Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 531

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03471 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч УБТЗ ХНН-т холбогдох

 

Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 09-р сарын 18-ны өдрийн Б/II/214 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5 753 952 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2017 оны 9 дүгээр сарын цалин 391 585 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь Улаанбаатар төмөр замд 15 жил тасралтгүй ажиллахдаа ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргүүдийг биелүүлж ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар төмөр замын даргын Б/II/214 тушаал гарч Д.Б-г сайншанд худалдааны төвийн даргын ажлаас нь халсан. Тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5, 132.1, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 а, з заалтуудыг үндэслэл болгосон. 2017 оны 4 дүгээр сараас 8 дугаар сард Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс Сайншанд худалдааны төвд шалгалт хийсэн. Иргэдийн 2, 3 жилийн өмнө нь гаргасан гомдлоор шалгалт явуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.5 дахь заалтыг зөрчсөн. Мөн санхүүгийн шалгалтыг 2017 оны 04-08 дугаар сарын хооронд хийсэн атлаа, 2014, 2015 онуудын 2,3 жилийн өмнө хийж байсан ажлын дүн байдалд дүгнэлт хийж шалгасан. Төмөр замын даргын тушаал гарсны дараа Д.Б нь тушаал болон аудитын дүгнэлтэд гомдол гаргасан ч хариу өгөөгүй. Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмын 7.1.1 дэх хэсэгт шалгалтын дүнг шалгуулсан байгууллага нэгж албан тушаалтанд танилцуулж холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах бөгөөд хэрэв шалгуулсан этгээд хяналт шалгалтын баримт бичигт заасан зүйлийг зөвшөөрөхгүй бол энэ тухай тайлбар бичин тэмдэглэл үйлдэж шалгалтын материалд хавсаргана гэснээр шалгалтыг дүн хүчин төгөлдөр болдог. Гэтэл ямар нэгэн тайлбар авалгүйгээр ажлаас халах тушаал гаргасан нь үндэслэлгүй. Мөн ажлаас халах тушаал гарахын өмнө санхүүгийн акт 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Уг актаар 2017 оны 4, 5-р сарын шагналт цалинг илүү олгосон гэж 118 618 төгрөгийн акт тавьсан. Шагнал цалинг Замын даргын комиссын тэмдэглэлийг үндэслэн төлөвлөлт эдийн засгийн алба буюу дээд шатны нэгжээс нь баталсны дагуу олгодог урамшуулал байдаг. Энэ урамшууллыг өөртөө бодож олгосон гэж акт тавьсан. 2017 оны 8, 9 дүгээр сарын цалинг олгоогүй нь энэ актнаас болоод суутгал хийсэнтэй холбоотой. Шагналт цалин бол Д.Б-ийн хийж байсан ажилтай холбоогүй дээрээс тушаалаар олгодог зүйл. Аудитын дүгнэлтийн дараа 0395 тоот акт гарсан. Мөн хилийн чандад өөрөө худалдаа наймаа хийсэн гэж шалгалтаар тогтоогдсон гэдэг. Худалдан авсан бараа бүтээгдэхүүн, тайланд тусгагдсан худалдан авсан барааны нэр үнэ зөрүүтэй байгааг тогтоож илүү тооцсон үнэ 2 308 320 төгрөгийг хариуцуулсан, тухайн үйл явдал болж байхад худалдан авахаар тохирсон бараа бүтээгдэхүүнүүд нь тайланд тусгагдсан бараанаас нэр нь өөр, хүчин чадал нь өөр байсан гэх зэрэг шалтгаан гаргасан. Д.Б-ийн хувьд тухайн барааг худалдан авах төлөвлөлт нь буруу байсан тул өөрийн биеэр хил гарч борлуулагчтай гэрээ байгуулсан бөгөөд өөрөө бэлэн мөнгөөр худалдан авалт хийж чанаргүй бараа бүтээгдэхүүн оруулсан, мөнгө төгрөг завшсан зүйл байхгүй. Улаанбаатар төмөр замын даргын тушаалыг хүчингүй болгуулж Сайншанд худалдааны төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5 753 952 төгрөг гаргуулах, энэ үнийн дүнгээс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2017 оны 9 дүгээр сарын цалин 391 585 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дотоод аудит хяналтын алба нь Улаанбаатар төмөр замын даргын шууд харьяалагдах алба хэлтэс бөгөөд бусад салбар нэгжүүдэд хяналт шалгалт хийх үүрэгтэй. Дүрэм журмын дагуу шалгалт хийж гарсан зөрчил болон дутагдлыг бүрэн илрүүлж шалтгаан нөхцлийг тогтоох үүрэг хүлээсэн. Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам нь 2017 оны 51 тоот тушаалаар батлагдсан. Сайншанд худалдааны төвийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн н.Мөнхцэцэг гэх хүн замын даргын нэр дээр “жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд албан тушаал бууруулж сахилгын шийтгэл буруу ногдууллаа” гэсэн гомдлыг гаргасан. Энэ нь шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байсан хэдий ч ажил олгогч Маргаан таслах комиссоос шалгах шаардлагатай байсан. 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ХШ61/0143 тоот албаны шалгалт явуулах төлөвлөгөөг Дотоод аудит хяналтын албаны дарга батлаад 2017 оны 7 дугаар сарын 04-ны өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтын байцаагч нар шалгаж байх хугацаанд тухайн төвийн хүмүүсээс гомдол ирсэн тул гомдлуудыг шалгах зорилгоор шалгалтын хугацааг 1 сараар сунгасан. Иргэдээс ирж байгаа гомдол нь цалин хассан, дарамталсан, байгууллагын дотоод журмыг дарга өөрөө зөрчсөн гэсэн утга бүхий гомдол байсан. Ингээд Сайншанд өртөөний Сайншанд худалдааны төвд хэсэгчилсэн шалгалт хийх удирдамж гаргаж шалгасан. Д.Б нь шагнал цалинг илүү авсан гэдэг үндэслэлээр буруутгасан гэдэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд өгсөн тайлбар дэрээ Д.Б нь өөртөө дур мэдэн шагнал цалин тодорхойлоогүй гэж хэллээ. Шагнал цалинг өөртөө тодорхойлоогүй ч гэсэн авсан гэдгийг хүлээн зөвшөөрлөө гэж ойлголоо. Үр дүнгийн комиссын хурлаар шагнал цалинг тодорхойлдог. Салбар нэгжийн дарга нар нь өөртөө тушаал гаргаж цалин авах боломжгүй гэдгийг Д.Б мэднэ. Энэ байдлыг зөрчиж өөртөө шагнал цалин авсан учраас 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/200 тоот тушаал, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/203 тоот тушаалын 3-р хавсралтыг үндэслэн акт тавьсан, Д.Б нь акттай танилцаж гарын үсэг зурсан. Шуурхай хурал дээр ч өөрөө зөвшөөрсөн. Худалдааны төвийн дарга нь Замын даргаас олгосон итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулахдаа алба хэлтэстэй зөвшилцөх ёстой. Гадаадын хуулийн этгээдтэй гэрээ байгуулах итгэмжлэл олгоогүй байхад үүнийг зөрчиж хилийн чандад худалдаа хийж, гэрээ байгуулсан байсан. Д.Б нь хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.6 дахь заалтуудтай танилцсан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь шалгалтаар тогтоогдсон, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг дүгнэсэн тайлан хүчин төгөлдөр байна. Бид хөдөлмөрийн хуульд нийцүүлэн арга хэмжээ авч, Улаанбаатар төмөр замын салбар нэгжийн удирдах ажилтнаар ажиллахад тэнцэхгүй гэж дүгнэсэн байгаа. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 391 585 төгрөг гаргуулж Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/II/214 тоот тушаалыг хүчингүй болгох, Сайншанд худалдааны төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5 753 952 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч УБТЗ нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 12 397 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шагналт цалин нь бодогдож олгогдохдоо Төвийн даргын оролцоогүйгээр батлагдаж олгогддог урамшуулал байхад өөрөө бие дааж олгосон мэтээр шүүх дүгнэсэн нь буруу. Мөн илүү бодогдож авсан төлбөрийг хүлээн зөвшөөрч цалингаасаа өөрөө төлсөн гэж дүгнэсэн нь буруу. 2017 оны 9 дүгээр сарын цалинг хаагаад олгохгүй байгаа талаар зохигчид мэдүүлсэн байдал, хэрэгт авагдсан цалинг хааснаас үүдэлтэй шаардлага гаргасаар атал хүлээн зөвшөөрсөн төлсөн гэж буруу дүгнэлт хийсэн.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт итгэмжлэлээр худалдах, худалдан авах эрхийг олгохдоо гадаад дотоод худалдаа гэж зааглаагүй хэмээн дүгнэсэн атлаа үндэслэх хэсгийн төгсгөлд "... өөрөөр хэлбэл, Д.Б нь эдгээр журмыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй үүргийг гүйцэтгэсэн, ингэхдээ худалдан авсан бараа нь үнэ зөрүүтэй, маргаантай байсан нь СТ-61/03-95 актаар тогтоогдсон" гэж зөрүүтэй дүгнэлт хийжээ. Дээрх байдлаар нотлох баримтуудыг үнэлэлгүй зөрүүтэй дүгнэлт хийсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх ёстой гэж заасныг зөрчсөн ба шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн уг зохицуулалтын "ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй" гэх нөхцөл нь ажилтны зүгээс ажил үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зөрчилтэй холбоотой байдаг. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах ёстой. Үүнээс үзвэл хөдөлмөрийн гэрээг цуцлаж буй үйлдэлд мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн хэлбэрийг ашиглаж байгаа бол тушаалд хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг үндэслэх ёстой байна. Гэтэл шүүхийн зүгээс Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/II/214 тоот тушаалыг эрх зүйн баримт бичгийнх нь хувьд болон түүнд тавигдах хуулийн шаардлагын хүрээнд дүгнэлгүй хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. "Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ ХНН-ийн Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-ын 8.1, 8.5, 8.6.3-д тус тус заасныг зөрчиж явуулсан байтал үүнд ямарч дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгчийг илтэд буруутган шийдвэр гаргасан нь хууль ёсны бус шийдвэр гарах нөхцөл бүрдсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн хангахгүй орхисон хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Д.Б хариуцагч УБТЗ ХНН-т холбогдуулан Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/II/214 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5 753 952 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2017 оны 9 дүгээр сарын цалин 391 585 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс Сайншанд Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байсан ба Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б-II-214 тоот тушаалаар Д.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.                                                                              /хх-8, 165/  

 

Хариуцагч байгууллага нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б-II-214 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.1, 132 дугаар зүйлийн 132.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з” заалт, тус нийгэмлэгийн Замын дарга Д.Жигжиднямаагийн удирдан хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус баримталжээ.                               /хх-8 дугаар тал/

 

Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлийг заажээ.

 

Хэргийн 107-109, 111-114 дүгээр талд авагдсан иргэн А.Мөнхцэцэг, Д.Энхцэцэг нарын Улаанбаатар төмөр замын Аудитын албанд өргөдөл, гомдол гаргасантай холбогдуулан Улаанбаатар төмөр замын даргын 3 дугаар сарын 21-ний өдрийн А-89 дүгээр тушаалаар батлагдсан Дотоод аудит, хяналтын албаны дүрэм, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А-51 дүгээр тушаалаар батлагдсан Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг үндэслэн Сайншанд худалдааны төвд албаны шалгалт хийхээр 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн албаны шалгалт явуулах төлөвлөгөө, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “УБТЗ” ХНН-ийн Сайншанд худалдааны төвд хийх хэсэгчилсэн шалгалтын удирдамж батлан тус төвийн өдөр тутмын болон санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт явуулсан үйл баримт хэргийн 75-82, 84-97, 136, 145-147 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-II-100 дугаар тушаалаар Д.Б-т 4 дүгээр сарын шагналт цалинг 25 хувиар, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-II-130 дугаар тушаалаар 5-р сарын шагналт цалинг 30 хувиар тооцож олгохоор шийдвэрлэсэн байхад Сайншанд худалдааны төвийн дарга Д.Б нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар тушаалаар өөртөө шагналт цалинг 35 хувиар тооцож олгон 118 668 төгрөг илүү авсныг төлүүлэхээр СТ-61/03-93 тоот акт тогтоосон үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй, дээрх илүү авсан 118 668 төгрөгийг нэхэмжлэгч цалингаасаа суутгуулж төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. Энэ талаар “шагналт цалин нь бодогдож олгогдохдоо төвийн даргын оролцоогүйгээр батлагдаж олгогддог урамшуулал байхад өөрөө бие дааж олгосон мэтээр шүүх дүгнэсэн нь буруу” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.                                                                                                                      /хх-71-73, 55, 196-199 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг тул Д.Б-ийн “2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б-II-214 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг агуулаагүй, нэхэмжлэлийн бие даасан шаардлага болохгүй, харин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болох тул шийдвэрлэх шаардлагагүй болно.

 

Хариуцагч байгууллага нь Д.Б-ийн 2017 оны 9 дүгээр сарын цалин 391 585 төгрөгийг олгоогүй тул анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын цалин 391 585 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь Сайншанд худалдааны төвийн дүрэм, Сайншанд худалдааны төвийн дотоод журам, Гадаад зах зээлээс хүнсний болон өргөн хэрэглээний зарим барааг худалдан авах журмыг тус тус зөрчсөн, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй үүргийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үндэслэлийг заан түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлтэй зөв гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 391 585 төгрөгийг гаргуулж, Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/II/214 тоот тушаалыг хүчингүй болгох, Сайншанд худалдааны төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5 753 952 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөөс чөлөөлөгдөх байтал нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлснийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03471 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-с давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ