| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 145/2016/00104/Э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2016-12-01 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 104
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,
Улсын яллагч Ц.Батзориг,
Хохирогч Д.Дашдулам,
Шүүгдэгч Б.Даваацэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Цогууд ба зузаан овгийн Бямбадоржийн Даваацэрэнд холбогдох эрүүгийн 201615000307 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1958 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Хавцгайт булаг” жолооны курсын дүрмийн багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, жаргалтын 9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Цогууд ба зузаан овгийн Бямбадоржийн Даваацэрэн, /РД:ЙЮ58032335/
Шүүгдэгч Б.Даваацэрэн нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хавцгайт булаг” жолооны курст хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Дашдуламтай маргалдаж улмаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүгдэгч Б.Даваацэрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хүүхэд 9 сард 7 хоног суугаад хот руу явсан. Нэг сар орчим болоод ирсэн. Ээжээс нь асуусан ирсэн гэж байсан. Жолооны хичээлдээ ирэхгүй л байсан. Тэгсэн нэг өдөр ээж нь цүнхийг оруулж ирсэн. Нэг дромонд гаргасан чинь муу байсан. Тэгээд би хагас бүтэн сайнд ирээрэй гэсэн. Тэгсэн хагас бүтэн сайнд дромонд ирээгүй. Нэг дэх өдөр ирэхээр тест тарааж өгчихөөд манай нэг жолооны багш машин асаагаад өг гээд асааж өгчихөөд ирсэн чинь энэ хүүхэд явсан байсан. Өдөр 14 цагт жолоонд гарах гэсэн ирээгүй. Манай багш хүмүүсээ аваад гарсны дараа ирсэн. Тэгэхээр би чи ээжийгээ хуураад намайг хуураад гэсэн чинь инээгээд байхаар нь нэг алгадсан. Дахиад өмнөөс хэрэлдээд байхаар нь нэг алгадсан. Хохирогч Д.Дашдулам намайг цоож шидсэн гэдэг. Миний гар муу цоожоо унагасан. Тэгээд цоожлоорой гээд Тогтохдоржид түлхүүрээ өгсөн. Ийм л зүйл болсон гэв.
Хохирогч Д.Дашдулам шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 дүгээр сард Цэрэндолгор багшаас чөлөө аваад Улаанбаатар хот явж сургалтанд суусан. Би 6 сартай жирэмсэн. Хотод байхдаа жаахан хөдөлгөөнтэй байгаад тэгээд доошоо юм гарсан. Аймагт ирсэн чинь намайг 7 хоног хөдөлгөөнгүй бай гэсэн. Тухайн үед жолоонд гараагүй, дүрэмээ зааж байсан. Тэгээд би 7 хоног гэртээ байж байгаад Бааскаа багштай нэг удаа жолоонд гарсан. Тэгээд маргааш нь Б.Даваацэрэн багштай жолоонд гарсан. Тэгсэн Б.Даваацэрэн багш намайг сайнгүй байна хагас, бүтэн сайнд ирээрэй гэсэн. Тэгсэн орой нь бөөлжөөд байхаар нь ээж 1 дэх өдөр жолоондоо яв гэсэн. Тэгээд би 1 дэх өдрийн өглөө 09 цаг 30 минутанд жолоондоо очсон. Тэгсэн Б.Даваацэрэн багш надад тест өгчихөөд гараад явсан. Тэгэхээр нь би 11 цаг хүртэл 2 цаг тестээ бөглөчихөөд цайны цаг гээд явсан. Тэгсэн 14 цагт Бааскаа багш над руу жолоонд гарах гэж байна гээд утсаар ярьсан. Тэгээд би жолоон дээр ирсэн чинь Бааскаа багш хүмүүсээ аваад гарсан байсан. Намайг ирэхэд Б.Даваацэрэн багш, нэг хүүхэдтэй эгч, манай ээжийн ажилчин Тогтохдорж байсан. Тэгээд би хоцорчихлоо гэсэн чинь Б.Даваацэрэн багш Бааскаа гэж нэг юм хүмүүс ганц нэгээр нь авч яваад гээд байсан. Тэгээд Бааскаа багш руу залгасан утас нь холбогдохгүй байсан. Тэгсэн Б.Даваацэрэн багш та нар дарвалзаад байгаарай бүгдийг нь алгадана шүү гээд байсан. Тэгэхээр нь би “хннн” гэсэн чинь хэгжүүн чацагаа гээд миний зүүн талын хацар руу алгадсан. Миний толгой манараад л явчихсан. Тэгээд би сандал дээр суугаад нэг гараад явчихдаг юм уу гэж бодсоноо та ер нь намайг яагаад алгадаж байгаа юм гэсэн чинь л хагас, бүтэн сайнд ир гэсэн чи ирээгүй гээд загнаад байсан. Тэгсэн тэнд байсан хүүхэдтэй эгч ямар аймаар юм бэ гээд гараад явсан. Би бас зүгээр байгаагүй өмнөөс нь хэрэлдсэн тэгсэн чинь намайг ээжийгээ хагас бүтэн сайнд хуурсан гэсэн. Би аав, ээжийн чинь өмнөөс зодно гээд намайг дахиад алгадсан. Тэгэхээр нь би хүнд халдлаа гэсэн чинь шүүхэд одоо өргөдлөө бич гээд байсан. Тэгэхээр нь би таниар шүүхдэхээ заалгахгүй гээд хэрэлдсэн чинь эргэж ирээд дахиад алгадсан. Тэгээд намайг зөөлөн түлхэхэд нь би сандал дээр суусан. Тэгсэн Тогтохдорж орж ирээд одоо явъя гэсэн. Би явахгүй гэсэн чинь Тогтохдорж ах гараад явсан. Та жолоо тасалсан хүмүүсээ алгаддаг юм уу гэсэн чинь чи барьцаад байгаа бол би маргааш бүгдийг нь 3 алгадсан гэж гарын үсэг зурна гээд цоож бариад шидсэн. Миний ард оносон. Цоож нь намайг оносон гэдгээ хараагүй юм уу мэдэхгүй гээд байгаа. Нэг их удалгүй архи барьсан орж ирээд хойно суугаад уугаад байсан. Нэг настайвтар ах орж ирээд тайвшир гээд байсан. Би тэгэхээр нь ажлын байрандаа архи уух ёстой юм уу гэсэн чинь над руу архи цацсан. Тогтохдорж ах нүд рүү оночихлоо гээд гарсан. Тэгээд Тогтохдорж ах одоо явъя гээд машинд суугаад гэр рүү явсан. Тэгээд гэртээ очоод даралт ихсээд ухаан алдсан байсан. Эмнэлэгт 7 хоног хэвтсэн тархи хөдөлсөн байсан гэв.
Хохирогч Д.Дашдуламын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хавцгайт булаг” жолооны курсын байранд жолооны курсын доромонд гарах гээд ирсэн. Тэгээд би доромонд гарах багшийнхаа утасны дугаарыг авах гээд Даваацэрэн багшаас аваад нөгөө багшийн утас руу залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгтэл Даваацэрэн багш та нар дарвалзаад, өөрсдөө доромноосоо хоцорчихсон байгаа ш дээ, маяглаад байвал та нарыг алгадчихна шүү гэхээр нь би “хн хн” гээд инээсэн чинь босож ирээд миний зүүн талын хацар руу алгадаад авсан. Тэгэхээр нь би та намайг яасан гэж алгадаж байгаа юм гэсэн чинь хагас, бүтэн сайнд ирэхгүй, ээжийгээ хуурлаа энэ тэр гээд байсан. Тэгснээ аавын чинь өмнөөс 1 удаа алгадах эрхтэй гээд дахиад 1 удаа алгадсан. Тэгэнгүүт нь би шүүхэд өгнө, та яасан гэж намайг зоддог юм гэсэн чинь чи шүүхэд яг одоо өргөдлөө бич гээд дахиад 1 удаа алгадсан. Намайг нийт 3 удаа алгадсан. Тэгээд би чамайг 3 удаа алгадсан гэж дэвтэр дээрээ бичсэн юм уу хаашаа юм. Намайг гарын үсгээ зур гээд байсан. Бас намайг гар гээд бага зэрэг түлхсэн. Тэгээд цоожилчихоод гараарай гээд миний араас цоож шидсэн. Тэр шидсэн цоож нь миний ар дагзан дээр оносон. Тэгээд гараад явчихсан. Тэгээд 2-3 минут орчмын дараа гаднаас архи бариад ороод ирсэн. Намайг ангид сууж байхад ээжтэй хамт ажилладаг Тогтохдорж гэдэг ах намайг явъя, хүргээд өгье гэсэн чинь Даваацэрэн багш над руу архи цацчихсан. Тэгэхээр нь би та ажлын байран дээрээ архи уух ёстой юм уу? гэсэн чинь би тийм юм мэдэхгүй гээд гараад явсан. Тэгээд удалгүй Тогтохдорж ах намайг гэрт хүргэж өгсөн. Гэртээ ирээд тэрнээс хойш яаснаа санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь түргэн дээр ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Гэрч Т.Цэрэндолгорын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Даваацэрэн нь миний нөхөр байгаа юм. Зан байдлын хувьд төлөв томоотой, цагаан цайлган, шударга, ажлыг дуусгаж байж санаа нь амардаг хүн. Би нөхөр охины хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 10-18 тоотод оршин суудаг. Манайх “Хавцгайт булаг” жолооны курсыг ажиллуулдаг юм. Манай нөхөр уг жолооны курсын захирлын ажлыг хийдэг. Уг курсыг 1994 оноос одоог хүртэл ажиллуулж байгаа. Уг нь манай нөхөрт хүн бүр харьцаа сайтай, багшлах ажилдаа сайн гэж хүмүүс ам сайтай л байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч Д.Цэвэлсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчимд ажил дээрээ байхад манай эхнэр дүү Дашдуламын чинь даралт нь ихсээд эмнэлэг рүү түргэний тэрэг аваад явах гэж байна гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ шууд яваад очтол манай хашааны хаалгаар түргэний тэрэг гараад явж байсан. Би араас нь дагаад явсан. Эмнэлэг дээр очоод би дүүгээ машинаас буулгаад дамнуурган дээр авч ороод хүлээн авахад үзүүлээд мөн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд шууд хэвт гэсэн. Мөн ЭХО-д харуулсан. Баруун хацар нь бага зэргийн хавдартай, баруун чихний арын булчирхай товойгоод хавдчихсан байсан. Тэгээд жирэмсний эмгэг эмэгтэйчүүдийн тасагт хэвтүүлсэн. Хэвтэж байх үед нь ээж мөн борлуулагч Тогтохдорж ах нараас юу болсон талаар асуухад жолооны курс дээрээ багштайгаа муудалцаад тэрнээс болоод стрестээд даралт нь ихэссэн байх гэсэн. Тэгтэл Тогтохдорж ах болохоор жолооны багш нь 1 удаа алгадсан тэгээд бие нь муудсан гэж хэлсэн. Тэгээд цагдаад өргөдөл гаргасан. Мэдрэлийн эмч үзээд гүн шоконд орсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,
Гэрч Б.Чинзээнүймаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай охин Дашдулам нь Хавцгайт булаг жолооны курст бүртгүүлээд явж эхэлсэн юм. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод 14 хоногийн сургалтанд суугаад ирсэн. Тэгээд ирээд жолооны курсдээ явсан чинь жирэмсэн байсан болохоор доошоо өнгөтэй юм гараад байна гээд бас дахиад 7 хоног гэртээ байсан. Тэгээд сүүлийн 7 хоног буюу 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш идэвхитэй явж эхэлсэн. Тэгтэл өнөөдөр намайг эмээгийндээ байж байтал манай борлуулагч Тогтохдорж орж ирээд танай охин чинь жолооныхоо багшид алгадуулаад ангидаа уйлаад сууж байна, хоёулаа очиж авъя гэхээр нь би за гайгүй байлгүй дээ энд эмээ муудаад тэвдээд байна, та өөрөө очоод аваад ир гэж хэлсэн. Тэгтэл Тогтохдорж ах явсан. Би гэр рүүгээ галлах гээд ирсэн чинь удалгүй Тогтохдорж ах манай охиныг аваад орж ирсэн. Тэгэхээр нь би яасан юм, багштайгаа муудалцсан юм уу гээд асуусан чинь ерөөсөө дуугарахгүй байсан. Тэгээд орон дээр суугаад уйлж байснаа хойшоогоо гэдийгээд, гар нь цагаан болоод царай нь цайгаад татчихсан байсан. Тэгэнгүүт нь би шууд түргэн дуудсан. Түргэн ирээд үзээд даралт нь 160 хүрчихсэн байна. Хүнд хүн байна аваад явъя, хөдөлгөж болохгүй гээд дамнуурган дээр аваад явсан. Эмнэлэг дээр ирээд эмч нар үзээд шууд хэвтүүлсэн. Мэдрэлийн эмч үзээд цочролд орчихсон хүн байна. Маш тайван байлга гэсэн. Би охиноосоо багш чинь алгадчихсан юм уу гэж асуусан чинь тийм гээд толгой дохьсон. 1 алгадсан юм уу гэсэн чинь дуугарахгүй байсан, 2 юм уу гэсэн чинь дуугарахгүй байсан, 3 юм уу гэсэн чинь толгой дохисон. Тэгээд бас цоож гэж хэлээд уйлаад байсан. Тэрнээс өөр үг хэлээгүй. Тэгээд эмч нь орж ирээд битгий хамаагүй юм асуугаад бай, тайван байлга гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,
Гэрч Б.Тогтохдоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд “Хавцгайт булаг” жолооны курсийн багш Даваацэрэнд хүний бичиг баримт өгөх гэж орсон юм. Тэгээд уулзаад байж байтал гаднаас Цэвээнээ гэдэг охин ороод ирсэн чинь Даваацэрэн багш Цэвээнээд /Дашдуламыг Цэвээнээ гэж дууддаг/ чи дандаа дуудуулж, бусдыгаа хүлээлгэж байх юм. Сурах гэж байгаа бол идэвхитэй сураач гэсэн шаардлага тавьж байсан. Тэгсэн Цэвээнээ өөдөөс нь юм хэлсэн. Би тэр хэлсэн үгийг нь сонсоогүй. Тэгсэн чинь л Даваацэрэн багш Цэвээнээ гээд тэр охин хоёр маргалдаад эхэлсэн. Тэгсэн чинь Даваацэрэн багш тэр охиныг 1 удаа алгадаад авсан. Тэр хоёр маргалдаад байсан. Би тэр хооронд нь гараад явсан. Хажууд нь манай ажил байсан би боорцог гаргаад машинд ачиж байсан. Тэгээд 5-10 минут орчмын дараа анги руу нь яваад орсон чинь Цэвээнээ уйлаад сууж байсан. Тэгээд би гэрт чинь хүргээд өгье гэсэн чинь уйлаад явахгүй гээд босоогүй. Тэгэхээр нь орхичихоод 20-30 орчим минутын дараа буцаж ороод гэрт чинь хүргээд өгье, явъя гэсэн чинь өөрөө машинд суусан. Тэгээд би гэрт нь хүргэж өгсөн. Гэртээ хойд орон дээрээ сууж байгаад ээж нь гар нь хүйтэн байна, толгой нь халуун байна эмнэлэг дуудъя гээд түргэн дуудсан. Удалгүй түргэн ирж үзээд эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,
Гэрч Д.Баасандоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би Даваацэрэнгийн найз байгаа юм. Бид хоёр бага ангиасаа эхлээд 50 гаран жил найзалж байгаа. Зан байдлын хувьд цагаан цайлган, төлөв томоотой, хүнд тусархуу, хүнтэй эвтэй, нийтэч, хүний төлөө л явдаг хүн байгаа юм. “Хавцгайт булаг” жолооны курсийг 1994 оноос эхлэн одоог хүртэл ажиллуулж байна. Үүнээс өмнө Усны аж ахуйн ТМС-д өрмийн ангийн дүрмийн багшаар ажиллаж байсан. Уг нь насаараа хүүхдийн төлөө зүтгэсэн хүн байгаа юм. Яагаад ийм үйлдэл гаргасныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,
Гэрч М.Энхнасангийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хавцгайт булаг” жолооны курсийн байранд ангидаа байж байхад нэг охиныг орж ирэхэд Даваацэрэн багш жолоондоо гарах уу? гэхэд би гарч чадахгүй нь гэх шиг болсон. Тэгсэн Даваацэрэн багш чи энд цүнхээ тавьчихаад 2 хоног ирсэнгүй. Ээждээ болохоор жолоондоо гарч байна гэж гэрээсээ гараад энд болохоор цүнхээ орхичихоод 2 хоног алга болсон. Ээжийгээ хуураад, намайг ч хуураад гэхэд нь нөгөө охин инээсэн чинь Даваацэрэн багш 1 удаа алгадаад авсан. Нөгөө охин би ээжийгээ хуураагүй, таныг хуурсан юм гэж Даваацэрэн багш руу дайраад байсан. Тэгээд би гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 340 дугаартай шинжээчийн: “…Д.Дашдуламын биед тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 11 хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 31-32/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 58/,
Шүүгдэгч Б.Даваацэрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний цахим үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргийн тодорхойлолт /хх-ийн 46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Даваацэрэн нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хавцгайт булаг” жолооны курст хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Дашдуламтай маргалдаж улмаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Дашдуламын шүүгдэгч Б.Даваацэрэнд алгадуулсны улмаас биедээ гэмтэл авсан талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Цэвэлсүрэн, Б.Чинзээнүймаа, Б.Тогтохдорж, М.Энхнасан нарын мэдүүлэг, хохирогч Д.Дашдуламын бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 340 тоот шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Цогууд ба зузаан овгийн Бямбадоржийн Даваацэрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Даваацэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иргэний бичиг баримт, эд зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Даваацэрэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаараа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч, шүүгдэгчтэй эвлэрэхдээ түүний эрхшээлд байгаа буюу бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хэрэгт Б.Даваацэрэнгийн эзэмшлийн 91-38 ӨВР улсын дугаартай, “Хюндай аксент” маркийн автомашины битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Цогууд ба зузаан овгийн Бямбадоржийн Даваацэрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Даваацэрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Б.Даваацэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иргэний бичиг баримт, эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Б.Даваацэрэнгийн эзэмшлийн 91-38 ӨВР улсын дугаартай, “Хюндай аксент” маркийн автомашины битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Даваацэрэнд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Даваацэрэнд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ