Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1197

 

 

                                                 

 

 

 

 2019          11            28                                             2019/ДШМ/1197                                                               

 

Э.Х-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                       

            прокурор С.Цэрэндалай,

            нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Х-д холбогдох 1807002180065 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Э-ийн Х, Улаанбаатар хотод 1997 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; нөхөр, хүүхэд, эхийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 000 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

Э.Х- нь эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байсан Б.Б-н нөлөөнд автаж, түүний ятгалгын дагуу 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хууль танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Х-г гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах гомдолдоо: “... шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ “шүүгдэгч Э.Х- нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст Б.Б-д холбогдох хэргийн мөрдөн шалгах  ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Бг хүнтэй муудалцахад нь аваад явсан, эргээд ирэхэд зодоон болсон...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн” гэж шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2017 оны 8 дугаар сарын 4, 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч З.Мөнхтуяа, гэрч Б.Б-, гэрч Ө.Э-ийн 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн, гэрч Т.Мөнгөнтуяагийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлгүүдийг үндэслэн дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд тохироогүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал: Э.Х- 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Бг хүнтэй муудалцахад нь аваад явсан, эргээд ирэхэд зодоон болсон...” гэж огт мэдүүлээгүй бөгөөд шүүх мэдүүлгийг агуулгаар нь тайлбарлаж мэдүүлэг өгөх үед санаж байсан зүйлээ мэдүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 4-ний мэдүүлэг, санасан зүйлээ дахин мэдүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны мэдүүлгийг зөрүүтэй худал мэдүүлсэн, Бн нөлөөнд автаж мэдүүлсэн, зориуд худал мэдүүлсэн байна гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн нь хууль ёсны зарчимд нийцэхгүй, хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар гэрчилж байгаа үйл баримт нь цаг хугацааны хувьд 3 сар орчмын өмнө, оролцогч нар согтууруулах ундаа хэрэглэсэн байх үеийн үйл явдал байх бөгөөд Э.Х- нь Бн нөлөөнд автсан гэж мэдүүлгийг үнэлсэн атал өгсөн мэдүүлгээ тухайн үйл явдал, бусад гэрчүүдийн ярьсан зүйлтэй уялдуулж дахин мэдүүлэг өгсөн байдал, харсан зүйлээ мэдүүлээгүй эс үйлдэхүй байгаа гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлгүй буруутгаж байгаа нь хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зориуд худал мэдүүлэх гэмт хэрэгт гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж цагаатгаж өгнө үү ...” гэжээ.

Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Э.Х-д холбогдох хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Тэрээр 2017 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Б.Б-н үйлдсэн гэмт хэргийн талаар 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлсэн. Энэ хугацаанд 3 сар өнгөрсөн боловч Б.Б- нь Э.Х- болон тухайн үед байсан гэрчүүдтэй уулзаж “би ял эдэлж, шоронд орох гээд байна, та нар болсон асуудлыг хараагүй гэж хэлээд өгөөч, би хохирогчийн хохирлыг төлж барагдуулна” гэж удаа дараа утсаар ярьж, уулзсан. Гэрч “Тухайн үед болсон асуудлыг бид яриагүй, хараагүй гэж хэлсэн юм. Түүнээс би тамхи татдаггүй, тамхи татахаар хэрэг болсон газраас холдоогүй юм” гэсэн асуудлыг хоёр дахь удаагийн мэдүүлэгтээ ярьсан. Анхан шатны шүүх хуралдааны үед Э.Х- нь гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй, би худлаа ярьснаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Э.Х-г гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Х- нь яллагдагч Б.Б-н бусдыг зодож гэмтээсэн гэмт хэргийг нүдээр харсан атлаа түүний гуйлт, ятгалгад автаж эрүүгийн 201701080221 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “... бид нар 5 минут орчим болоод араас нь очиход зодоон болоод дууссан байсан ...” гэж болсон хэргийг хараагүй мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Б-н “... Би Халиун, Э-, Мөнгөнтуяа нарт 2017 оны 7 дугаар сард “болсон үйл явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч, би хохирогчийн хохирлыг барагдуулна” гэж найзын хувьд гуйсан юм ...” /хх 5-6/,

гэрч З.Мөнхтуяагийн “... 2017 оны 8 дугаар сарын сүүлээр Мөнгөнтуяа ирээд “тантай Б уулзсан уу, танай нөхрийн хохирлыг барагдуулна, худал мэдүүлэг өгчих гээд гуйгаад, намайг Энхбаатар ахыг цохисныг хараагүй гээд хэлээд өгчих гээд байхаар нь Халиунаа, Э- бид гурав 2017 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон үйл явдлыг хараагүй, мэдэхгүй гэж худал мэдүүлэг өгчихсөн” гэж хэлсэн. Мөн түүнээс хойш ажил дээр Мөнгөнтуяа, Халиунаа, Э- нар гадаа салхилаад сууж байхад “Б Энхбаатар ахын хохирлыг барагдуулна, асуудалгүй, та нар хараагүй гээд мэдүүлгээ өгчих гээд гуйгаад байхаар нь худал мэдүүлэг өгчихсөн” гэж хэлсэн. Тэгж би Мөнгөнтуяа, Халиунаа, Э- нарыг худал мэдүүлэг өгснийг нь мэдсэн. Манай нөхөр “Э-, Халиунаа, Мөнгөнтуяа нар намайг зодуулахыг харсан” гэж хэлж байсан ...” /хх 2/,  

гэрч Э.Х-гийн “... тэгээд баарны гадаа гараад Мөнхтуяа эгчийг нөхөр нь алгадаад авсан. Б “та яагаад эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм” гэхэд Бг шанаа руу нь алгадсан уу, шанаадсан уу мэдэхгүй цохиод авсан. Б “та яаж байгаа юм” гэхэд дахин алгадсан байх. Тэгэхээр нь бид нар Бг салгаад “М” клубын зүүн талд байдаг засмал замын тэнд Б, Э-, Мөнгөнтуяа нарын хамт очсон. Тэгтэл Б “Отгоноо эгчийг аваад ирье” гээд явсан. Бид нар араас нь 5 минут хиртэй болоод очтол зодоон болоод дууссан. Яг зодоон болох үед Мөнхтуяа эгч, түүний найзууд байсан ...” /хх 9/,

“... Б 2017 оны 7 дугаар сарын үеэр Мөнгөнтуяа, Э- бид гурваас “Энхбаатар ахын хохирлыг барагдуулсан ч ял авах юм шиг байна, та нар намайг Энхбаатар ахыг цохихыг хараагүй, өөр газар тамхи татаад зогсож байсан, ирэхэд зодоон болоод дууссан байсан гээд хэлээд өгчих” гээд нилээд олон удаа гуйсан. Тэгээд Э-, Мөнгөнтуяа бид гурав болсон үйл явдлыг хараагүй, хол очиж тамхи татчихаад ирэхэд зодоон болоод дууссан байсан гэж худал мэдүүлэг өгсөн.

... бид нарыг клубээс гаргаад, гадаа байж байтал Мөнхтуяа эгч нөхөртэйгөө маргалдаад нөхөр нь Мөнхтуяа эгчийг алгадсан чинь Б очоод “та эмэгтэй хүнийг болиоч” гэж хэлэхэд Энхбаатар ах Бн нүүрэнд цохисон. Б зөрүүлээд нүүрэнд нь цохиод хавирч унагаад толгой хэсэг рүү нь 1 удаа өшиглөөд, 2-3 удаа цохихоор нь Э- бид хоёр салгахад толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн ...” /хх 10/,   

гэрч Ө.Э-ийн “... Бг аваад Халиунаа, Мөнгөнтуяа бид гурав “М” клубын зүүн тал руу яваад тайвшруулсан. Тэгж тамхи татаж байхад Б клубын тийш явсан. Бид гурав тамхи татаж дуусаад араас нь “М” клубын үүдэнд очиход зодоон болсон гээд Мөнхтуяа эгчийн нөхөр “Чи ажлын газрын хүүхдүүдээрээ намайг зодууллаа” гэж орилж байсан ...” /хх 12-14/,  

“... Нэмж ярих зүйл гэвэл Б, Мөнгөнтуяа, Халиунаа бид нар “М” клубын ард очиж тамхи татаагүй. Болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлсэн нь худлаа. Б бид нарыг мэдүүлэг өгөхөөс өмнө 2-3 удаа ирж уулзаад “би Энхбаатар ахын хохирлыг барагдуулна, эрүүгийн хэрэгт ормоогүй байна, Халиунаа, Мөнгөнтуяа бид гурвыг Энхбаатар ах намайг нэг удаа цохисон, тэгээд та гурав намайг тайвшруулах гээд “М” клубын арагшаа авч яваад тамхи татсан. Би түрүүлээд “М” клубын тийш явсан. Та нар араас ирэхэд зодоон дууссан байсан, хараагүй гэж хэлээд өгөөч” гээд гуйгаад байхаар нь бид гурав зөвшөөрөөд болсон үйл явдлыг хараагүй гэж худлаа мэдүүлэг өгсөн. Уг нь болсон үйл явдал гэвэл ... Энхбаатар ах Бг цохихоор нь Халиунаа бид хоёр салгаад байж байтал Б дайрсаар байгаад Энхбаатар ахын нүүрэнд цохиод хавирч унагаад унаж байхад нь толгой хэсэгт нь өшиглөөд, Энхбаатар ах дөрвөн хөллөөд унахад нь толгойн ар дагз хэсэг рүү нь 3-4 удаа хүчтэй цохисон ...” /хх 16-17/,

гэрч Т.Мөнгөнтуяагийн “... баарны гадаа Б, Мөнхтуяа эгчийн нөхрийг цохиод авсан. Тэгэхээр нь бид нар салгаад “М” клубын зүүн талд очоод суусан. Тэнд тамхи татаж байхад Б “Отгоноо эгчийг дуудаад ирье” гээд явсан. Э- тамхи татаж дуусгаад бид нар араас нь очиход зодоон болчихсон байсан ...” /хх 20/,

“... Би урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байна. Б 2017 оны 7 дугаар сараас хойш Э-, Халиунаа бид гурвыг миний талд ороод Энхбаатар ахыг намайг зодсон үйл явдлыг хараагүй гээд худлаа мэдүүлэг өгөөч гээд бараг өдөр болгон гуйгаад байсан ... Тийм учраас Халиунаа, Э- бид гурав зодооныг хараагүй гээд мэдүүлэг өгчихсөн ... Мөнтуяа эгч нөхөртэйгөө муудалцаад байхаар нь Б өмөөрөхөд “чи манай эхнэрийг өмөөрдөг хэн бэ, түрүүнээс хойш өмөөрөөд байх юм” гэснээ нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Б, Энхбаатар ахыг зөрүүлж цохиод газарт унагаад, Б дээрээс нь дарж байгаад нүүрэнд нь 2-3 удаа цохиод, толгой хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн ...” /хх 21/,

шүүгдэгч Э.Х-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 31-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Э.Х- нь Б.Б-н үйлдсэн гэмт хэргийг нүдээр харсан гэрч атлаа 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө яллагдагчийн гуйлт ятгалгад автаж хэргийн газарт байгаагүй, хараагүй мэтээр илт худал мэдүүлэг өгсөн нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байгаагүй гэж 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн байцаалтад тодорхой мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... Бг хүнтэй муудалцахад нь аваад явсан, эргээд ирэхэд зодоон болсон байсан гэж огт мэдүүлээгүй, шүүх нотлох баримтыг агуулгаар нь тайлбарлаж буруу үнэлсэн ...” гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол ...” худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан. Гэрч зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байдаг тул болсон үйл явдлыг болоогүй, болоогүй зүйлийг болсон мэтээр илт гуйвуулж мэдүүлсэн идэвхтэй үйлдэл, эсхүл харсан, сонссон, мэдсэн зүйлээс мэдүүлээгүй эс үйлдэхүйн аль ч хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. 

Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “... анхан шатны шүүх нотлох баримтыг агуулгаар нь ойлгож буруу үнэлсэн, Эрүүгийн хуулийг буруу, төсөөтэй хэрэглэсэн нь шударга ёсны зарчмыг зөрчсөн, харсан зүйлээ мэдүүлээгүй эс үйлдэхүйд хууль зүйн дүгнэлт хийгээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Х-г цагаатгаж өгнө үү ...” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Х-гийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН