| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2023/0025/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/28 |
| Огноо | 2023-04-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч*******
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
шүүгдэгч Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1993 оны 09 сарын 29-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг,************** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урд нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
-тус шүүхийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
-тус шүүхийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус, тус шийтгүүлж байсан******* овогт************** холбогдох эрүүгийн 2320000000004 дугаартай хэргийг 2023 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч*******ийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагаас 19 цагийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 150 дугаар байрны доод талын онгорхой байсан гражид байрлуулсан эзэмшлийн 99-91 ДГО улсын дугаартай Тоёота альфард загварын тээврийн хэрэгслийн урд хаалганы гурвалжин цонхыг хагалж, дотор нь байсан 750,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А32 загварын гар утас, виза карт зэрэг эд зүйлийг хулгайлсан, мөн хулгайлж авсан виза картыг Замын-Үүд сумын 5 дугаар баг, 1 дүгээр цэцэрлэгийн хажуугийн байрны ХААН банкны карт уншуулах төхөөрөмж буюу АТМ-д нууц үгийг нь тааж оруулан уншуулан 240,000 төгрөгийг хулгайлсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/,
Самсунг А-32 загварын гар утас, 240,000 төгрөгийг*******оос хураан авч, хохирогч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 3-6/
хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед ажлаас тараад өөрийн амьдардаг Замын-Үүд сум 1 дүгээр баг 150 дугаар байрны гражид өөрийн эзэмшлийн Альфарт маркийн тээврийн хэрэгслийг байршуулаад гэртээ орсон. Тэгээд гэртээ ойр зуурын юм хийж байгаад гэнэт гар утсаа машиндаа үлдээснээ санаад граж руу орж машинаасаа гар утсаа авах гэтэл машины жолоочийн эсрэг талын урд хэсгийн жижиг гурвалжин цонхыг нь хагалаад жолоочийн эсрэг талын урд суудал дээр байсан гар утас маань байхгүй байсан. Самсунг а-32 маркийн гар утас байсан. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Жи мобайлын Замын-Үүд сумын салбараас 1.164.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утасны хохирол буюу гар утсаа буцаан авсан, виза картанд байсан мөнгө болон виза картаа буцааж авсан. Харин Альфарт маркийн тээврийн хэрэгслийн жижиг гурвалжин цонхны хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Миний Альфарт маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин цонхны зах зээлийн үнэлгээг 70.000 төгрөг гэж үнэлсэн нь бага байна гэж үзэж байна. Би сая Улаанбаатар хотод гурвалжин цонхы шилийг солиулахад 250.000 төгрөг сольж байсан. Баримт нь байгаа учир 250.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/
-хохирогч Хаан банкны тоот депозит данснаас 2022 оны 12 сарын 21-ний 18 цаг 23 минутанд 240,000 төгрөгийн зарлага гарсныг харуулсан хуулга /хх-ийн 75/
-Альфард шил 250,000 төгрөг гэсэн зарлагын баримт /хх-ийн 75/
-Хохирогч шүүхэд ирүүлсэн цонхны шилний үнэ 250,000 төгрөгийг хүлээн авсан гэх баримт /хх-ийн 140/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч******* нь гэмт үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр Самсунг А-32 загварын гар утас, 240,000 төгрөгийг биет байдлаар буцаан өгсөн, хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилгоор хагалсан тээврийн хэрэгслийн гурвалжин шилний 250,000 төгрөгийг төлж барагдуулсан нь шүүх хуралдаанаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болох шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн 2023 оны 03 сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 20 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч*******ийн цагдан хоригдсон 20 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хассугай.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД