| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 2308008200611 |
| Дугаар | 2023/ШЦТ/480 |
| Огноо | 2023-04-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/480
2023 4 19 2023/ШЦТ/480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
Улсын яллагч П.Эрдэнэбат,
шүүгдэгч Б.М****** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М******г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308008200611 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа үсчин ажилтай гэх, ам бүл 2, хүүхдийн хамт, дугаар хороо, 54 дүгээр гудамж, 41 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт ийн М****** /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М****** нь 2023 оны 02 дугаар сарын 07-08 нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “” нэртэй бааранд иргэн Б.Ч******ын эзэмшлийн Айфоне-13 загварын гээгдэл гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 388 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хэргийн үйл баримтын талаар:
- Шүүгдэгч Б.М******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Урд утас унасан байхаар нь газраас аваад гараад явсан. Фэйсбүүкээс зар харахад утас авна гэхээр нь зарсан. Гэм буруугаа ойлгож байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хүүхэд 5 настай. Сарын 3,000,000 төгрөгийн цалинтай. Хувиараа ажилладаг учир өдөр өдөртөө цалингаа авдаг. Ажлын байраа түрээслэдэг.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
- Хохирогч Б.Ч******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй бааранд найз нарын хамт 23:50 цагийн орчимд орж үйлчлүүлсэн. 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 01:00 цагийн орчим манай найзууд болон би тус баарны зөөгч, хамгаалагч нартай үл ойлголцож маргалдсан. Маргалдаж байх хугацаанд миний гартаа барьсан Айфоне-13 загварын гар утас баарны шалан дээр унасан. Би хайгаад олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
- Гэрч Ч.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр фэйсбүүк зарын дагуу үл таних эмэгтэй хүнээс Айфоне-13 загварын гар утас 300,000 төгрөгөөр худалдан авсан. ...Би гар утас худалдан авсан хүнээсээ буцаагаад 300,000 төгрөгөө авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
- “Тэнвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2848 дугаар хөрөнгийн үнэлгээний “Айфоне-13 маркийн гар утас - 2,500,000 төгрөг” гэсэн тайлан (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 24-28 дахь тал),
- Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 29, 33 дахь тал),
- Шүүгдэгч Б.М******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лорд” нэртэй бааранд найз нарын хамтаар үйлчлүүлж байсан. Тэгсэн тус бааранд хэдэн залуучууд баарны хамгаалагч нартай маргалдаад байсан. Тухайн маргалдаж байсан залуучуудын наахан талд баарны шалан дээр Айфоне 13 загварын цэнхэр өнгөтэй гар утас хэвтэж байхаар нь би авсан. Тэр гар утсыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүкээр зар хайж байгаад хүнд 300.000 төгрөгөөр зарсан. Тухайн хүн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 шар нэртэй автобусны буудал дээр машинтай ирж худалдаж авсан. Тухайн мөнгийг би ойр зуурын хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.М****** нь 2023 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй бааранд иргэн Б.Ч******ын гээгдэл эд хөрөнгө болох 2,500,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-13” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Ч******, гэрч Ч.******э, “Тэнвэр эстимэйт” ХХК-ийн 2848 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Б.М******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг нь гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд хэрэв тийм этгээд байхгүй бол тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлэхгүйгээр хувьдаа ашиглаж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг ойлгохын зэрэгцээ, гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.
Шүүгдэгч Б.М******гийн хохирогч Б.Ч******ын гээсэн 2,500,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.М******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Айфоне-13” загварын гар утсыг биет байдлаар гэрч Ч.******ээс хураан авч, хохирогч Б.Ч******ад хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 29, 33 дахь тал)-ээр тогтоогдсон ба хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 115 дахь тал)-д хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М****** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч Б.М******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.М******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргасан.
Шүүгдэгч Б.М******гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, 5 настай хүүхдийн хамт амьдардаг), бусдад учруулсан хохирлын хэмжээ (2,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч О.Алтанзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.М******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Бийн М******г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.М******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М******д оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.М******д сануулсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР