| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2019/00654/и |
| Дугаар | 155/ШШ2019/00629 |
| Огноо | 2019-07-17 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2019/00629
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ч овогт Б.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөл удирдах зөвлөлд холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 14.300.000 / арван дөрвөн сая гурван зуун мянга / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нэхэмжлэгч Б.М, хариуцагч Х дулааны станц ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х дулааны станц ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөл нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай шийдвэрээр Б.М намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №1440 шийдвэрээр тогтоогдож, мөн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №001/ХТ2019/00526 тогтоолоор тус тус шийдвэрлэгдсэн учир Б.М миний 11 сарын цалин болох / 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл/ 14.300.000 төгрөгийг гаргуулж өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж оролцож байна. Хугацааны хувьд тодруулахад 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж намайг ажилд минь томилсон тушаал гарсан. Тэр хоорон дахь хугацааны цалингаа сарын 1.300.000 төгрөгөөр тооцож 14.300.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тэтгэмж авсан гэсэн зүйл хариуцагч талаас яриад байна л даа. Энэ бол миний цалин хөлстэй холбоотой зүйл огт биш. Өөрөөр хэлбэл энэ тэтгэмж, цалин хөлс хоёр чинь хоёр өөр ойлголт юм. Үндэсний аудитын газрын акттай холбоотой зүйл ярьж байна. Би энэ акттай огт танилцаагүй мэдэхгүй юм байна... гэв.
Хариуцагч “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөл удирдах зөвлөл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х Дулааны станц" ТӨХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 9 дугаартай шийдвэрээр Б овогтой М-ыг ажлаас чөлөөлж 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7.800.000 /долоон сая, найман зуун мянга/ төгрөгийг олгосон байдаг. Мөн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн № 001/ХТ2019/00526 шийдвэрийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 22-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор гүйцэтгэх захирлаар ажилд авсан боловч Б.М нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж хугацаандаа хувийн ашиг сонирхлын үүднээс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж байгууллагын өмч хөрөнгө, санхүүгийн алдагдалд оруулж байсан нь 2018 оны Санхүүгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлсөн болно. Шүүхийн № 001/ХТ2019/00526 шийдвэрт ажиллаагүй хугацааны тэтгэмж олгох тухай дурдагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ч шаардаагүй, Б.М нь компанинд их хэмжээний хохирол учруулсан үйлдэл хяналт шалгалтаар тогтоогдсон тул цаашид сөрөг нэхэмжлэл гаргах болно.
Шүүхийн шатанд зохих материалуудыг гаргаж өгөх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөл удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчид ажлаас халагдсаны нь дараа 7.800.000 төгрөгийн тэтгэмж өгсөн байгаа. Үүнийг хасаад мөн актаар нэхэмжлэгч Б.М-тай холбоотой тогтоосон 1.587.000 төгрөгийн төлбөрийг хасаад үлдсэн цалин хөлсний төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөл удирдах зөвлөлд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 14.300.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөл удирдах зөвлөл нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн боловч “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нь шүүх хуралдаанд ажлаас чөлөөлөгдсөний дараа Б.М-ы өөрийн хүсэлтээр шилжүүлсэн 7.800.000 төгрөгийн тэтгэмж, мөн Үндэсний аудитын газраас тогтоосон нэхэмжлэгчтэй холбоотой төлбөр болох 1.587.000 төгрөгийн төлбөр зэргийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнгээс хасаад үлдэх 4.913.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж маргажээ.
“Х Дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Н-ийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 378 дугаартай “Б.М-ы нэхэмжлэлтэй Х дулааны станц ТӨХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 14.300.000 төгрөг гаргуулах тухай холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас “Х дулааны станц”ТӨХК-ийг ТУЗ-ийн гишүүн Д.Л-г томилсон болно. Энэхүү итгэмжлэлээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд зааснаар эрх эдлэж , үүрэг хүлээх болно” гэх албан бичиг хэрэг авагдсан байна.
Иймд Д.Л нь хариуцагч “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй.
Хэрэгт нэхэмжлэгч Б.М-аас Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1440 дугаар шийдвэр 5 хуудас, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2019/00526 дугаар тогтоол эх хувиар 5 хуудас, Ч овогт Б.М-ы 0587701 дугаартай “Нийгмийн даатгалын дэвтэр”-ийн нүүр хэсэг болон 2017, 2018 онуудад төлсөн шимтгэлийн бичилттэй хэсгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай “ Хөлсөөр ажиллах гэрээ батлах, цалин хөлсийг тогтоох тухай” тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай “Ажилд томилох тухай” тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас зэрэг баримтыг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-ээс Хаан банк “Мөнгөн шилжүүлэг” гэх баримт 1 хуудас, Үндэсний аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.М нь “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1440 дугаар шийдвэрээр Б.М-ыг “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2019/00526 дугаар тогтоолоор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1440 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Х Дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөл 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2019/00526 дугаар тогтоолыг үндэслэн Б.М-ыг “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирлаар эгүүлэн тогтоосон зэрэг үйл баримт тогтоогдлоо.
Талууд дээрхи үйл баримтад маргаагүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж,
Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй:
...36.1.2.ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж тус тус заажээ.
Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2019/00526 дугаар ...Тогтоох нь 1. Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаар магадлалыг хүчингүй болгож, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй... гэх тогтоол,
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1440 дүгээр ...Б.М-ыг “Ажлаас чөлөөлсан тухай” 09 дугаар тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй, контрактын хугацаа дуусгавар болж, цаашид сунгагдахгүй болсон, хууль тогтоомжид заасан ямар эрх бүхий байгууллага шаардсанаар ажлаас халсан тухайгаа нотлох чадахгүй байх тул ажлаас буруу халжээ...Тогтоох нь 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “Х дулааны станц” ТӨХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 6 дугаар ын 22-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 09 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б. М-ыг Х аймгийн “Х дулааны станц” ТӨХК-ний гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр зэргээс нэхэмжлэгч Б-ийн М-ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь тогтоогдов.
Үүнээс дүгнэвэл Б.М нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нь ажлаас чөлөөлөгдсөний нь дараа Б.М-ы өөрийн нь хүсэлтээр олгосон 7.800.000 төгрөгийн тэтгэмж, Үндэсний аудитын газрын актаар тогтоогдсон 1.587.000 төгрөгийн төлбөр зэргийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцуулахаар тайлбарлан мэтгэлцжээ.
Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчид олгосон 7.800.000 төгрөгийн тэтгэмж нь түүний цалин хөлсөнд тооцогдохгүй, Үндэсний аудитын газрын актаар тогтоогдсон төлбөрийг нэхэмжлэгчийн цалин хөлстэй хамааруулан суутгах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч Б.М-ы ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг “Х Дулааны станц” Төрийн өмчит хувцаат компаний Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилгүй байсан болох нь хэрэгт авагдсан “Ажлаас чөлөөлөх тухай” Ажилд томилох тухай” Х дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолуудаар,
Мөн нэхэмжлэгч нь сарын 1.300.000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан болох нь “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Хөлсөөр ажиллах гэрээ батлах, цалин хөлсийг тогтоох тухай” тогтоол зэргээр тус тус нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “дундаж цалин хөлстэй тэнцэх олговор”-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу шүүх тооцдог.
Нэхэмжлэгч Б.М нь хэрэгт 2017, 2018 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт хийгдэж баталгаажсан Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлсэн байх бөгөөд уг дэвтрийн бичилттэй хэсгээс үзэхэд 2018 оны 3 дугаар сард 1.664.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сард 1.625.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 1.651.000 төгрөгийн цалин хөлстэйгээр ажиллажээ.
Дундаж цалин хөлсийг тооцоход: дээрхи гурван сард авсан нийт цалин хөлс 4.940.000 төгрөг, үүнийг 3-т хуваахад сард дунджаар 1.646.666 төгрөг, үүнийг 21,5-д хувааж нэг өдрийн цалин хөлсийг тодорхойлоход 76.589 төгрөг байна.
Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 226 ажлын хоног ажилгүй байсан байна. /амралтын болон нийтээр амрах баяр ёслолын өдрүүдийг хасаж тооцсон болно./
Нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тодорхойлоход: 76.589х226=17.309.114 төгрөг гэж тооцов.
Гэвч нэхэмжлэгч нь сард авах цалин болох 1300.000 төгрөгийг ажилгүй байсан хугацаа болох 11 сараар тооцож нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ:
25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан байх тул нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэгч Б.М-ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 229.450 /хоёр зуун хорин есөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.450 /хоёр зуун хорин есөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний Төлөөлөн удирдах зөвлөлөөс 229.450 /хоёр зуун хорин есөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Ч овогт Б.М-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 14.300.000 /арван дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг хариуцагч “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөл удирдах зөвлөлөөс гаргуулж олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.450 / хоёр зуун хорин есөн мянга дөрвөн зуун тавь / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөл удирдах зөвлөлөөс 229.450 / хоёр зуун хорин есөн мянга дөрвөн зуун тавь / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА