажууд урд урдаасаа хараад хэрэлдээд сууж байсан. Манай ээжийн дух нь овойсон харагдаж байсан. Манай ээж Ч.Бт хандан чи намайг сандлаар цохиод байхдаа яадаг юм гэж байсан. Харин Ч.Б нь юм дугарахгүй суугаад байсан би ээжийг аваад гэртээ оруулж өгөөд малдаа явсан сумын эмнэлэг рүү явсан байсан.  Манай ээж Ч.Б намайг хулгайч гэлээ гээд уурлаж ах Ч.Бынд орсон юм шиг байна лээ. Тухайн үед нь гэртээ байсан болохоор би хулгайч гэр хэлж байхыг нь сонсоогүй. Би цохиж байхыг нь хараагүй харин Ч.Бынхаас ээжийг авах гээд ороход Ч.Б нь ээжид хандан та өөрөө над руу сандал авч шидсэн дараа нь намайг шанагаар намайг цохиод байсан гэж ярьж байсан. Тэгэхээр Ч.Б нь зөрүүлээд сандлаар цохисон байж магадаггүй гэж бодож баина. Эв найрамдалтай байдаг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/

 

           *Яллагдагч Ч.Бын өгсөн:

“...Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Миний эгч Ч.Ц намайг цохисноос болж надад ямар нэгэн бэртэл, гэмтэл учраагүй. Тиймээс би аймгийн Шүүхийн шинжилгээний албанд үзүүлэхгүй. Надад дээрх асуудалтай холбоотой ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй. Миний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон сандал одоо байхгүй. Би тухайн үйл явдал болсны дараа уг модон сандал хугарсан байхаар нь галд хийгээд шатаачихсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 174 дугаартай“...Ч.Цын биед духны баруун дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун хөхний дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Духны баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хөхний дээд хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 06-07 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ........ аймгийн .............. сумын .............. багийн нутаг дэвсгэр, .................... гэх газар иргэн Ч.Ц нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч Ч.Цд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ч.Цын”...Тэгээд би гэртээ орж ирээд сууж байгаад гэнэт намайг яагаад хулгайч гэдэг юм гэж бодоод дүү Ч.Бынд ороод би чиний юуг хулгай хийсэн юм, чи яагаад намайг алхам дутамд хулгайч гээд байгаа юм гэж хэлсэн. Би хулгайч гэж хэлээгүй шүү дээ гэж надад хэлсэн. Би хулгайч гэж хэлэхийг нь сайн сонссон. Ч.Б нь над руу модон сандал авч шидсэн, шидсэн сандал нь миний толгойн хэсэгт цохисон санагдаж байна. Миний уур хүрээд тэр сандлыг нь буцаагаад дүү Ч.Б руу шидсэн санагдаад байна. Миний уур хүрээд зүрх муу болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Миний толгой шилэн хүзүү өвдөөд дүү Ч.Бт хандан чи намайг зодоод байхдаа яахав дээ гэж уйлж байгаад гэртээ орсон. Ч.Бын ач охин нь манай гадаа дугараад манай гадаа ач охин нь зогсож байсан, би өхөөрдөөд байж байхад ач охин нь нэг ширхэг тамхи өгсөн. Би аваад байж байхад дүү Ч.Б нь өө хүүхэд саатуулж байхад замаас нь юмыг нь аваад байх юм хулгайч чинь гэж надад хандаж хэлсэн. Би ач охиндоо 1 ширхэг тамхи өгч явуулж саатуулж байгааг ойлгоогүй. Ач охиныг аав, ээж нь явчихаад саатуулж байсан юм байна лээ. Тухайн үед манай хүү байхгүй байсан болохоор ач охин тамхийг надад өгсөн юм байна лээ. Намайг хулгайч гэж хэлсэнд нь гомдоод би Ч.Бын гэрт нь орж чи намайг хулгайч гэлээ гэж хэлээд хэрүүл маргаан болсон. Намайг аравчтай зузаан модон сандлаар толгойн хэсэгт 1 удаа цохисон, эхлээд над руу зөөлөн шидсэн, би зөрүүлээд шидсэн санагдаж байна. Тэгээд Ч.Б нь над руу хүчтэй авч шидсэн санагдаж байна. 2 дахь шидэлтээр миний толгой цээж хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...Орой 19-20 цагийн үед буцаад хүүхдээ авах гээд очсон чинь манай аав Ч.Б нь эгч Ч.Цыг зодсон сураг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бн”...Ч.Бын эхнэр Цээсүрэн нь манайд орж ирээд танай ээж манай нөхөр Ч.Б нар нь хоорондоо хэрүүл маргаан хийгээд байна гэж орж ирсэн. Тэгэхээр нь би ороод ээжийг авах үед тэр 2 ширээний хажууд урд урдаасаа хараад хэрэлдээд сууж байсан. Манай ээжийн дух нь овойсон харагдаж байсан. Манай ээж Ч.Бт хандан чи намайг сандлаар цохиод байхдаа яадаг юм гэж байсан. Харин Ч.Б нь юм дугарахгүй суугаад байсан би ээжийг аваад гэртээ оруулж өгөөд малдаа явсан сумын эмнэлэг рүү явсан байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ч.Бын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 174 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ч.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч Ч.Цын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед духны баруун дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун хөхний дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 

           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт  “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг эх, ах, эгч, дүү...” гэж тус тус заасан шүүгдэгч Ч.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч Ч.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ч.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

   Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу төрсөн эгч Ч.Цын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Ч.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн, хохирогч нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ч.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Хохирогч Ч.Ц нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Ч.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Ч овогт Чын Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

            4. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР