Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 27

 

2023                 04               17                                         2023/ШЦТ/27

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга О.У

Улсын яллагч Б.С

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В овогт О.Ба холбогдох эрүүгийн 232.0000.0000.006 тоот хэргийг 2023 оны 04-р сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... асрагч ажилтай байсан, ам бүл 3, 2 хүүхдийн хамт .... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, В овогт О.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  О.Б нь 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 15 цагийн орчимд Д аймгийн З... гадна коридорт тайлж орхисон хохирогч Г.Б эзэмшлийн 1,350,000 төгрөгийн үнэ бүхий годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэргийг яаж үйлдснээ мэдэхгүй байна. Нэг мэдсэн авчихсан байна. Хоёр хүүхдэдээ ч ярьж чадахгүй байгаа. Би гутлыг нь буцаагаад өгсөн. Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 12 сарын 30-ны өдрийн 15 цагийн орчимд Д аймгийн ... дээр ажил дээрээ байсан юм аа. Тэгсэн чинь төрөх тасгийн коридорт тайлж орхисон годон гутлыг би уутанд хийгээд төрөх тасгийн шкафанд хийсэн юм. Тэгээд эргүүлж өгсөн. Би хохирогчийн хохирлыг нөхөж барагдуулсан. Гутлыг би буцааж өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

            Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нэгдсэн эмнэлгийн баруун талын шатаар 3 давхарт гарч үүдний коридорын сандал дээр сууж, өөрийн өмсөж явсан өвлийн годон гутлаа тайлж хажууд нь тавиад төрөх тасаг руу орсон.  Би төрөх  тасгаас 1 цаг орчмын дараа гарч ирэхэд үүдний коридорын сандалны хажууд тайлж орхисон годон гутал маань байхгүй болчихсон байсан. Би нэгдсэн эмнэлгийн мэдээлэл технологийн инженер Ш тухайн үеийн хяналтын камерыг шүүж үзэхэд 3 давхарын  коридор луу шилэн хаалттай хаалганы цаанаас харсан хяналтын камерт миний гутал тайлж байгаа бичлэг байсан. ...төрөх тасагт ажилладаг Баярмаа гэх эмэгтэй хяналтын камерт миний гутал байсан газраас ямар нэгэн юм авч уутанд хийгээд  шатаар буух гэснээ больж, мөн лифтэнд суух гэснээ больж мэс заслын тасаг руу хар ууттай юм бариад ордог. Би өөрийн годон гутлыг  2022 оны 11 сарын сүүлээр авсан санагдаж байна. Гутлаа  У хотын ...байрлах Гранд плаза төвийн  годон гуталны төрөлжсөн дэлгүүрээс 1,350,000 төгрөгөөр худалдан авсан. ... миний бие 2023 оны 01 сарын 20-ны өдөр өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан, одоо надад гаргах гомдол санал, өөр нэхэмжлэх зүйл байхгүй.  Миний хувьд шүүх хуралд суух шаардлага байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

            Гэрч Л.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...15 цагийн орчимд өрхийн эмч Б над дээр ирээд эмнэлгийн 3 давхараас өөрийн гутлаа алдсан талаар хэлсэн.  Тэгээд Б надаас  хяналтын камерыг шүүж өгөхийг гуйхаар нь даргаас зөвшөөрөл авч гутал алдагдсан хэсгийн камерыг шүүхэд төрөх тасгийн үйлчлэгч Б нь Б 3 давхарт төрөх болон мэс заслын тасгийн голын коридорын сандалны хажууд тавьсан гутлыг хар хогны уутанд хийгээд мэс заслын тасаг руу ороод төрөх тасаг руу хойд талаар нь орж ирэхдээ торонд хийсэн гутлаа хаана тавьсан мэдэхгүй орж ирж байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 10-11/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 01 сарын 06-ны өдрийн ТXY-923/5431 тоот дүгнэлт / ХХ-ийн 17-18/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-23/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/

Эд зүйл хүлээн авсан  тэмдэглэл /хх-ийн 29/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн гэм буруугийн талаар дүгнэвэл:

Шүүгдэгч   О.Б нь 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 15 цагийн орчимд Д аймгийн ... төрөх тасгийн гадна коридорт тайлж орхисон хохирогч Г.Б эзэмшлийн 1,350,000 төгрөгийн үнэ бүхий годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч О.Б бусдад мэдэгдэхгүйгээр, бусдын эзэмшлийн өмч хөрөнгийг нууцаар авсан байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар” гэсэн шинжийг хангасан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Б бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “нэгдсэн эмнэлгийн баруун талын шатаар 3 давхарт гарч үүдний коридорын сандал дээр сууж, өөрийн өмсөж явсан өвлийн годон гутлаа тайлж хажууд нь тавиад төрөх тасаг руу орсон.  Би төрөх  тасгаас 1 цаг орчмын дараа гарч ирэхэд үүдний коридорын сандалны хажууд тайлж орхисон годон гутал маань байхгүй болчихсон байсан. Би нэгдсэн эмнэлгийн мэдээлэл технологийн инженер Ширнэнсүмбэртэй тухайн үеийн хяналтын камерыг шүүж үзэхэд 3 давхарын  коридор луу шилэн хаалттай хаалганы цаанаас харсан хяналтын камерт миний гутал тайлж байгаа бичлэг байсан. ...төрөх тасагт ажилладаг Баярмаа гэх эмэгтэй хяналтын камерт миний гутал байсан газраас ямар нэгэн юм авч уутанд хийгээд  шатаар буух гэснээ больж, мөн лифтэнд суух гэснээ больж мэс заслын тасаг руу хар ууттай юм бариад ордог” гэх мэдүүлэг /хх-ийн 6/, гэрч Л.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ““...15 цагийн орчимд өрхийн эмч Болорцэцэг над дээр ирээд эмнэлгийн 3 давхараас өөрийн гутлаа алдсан талаар хэлсэн.  Тэгээд Б надаас  хяналтын камерыг шүүж өгөхийг гуйхаар нь даргаас зөвшөөрөл авч гутал алдагдсан хэсгийн камерыг шүүхэд төрөх тасгийн үйлчлэгч Б нь Б 3 давхарт төрөх болон мэс заслын тасгийн голын коридорын сандалны хажууд тавьсан гутлыг хар хогны уутанд хийгээд мэс заслын тасаг руу ороод төрөх тасаг руу хойд талаар нь орж ирэхдээ торонд хийсэн гутлаа хаана тавьсан мэдэхгүй орж ирж байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 10-11/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/, хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 01 сарын 06-ны өдрийн ТXY-923/5431 тоот дүгнэлт / ХХ-ийн 17-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-23/, эд зүйл хүлээн авсан  тэмдэглэл /хх-ийн 29/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр шунахай сэдэлтээр үйлдэж бусдад 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас  зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.  

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Г.Б эзэмшлийн 1,350,000 төгрөгийн үнэ бүхий годон гуталны үнэ 1,350,000 төгрөгийг төлж барагдуулсан нь шүүгдэгч, хохирогч нарын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийн бусдад төлөх  төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс шүүгдэгч О.Ббусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

  Шүүгдэгч О.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хураагдсан эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй зэргийг дурдав.

Шүүгдэгч О.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнхээ гэм бурууг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул түүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Б хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  В овогт О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Очирбатын Баярмааг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч О.Б тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

   5. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.Ц