Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 116/ШШ2022/0004

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                 Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                  Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг, Пионерийн 1-10 тоотод оршин суух, Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

                  Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан,

                 Нэхэмжлэлийн шаардлага: “Хэрлэн сумын 2 дугаар багийн 2021.12.05-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүйд тооцуулах, тус Хурлаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулах, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин  хуралдуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ч.Э, хариуцагч С.Г, гуравдагч этгээд Б.Б, гэрч Х.А, В.Э, Л.Н, Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч Л.Б  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг дарга сонгох хурал  2021.12.05-ны өдөр болсон...  Багийн хурлын  ирц бүрдэх хуулийн гол шаардлага болох  20-30 өрх тутмаас 1 өрх гэсэн босго  тухайн багийн хурал эхлэх үед бүрэн  хангагдаагүй байхад багийн Засаг дарга Л  нь хуралд ирсэн иргэдээр ирц бүрдүүлж, өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж,  ИНХ-ын дарга Г  байхгүй байхад хуульд заасан Хурал даргалагчийг сонгохгүйгээр өөрөө шууд  Хурлыг удирдаж,  3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасан зохицуулалтыг ноцтой зөрчсөн.  ИНХ-ын дарга эзгүй нөхцөл байдалд Л  гэх хүнээр хурал удирдуулахаар санал болгосон талаар бичгийн ямар ч баримт хуралд ирээгүй бөгөөд Тэргүүлэгчдэд олонхиороо хурал даргалагчийг томилох эрх зүйн үндэслэл байхгүй байна. Иймд Хурал даргалагчаа хууль бусаар сонгогдсон багийн Засаг дарга Л ын удирдсан Хурал, мөн гаргасан шийдвэрүүд болох 02 тоот  Тооллогын комисс байгуулах тухай, 03 тоот Багийн  иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай  тогтоолууд бүхэлдээ хүчингүй байна. Мөн иргэдийн Нийтийн Хурлын шинэ даргыг сонгосон 03 дугаар тогтоол гарснаас хойш шинээр сонгогдсон Хурлын дарга хуралдааныг үйл ажиллагааг удирдаж багийн ИНХ-ын 2021.12.05-ны хурлын 01 тоот тогтоолын хавсралт хуралдааны дэгийн 11-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй байсан хэдий ч хуралдаан даргалагч гэх Л нь хуралдааныг үргэлжлүүлэн даргалж бүх тогтоолуудад гарын үсэг зурснаар тогтоолууд 33НДНТУТХ-ийн 25-р зүйлийн 25.2-т заасныг шууд зөрчсөн байна.  Нэгэнт хууль бус шийдвэр болсон дээрх тогтоолуудын Хэрлэн сумын 2-р багийн ИНХ, ЗЗНДНТУТХ-ийн 25-р зүйлийн 25.4-т заасан үүргээ биелүүлэхгүй байна. Тус багийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчинтэйд тооцох боломжгүй буюу хуралд нийт 283 иргэн оролцсон 33НДНТУТХ-ийн 23-р зүйлийн 23.10-т заасан хуулийн шаардлагыг хангахгүй дээрх 283 иргэн нь тус багийн нийт 2500 өрхийн төлөөллийг хангахгүй байна.

               Багийн Засаг даргыг томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад уламжилсан тогтоолын хүсэл зоригийн илэрхийлэл нь Засаг даргад нэр дэвшүүлэх гэсэн иргэдийн сонгох, сонгогдох эрх байх атал Засаг даргад томилуулах гэж агуулгаа бичиглэсэн нь 33НДНТУТХ-ийн 26-р зүйлийн 26.2-т заасан заалттай илтэд зөрчилдөж байна.

             Багийн ИНХ-ын дэгийг хуралд ирсэн иргэдээр хэлэлцүүлж батлаагүй нь 33НДНТУТХ-ийн 23-р зүйлийн 23.14-т заасныг зөрчсөн бөгөөд Багийн Засаг даргыг илээр сонгохоор тогтсон хурлын дэгийг хуульд заасан хэлбэрээр огт батлаагүй тул илээр санал хураасан санал хураалт хүчин төгөлдөр байх боломжгүй байна. 33НДНТУТХ-ий н 23,  25,  26-р зуйлуудийг ноцтой зөрчсөн,  ИНХ-ын бүрэн эрхэнд эрх олгогдоогүй этгээд халдаж хуралдааныг даргалж анхнаасаа хүчин төгөлдөр бус байх захиргааны актыг гаргасан, хурлыг хүчинтэй байх ирцийг хангаагүй, тогтоолд гарын үсэг зурах эрхгүй этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан зэрэг илэрхий хууль бус шийдвэр гаргасанХэрлэн сумын 2-р багийн 2021.12.05-ны өдрийн ИНХ-ын хурлыг хүчингүйд тооцож, тус хурлаас гаргасан 02, 03, 05 дугаар тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хуралдуулахыг даалгуулж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд  заасан эрхийг эдлэхгүй байх ёстой этгээд тухайн эрхийг эдэлж, иргэдийн эрх ашиг хөндөгдсөн үйлдэл болсон юм. С.Г  гэж хүнийг сонгосон иргэдийн болон миний үйлчлүүлэгч Л.Б гийн эрх ашиг хүртэл ноцтой хөндөгдөж байгаа юм. Л.Б гийн хувьд  2 дугаар багийн Засаг даргад өрсөлдсөн. С.Г  даргын хувьд  Хурлын даргаар томилогдож, эрх үүссэн цагаас хойш хуралдааныг даргалсан үйлдэл огт гаргаагүй, энэ талаар тэмдэглэлд огт тусгагдаагүй байна.  Ингэснээр тухайн хүнийг даргаар томилсон этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм.  Багийн Засаг даргыг сонгохдоо “ил, далд” аль ч хэлбэрээр сонгох тухай саналыг хураагаагүй нь нэгжийн тухай хуулийг зөрчсөн хэлбэр юм.  Ямар хэлбэрээр санал хураалт явсан нь тодорхой бус байна.  Иргэдээс санал хураалт аваагүй болох нь бүрэн нотлогдож байна.  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт хүний жам ёсны эрхийн талаар зааж өгсөн байдаг. Энэ хуулийг ноцтой зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Бид 03, 02, 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг дахин хуралдуулах шаардлагад  багтсан тул татгалзсан байгаа.  Тэрнээс биш зөв тогтоол байна гэж татгалзсан зүйл байхгүй шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. С.Г  гэдэг хүнийг 285 иргэнээс 230 хүн сонгосон байна.  Нэг бол хуралдааныг хойшлуулах, эсвэл тухай хуралдааны даргалагчийг томилох боломжтой байсан. Тэрнээс биш хоёр хүн сууж байгаад  “би боломжгүй байна. Чи даргалчих” гэж хэлээд шилжүүлдэг зүйл байхгүй.  Энэ байдлыг  С.Г  өөрөө хэлж нотолсон. Зөвхөн өөрийнх нь асуудал биш. 230 иргэний итгэл үнэмшил, эрх ашиг яригдаж байгаа юм.  Баг хорооны  Хурлын даргыг чөлөөлөх томилох асуудлыг тогтоолоор батална гэж заасан байгаа. Эрх олгогдоогүй этгээд хурлыг үргэлжлүүлэн явуулах хууль зүйн боломж байхгүй. Дэгийг хуралдаанаар хэлэлцүүлсэн гэж ярьж байна. Тэгвэл иргэдэд танилцуулж хэлэлцүүлсэн байх ёстой, зүйл тус бүр дээр санал хурааж баталдаг. Захиргааны акт ойлгомжтой, хэрэгжүүлж болохуйц байх ёстой байдаг. Гэтэл хоёр ширхэг 01 тоот тогтоол байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Гэрч  Наранцацрал нь Л.Б д санал хураалт явуулаагүй гэж хэлж гэрчилсэн. Тооллогын комисс нь хүртэл хуралд хэдэн хүн оролцоод байгааг мэдэхгүй явж байна. 70 хувь гэдэг нь хэдэн хүнээс санал авсан тоо гэдгээ ч тайлбарлаж хэлж чадахгүй байна. Т.Л ын хувьд тэргүүлэгчдийн нэрсэд байхгүй байна. Эрх олгогдоогүй этгээд Хурлыг даргалж байгаа нь хурлын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Мөн дараагийн дугаарт хуралдаан дээр “Байгалмаад санал өгөх хүн гараа өргө” гэж хэлсэн байгаа.  Ингэж тулгаж, шахаж шаардаж болохгүй.  Сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдсан үйлдэл юм. Тэмдэглэлд дурдагдаагүй тоо хэмжээгээр хувь процент гаргаж тавих боломжгүй. Байгалмаагийн хувьд өөрөө нэр дэвшихээс татгалзах, эсвэл нэр дэвшигчээс хасаагүй тохиолдолд тухайн хүнд санал хураахгүй байж болохгүй. Ер нь тухайн хурал анхнаасаа хууль зөрчсөн хурал болсон. 100 хувь сонгогдоно гэж бараг байдаггүй юм. Ядаж сая гэрчээр орж ирсэн Арсланбаатар гэх  хүн эсрэг санал гаргасан байх ёстой. Тэгвэл ядаж 0.5 хувийн санал хасагдах ёстой шүү дээ. Мөн хариуцагч С.Г  өөрөө эрх мэдлээ шилжүүлсэн гэж хэлж байна. Гэхдээ эрүүл мэндийн шалтгааны улмаас гэсэн нэг ч үг үсэг тэмдэглэлд байхгүй байна. Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль зөрчсөн зэрэг шалтгаанаас үүдэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Т.Л ын хувьд тогтоол дээр хүртэл гарын үсэг зурсан байгаа. Хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах нь зүйтэй гэв. 

              Хариуцагч С.Г  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бүртгэлийг 9 цаг 48 минутанд эхлээд хурлын заал руу эхний хүнийг оруулсан. Бүртгэлийн хавтгайд  285 хүний гарын үсэг зурагдсан, 11 цагт хаалга барьсан. Багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтан нар хурлын зааланд байгаа иргэдийн  ирцийг дахин тоолж баталгаажуулж нийт 283 хүний ирцийг мэдээлсэн. Хурал эхлэхэд багийн ИНХ-ын тэргүүлэгч Т.Л  нь “Хурал даргалагч томилох тухай” 2021.12.04-ний өдрийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг иргэдэд танилцуулсан. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас босож, сууж чадахгүй байсан юм. Тиймээс эрхээ өмнөх хуралдаан даргалагчид шилжүүлж өгсөн. Тус тогтоолоор ИНХ-ын хуралдаан даргалагчаар Т.Л ыг сонгосон, тогтоолыг иргэдэд танилцуулж эхлэхэд иргэн  Ж.Ц ...хурлыг энд ирсэн хамгийн ахмад хүнээр удирдуулья гэсэн санал гаргасан. Өөр санал  хүсэлт гаргаагүй учир тогтоолын дагуу  Хурал даргалагч Т.Л  нь хурлыг нээж, манай Хэрлэн сумын 2 дугаар баг нь 1593 өрхтэй, ...иргэдийн нийтийн Хуралд  20-30 өрх тутмаас 1 иргэн гэж байдаг. Одоо зааланд 283 иргэн ирсэн тул ирц хангалттай гэж үзэн хурлаа эхлүүлэх үү гэж иргэдээс санал авахад илээр иргэд 100 хувь гар өргөн баталсан.

            Тооллогын комисст 14 хүний нэрийг дэвшүүлсэн ба иргэд 14 хүн тус бүр дээр санал хураавал бүтэн өдрийн ажил болно...гэсэн саналууд гарч, иргэн С.Г , Ж.Ц нар нь нэр дэвшсэн 14 хүнийг бүгдийг тооллогын комисст оруулж ажиллуулах санал гаргасныг иргэд дэмжиж тооллогын комисс сонгох санал хураалтыг зогсоосон. “Тооллогын комисс байгуулах тухай”  02 дугаар тогтоолыг иргэдэд танилцуулахад өөр санал гараагүй тул 100 хувийн саналаар баталсан.

              Нийт илээр санал хураахад 81.4 хувийн саналаар С.Г  багийн ИНХ-ын даргаар сонгогдсон.

         ...Хэлэлцэх асуудал ёсоор Багийн Засаг даргад нэр дэвших үйл ажиллагаа эхлэхэд иргэн О.Сарангэрэлээс Т.Л ыг нэр дэвшүүлэхэд Т.Л  нэрээ татаж, багийн зохион байгуулагч Б.Б ын нэрийг дэвшүүлсэн. Иргэн Дамдинсүрэн Л.Б гийн нэрийг дэвшүүлсэн. Нэр дэвшигч Л.Б  багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг нууцаар авах хүсэлтэй байна гэсэн санал гаргасан. Хурал даргалагч Хурлын дэгийг танилцуулж, санал хүсэлт авахад иргэдээс болон Л.Б  санал гараагүй тул баталсан дэгээ зөрчиж байгааг сануулсан. Хурлын дэгийг дахин иргэдэд уншиж өгөөд, баталсан дэгийн дагуу хурлаа үргэлжлүүлсэн. ...

            Хурал даргалагч Тооллогын комисс ажилдаа орохыг анхааруулж нэр дэвшсэний дарааллын дагуу нэр дэвшигч Л.Б  нь санал хураалт явуулж байхад хэсэг хүмүүсийг дагуулж заалнаас гарсан. Нэр дэвшигч Б.Б д санал өгсөн иргэнийг тоолоход 198 иргэн гараа өргөн санал өгснөөр, ... багийн ИНХ-ын  06 дугаар тогтоолыг хурал даргалагч уншиж танилцуулаад иргэдийн 100 хувийн саналаар баталсан гэв.

             Гуравдагч этгээд Б.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай багийн иргэдийн Нийтийн Хурлын даргалагчийг өмнөх   өдөр нь сонгосон байгаа. Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор сонгож томилсон. Т-ийн хувьд хэлэлцэх асуудал, дэгийг нэг бүрчлэн уншиж танилцуулсан. Нэмэлт санал хүсэлт байгаа эсэхийг тодруулахад иргэд “саналгүй” гэж хэлсэн.  Ингээд эхлээд Хурлын даргыг сонгож, томилсон. Дараа нь багийн Засаг даргыг томилох ажиллагаа явагдсан. Энэ дунд иргэн Ц  нь хурлын тэмдэглэлийг булааж авч зугтсан үйлдэл гаргасан. Д-д цааш дамжуулж авч гарч зугтах зэрэг ёс бус үйлдлүүд гарч байсан. Хурал хэвийн ном журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Хуралд 285 иргэн оролцсон. Нийт 243 өрхийн 285 иргэн оролцсон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хүчингүйд тооцож, Тооллогын комисс байгуулах тухай” 02, “Багийн иргэдийн нийтийн Хурлын дарга сонгох тухай ”03, “Багийн Засаг даргад санал тоолсон дүнгийн тухай” 04, “Багийн иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 05, “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар  тогтоолуудыг хүчингүй болгох, багийн ИНХ-ыг дахин хуралдуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1].

            Нэхэмжлэгч нь хэрэг хянан шалгах ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, ...дахин хуралдуулахыг даалгах гэж өөрчилсөн талаар бичгээр ирүүлсэн боловч[2],  ямар тогтоолуудаас татгалзаж байгаа талаар дахин тодруулахад  ...багийн иргэдийн Нийтийн Хурлын 02, 03, 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох шаардлагаас татгалзаж, “Багийн Засаг даргад санал тоолсон дүнгийн тухай” 04, “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох шаардлагаа хэвээр үлдээсэн болно.

                Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. 

             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4  “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан Төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно”  мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” зохицуулалттай. Хэрлэн сумын 2-р багийн иргэдийн Нийтийн Хурлын   2021.12.05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор[3], “Хуралдааны дэг”-ийн[4] 12 дугаар зүйлийн 12.1-д  “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгохдоо нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж,  хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу  50-иас дээш санал авсан иргэнийг багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсонд тооцно”,  12.3. “Багийн  Засаг даргыг сонгохдоо илээр явуулна”, 13 “Хуралдааныхаа үйл ажиллагааг нарийвчлан тэмдэглэнэ”  баталсан байна.   

            Тус багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2021.12.05-ны өдөр “Хан-Уул” цогцолбор сургуулийн зааланд хуралдаж, ...багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар олонхийн буюу  81 хувийн саналаар С.Г   сонгогдсон[5] байдаг.

             Нэхэмжлэгч багийн Засаг даргад нэр дэвшигч Л.Б гийн тухайд, ... хуралдааны дэгийг хуралд оролцсон иргэдээр батлуулаагүй,  ...шинээр сонгогдсон Хурлын дарга хурлаа удирдаагүй,  Хурлын дарга тогтоолуудад  гарын үсэг зураагүй,   ...283 иргэн  тус  багийн нийт  2500 өрхийн төлөөллийг хангахгүй, ...өрхийг төлөөлж буй эсэхийг нягтлаагүй,  багийн Засаг даргад хоёр хүний нэр дэвшсэн байхад илээр санал хураасан, тухайн Хурал дахь нам эвслийн бүлэг, эсхүл  Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхийг хөндсөн эдгээр шийдвэрийн улмаас эрх, ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн тайлбарлаж[6] байгаа болно.

             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10.  “Баг хорооны  Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” хуульчилсан.  Хэрлэн сумын 2-р  багийн иргэдийн Нийтийн Хуралд 283 иргэн оролцсон гэдэг боловч  иргэдийн 6 хуудас бүртгэлээс[7] үзэхэд хэдэн өрхийг төлөөлсөн болох нь мэдэгдэхгүй, нэмж бичигдсэн, дэс дугаар алдагдсан зэрэг зөрчлүүд байна.  

             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.6. “... хуралдааныг  Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчийн аль нэг нь нээж удирдана” гэжээ.  Гэтэл  тус багийн иргэдийн  Нийтийн Хурлын Тэргүүлэгчид  Н.У ,  Ж.Ц нар сонгогдсон байхад  иргэн Т.Л аар хуралдаан даргалуулж байгаа нь хууль зөрчсөн байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.  “Хурлын болон Тэрггүүлэгчдийн тогтоолд  Хурлын дарга, Хурлын даргыг сонгох чөлөөлөх тухай тогтоолд  Хуралдаан даргалагч  гарын  үсэг зурна” хуульчилсан байхад, Хэрлэн сумын 2-р багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай  06 дугаар тогтоолд Хурлын даргын гарын үсэг зурагдаагүй байна.

             Хэрлэн сумын 2-р багийн Хурлын дарга С.Г  нь ...эрүүл мэндийн шалтгаантай байсан  гэдэг,  нэхэмжлэгч  Л.Б  нь  ... Хурлын үеэр эрүүл явж байсан, намайг өрөөндөө дуудаж уулзсан,  12-р  сарын  05-ны  өдөр эрүүл  мэндийн асуудалтай байгаагүй гэх, өмгөөлөгч нь хуулиар ...хоёр хүн сууж байгаад би боломжгүй, чи даргалчих”   эрх шилжүүлэх зүйл байхгүй,  С.Г  энэ талаар хэлж  нотолсон хэмээн мэтгэлзэж[8] байгаа болно.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3. “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлзэнэ”. Гэтэл хариуцагч  С.Г  нь  ...ихэнхдээ  хариулах боломжгүй байна гэснийг дурдах нь зүйтэй.

              Тус багийн Засаг даргад  Л.Б , Б.Б   нарын нэр дэвшсэн, санал хураалтыг илээр явуулахад,  нэр дэвшигч Б.Б  нь 198 буюу 70  хувийн санал авсан, нэр дэвшигч Л.Б д ...хуулийн дагуу санал хураасан эсэх нь  тодорхой бус,  хуралдаанд оролцсон  гэх  283  иргэнээс хэд нь  гарч явсанаас  хэд нь үлдэж санал өгсөн, өгөөгүй талаар, хүчингүй санал нь  хэдэн  хувьтай  байсан талаар тодорхой бус байна.  Тодруулбал,  Б.Б д  198 хүн  санал өгсөн юм  бол  үлдсэн  85 иргэн санал өгсөн эсэх нь мэдэгдэхгүй, энэ талаар Хурлын тэмдэглэлд  бичигдээгүй  байгаагаас үзэхэд, ... нэр дэвшүүлэхдээ  сонгох, сонгогдох  эрхийг нь  зөрчсөн болох нь дээрхи үндэслэлүүдээр тогтоогдож байна.  Нөгөөтэйгүүр  иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлд[9] ...хуралдааны үйл явдлыг нэг бүрчлэн ойлгомжтой нарийвчлан бичигдээгүй, зарим хэсгийг орхигдуулсан, тухайн ажилтан тэмдэглэл бичихдээ, гараар гаргац муутай,  тэмдэглэл  бичих стандарт, шаардлагын хүрээнд бичээгүй  зэрэг дутагдлаас гадна ... тухайн хуралдааны  процессийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэхээр байна.

               Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй юм.

              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 “ ...багийн иргэдийн  Нийтийн хурал нь   нутгийн өөрөө удирдах байгууллага мөн” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “...нутгийн өөрөө удирдах  ёсыг төрийн удирдлагатай хослуулах, үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг баримтлах” талаар хуульчилсан. Тухайн өдрийн иргэдийн  Нийтийн Хурлын  хуралдаанаар ...багийн  Засаг даргад  нэр  дэвшүүлэх хуралдаан  хуулийн дагуу явагдаагүй болох нь  хэргийн оролцогчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтаар тогтоогдож байна.

               Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь  хуралдаан учир,  багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг явуулахдаа  иргэдээ хүндэлж, тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлж, хуулийн дагуу ...сонгох, сонгогдох эрхээр нь хангаагүйгээс  ...шийдвэрүүд нь үндэслэл  бүхий байх зарчим алдагдсан гэж үзэхээр байна.   

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3. “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаа ердийн журмаар явагдана”.  Нэхэмжлэгч нь ...багийн иргэдийн Нийтийн Хурлын 02, 03, 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан болно.

            Иймд нэхэмжлэгч Л.Б гийн, Хэрлэн сумын 2-р багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  2021.12.05-ны өдрийн  Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх  хуралдааныг  хүчингүйд тооцож,  “Багийн Засаг даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” 04,  “Багийн  Засаг даргад нэр дэвшүүлэх тухай”  06 дугаар тогтоолыг тус тус  хүчингүй болгож,  “ Багийн Засаг даргад  нэр дэвшүүлэх” хуралдааныг  дахин  явуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.     

            Монгол Улсын  Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2016 оны/ хуулийн үйлчлэл дуусаагүй байхад ...багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдсан байгаа бөгөөд, дээрхи хуулийн /шинэчилсэн найруулга/ 2021.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

             1. Монгол Улсын  Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  /2016 оны/  хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2,  23 дугаар зүйлийн 23.14, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2,  Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  /2020 оны/ хуулийн  32 дугаар зүйлийн  32.2, 32.6, 32.10 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Лхүндэвийн Байгалмаагийн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг хүчингүйд тооцож,  “Багийн Засаг даргыг сонгох санал тоолсон дүнгийн  тухай” 04,   “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолуудыг тус тус  хүчингүй болгож, Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг дахин явуулахыг,  Хэрлэн сумын  2 дугаар багийн  иргэдийн Нийтийн Хуралд даалгасугай.

 

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.2-д зааснаар, нэхэмжлэгчийн Хэрлэн сумын 2-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 01, 02, 03 дугаар тогтоолуудыг  хүчингүй  болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

             3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1-д  заасныг баримтлан,  нэхэмжлэгч  Л.Б гийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэрлэн сумын 2-р багийн иргэдийн  Нийтийн Хурал /ажлын алба/-аас 70200 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч  Л.Б д олгосугай.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д  зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.ОЮУН

 

[1] Хавтаст хэргийн 1-3-р хуудас

[2] Хавтаст хэргийн 89-р хуудас

[3] Хавтаст хэргийн 7-р хуудас

[4] Хавтаст хэргийн 8-р хуудас

[5] Хавтаст хэргийн 10-р хуудас

[6] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[7] Хавтаст хэргийн 20-25, 59-64-р хуудас

[8] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[9] Хавтаст хэргийн 56-58-р хуудас