Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/15

 

                                                                                                                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:171/2017/0025/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б***
Шүүгдэгч А.Б*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б*** холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Б***, ************  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай. 

Шүүгдэгч А.Б*** нь 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Шарын гол сумын Санжит багийн Ойчдын ** тоот хаягт байрлах гарааш руу хаалганы цоожийг нь эвдэн дотогш нэвтрэн, гараашид байрлуулан тавьсан байсан Л.Б***ын эзэмшлийн Mitsubishi маркийн ** ДАР улсын дугаартай автомашинаас 8 төрлийн эд зүйл хулгайлж нийт 670 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
                                                            ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч А.Б***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

Би 2016 оны 11 дүгээр сарын өдөр 18 цагийн орчим ******* багийн Ойчдын гудамжинд найз С***, М*** нартай таараад найз М*** нэг шил архи хүнсний дэлгүүрээс авсан. Бид гурав гудамжинд архи ууж тэндээсээ салаад гэр гэрлүүгээ явсан. Би гэртээ ороход эхнэр хүүхдүүд байсан.  Би хөргөгч дотор байсан тал шил 0,5 литрийн “Ерөөл” архиа ганцаараа уусан.  Би эхнэртээ 23 цаг өнгөрч байхад хүнтэй уулзаад ирье гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Би ах А***ын хуучин автомашины гараашид автомашины сэлбэг, багаж байна уу гэж бодоод очсон. Тэгэхэд гарааш цоожтой байсан. Би гараашийн хажуу талын жижиг хаалганы цоожийг эвдээд дотогш ороход дотор нь хөх саарал өнгийн хагас ачааны автомашин байсан. Би тэр машинаас аккумлятор, астачир, ком түлхүүр, ком дорцов, данхараад, цүнхтэй багаж, амартизатор-2 ширхэг, зоосон мөнгө 10 ширхэг зэргийг хулгайлж аваад гэрлүүгээ явсан.  Би гэртээ очоод эхнэртээ мэдэгдэхгүйгээр үүдний амбаарын зооринд нуусан. Маргааш өглөө эхнэр Тосгон явсан байхаар нь хулгайлж авсан аккумляторыг орон доогуур нуусан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цагдаа нар гэрт ирээд хулгайлж авсан эд зүйлээ гаргаад ир гэхээр нь гаргаж өгсөн гэх мэдүүлэг, 

    Хохирогч Л.Б***ын мөрдөн байцаалтад өгсөн: 

... 2016 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчим гадуур өөрийн эзэмшлийн ** ДАР улсын дугаартай Mitsubishi L-200 маркийн автомашиныг Шарын гол сумын Ойчдын **тоотод оршин суух баз хүргэн Б***ы автомашины гараашид оруулаад гадна хаалгыг даруулга төмөр тавиад түгжээд явсан. Би 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө гэртээ байж байгаад найз О***ыг дуудаад гараашийн дээвэр хамт засварлаад өгөөч гэж хэлсэн. Удаагүй манай найз О*** хүрээд ирсэн. Бид 2 хамт манай гэрээс гараад гарааш дээр очиход жижиг хаалганы цоож эвдээд хаалгыг хаагаад орхисон байсан. Би гараашид орж үзэхэд миний бүх багаж, данхараад, аккумлятор, астачир, амартизатор 2 ширхэг, зоосон мөнгө 10 ширхэг алга болсон байсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хадам эгчийн гэрт идэш хийгээд байж байхад найз О*** утсаар яриад чиний аккумлятортой төстэй аккумлятор А.Б***ын гэрт байна. Би Б***аас аккумляторыг асуухад хөдөөнөөс авч ирсэн гэж байна, хүрээд ир үз гэхээр нь Б***ын гэрийн гадна байж байгаад Шарын голын цагдаад дуудлага өгөөд Б***ын гэрийг үзүүлэхэд миний эд зүйлүүд бүгд гараад ирсэн гэх мэдүүлэг, 

    Гэрч Т.О***ын мөрдөн байцаалтад өгсөн: 

    Манай найз Б*** 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг гэртээ байхад утсаар яриад хоёулаа хамт гарааш руу очоод гараашийн тааз томруулмаар байна гэж хэлсэн. Тэгээд би найзынхаа гэрт очоод хамт гарааш дээр нь очиход гараашийн жижиг хаалгыг эвдэж хулгай ороод машины багаж, аккумлятор, астачир зэргийг хулгайлаад аваад явсан байсан. Бид 2 хүмүүсээс алдагдсан эд зүйлээ асууж сураг тавья гэж ярилцсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хадам аавын гэрт очоод мод хөрөөдөж байгаад хажуу талд байдаг Б*** таараад чамд зарах аккумлятор байна уу гэхэд хөдөөнөөс 1 ширхэг аккумлятор авч ирсэн байгаа түүнийгээ зарна гэж хэлсэн. Би гэрт нь ороод үзэхэд манай найзын алдагдсан аккумлятор мөн юм шиг болохоор нь найз Б***т очоод үз гээд хэлсэн. Тэгээд найз сүүлд очоод үзэхэд миний аккумлятор мөн байсан. Цагдаагийн газарт мэдэгдээд хураагаад авсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, 

    Гэрч М.О*** мөрдөн байцаалтад өгсөн:

    ... 2016 оны 11 дүгээр сарын 04-ний орой нөхөр маань хүргэн ах Б***ы хашаанд байрлах гараашид өөрийн эзэмшлийн Mitsubishi L-200 маркийн автомашиныг тавьсан. Манай нөхөр 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө гэрээсээ гараашийн дээвэр засварлаж янзлана гээд найз О***ыг дуудаад хамт явсан. Удаагүй над руу нөхөр утсаар яриад гараашийн жижиг хаалгаар хулгай орж машины эд зүйл алга болсон талаар хэлсэн. Тэгээд хулгайчийн талаар сураггүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нөхрийн хамт эгчийн гэрт идэш хийгээд сууж байхад найз О*** нь утсаар яриад энд чиний аккумлятортой адилхан аккумлятор байна гэж утсаар хэлсэн. Манай нөхөр удаагүй гэрээс гараад явсан. Тэгээд орой гэртээ ирэхдээ хулгайчаа олсон эд зүйл маань бүрэн байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

    Гэрч Б.С***ын мөрдөн байцаалтад өгсөн:

    Би 2016 оны 11 дүгээр сарын 04-ний орой харуй бүрий болж байхад Шарын гол сумын Санжит баг Ойчдын гудамжинд явж байхад найз Б***тай таараад юм яриад алхаж байхад найз М***тай таарсан. Бид гурав цаашаа яваад хүнсний дэлгүүрээс М*** нэг шил архи аваад гурвуулаа гудамжинд сууж байгаад архиа хуваагаад уусан. Бид гурав орой болсон байна гээд салаад гэр гэрлүүгээ гурван тийш салаад явсан.
    ... Би хөдөөнөөс Шарын гол сумын эмнэлэг орж биеэ үзүүлчихээд гараад 9-р байрны урд явж байхад Б*** таараад 2016 оны 11 дүгээр сарын 04-ний орой та хоёртой нэг шил архи хувааж уучихаад салаад явж байгаад гараашаас эд зүйл хулгай хийсэн талаараа ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

Гэрч Р.Б*** мөрдөн байцаалтад өгсөн:

Би хүүхдүүддээ цай чанаж өгөх гээд сууж байхад хашаан дотор цагдаа нар ороод ирсэн. Би гэрээсээ гараад юу болсон талаар нөхрөөсөө асуухад мэдэхгүй гээд байсан. Цагдаа нар гэрт орж ирээд жижиг өрөөнд байсан аккумляторыг авсан. Би гайхаад энэ аккумляторыг хэзээ оруулж ирсэн юм гээд нөхрөөсөө асуухад цагдаа нарын хажууд мэдэхгүй гээд байсан.  Манай нөхрийг цагдаа нар аваад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8, 9-10-р хуудас/, Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15-р хуудас/, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-29-р хуудас/ зэрэг болно.  

Шүүгдэгч А.Б*** нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Шарын гол сумын Санжит багийн Ойчдын ** тоот хаягт байрлах гараашны хаалганы цоожийг нь эвдэн орж гараашид байсан иргэн Л.Б***ын эзэмшлийн Mitsubishi маркийн автомашинаас 8 төрлийн эд зүйл хулгайлж нийт 670 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 
   
Шүүгдэгч А.Б***ад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх  нөхцөл байдалд тус тус тооцов. 

Шүүгдэгчид хорих ял оногдуулж, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч А.Б***ыг согтуугаар агуулах саванд нэвтэрч бусдын  эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч А.Б***ыг эд хөрөнгө хураагүйгээр 2 жил /хоёр жил/ хорих ялаар шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч А.Б***ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 
    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч А.Б***ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.
      
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б*** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б***ад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ