Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 116/ШШ2022/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч:  *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хэрлэн сумын 6 дугаар багийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.*******, хариуцагч Ш.*******, гэрч Т.*******, С.*******, Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 12-р сарын 05-ны өдөр хуралдсан Хэрлэн сумын 6-р багийн иргэдийн Нийтийн Хурал нь багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгохдоо "Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 23-р зүйлийн 23.14-т "Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална" гэж заасны дагуу дэгээ баталсан боловч тухайн хуралдааны дэгийн 12.1 заасан ...хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан иргэнийг багийн ИНХ-ын даргаар сонгогдсонд тооцно гэсэн заалтаа биелүүлэлгүй хуралд оролцсон иргэдийн олонхийн санал аваагүй Ш.*******г Хурлын даргад сонгогдсонд тооцож тогтоол гаргасан нь "Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 11-р зүйлийн 11.4-т "... санал хураалт явуулж хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно, хуулийн 11-р зүйлийн 11.5 "Энэ хуулийн 11.4-т заасан нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар Хурлын даргад дахин нэр дэвшүүлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул хурлын ирцийн бүртгэл, хуралдааны тэмдэглэл, хуралдаанаас гаргасан тогтоолуудаа бүрэн нотлогдож байна. Иймд анхнаасаа хууль зөрчин сонгогдсон даргаар удирдуулан явуулсан хурлыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дараах хууль зүйн үндэслэлээр маргаж байна. Нэгжийн хуульд заасны дагуу хуралдааны дэгийг дотооддоо баталдаг. Хэдийгээр дэг гаргасан хэдий ч иргэдээс батлах эсэхийг асууж баталгаажуулдаг байгаа. Иргэдээс санал авсан талаар тэмдэглэлд огт тусгагдаагүй байна. Ш.*******гийн хувьд өөрөө иргэдийн Хуралд төлөөлөгчөөр ажилладаг. Дэгийг нийт хуралд оролцогчдын саналаар баталдаг гэдгийг мэдэж байх ёстой. Дэг дээр олонхийн санал буюу 50 хувиас дээш санал авсан этгээдийг сонгогдсонд тооцно гэж заасан байгаа. Хуульд мөн энэ талаар нарийвчлан зааж өгсөн байдаг. Гэтэл  05 тоот тогтоол дээр олонхийн буюу 48.1 хувийн санал авсан гэдэг тоог тусгаж өгсөн байна. Олонхи гэдэг бол аль ч дүнгээс бодоход 50+1 хувийн санал авахыг шаарддаг. 48.1 хувийн санал авсан этгээдийг иргэдийн Нийтийн Хурлаас сонгосон нь нэгжийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болж байна. Мөн ирцийг бүртгэсэн бүртгэл байна. 216 иргэн санал өгсөн байна. Үүнээс 4 санал хүчингүй. 10 хүн нэмж орж ирсэн. Тооллогын комисс хувилж тооцоог гаргасан. 48.1 хувийн санал авсан гэдгийг  Ш.******* өөрөө хүлээн зөвшөөрч байгаа, хэрэгт авагдсан баримтаар ч бүрэн нотлогдож байгаа. Бүртгэлд 225 иргэний ирц байна. Бүгд санал өгсөн гэж үзвэл 113-аас 114 хүний санал авч байж нэгжийн хуулийн болзол шаардлагыг хангах байсан. 216 хүн санал өгсөн гэж үзвэл 109 иргэний санал авах ёстой байсан. Гэхдээ хэн аль нь 50+1 хувийн саналыг авч чадаагүй нь харагдаж байна. Анхаасаа хүчин төгөлдөр бус байсан тул хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй. Хуралдаан даргалагчаа албан ёсоор хуулийн дагуу сонгож чадаагүй байгаа. Ш.*******гийн хувьд удаа дараа дахин санал хураалт явуулах саналыг гаргасан ч тэмдэглэлд энэ тухай тусгаагүй байна.

Хуулиар буруу сонгогдсон эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрүүд бүхэлдээ хүчингүй байна. Анхнаасаа хүчин төгөлдөр бус байх үр дагаврыг хангасан байна. Тиймээс Хурлыг хүчингүй болгуулж дахин хуралдааныг хуралдуулах саналтай байна. Тогтоолууд нь бүхэлдээ засвартай байна. Тооллогын комиссын гишүүдийг батлах тухай тогтоолтой маргах зүйл байхгүй. Мөн 01 дүгээр тогтоол нь хоёр ширхэг байна. Тиймээс энэ тогтоол батлагдаагүй байна гэж үзсэн. Иргэдийн нийтийн Хурлын даргыг томилох тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэв. 

 

Хариуцагч Ш.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрлэн сумын 6-р багийн иргэдийн Нийтийн Хурал 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан. Тухайн өдрийн хуралдааны тооллогын комиссын 04 тоот “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, санал тоолсон дүнгийн тухай” тогтоолд хувийг тооцож гаргахдаа техникийн алдаа гаргасан байх ба хүчингүй санал 4, санал аваагүй санал 8 гарсныг тогтоолд тусгаагүй байна. Би санал хураалтыг нууцаар явуулах хүсэлтэй байна гэдгээ Адъяа гэх хүнд хэлсэн. Тооллогын комисс байгуулах гэх мэт ажлаас хамаарч цаг хугацаа их шаардсан. Иргэд их бухимдаж эхэлсэн. Санал хураах явцад зарим иргэд Хурлаа хаяж гарсан байсан. Тооллогын комиссын л алдаатай үйлдэл гэж үзэж байгаа. Тэмдэглэл дээр 4 санал хүчингүй, санал өгөөгүй  8 хүн байна гэж бичигдсэн байсан. Ингэж тооцохоор миний санал хүрсэн байх боломжтой л гэж үзэж байна. Багийн Засаг дарга бид хоёр тооллогын комисст санал тавьсан. Ингээд ямар ч шийдвэр гарсан би танилцуулах ёстой учир танилцуулсан байгаа. Багийн иргэдэд танилцуулсан. 50-иас дээш хувь байх ёстой гэдгийг хэлсэн. Ингээд дахин санал хураалт явуулах саналыг гаргаж байсан гэв.

Гэрч Т.******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Ш.*******д    ...48.1 хувийн санал авсан, санал хураалт дахин явуулах санал гаргасан, гэхдээ хүч түрээд олонхийн саналаар сонгосон, ...хүмүүс бүрэн сууж амжаагүй байхад дэгээ баталсан гэв.

Гэрч С.******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хуралд иргэн хүний хувьд оролцсон. Анхнаасаа санал хураалт 48.1 хувь буюу 50+1 хувийн саналд хүрэхгүй байсан, ... Хурлын зохион байгуулалт маш муу байсан. Би иргэн хүнийхээ хувьд санал хэлэх гэхэд микрофоныг зуурч аваад өгөхгүй байсан, ...өөрсдийнхөө таньдаг хүнд хоёр ширхэг саналын хуудас өгч байсан гэв.

Гэрч Л.******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ...Хурлын дэг дээр 50+1 санал авахаар дэг дээр тусгасан, хуралдаан анхнаасаа бужигнасан зүйл болсон. Тогтоолыг уншиж өгөөгүй, хувийг нь хэн ч зарлаж хэлээгүй...гэв

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн  Хэрлэн сумын  6-р багийн 2021 оны 12 дугаар багийн 05-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүй болгох шаардлагын үндэслэлээ, Хуралдааныхаа дэгийг Хурал өөрөө тогтоож тогтоолоор баталсан боловч олонхийн санал аваагүй Ш.*******г Хурлын даргад сонгосонд тооцож тогтоол гаргасан гэжээ[1].

         Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” хуульчилсан.

       Хэрлэн сумын 6-р  багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор, “Хуралдааны дэг”-ийн[2] 12 дугаар зүйлийн 12.1-д “Багийн иргэдийн Ниитийн Хурлын даргыг сонгохдоо нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж,  хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу  50-иас дээш санал авсан иргэнийг багийн иргэдийн  Нийтийн Хурлын даргаар сонгогдсонд тооцно” баталсан байна.

        Тэрээр тус багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5-р сургуулийн спорт зааланд хуралдаж, ... нэр дэвшигч Шинэбаярын ******* 104 санал буюу 48.1 хувь, *******ын ******* 90 санал буюу 41.6 хувийн санал авсан байдаг. Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурал нь ...48.1 хувийн санал авсан Ш.*******г багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгож, 2021.12.05-ны өдөр 03 дугаар тогтоолоор[3] баталгаажуулсан байна.

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 “Баг хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэжээ. Шүүх хуралдаанд; нэр дэвшигч  Ш.******* нь ...216  иргэний ирц надад өгсөн, ...206 хүн оролцсон байх, өгсөн материалаас  харахад  200 хүрэхгүй хүний тоо харагдсан гэх, ...гэрч  С.Ц. нь ... 225  иргэн байсан гэж тайлбарлан, мэдүүлж  байгаа  хэдий,  ... нэр дэвшигч аль ч тоон утгаар ...50-иас дээш хувийн саналд хүрэхгүй байгаа бөгөөд, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн иргэдийн нэрийн  жагсаалтыг үзэхэд;   бүртгэгдсэн  225 иргэн, хуралдаанд оролцсон гэх 216 иргэн  гэж байгаа боловч... тухайн Хурлаас 194 санал буюу 89.2  хувиар  баталгаажуулсан тогтоолыг  гаргажээ.

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.5-д заасны дагуу, нэр дэвшигч    Ш.*******  48.1 хувь, С. ******* нь 41.6  хувь,  аль нь  ч олонхийн санал аваагүй  учир, ...хоёр дахь  санал  хураалтад  оруулах  бөгөөд  тэдгээрийн  хэн нь ч олонхийн санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар, Хурлын даргад дахин нэр дэвшүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэтэл нэр дэвшигч 48.1 хувийн санал авсан   Ш.******* нь  тухайн үед  дахин  санал хураах  саналыг гаргаж байхад, ... саналыг хүлээн авч шийдвэрлэсэн эсэх талаар Хурлын тэмдэглэлд[4] бичигдээгүй  орхигдуулж, улмаар  ...олонхийн  50+1 саналд хүрэхгүй байхад   дээрхи тогтоолыг гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй юм.

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь  хуралдаан байна”  9 дүгээр зүйлийн 9.1.3 “...багийн иргэдийн  Нийтийн хурал нь  нутгийн өөрөө удирдах байгууллага мөн” дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “... нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах, үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг баримтлах” талаар хуульчилсан. Тухайн өдрийн иргэдийн  Нийтийн Хурлын  хуралдаанаар ... нэр  дэвшигчийн гаргасан саналыг шийдвэрлээгүй орхигдуулан хууль зөрчсөн,  зохион байгуулалт эмх замбараагүй,   Хурлаас гаргасан тогтоолууд нь  ойлгомжгүй,  огноо дугаар нь  засвартай зэргээс үзэхэд  ... асуудалд хайхрамжгүй хандсан,  ...шийдвэр нь  хууль дээдлэх,   үндэслэл бүхий байх зарчим алдагдсан гэж үзэхээр байна.

          Иймд нэхэмжлэгч С.*******ын, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн  иргэдийн  Нийтийн Хурлын хуралдааныг хүчингүйд тооцож, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай”  03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ...Хурлын даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин явуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

        Монгол Улсын  Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2016 оны/ хуулийн үйлчлэл дуусаагүй байхад ...багийн Хурал хуралдсан байгаа бөгөөд, дээрхи хуулийн /шинэчилсэн найруулга/ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

           

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

        1. Монгол Улсын  Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай /2016 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5, 23 дугаар зүйлийн 23.1,  23.14, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч *******ын *******ын,  Хэрлэн сумын  6-р багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан,  2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг  хүчингүйд тооцож, “Багийн иргэдийн Нийтийн  Хурлын  даргыг сонгох  тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй  болгосугай.

 

            2. Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  /2020 оны/ хуулийн дагуу, Хэрлэн сумын  6-р багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин явуулахыг, Хэрлэн сумын  6-р багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгасугай.

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1-д  заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200  /далан мянга хоёр зуун /  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэрлэн сумын 6-р багийн иргэдийн Нийтийн Хурал /ажлын алба/-аас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д  зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.ОЮУН

 

[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 4-5р хуудас

[3] Хх-ийн 14-р хуудас

[4] Хавтаст хэргийн 6-7-р хуудас