Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01489

 

 

Г.Жамъянсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00299 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 637 дугаар магадлалтай,

 

Г.Жамъянсүрэнгийн нэхэмжлэлтэй

Өнгөт фасад ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,895,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингисийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингис, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Жамъянсүрэн нь 2016.08.31-ний өдөр Гариг Констракшн ХХК, Өнгөт Фасад ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Монтед цогцолбор хорооллын 1-р блок байрны 50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 39,895,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Дээрх гэрээний 3.1-т Гариг Констракшн ХХК-д захиалагч тал төлбөрөө 100 хувь төлнө гэсний дагуу тус компанийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 47101142 тоот дансанд 39,895,000 төгрөгийг 2016.08.31-ний өдөр бүрэн төлсөн. Гэтэл Өнгөт Фасад ХХК-аас 2017.01.27-ны өдрийн 41 дугаартай Орон сууц захиалгын гэрээ цуцлах тухай албан бичгийг надад өгсөн. Үүний дагуу Өнгөт Фасад ХХК-ийн удирдлагуудтай уулзаж гэрээний дагуу орон сууцаа авах эсвэл төлбөрт төлсөн 39,895,000 төгрөгийг буцаан авахаар хүсэлт гаргасан боловч мөнгө өгсөн Гариг Констракшн ХХК-аас хохирлоо барагдуул гэсэн. Гариг констракшн ХХК, Өнгөт Фасад ХХК-иуд нь үгсэн хуйвалдаж орон сууц ашиглалтад орох хугацаа дөхөөд ирэхээр иргэдийн мөнгийг 6-7 сарын хугацаанд эргэлдүүлж байраа босгож авсан. Г.Жамъянсүрэн нь гэрээний төлбөрөө төлсөн атал өнөөдрийг хүртэл орон сууцгүй, мөнгөгүй болсон байна. Иймд Өнгөт Фасад ХХК-аас орон сууцны төлбөр болох 39,895,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай Өнгөт фасад ХХК нь 2016 онд Монтед-84 айлын орон сууц төслийг хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, барилгын ажил гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд Гариг констракшн ХХК, захирал Д.Мөнхтөртэй 2016.05.27-ны өдөр 09 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.2-т зааснаар захиалагч Гариг констракшн ХХК нь 40.8-81.4 м.кв талбайтай нийт 10 ширхэг байрыг /526.2 м.кв/ 1 м.кв нь 1,200,000 төгрөгөөр нийт 63,144,000 төгрөгийн захиалга хийсэн билээ. Гариг констракшн ХХК, захирал Д.Мөнхтөртэй байгуулсан 2016.05.27-ны өдрийн 09 дугаартай гэрээг үндэслэн 2016.05.30-ны өдөр манай компани нь Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг Г.Жамъянсүрэнтэй байгуулсан. Гэвч Гариг констракшн ХХК, захирал Д.Мөнхтөртэй байгуулсан 2016.05.27-ны өдрийн 09 дугаартай гэрээг тус гэрээний 3.2-т заасан төлбөр төлөх графикийн дагуу төлбөрөө төлөөгүй тул үндсэн гэрээг цуцалсан. Гариг констракшн ХХК-тай байгуулсан үндсэн гэрээ цуцлагдсан учраас 09/01 дугаартай гэрээний захиалагч Г.Жамъянсүрэнд гэрээ цуцлагдсан болохыг албан ёсоор мэдэгдсэн. Нэхэмжлэгч Г.Жамъянсүрэн нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 39,895,000 төгрөгийг гэрээний дагуу Гариг констракшн ХХК-д шилжүүлсэн нь тодорхой бөгөөд тус компаниас миний харилцах Хаан банк ХХК-ийн 5009446608 тоот дансанд Г.Жамъянсүрэнгийн захиалсан байрны төлбөр гэсэн утгатай мөнгө шилжиж ирээгүй болох нь дансны хуулгаар нотлогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж зааснаар хариуцагч гэх Өнгөт фасад ХХК нь нэхэмжлэгч Г.Жамъянсүрэнгийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал байхгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдагдсан байх тул Өнгөт фасад ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан жинхэнэ хариуцагч биш болох нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00299 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Өнгөт фасад ХХК-аас 39,895,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Жамъянсүрэнд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өнгөт фасад ХХК-аас 357,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Жамъянсүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 637 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00299 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Өнгөт фасад ХХК-аас төлсөн 357,425 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингис хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.Жамъянсүрэнгийн нэхэмжлэлтэй Өнгөт Фасад ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, талуудын хооронд ямар гэрээний үүрэг үүссэн болох тухайн гэрээгээр хариуцагч Өнгөт Фасад ХХК ямар үүрэг хүлээж байгаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Г.Жамъянсүрэн болон Гариг констракшн ХХК-ийн хооронд 2016.08.31-ний өдөр байгуулсан Орон сууц захиалах онцгой гэрээ гэсэн гэрээний үүргийг Өнгөт Фасад ХХК нэхэмжлэгчийн өмнө хүлээх эсэх талаар шүүх дүгнэлт өгч чадаагүй болж, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Өнгөт Фасад ХХК, Гариг констракшн ХХК нар нь 2016.08.31-ний өдөр 25 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ... мөн хариуцагч Өнгөт Фасад ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэгч Г.Жамъянсүрэнтэй байгуулсан гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурсан, Г.Жамъянсүрэнд гэрээнд заасан орон сууц худалдах, худалдан авах гэж байгааг мэдэж байсан, гэрээнд Гариг констракшн ХХК-д орон сууц захиалгын мөнгө шилжүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Гариг констракшн ХХК-д шилжүүлсэн үйл баримт нь гэрээний хүсэл зоригт нийцсэн бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч Гариг констракшн ХХК болон Өнгөт Фасад ХХК нарын хоорондын төлбөр тооцооны асуудал нь нэхэмжлэгч үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж, орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөр 39,895,000 төгрөгийг шаардахад саад болохгүй юм... гэж дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ...Дээрх гэрээний 3.1-т заасны дагуу Гариг констракшн ХХК-д захиалагч тал төлбөрөө 100 хувь төлнө гэсний дагуу Гариг констракшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 46101142 дугаар дансанд 39,895,000 төгрөгийг 2016.08.31-ний өдөр бүрэн төлсөн юм... нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байтал шүүхийн шийдвэрт Өнгөт Фасад ХХК-ийн зүгээс орон сууцны үнийг тогтоох эрхийг Гариг констракшн ХХК-д олгосон мэтээр дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөр 39,895,000 төгрөгийг хангаж шийдвэрлэжээ. 2016.08.31-ний өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-гээр орон сууц захиалгын үнийг тогтоох эрхийг Гариг констракшн ХХК-д олгох тухай ямар ч зохицуулалт байхгүй байхад ийнхүү дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. 2016.05.28-ны өдөр Гариг констракшн ХХК болон Өнгөт Фасад ХХК-ийн хооронд байгуулсан №09 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2.3-т ...байрны 1м2-ын үнийг 1,200,000 төгрөг... байхаар тохиролцсон бөгөөд уг гэрээг үндэслэн Г.Жамъяансүрэнтэй гэрээг байгуулсан ба тус гэрээнд 1м2-ын үнийг тогтоогоогүй байгаа нь үндсэн гэрээ болох №09 дугаартай гэрээний үнээр буюу 1м2-ын үнийг 1,200,000 төгрөг болох нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө. гэж зааснаар тогтоогдож байна. Гэвч Гариг констракшн ХХК нь Г.Жамъянсүрэнтэй 2016.08.31-ний өдөр Орон сууц захиалах онцгой гэрээ гэх гэрээг байгуулан орон сууцны 1 квадрат метр талбайн үнийг 790,000 төгрөг байхаар Г.Жамъянсүрэнтэй /нэхэмжлэлийн шаардлагад/тохиролцжээ. 2016.05.27-ны өдрийн №09, 2016.05.30-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нүүдээр орон сууц захиалгын үнийг тогтоох эрхийг Гариг констракшн ХХК-д олгох тухай ямар ч зохицуулалт байхгүй байхад Гариг констракшн ХХК болон Г.Жамъясүрэн нарын хооронд байгуулсан Орон сууц захиалах онцгой гэрээний үүргийн гүйцэтгэлийн Өнгөт Фасад ХХК-аас шаардаж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

2. Өнгөт Фасад ХХК болон Гариг констракшн ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Харин захиалагч Гариг констракшн ХХК нь өөрийн захиалсан орон сууцны захиалагчийн эрхийг иргэн Г.Жамъянсүрэнд шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу иргэн Г.Жамъянсүрэн болон Гариг констракшн ХХК-тай 2016.08.31-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд зохицуулсан Ажил гүйцэтгэх гэрээ юм. Энэ нь тухайн гэрээнд Захиалагч тал гэдэг хэсэгт Г.Жамъянсүрэн болон Гариг констракшн ХХК нар нь гарын үсэг зурсан байгаагаар нотлогдоно. Гэтэл ажил гүйцэтгэгч гэрээний 2 захиалагч нь хоорондоо орон сууц худалдах, худалдан авах талаар тохиролцож орон сууц захиалах онцгой гэрээ гэх гэрээг байгуулан өөрсдөө орон сууцны үнийг тогтоогоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Нөгөөтэйгүүр ажил гүйцэтгэх гэрээний захиалагч Гариг констракшн ХХК нь захиалагчийн эрхээ дангаараа гуравдагч этгээдэд шилжүүлэхдээ ашиглалтад ороогүй байсан орон сууцны захиалгын үнийг бууруулан байгуулсан гэрээний /Орон сууц захиалах онцгой гэрээ/ үүргийг Өнгөт Фасад ХХК хариуцахгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Г.Жамъянсүрэн нь Өнгөт фасад ХХК-д холбогдуулан 39,895,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа ...50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 39,895,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулсан өдрөө мөнгөө бүрэн төлсөн боловч гэрээ цуцалсан тул мөнгийг гаргуулна уу гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, ...орон сууцны үнийг манай компанид төлөөгүйгээс гэрээг цуцалсан гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл, 2016.08.31-ний өдөр нэг талаас Гариг Констракшн ХХК, Өнгөт Фасад ХХК нөгөө талаас Г.Жамъянсүрэн нар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Монтед цогцолбор хорооллын 1-р блок байрны 50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 39,895,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон, гэрээний 3.1-т зааснаар Г.Жамъянсүрэн нь орон сууцны үнэ болох 39,895,000 төгрөгийг Гариг Констракшн ХХК-д төлөхөөр заасны дагуу мөн өдрөө тус компанийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь харилцах дансанд шилжүүлсэн нь тогтоогджээ.

 

Зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй үндэслэлээ орон сууцны мөнгийг төлөөгүй, Гариг Констракшн ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалт захиалгын гэрээний үүргээ тус компани биелүүлээгүйгээс гэрээгээ цуцалсан тул Г.Жамъянсүрэнтэй байгуулсан гэрээ мөн цуцлагдсан гэж маргаж байгаа боловч тухайн компаниуд нь хамтран хөрөнгө оруулж барилга барихаар тохиролцсоны дагуу хоёул гэрээний нэг тал болж нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийг хамтран хүлээсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь ...үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь ...хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ. гэж зааснаар Гариг Констракшн ХХК, Өнгөт Фасад ХХК-иуд худалдах-худалдан авах гэрээний нэг тал учир Г.Жамъянсүрэнгээс орон сууцны үнийг хамтран шаардах эрхтэй хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид мөн.

 

Гэвч орон сууцны үнийг Гариг Констракшн ХХК-д төлөх үүргийг худалдан авагч Г.Жамъянсүрэнд гэрээгээр хүлээлгэсэн байх тул мөнгийг манай компанид төлөөгүйгээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Нэгэнт гэрээ цуцлагдсан учир талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй, иймээс нэхэмжлэгч Г.Жамъянсүрэн нь орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийн хувьд хамтран үүрэг хүлээсэн үүрэг гүйцэтгэгч Өнгөт фасад ХХК-аас мөнгөө шаардах эрхтэй гэж шүүх үзсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00299 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 637 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Өнгөт фасад ХХК-ийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингис/ хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.04.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 357,425 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                   Х.ЭРДЭНЭСУВД