Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/345

 

 

              03           20                                  2023/ШЦТ/345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

Улсын яллагч С.Энхням,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Гт холбогдох 2208028340286 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Махны  тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Дн Г /РД:/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 00-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Махын  дугаар байрны  тоотод хохирогч Ж.Гтой  маргалдан улмаар хутгаар түүний баруун шуу, хоёр гуя хэсэгт хатгасны улмаас эрүүл мэндэд нь баруун шуу, хоёр гуяны хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 00-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Махын 16 дугаар байрны *** тоотод хохирогч Ж.Гыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хүч хэрэглэн онц харгис хэрцгийгээр зодож буюу хутгаар хатгасны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан: Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Мах 16-р байр *** тоотод би найзыгаа хутгалсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,   

            - эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дэх тал/,

- хохирогч Ж.Гын”... Би 2022 оны 08 дугаар сарын 00-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Мандал сум /зүүн хараа/ явах гээд Дроган дээр очтол цуг явах хүмүүс явчихсан байсан...Буцаад гэрлүүгээ явах замдаа буюу 09 цагийн үед талийгаач ах Г ахын найз Г ахын 0000000гэсэн дугаар руу залгаад "ахаа би танайд очлоо, зүүн хараа явах гэсэн хүмүүс нь орхиод явчихлаа, танай гэрийн ойролцоо явж байна” гэж хэлтэл Г ах хүрээд ир гэхээр нь  Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Махын *** тоотод байрлах гэрт нь очих замдаа дэлгүүрээс 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад, бид хоёр хувааж ууж дууссаны дараа Г ах надад мөнгө өгөөд дахин би дэлгүүрээс 0,5 литрийн Хараа нэртэй архи авчхаад тухайн архийг бид хоёр хувааж ууж юм ярьж байгаад ярианы дунд үүссэн жижиг маргаанаас болоод хоорондоо маргалдаж эхэлсэн.  Тэгсэн Г ах нэг газраас шар өнгийн иштэй хутгийг аваад баруун шуу, баруун зүүн гуянд тус тус нэг нэг удаа хутгаар хатгах үед би ухаан алдаад уначихсан байсан. Нэг мэдсэн эмнэлгийн түргэн тусламж ирээд намайг гэмтэл согог судлалын үндэсний төв дээр аваачсан. Би тухайн эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан юм...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 22-23 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт: Ж.Гын биед баруун шуу, хоёр гуяны хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр зүсэх, хатгах механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хавтаст хэргийн 67-69 дэх тал/

- Д.Гийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн ”... Би Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хороо Махын 16 дугаар байр *** тоотод ганцаараа амьдардаг. 2022 оны 08 дугаар сарын 00-ны өдөр 09 цаг орчим гэртээ ганцаараа байж байтал танил Г над руу утсаар залгаад “ахаа би танайд очлоо, Зүүнхараа явах гэсэн хүмүүс нь орхиод явчихлаа, танай гэрийн ойролцоо явж байна" гэж хэлсэн. Ингээд удалгүй Г ганцаараа, архи авч орж ирсэн. Тухайн архийг бид хоёр хувааж уугаад би дахиад 2 шил архи аваад хоёулхнаа манай өдөржингөө архиа уусан. Ингээд бид хоёр архи уучихсан, нэлээн согтолттой, нэг нэгнийхээ үгийг сөргөөсөн байдалтай маргасан бөгөөд би ширээн дээр байсан жижиг шар иштэй хутгыг аваад Г ын баруун гуя, зүүн гуянд хоёр удаа хатгачихсан. Нэг сэргэхэд Гын хоёр хөлөөс цус гараад байхаар нь 102, 103 дуудсан. Миний буруу, их гэмшиж байна...”гэх мэдүүлэг /хх-86-87, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан байна.

2.2. Шүүгдэгч Д.Г нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хүрээнд хүйтэн зэвсэг болох хутгаар Ж.Гын биед олон тооны шарх гэмтэл учруулж буюу түүний бие махбодь, сэтгэл санаанд онцгой шаналал, зовуурь үүсгэж улмаар эрүүл мэндийн хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, шалтгаант холбоо тогтоогдсон байх тул шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэмт хэргийн субьектив, объектив шинж хангагдсан гэж үзнэ.             

2.3. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулсан /хх-84-87, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар тус тус нотлогдсон байна.     

 

Иймд шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

  1. Хохирол, хор уршиг:        

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй, гомдолгүй болохоо мэдүүлсэн /хх-28-29, 98/, шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн тухай мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогч Ж.Год төлөх нотлох баримт бүхий төлбөргүй байна.  

Харин тус гэмт хэргийн улмаас хохирогчийн амь насны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.899.000 төгрөг зарцуулагдсан, тус зардлын төлбөрийг эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийн үндэслэл, журмаар шаардлага, баримт гаргасан байх /хх-91-94, 97/ тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй.          

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, нэг нүд хараагүй, өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалттай, нийгмийн халамжийн тэтгэмж тогтоолгосон гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-35-47, 86-87, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

    

  1. Бусад асуудал   

 

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгуулах, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгчээс 3.899.000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. 

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай. 

7. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР