Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2019/00807

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: У овогт Д-ийн Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт У-ийн Н-д холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 155/2019/00774/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Хишигдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Х нь У.Н-тай 2002 онд танилцаж үерхэж байгаад 2005 онд анхны хүү Э, 2007 онд охин Э нар төрсөн бөгөөд надтай 6 жил гаруй хугацаанд хамт амьдарч байсан юм. У.Н нь намайг хоёр хүүхэдтэй минь 2008 онд хаяж яваад одоог хүртэл эргэж ирээгүй. Энэ 11 жил гаруй хугацаанд миний төрсөн аав, ээж насан өөд болж миний бие өнчирч, хоёр хүүгээ хүн болгох гэж аль муугаа үзэж, сэтгэл санаагаар унаж, зарим тохиолдолд амиа ч хорлодог ч билүү гэж бодож явсан тохиолдол бий. Одоо би түлэх түлээ, идэх хоол хомс, ээжийнхээ үлдээсэн гэрт хүүхдүүдийнхээ хамт амьдарч байна.

Иймд У.Н-ыг хүү Х.Э, Х.Э нарын төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч У.Н нь Х аймгийн Цагаан Уул сумын хүн байгаа юм. Хариуцагч нь манай суманд 2003 онд гэрлийн байцаагчаар ирэхэд бид хоёр танилцсан. 2005 онд хүү маань мэндэлсэн. Бид хоёр манай гэрт 2008 он хүртэл хамт амьдарсан. Тэгээд У.Н нь Улаанбаатар хотруу яваад гэртээ эргэж ирээгүй. У.Н нь тухайн үед зайрангийн түшээ хийж байсан юм. Тэгээд найз хүүхэнтэй болж тэрэнтэйгээ хамт Улаанбаатар хотод амьдардаг болсон. Би хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргах гэтэл миний ээж амьд сэрүүн байхдаа  намайг амьд байгаа цагт хэрэггүй гэж хэлсэн болохоор би өдийг хүртэл энэ талаар хөөцөлдөж байгаагүй юм. Миний хүүхдүүд Мөрөн сумын Ирээдүй сургуульд сурдаг. Одоо нэг хүүхэд маань 8 дугаар анги, нөгөө нь 7 дугаар ангид сурдаг. Одоо би хүүхдийн 20.000 төгрөг болон ах, дүү нарынхаа буянд амьдралаа залгуулж хэдэн хүүхдүүдээ тэжээн тэтгэж явж байна. Миний ээж зүрхний өвчтэй хүн байдаг байсан. Манай эгч Мөрөнгийн төвд амьдардаг. Манай хамаатнууд бүгд хөдөөнөөс Мөрөнгийн төвд орж ирсэн. Тухайн үед гэр бүл батлуулаагүй байсан учраас эцгээр нь овоглож өгөөгүй юм. Хоёр хүүхдийн эцэг нь У.Н-ыг мөн болохыг тогтоолгож, эцгээс нь хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

         Хариуцагч У.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие  У.Н нь Д.Х-ийн нэхэмжлэлтэй, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь 2003 оны 12 дугаар сард Х аймгийн Ц суманд ажиллаж байхдаа Д.Х-тэй  танилцаж 5 жил гаруй хугацаанд  эцэг, эх, ах, дүү нартай нь нааш, цааш ирэн очиж хамтран амьдарч байсан. Энэ хамтын амьдралын хугацаанд 2005 онд хүү Э, 2007 онд охин Энхзул нар төрсөн. Бид хэд гэр бүлээрээ тусдаа гарч амьдарч байгаагүй бөгөөд 2008 оны зунаас хойш салж тус тусдаа амьдрах болсон.  Би хүү Э, охин Э нарт тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Одоогоор би эрхэлсэн  ажилгүй, орлогогүй, нурууны гэмтэлтэйн улмаас хүнд хүчир ажил хийж  болохгүй  байгааг минь Х ойлгох байх гэж найдан байна. Миний хувьд уг нь бага ч гэсэн хэд хэдэн төгрөг боломжоороо өгч байсан, тэгэхээр Х бид хоёр хоорондоо тэтгэлийг талаар ярилцан, зөвшилцөж өгч, авалцаж болох байх гэсэн бодолтой байна.

       Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ. 

 Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч У.Н-д холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, төрөл садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг эхийг шүүх тогтооно гэж заажээ.

Хариуцагч У.Н-ын “... Миний бие нь 2003 оны 12 дугаар сард Х аймгийн Ц суманд ажиллаж байхдаа Д.Х-тэй  танилцаж 5 жил гаруй хугацаанд  эцэг, эх, ах, дүү нартай нь хааш, цааш ирэн очиж хамтран амьдарч байсан. Энэ хамтын амьдралын хугацаанд 2005 онд хүү Э, 2007 онд охин Э нар төрсөн. Бид хэд гэр бүлээрээ тусдаа гарч амьдарч байгаагүй бөгөөд 2008 оны зунаас хойш салж тус тусдаа амьдрах болсон.  Би хүү Э, охин Э нарт тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. ...” гэх тайлбар,

Нэхэмжлэгч Д.Х-ийн шүүхэд гаргасан “ ... У.Н-тай 2002 онд танилцаж үерхэж байгаад 2005 онд анхны хүү Э, 2007 онд охин Э нар төрсөн бөгөөд надтай 6 жил гаруй хугацаанд хамт амьдарч байсан юм. У.Н нь намайг хоёр хүүхэдтэй минь 2008 онд хаяж яваад одоог хүртэл эргэж ирээгүй. ...”  гэх нэхэмжлэл,

Нэхэмжлэгч Д.Х-ийн шүүх хуралдаанд гаргасан “... хариуцагч нь манай суманд 2003 онд гэрлийн байцаагчаар ирэхэд бид хоёр танилцсан. 2005 онд хүү маань мэндэлсэн. Бид хоёр манай гэрт 2008 он хүртэл хамт амьдарсан. ...” гэх тайлбар,

Хэрэгт нотлох баримтаар авагдсан:

У  овогт Х.Э-ийн 0054775 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатчаар гэрчлүүлсэн/

У  овогт Х.Э-ийн 0236134 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатчаар гэрчлүүлсэн/

Х аймгийн М сумын Х Энх-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн  эмч М.Лхагвадуламын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “ Х овогтой Э эр, 14 настай, эрүүл болохыг тодорхойлов. “ гэх,

Х аймгийн М сумын Х Энх-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн  эмч М.Лхагвадуламын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “ Х овогтой Э, эм, 12 настай, эрүүл болохыг тодорхойлов. “ гэх,

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын Ирээдүй XXI зуун сургуулийн сургалтын менежер Ц.Банзрагчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Х овогтой Э нь Ирээдүй XXI зуун сургуулийн 8б ангид сурдаг нь үнэн болохыг тодорхойлов.” гэх,

 Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын Ирээдүй XXI зуун сургуулийн сургалтын менежер Ц.Банзрагчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Х.Э нь Ирээдүй XXI зуун сургуулийн 7б ангид сурдаг нь үнэн болохыг тодорхойлов.” гэх баримтуудаас үзвэл У.Н нь Х.Э, Х.Э нарын төрсөн эцэг мөн болох нь нотлогдож байна гэж дүгнэлээ. 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

У овогт Х.Э, У  овогт Х.Э нарын эцэг Б овогт У.Н  мөн болохыг тогтоож, эцэг У.Н-аас хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхэд тус бүрт  тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1. Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;

40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж заасан байх тул хүү Х.Э, охин Х.Э нарт эцэг У.Н-аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

         Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “шүүх хуралд очиж чадахгүй, намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү шүүхээс гарсан шийдвэрт гомдолгүй” гэж мэдэгдсэн боловч хүрэлцэн ирж чадахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.3,100.4-т зааснаар хариуцагчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэж хэргийг шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар  нэхэмжлэгч Д.Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 174.710 /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун арав/ төгрөгийг хариуцагч У.Н-аас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар У  овогт Х.Э,  У  овогт Х.Э нарын эцэг Б овогт У.Н/ мөн болохыг тогтоосугай.

        2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2-д зааснаар 2005 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн У овогт Х.Э, 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн У овогт Х.Э нарт 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг  Б овогт У.Н-аас хүүхэд тус бүрт сар болгон тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар  нэхэмжлэгч Д.Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 174.710 /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун арав/ төгрөгийг хариуцагч У.Н-аас гаргуулж улсын орлогод оруулсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА