Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/453

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгонбуян,

Улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогч Ц.Н******,

шүүгдэгч Б.Ц****** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ц******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303000740108 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Увс аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн командлагч мэргэжилтэй, “******” ХХК-д аюулгүй байдлын ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ****** овогт Б******ын Ц****** /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц****** нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 09 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын урд замд Тoyota Highlander маркийн ****** УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “8.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”, 8.9. “Гэрэл дохио нь дараахь утгатай байна г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно мөн дүрмийн 8.18. Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ц.Н******гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 121 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Б.Ц******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, тээврийн хэрэгсэл жолоодоод 13 жил болж байна. Тухайн өдөр гэрлэн дохио солигдож байх үед явган зорчигчийг мөргөж таарсан. Маш их хальтаргаатай өдөр байсан. Нэг талдаа 3 эгнээтэй буюу нийт 6 эгнээтэй зам байсан. 3 дугаар эгнээнд явж байсан. Саппоро чиглэлтэй явж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруугаас болж учирсан гэмтэл мөн. Баримтаар хохирогчид 702,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын төлбөрт 603,900 төгрөг төлсөн байгаа...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогч Ц.Н******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө би курс ахих шалгалт өгөх гээд сургууль руугаа явж байсан. Ослын улмаас шалгалтаа өгч чадаагүй. Анагаахад сурч байгаа болохоор архаг сүүлний хугарал төрөхөд ямар үр дагавар үүсгэх хор уршигтайг мэддэг. Надад одоо босож, суухад маш хэцүү байгаа. Би зун ажил хийж сургуулийнхаа хагас жилийн сургалтын төлбөрийг олдог. Мөн өвөл нь ажил хийж хаврын сургалтын төлбөрөө олдог байсан. Ослын улмаас өвөл ажил хийж чадаагүй. Эрүүл мэндээрээ хохирсон сэтгэлийн санааны хувьд маш хэцүү байгаа. Тухайн үед явган хүний замаар ногоон гэрлээр гарсан. Шүүгдэгч 702,000 төгрөгийн хохирол төлсөн. Одоогоор нэхэмжлэх баримт байхгүй байна. Цаашид компьютер томографик хийлгэх, эмнэлэгт үзүүлэхэд, мөн сэтгэл санааны хохирлын төлбөрт шаардлагатай тул 2,000,000 төгрөг нэхэмжилж байна. Мөнгөнгүүр эмнэлэгт үзүүлнэ. Тухайн үед ажил хийгээгүй байсан. 4 дүгээр курсын оюутан. Сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг нэхэмжилж байна. Ослын дараа сэтгэл зүйчид үзүүлээгүй. Шүүгдэгч 702,000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төлсөн...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-10 дахь тал),

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),

- Хохирогч Ц.Н******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байранд байдаг гэрээсээ шалгалт өгөх зорилготой гарсан. 09 цагийн үед ****** хорооллын харалдаа урд талын явган хүний гарцаар зам хөндлөн хойноос урагш чиглэлтэй гарч явахад зүүн талаас 3 дугаар эгнээгээр явж байсан машин зогсох үйлдэл хийлгүй, миний зүүн талаас мөргөөд, би газар шидэгдээд унасан. Тухайн үед намайг явган хүний гарцан дээр ирэхэд улаан өнгийн гэрэл асаж байхаар нь ногоон гэрэл асахаар нь гарцаар зас руу алхаад орсон. 1, 2 дугаар эгнээгээр явж байсан машин зогсож зам тавьж өгсөн. Тэгэхэд 3 дугаар эгнээгээр явж байсан машин намайг мөргөсөн. Тэр машины жолооч нь 60 орчим насны эрэгтэй хүн байсан. Машинаа жолоодоод ганцаараа явж байсан. Ослын дараа би хэсэг шоконд орсон. Босож чадахгүй байхаар нь “намайг босгоод өгөөч” гээд нэг цагдаад хэлээд боссон. Тэр үед миний ууц нуруу, хэвлий хэсгээр их өвдөж байсан. Түргэний машин ирээд эмч нь намайг үзээд нуруу хэсгээрээ гэмтэлтэй байна гээд машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. ...Миний нуруу хэсэг, мөн хэвлийн доод хэсгээр их өвдөж байна. Алхаж, суухаар хэцүү, байнгын хэвтэж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1351 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Ц.Н******гийн биед ахар сүүлний 5 дугаар нугалмын далд хугарал, зүүн тохой, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

- Иргэний нэхэмжлэгч Д.Г******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Н******д эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 603,000 төгрөгийг Б.Ц******ээс гаргуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 999663 дугаар: “Тоуоtа Highlander-XU20 маркийн ****** УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Тоуоtа Highlander-XU20 маркийн ****** УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд буфер баруун талдаа хагарсан, нүүрний доод хэсэгт хагарсан, будаг нь халцарсан, урд салхины шил доод хэсгээрээ цуурсан, урд копут баруун талын урд бага зэрэг хонхойсон, баруун хойд хаалга зурагдсан, крыло дугуйн дээд хэсэгт будаг халцарсан, хойд буфер баруун, зүүн талдаа будаг нь халцарч зурагдсан, баруун ухрах арааны гэрэл асахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 18.2 мм (стандарт 5мм) стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Зам тээврийн осол гарахад нөлөөлөх эвдрэл гэмтэл байхгүй байна Урд буфер баруун талдаа хагарсан, урд копут баруун талын урд бага зэрэг хонхойсон зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтэл байна. Мөн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 18.2 мм байгаа нь ослын үед үүссэн эвдрэл гэмтэл байх боломжтой. Урд салхины шил доод хэсгээрээ цуурсан, урд буфер нүүрний доод хэсэгт хагарсан, будаг нь халцарсан, баруун хойд хаалга зурагдсан, крыло дугуйн дээд хэсэгт будаг халцарсан, хойд буфер баруун, зүүн талдаа будаг нь халцарч зурагдсан, баруун ухрах арааны гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. Тухайн осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй болно. Тоуоtа Highlander-XU20 маркийн 26-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай, цахилгаан ABS тоормосны системтэй. Ажлын тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Тоормосны систем нь хийн, хий – шингэн дамжуулгатай, АBS бол дээрх системүүд тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ. Ослын үед жолооч замын хашлага мөргөснөөс болж урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ алдагдсан байх боломжтой” дүгнэлт (хавтаст хэргийн 61-65 дахь тал),

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн: “T.Highlander маркийн ****** УББ улсын дугаартай автомашины жолооч Б.Ц****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө. Гэрэл дохио нь дараахь утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно мөн дүрмийн 8.18. Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч <<зогс-шугам>> (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас осол хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Явган зорчигч Ц.Н****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 70-71 дэх тал),

Шүүгдэгч Б.Ц******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Одоо харуул хамгаалалтын байгууллагад ажиллаж байна. Би хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой 702,000 төгрөг төлж барагдуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Ц****** нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 09 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын урд замд Тoyota Highlander маркийн ****** УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “8.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”, 8.9. “Гэрэл дохио нь дараахь утгатай байна г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно мөн дүрмийн 8.18. Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ц.Н******гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц.Н******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1351 дугаар дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 999663 дугаар дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 70-71 дэх тал), шүүгдэгч Б.Ц******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол буюу Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учруулснаар үндсэн шинж хангагдана.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.

Шүүгдэгч Б.Ц******ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.9, 17.5 дахь хэсгийг тус тус зөрчсөний улмаас хохирогч Ц.Н******гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Ц******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Хохирогч Ц.Н****** нь мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 702,000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 17-21 дахь тал) гаргаж өгснийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч төлсөн гэж мэдүүлснийг хохирогч хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Тодруулбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.2-д “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж,

511 дүгээр зүйлийн 511.2-д “Эдийн бус гэм хорыг...хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоож...” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч Ц.Н******гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлсөн.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч цаашид эмчилгээ хийлгэх болон сэтгэл санааны хохиролд нийт 2,000,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Тодруулбал, хохирогч Ц.Н****** хөдөлмөр эрхлэхтэй холбоотой болон сэтгэл санааны үйлчилгээ авсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Б.Ц****** нь шүүх хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 603,900 төгрөгийг төлсөн гэж мэдүүлсэн хэдий ч,  иргэний нэхэмжлэгч Д.Г******ийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхилоо.

Учир нь, нэхэмжлэгч гэж актив легитимац-материаллаг эрх зүйн үүднээс тухайн шаардах эрхийг эдлэх эрхтэй этгээдийг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, татгалзах зэрэг онцгой эрхийг эдэлдэг этгээдийг ойлгоно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж,

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяа (хавтас хэргийн 27 дахь тал)-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн буюу иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоогоогүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоож, хуулийн этгээд нь итгэмжлэлээр ямар эрхийг олгож байгааг тусгайлан зааж, тэрхүү итгэмжлэлийн үндсэн дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү тогтоол саад болохгүйг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Ц****** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Б.Ц******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг гаргасан.

Шүүгдэгч Б.Ц******ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилтай гэх), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Ц******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Удвал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

Шүүгдэгч Б.Ц******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овогт Б******ын Ц******ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Б.Ц******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц******д оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ц****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            5.Хохирогч Ц.Н****** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6.Иргэний нэхэмжлэгч Д.Г******ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Ц******д сануулсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР