| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0035/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч Ц.Жигжидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт Цэдэндамбын Жигжидсүрэнд холбогдох эрүүгийн 2318000000048 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... /РД:.../, 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймаг, Батцэнгэл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Номгон сум, Хавцал гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Жигжидсүрэнг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Мөнхжаргалын гээгдүүлсэн Самсунг А-33 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн эзэмшилд авч завшсаны улмаас 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Жигжидсүрэнгийн: Гар утсыг нь буцааж өгсөн. Улсын яллагчтай 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж хүний эд зүйл олбол эзэнд буцааж өгөх ёстой гэдгийг сайн ойлгосон гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Хохирогч Б.Мөнхжаргалын 41515622 дугаартай Самсунг А-33 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай 1,239,000 төгрөгөөр худалдан авсан гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /хх-ийн 4/,
2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн: Ц.Жигжидсүрэнгээс цэнхэр өнгөтэй самсунг А-33 маркийн шилэн гадаргуутай 64ГБ багтаамжтай, имей 356356734494665 дугаартай гар утсыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6/,
2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн: Ц.Жигжидсүрэнгээс хураан авсан Самсунг А-33 маркийн цэнхэр өнгөтэй, 64ГБ багтаамжтай гар утсыг хохирогч Б.Мөнхжаргалд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/,
Хохирогч Б.Мөнхжаргалын: Би 2022 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад таксинд суугаад Дархан захын үүдэнд буусан. Би куртикнийхээ зүүн талын халаасанд байсан гар утсаа гаргаж найз Амгаланбаатар луу залгаад “зах дээр ирсэн байна, чи гэрээсээ гарсан юм уу” гэж асуугаад утсаа буцаагаад халаасандаа хийсэн. Зах дээр явж байгаад утсаа гаргах гэсэн боловч гар утас минь байхгүй болсон байсан. Би гар утсаа халааснаасаа унагааж гээгдүүлсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч Б.Мөнхцэцэгийн: Ц.Жигжидсүрэн нь цэнхэр өнгийн Самсунг А-33 маркийн гар утсыг Болор талст дэлгүүрийн урд талын зам дээрээс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олсон тухай хэлсэн. Ц.Жигжидсүрэн бид хоёр 2003 оноос хойш хамт амьдарч байгаа. 4 хүүхэдтэй. Ц.Жигжидсүрэн нь даруухан, үг дуу цөөтэй бид нар гэр бүлээрээ малчин гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Самсунг А-33 маркийн гар утас /хэрэглэж байсан/ 900,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Жигжидсүрэн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Болор талст дэлгүүрийн урд байрлах зам дээрээс иргэн Б.Мөнхжаргалын эзэмшлийн Самсунг А-33 маркийн гар утсыг олж аван ашигласан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ... үйлдэл нь бусдын гээсэн эд зүйлийг олж авсан гэдгээ мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид нь эргүүлэн өгөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, өөрийн эзэмшилд авч бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мөнхжаргалд 900,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч ... нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох “гар утсаа биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хүсэлт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч тохиролцон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Жигжидсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Ц.Жигжидсүрэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/-аар нотлогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, уг ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Ц.Жигжидсүрэн нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Жигжидсүрэнгийн хувийн байдал, бусад орлого олох боломж, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жигжидсүрэнг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Жигжидсүрэнд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Жигжидсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Жигжидсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР