| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0061/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/124 |
| Огноо | 2023-03-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0061/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Б.Доржханд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бурмаа,
Иргэний нэхэмжлэгч С.Нандин-Эрдэнэ /цахимаар/
Иргэний хариуцагч Э.Сэргэлэн,
Шүүгдэгч Э.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өөлд овогт Эрдэнэбилэгийн Баасансүрэнд холбогдох эрүүгийн 2218000360031 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өөлд овогт Эрдэнэбилэгийн Баасансүрэн /РД:.../ 1992 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, Улаанбаатар хотын Төмөр замын Дархан өртөөнд оосорлогч, дохиочин ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Ширээ нуруу 33-1/А тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Баасансүрэнг 2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Молор зочид буудалд хамт байсан Б.Мягмарсүрэнгийн Самсунг Галакси плип-3 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,300,000 төгрөгийн, Б.Жүгдэрмаагийн Самсунг эс-20 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.Баасансүрэнгийн: Би Мягмарсүрэн эгчийг гар утсаа унагаагаад байхаар нь авсан. Тэгээд тэр чигтээ аваад явсан. Санаа зовоод өгч чадаагүй гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бурмаагийн: Миний охин Мягмарсүрэн гар утсаа хулгайд алдсан. Тэгээд Цагдаагийн газраас утсаа аваарай гэж ярих үед охин маань Солонгос улс руу явсан байсан. Би Цагдаагийн газар очиж утсыг нь аваад Солонгос улс руу явуулсан. Охины маань гар утас авсан боловч хүнтэй ярьж болохгүй байна гэсэн. Иймд гар утас засварын хөлс 400,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахыг хүсэж байна гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч С.Нандин-Эрдэнийн: Би 2022 оны 01 дүгээр сарын үед зарын сайтаас гар утас авах гээд хайж байсан. Тэгээд Самсунг Галакси Плип-3 маркийн гар утас зарна гэсэн зарыг хараад утас руу нь залгаж холбогдсон. Тэгээд 13 дугаар хорооллын Наран дэлгүүрийн тэнд зарах хүнтэй нь уулзаж утсыг нь үзсэн. Зах зээлийн үнээс хамаагүй хямд 1,800,000 төгрөгөөр зарна гэсэн тул авахаар болж Сэргэлэн гэдэг нэртэй данс руу мөнгийг нь шилжүүлээд авсан. Гар утсыг надад зарсан хүн “манай найз энэ утсыг заруулахаар Дарханаас явуулсан” гэж байсан. Тэгээд тухайн гар утсыг ашиглаж байх үед Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас холбогдоод Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг өгөөрэй гэсэн. Би очиж болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгсөн. Дараа нь миний гар утсыг прокурорын тогтоолоор хурааж авсан. Тэр утас хэвийн ажиллагаатай байсан ба намайг хураалгах үед ч хэвийн ажиллагаатай байсан. Би одоо мөнгө ч үгүй, гар утас ч үгүй болсон тул 1,800,000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Э.Сэргэлэнгийн: 2021 оны 11 дүгээр сарын үеэр нэг танихгүй залуу Самсунг Галакси Плип-3 маркийн гар утас барьцаалж мөнгө авъя гэсэн. Чамд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ? гэхэд 500,000 төгрөг хэрэгтэй гэсэн. Би 7 хоногийн хугацаатай 8%-ийн хүүтэй 500,000 төгрөг өгөөд утсыг нь барьцаанд авсан. Тэгээд 14 хоногийн хугацаа өнгөрсөн. Би тэмдэглүүлсэн гар утас руу нь хугацаа хэтэрсэн талаараа мэдэгдсэн. Улмаар ирж авахгүй байсан учраас байгууллагын дотоод журмын дагуу тухайн гар утсыг худалдах эрх нь үүссэн. Би Дархан-Уул аймагт зар оруулсан боловч борлогдохгүй байхаар нь Улаанбаатар хотын үнэгүй зарын сайт руу зар оруулаад Улаанбаатар хотод амьдардаг найз руугаа өгч явуулсан. Тухайн гар утасны зах зээлийн ханш нь 2,200,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийн хооронд байсан. Би жоохон хэрэглээний сэвтэй байхаар нь 1,800,000 төгрөгөөр зарсан. Би 1,800,000 төгрөгийг авсан нь үнэн. Тухайн гар утсыг манай ломбардад 500,000 төгрөгөөр барьцаалсан учраас хүү, алдангитайгаа нийлээд 645,000 төгрөг болж байгаа. Тиймээс шүүгдэгчээс 645,000 төгрөгийг гаргуулаад би өөрөө дээр нь мөнгө нэмээд яг ижил маркийн хэрэглээний асуудалгүй гар утас аваад иргэний нэхэмжлэгчид өгөх саналтай байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Хохирогч Б.Мягмарсүрэнгийн: 2021 оны 12 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед хамт ажилладаг ачаа вагон хүлээлцэгч Болор, Жүгдэрмаа, Наранцогт, Баасансүрэн, Мөнхбаяр, Мэндбаяр нарын хамтаар Сатуран бааранд орж бүжиглэж байгаад 00 цагийн үед гарсан. Тэгээд Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Молор нэртэй зочид буудлын 2 давхарт өрөөнд орж дахин 0,75 литрийн Эдэн нэртэй архи 2 шилийг уусан. Өглөө үүрээр 04 цагийн үед бөөндөө харих гээд гарцгаасан ба буудлын хашаанд байсан Мэндээгийн машинд суугаад явж байтал миний утас байхгүй байсан. Машин дотор үзтэл байхгүй байсан. Бид нар эргээд буудалдаа очиж үзтэл буудлын өрөөнд бас байгаагүй. Миний гар утас Самсунг галакси плип-3 маркийн 2021 оны загварын яагаан өнгийн гар утас байсан. Би Ремаксийн салбараас 3,399,000 төгрөгөөр 2021 оны 11 дүгээр сард худалдаж авч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Хохирогч Б.Жүгдэрмаагийн: Хамт ажилладаг Болор, Мягмарсүрэн, Мөнхбаяр, Баасансүрэн, Наранцогт нарын хамтаар Молор зочид буудалд орж 2 шил архи уусан. Үүрээр манай нөхөр Мөнхбаяр бид нарыг ирж авсан. Маргааш өглөө нь миний Самсунг эс-20 маркийн гар утас болон Мягмарсүрэнгийн гар утас байхгүй байсан. Манай нөхөр Мэндбаяр, Мягмарсүрэн хоёр Баасансүрэнгийнд очиж асуухад утсыг чинь би мэдэхгүй гэж хэлсэн байсан. Гэтэл хүүхэд нь хувцасныхаа шкаф руу заагаад тэнд байгаа гэхээр нь аваад өг гэхэд шкаф дээрээсээ улаан өнгийн утас буюу миний утсыг гаргаж ирж өгсөн гэсэн. Миний утсыг асаах гэхэд асахгүй байхаар нь сим картыг нь шалгаад үзтэл 2 сим байхгүй болсон байсан гэж манай нөхөр хэлсэн. Би утсаа цэнэглээд асаатал дотор нь байсан бүх зүйлийг утсгасан, шинэ гар утас шиг болчихсон байсан. Утсаа буцааж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн "IMEI 35500176322530688, 359042133225309 кодтой, яагаан өнгөтэй, дундуураа нугалардаг гар утас 1 ширхэгийг Н.Бурмаад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 25-26/,
2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн бүдэг яагаан өнгийн Галакси Zflip3 5G маркийн 35500176322530688, 359042133225309 дугаарын IMEI кодтой гар утсыг С.Нандин-Эрдэнээс хураан авсан тэмдэглэл /хх-ийн 30/,
Гэрч М.Мөнхбаярын: ... Мягмарсүрэн эгч миний утас хаана байна гээд нийт дунд нь асуухад Жүгдэрмаа "Бааскад утас чинь байгаа" гэж байгаа нь сонсогдсон. Бааска гэх залуу нь өглөө ажилтай гээд өөр нэг залуугийн хамт түрүүлээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
Гэрч Г.Шинэмянганы: Манай төрсөн эгч Г.Ариунзаяагийн нөхөр Э.Баасансүрэн “ахад нь мөнгөний хэрэг гараад гар утсаа барьцаанд тавих гэсэн иргэний үнэмлэх байдаггүй, чи ахдаа барьцаанд тавиад өгөөч” гэж хэлэхээр нь би гэрийн ойролцоо байдаг Тоонот хүрээ нэртэй ломбарданд тухайн гар утсыг авч ороод 500,000 төгрөгөөр барцаанд тавиад ахад мөнгийг нь өгсөн. Тухайн гар утас яагаан өнгийн дундуураа нугалардаг гар утас байсан гэх мэдүүлэг /хх-ийн 48/,
Гэрч Г.Ариунзаяагийн: ...би өглөө сэрээд Э.Баасансүрэнгийн өмсөж явсан куртик газар уначихсан байхаар нь дээшээ өлгүүрт өлгөхөд халааснаас нь улаан өнгийн утас унаад ирсэн. Э.Баасансүрэнгээс энэ хэний утас юм бэ? гэж асуухад манай ажлын газрын хүний утас гэж хэлэхээр нь би уг гар утсыг хувцасны шүүгээн дээр тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 53/,
Гэрч З.Мэндбаярын: Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Мягмарсүрэн, Наранцогт нарын хамт Баасансүрэнгийн гэрт очсон. Баасансүрэнгээс Мягмарсүрэн, Жүгдэрмаа нарын утас хаана байгаа талаар асуухад Баасансүрэн мэдэхгүй гэсэн. Гэтэл хүүхэд нь хувцасны шүүгээ рүү заагаад тэнд байгаа гэж хэлсэн. За гаргаад өг гэж хэлэхэд Баасансүрэн шүүгээн дээрээс улаан өнгийн утас буюу манай эхнэр Жүгдэрмаагийн утсыг гаргаж ирсэн. Би эхнэр Жүгдэрмаагийн гар утсыг аваад асаах гэтэл асахгүй байсан бөгөөд сим карт байхгүй байсан. Гэртээ ирээд асаатал доторх өүх зүйлийг нь устгачихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 55/,
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Самсунг галакси плип-3 маркийн 128 GB багтаамжтай гар утас /шинэвтэр/ үнэ 3,300,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59/,
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Самсунг S20 маркийн 128 GB багтаамжтай улаан өнгийн гар утас /хуучин/ үнэ 700,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-65/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2-4в/271 дугаартай ************ нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэл авагдсан байна гэх албан тоот /хх-ийн 85/,
Unitel ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05-01/1522 дугаартай 355001763225306 имей кодтой утсанд 86059777 дугаарыг 2022 оны 01 сарын 17-нд, 88085877 дугаарыг 01 сарын 18-наас 359042133225309 имэй кодтой утсанд 88377041 дугаарыг 2021 оны 12 дугаар сарын 09-30-ны өдрүүдэд хийж ашигласан байна. 88085877-Сүхбаатарын Нандин-Эрдэнэ гэх албан тоот /хх-ийн 91/,
С.Н************* Хаан банкны 5079****** тоот данснаас 2022 оны 01 дүгээр сарын 17-нд 1,800,000 төгрөгийн зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 96/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Баасансүрэн нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Молор гэх зочид буудлын гадна Б.Мягмарсүрэнгийн Самсунг Галакси плип-3 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,300,000 төгрөгийн, Б.Жүгдэрмаагийн Самсунг эс-20 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс 645,000 төгрөг, иргэний хариуцагч Э.Сэргэлэнгээс 1,155,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгох саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бурмаа нь хулгайд алдагдсан гар утсыг бүрэн бүтэн хүлээж авсан талаар мөрдөгчийн тэмдэглэл авагдсан. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 400,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна гэв.
Шүүгдэгч Э.Баасансүрэн нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Баасансүрэн нь 2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Молор зочид буудалд хамт ажилладаг хүмүүстэй архи ууж байгаад Б.Мягмарсүрэнгийн 3,300,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси плип-3 маркийн гар утас, Б.Жүгдэрмаагийн 700,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-20 маркийн гар утсыг авч гэртээ нуусан. 2021 оны 12 дугаар сарын 10-ний өглөө Б.Жүгдэрмаагийн нөхөр З.Мэндбаярын шаардлагаар Б.Жүгдэрмаагийн 700,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-20 маркийн гар утсыг гаргаж өгсөн. Б.Мягмарсүрэнгийн 3,300,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси плип-3 маркийн гар утсыг 2021 оны 12 дугаар сарын 10-нд Тоонот хүрээ ломбарданд 500,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тоонот хүрээ ломбардны ажилтан Э.Сэргэлэн нь уг гар утсыг 2022 оны 01 дүгээр сарын 17-нд 1,800,000 төгрөгөөр С.Нандин-Эрдэнэд зарсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэг тооцохоор заажээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Э.Баасансүрэнгийн хохирогч Б.Мягмарсүрэнгийн 3,300,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, хохирогч Б.Жүгдэрмаагийн 700,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Жүгдэрмаад 700,000 төгрөгийн, Б.Мягмарсүрэнд 3,300,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба хохирогч Б.Жүгдэрмаа нь алдсан гар утсаа буцаан авсан, хохирогч Б.Мягмарсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Н.Бурмаад Самсунг Галакси плип-3 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн болох нь хохирогч Б.Жүгдэрмаагийн “...Би тухайн үедээ гар утсаа буцаан авсан учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бурмаа нь гар утсаа хүлээж авсан боловч эвдрэлтэй байсан гэх үндэслэлээр засварын мөнгө 400,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Нандин-Эрдэнэ нь худалдаж авсан гар утсаа хураалгасан тул худалдаж авсан үнэ 1,800,000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгч Э.Баасансүрэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Мөн иргэний хариуцагч Э.Сэргэлэн нь уг гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдээгүй боловч С.Нандин-Эрдэнэд худалдаж ашиг олсон гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул олсон ашгийн хэмжээгээр хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.
Иймд шүүгдэгч Э.Баасансүрэн нь Б.Мягмарсүрэнгийн Самсунг Галакси плип-3 гар утсыг Тоонот хүрээ ломбарданд 7 хоногийн хугацаатай, 8%-ийн хүүтэй, 500,000 төгрөгийн барьцаанд тавьсан ба иргэний хариуцагч Э.Сэргэлэн нь тухайн гар утсыг 1,800,000 төгрөгөөр бусдад худалдсан нь тогтоогдсон тул барьцааны үнэ 500,000 төгрөг, хүү 40,000 төгрөг, алданги 105,000 төгрөг, нийт 645,000 төгрөгийг шүүгдэгчээс, үлдэх 1,155,000 төгрөгийг иргэний хариуцагчаас тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Нандин-Эрдэнэд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бурмаагийн хүлээн авсан гар утас нь эвдрэл гэмтэлтэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний 400,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны дараа завсарлага авч иргэний нэхэмжлэгчид 645,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар, иргэний хариуцагч Э.Сэргэлэн нь иргэний нэхэмжлэгчид 1,155,000 төгрөг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгчийн “хохирол төлбөрөө авсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Жүгдэрмаа, иргэний нэхэмжлэгч С.Нандин-Эрдэнэ нар нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Э.Баасансүрэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, 30 настай зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаанууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт 8 цагаас хэтрүүлэхгүйгээр эдлүүлэх санал гаргасан ба бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүгдэгч Э.Баасансүрэн нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Эрдэнэбилэгийн Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баасансүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Баасансүрэн нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Жүгдэрмаа, иргэний нэхэмжлэгч С.Нандин-Эрдэнэ нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бурмаагийн 400,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Баасансүрэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Баасансүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР