Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0099/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Хохирогч Д.Отгончимэг,

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Адуучин овогт Дашзэвэгийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2318000170105 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Адуучин овогт Дашзэвэгийн Мөнх-Эрдэнэ /РД: .../ 1995 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Баян бридж ХХК-нд цахилгааны туслах ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч болон хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг хуучин хороолол, 8 дугаар байрны 28  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар автомашин зарна гэж итгүүлэн Д.Отгончимэгээс 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, идэшний үхэр зарна гэж итгүүлэн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус бүр 400,000 төгрөг, 300,000 төгрөг, 300,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг бусдын болон өөрийн дансаар шилжүүлэн авч 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн: Өөрийнхөө гэм бурууг ойлгож байгаа. Би 300,000 төгрөг төлсөн. Баян бридж ХХК-д ажиллаж байгаад энэ гэмт хэрэгт шалгагдаж эхлээд ажлаасаа гарсан. Цаашид өмнө нь ажиллаж байсан уул уурхайн байгууллагадаа ажиллаад хохирлыг нь бүрэн төлж барагдуулах болно гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Отгончимэгийн: Би 2022 оны 06 дугаар сарын 04-нөөс Баян бридж ХХК-д ажиллаж эхэлсэн ба тэнд Д.Мөнх-Эрдэнэтэй танилцсан. Бид нэг нэгэндээ тус дэм болоод явдаг байсан ба би өөрийнхөө дүү шиг бодож явсан. Д.Мөнх-Эрдэнэ Приус-11 машин зарна гэхээр нь би худалдаж авахаар болоод 2,000,000 төгрөг шилжүүлсэн. 3 хоногийн дараа машинаа авч ирж өгнө гэсэн боловч өгөөгүй. Над руу залгаад “манай дүү машин унаж яваад мөргөлдүүлсэн байна. 7 хоногийн дараа засуулаад аваад ирье” гэсэн. Би 2022 оны 07 дугаар сарын үеэр машины мөнгө гээд 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Д.Мөнх-Эрдэнэ манайх Сэлэнгэд малтай идэшний үхэр авах уу гэхээр нь идэшний мөнгө гээд эхлээд 1,000,000 төгрөг, дараа нь 400,000 төгрөг, 300,000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Хамгийн сүүлд идэшний мах оруулах гарал үүслийн бичиг авах 100,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь 100,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Д.Мөнх-Эрдэнэд итгэж, найдаад 4,100,000 төгрөг шилжүүлсэн. Би одоо машин ч үгүй, идэшний мах ч үгүй болсон. Намайг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дараа 300,000 төгрөг шилжүүлсэн. Одоо 3,800,000 төгрөгийн хохирлоо төлүүлэхийг хүсэж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн: Хохирогч Д.Отгончимэгээс Хаан банкны дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримт, Д.Мөнх-Эрдэнэтэй харилцсан чат, Д.Мөнх-Эрдэнээс Д.Отгончимэг рүү явуулж байсан .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зураг зэргийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,

2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн: Хохирогч Д.Отгончимэгийн эзэмшлийн 5046204450 дугаартай Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-23/,

Гэрч Б.Гантуяагийн: Д.Мөнх-Эрдэнэ нь миний ууган хүү. Хөтөлд эхнэр, 3 настай хүүгийн хамт амьдарч байсан. Эхнэр нь 2021 онд өөд болсноос хойш манайд нүүж ирсэн. Хүүхдийг нь би хардаг. ... улсын дугаартай приус 10 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнн машин. 2013 онд Энт Финанс ХХК-тай гэрээ байгуулж худалдан авч байсан. Өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа. 2022 оны 11 дүгээр сарын эхээр бага охины оюутны төлбөр нэхэгдээд машинаа сэлбэгэнд ачуулсан. Д.Мөнх-Эрдэнийн нэр дээр эд хөрөнгө, мал, машин байхгүй. А данс манай нөхрийн нэр дээр байдаг. Д.Мөнх-Эрдэнэ нь 8-9 сарын хавьцаа идэшний 2 бяруу өгөөч гэж хэлсэн. Нэг дор амьдарч байж идэш хоолоор яах гээд байгаа юм бэ? гээд би нэг их ач холбогдол өгөөгүй. Дараа нь нэг эмэгтэй над руу залгаад өөрийгөө ... найз байна. Д.Мөнх-Эрдэнэ надад машинаа зарна, идэшний нэг үхэр өгнө гээд надаас мөнгө авсан гэж хэлсэн. Яг хэдэн төгрөг манай хүүд зээлсэн гэдгээ надад хэлээгүй. 7 сард машинаа заръя гэж хэлж байсан. Тухайн үед нь би загнасан болохоор надад бүрэн дүүрэн ойлгуулаагүй юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

Гэрч Б.Дашзэвэгийн: Д.Мөнх-Эрдэнэ над руу би машин худалдаж авах гэсэн юм аа гээд нэг удаа ярихаар нь би энэ эвдэрхий ногоон машинаа сэлбэгэнд худалдаж борлуулаад олсон мөнгөө чамд өгч машин авах мөнгөнд чинь хандивлана гэж би хэлж байсан. Хэзээ гэдгээ бол санахгүй байна. 2022 оны 12 дугаар сард цагдаад шалгагдаж эхэлэхэд нь би тэр машиныг бусдад зарна гээд мөнгө авсныг нь мэдсэн. Манай машины мотор нь эвдэрчихсэн болохоор гэрийнхээ хашаанд байлгаж байгаад 2022 оны 10 дугаар сард хүнд сэлбэгэнд 1,000,000 төгрөгөөр зарчихсан. ... төрсөн хүү болох 3 настай Мөнхжаргалд зүсэлж өгсөн 1 тугалтай үнээ байдаг. Бусдаар бол .. нэр дээр тоологдсон болон зүсэлж өгсөн үхэр мал байхгүй ээ гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Гэрч Д.Артагийн: Д.Мөнх-Эрдэнэ манай гэрт ирээд надтай юм ярьж байгаад би хүнээс 2,000,000 төгрөг авах гэж байгаа юм. Би чиний данс руу хийлгэж авчихаад буцаагаад өөрийнхөө данс руу авчихмаар байна гэж хэлсэн. Би тэр үед шууд өөрийнхөө данс руу хийлгээд авахаар яагаад байгаа юм бэ? гэхэд миний утас унтарчихаад байна, чи дансаараа аваад өгөөч гэж гуйсан. Тэгээд миний утсаар 1 эмэгтэй хүнтэй яриад миний дансны дугаарыг өгсөн. Миний данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Би буцаагаад тэр дор нь ... Хаан банкны данс руу нь шилжүүлж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн: Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5046204450 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 54-61/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь "Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт Д.Отгончимэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан автомашин зарна гэж итгүүлэн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, идэшний үхэр зарна гэж итгүүлэн 2022 оны 08 дугаар сарыг 08-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус бүр 400.000, 300.000, 300.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 100.000 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн нэхэмжилсэн 3.800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь Баян бридж ХХК-д ажиллаж байхдаа Д.Отгончимэгтэй танилцаж түүнд ... улсын дугаартай автомашиныг зарна гэж хэлэн 2022 оны 07 дугаар сарын 25-нд 2,000,000 төгрөг, 2 тооны идэшний үхэр зарна гэж хэлэн 2022 оны 08 дугаар сарын 08-нд 1,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 17-нд 1,000,000 төгрөг, мал махны гарал үүслийн гэрчилгээ авна гэж хэлэн 2022 оны 08 дугаар сарын 24-нд 100,000 төгрөг, нийт 4,100,000 төгрөгийг бусдын болон өөрийн дансаар шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэг тооцохоор заажээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн хамт ажилладаг хүн болох Д.Отгончимэгт “авто машин зарна”, “идэшний үхэр зарна” гэж хэлэн нийт 4,100,000 төгрөг авсан үйлдэл нь өөрийн өмчлөлийн авто машин болон малгүй атлаа худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 4,100,000 төгрөг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байгаа ба энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.Отгончимэгт 4,100,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Д.Отгончимэг нь шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь 300,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 3,800,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан тул шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнээс 3,800,000 төгрөг гаргуулан хохирогч  Д.Отгончимэгт олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны дараа завсарлага авч хохирогчид 3,800,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 106/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг 240 /хоёр дуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь уурхайд ажилд орох гэж байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн орлого олох боломж нөхцөл, ам бүлийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 1,000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Адуучин овогт Дашзэвэгийн ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР