| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0018/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/19 |
| Огноо | 2023-03-24 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2224001070012 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ........... оны .......... дүгээр сарын ...........-нд ............... аймгийн ..................суманд төрсөн, халх, .......... настай, .............., ................ боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .......... аймгийн .............. сумын ................ багийн Д*хийн .............тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* регистрийн дугаартай Тайж овгийн Ичинноровын Энхтүвшин.
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Хужир булангийн хясаа” гэх газраас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ховор амьтны жагсаалтанд орсон 1 тооны хүү Тул загасыг зохих зөвшөөрөлгүйгээр барьж, Соната 6 маркийн 13-12 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлэж, амьтны санд 211,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн экологийн шинжилгээний газрын шинжээчийн гаргасан үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжлэнэ. Харин өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 04 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Тарнын постонд замын хөдөлгөөнд зорчиж байсан жолооч болон тээврийн хэрэгслийн ачаа тээшинд хяналт шалгалт хийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 13-12 ЗАА дугаартай, цагаан өнгийн Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож багаажинд нь үзлэг шалгалт хийхэд нийт 28 ширхэг загас байсан. Тухайн загасыг тээвэрлэн явах зөвшөөрлийн бичиг байгаа эсэх талаар асуухад ямар нэгэн зөвшөөрлийн бичиг байхгүй байсан. Тухайн 28 ширхэг загасны нэг нь тул, үлдсэн нь ленок болон хайрас, загас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нөхөр бид хоёр Улаанбаатар хотоос Тосонцэнгэл суманд 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ирсэн юм. Манай нөхөр ******* загасанд их явдаг хоббитой хүн байгаа юм. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр санагдаж байна. Тухайн өдөр манай нөхөр орой загасанд яваад шөнө гэртээ ирэхдээ надад Идэрийн голоос загас барьсан чинь 1 ширхэг жижиг тул загас баригдчихсан байна гэж хэлсэн. Манай нөхөр ******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-16-ны үеэс эхлээд 08 сарын эхэн үе хүртэл ганцаараа шөнө орой загасанд их явсан. Барьж ирсэн загаснуудаа сумын төвд гэртээ цагаан өнгийн хөлдөөгчид хийж хөлдөөдөг байсан. Тэгээд нөхөр бид хоёр 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотын чиглэлд явахдаа хөлдөөгчид байсан 30 орчим тооны загасыг машиндаа ачаад явсан. Харин явах замдаа Хархорин сум өнгөрөөд цаад талд нь байдаг замын пост дээр цагдаатай таарч шалгуулсан. Тэгсэн манай нөхрийн тээвэрлэж явсан загаснууд дотор хориотой загас байна гээд замын цагдаа автомашиныг саатуулсан. Тэр хориотой тул гээд байгаа загасыг манай нөхөр ******* Тосонцэнгэл суманд Идэр голоос 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр барьсан нь үнэн бөгөөд өөрөө тул барьчихлаа гэж надад хэлсэн. Тухайн үед зөвшөөрөл авах гээд очтол зөвшөөрөл олгодог хүмүүс нь байхгүй сургалтад явсан байсан гэж гэж надад хэлсэн учир зөвшөөрөл авч чадаагүй байх. ******* 2022 оны 07 дугаар сарын 15, 16-ны үеэс эхлээд 08 сарын эхэн үе хүртэл загасанд явахдаа зөвшөөрөл аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн газар нутаг нь сумын төвөөс зүүн зүгт ойролцоогоор 9 орчим км Оргих багт байдаг юм. Тухайн газраар Идэрийн гол яг дайран урсдаг голын эрэг рүүгээ шахсан хадтай цөөн тооны хэдэн босоо мод ургасан газар бөгөөд тэр Хужир булангийн хясааны тэрүүгээр Идэр голын ус их гүнзгий дөлгөөхөн усны урсгалтай газар байдаг юм. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн газар айлуудын зуслангийн газар байгаа юм. Зуны улиралд тэр газраар хүмүүс их амарч очдог. Мөн тэр хавиар хүмүүс загасанд явдаг сурагтай сонсогддог юм.Тухайн газарт 1990-ээд оны үед Тул загас байдаг гэж хүмүүс ярьдаг байсан. Тэгэхээр тухайн газарт ус нь гүнзгий дөлгөөн байдаг учир тул загас байх магадлал өндөр гэж би бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Идэр гол нь Завхан аймгийн Идэр сумаас эх авч Завхан аймгийн Идэр, Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн, Хөвсгөл аймгийн Жаргалант, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг сумдын нутаг дэвсгэрээр дамжин урсаад гурван голын бэлчир буюу Эгийн, Чулуут, Идэр зэрэг 3 гол нийлээд Сэлэнгэ мөрнийг үүсгэдэг юм. Идэр голын эх Тарвагатай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тосонцэнгэл сумын төвөөр дамжин урсаж байгаа хэсэг тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй. Тул загас агнах хуулиар хориотой, манай улсын улаан номонд орсон ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн загас байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумын төвөөс зүүн зүгт 9 орчим км зайд Хужир булангийн хясаа гэх газар байдаг. Тухайн газар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Харин Идэр голын эх нь Тарвагатай нурууны Улсын тусгай хамгаалалтай газарт хамаарна. Хужир булангийн хясааг ороож Идэр гол урсдаг юм. Миний мэдэхийн тухайн газарт 2000 оноос өмнө тул загас маш их байдаг байсан. Хужир булангийн хясааны тэнд ус нь гүнзгий урсгал нь тогтуун дөлгөөн байдаг учир тул загас байхад их тохиромжтой газар байдаг юм. Тул загас манай улсын улаан номонд орсон ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн загас байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн зүйл төрлийн загасыг жил бүрийн 06 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд барьж болно. Загас барьж агнахаар өмнө тухайн иргэн сумын байгаль хамгаалагчаас зөвшөөрлийг авч барина. Түүнээс зөвшөөрөлгүй барьж болохгүй. Шөвгөр хоншоорт зэвэг, Шивэр хадран гэх нэр төрлийн загаснууд ховор амьтдын жагсаалтад орохгүй. Тосонцэнгэл сумын хэмжээнд 2022 онд загас барих агнах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж байхгүй. Сумын төвөөс зүүн зүгт сумын төвийн ойролцоо “Хужир булангийн хясаа” гэх газар байдаг. Тухайн газар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Миний сонссоноор тухайн газарт Тул загас байдаг гэсэн яриа байдаг. Тул загасыг иргэн хүн барих нь хуулиар хориотой. Тул загас манай улсын улаан номонд орсон ховор амьтан байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/,
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай: “...1. Иргэн *******гийн хууль бусаар агнасан 1 толгой Тул загас, 17 толгой Зэвэг загас, 12 толгой Хадран загасыг захиргааны журмаар хураан авах. 2. Амьтны нөөцөд учруулсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээ болох 1 толгой тул загас 211,000, 17 толгой зэвэг загас 289,000, 12 толгой хадран загас 48,000 төгрөг боловч Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг хоёр дахин өсгөж тооцож 548,000х2=1,096,000 төгрөгийг нөхөн төлүүлэх. 3 Актаар тогтоосон төлбөр болох 1,096,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүрэн барагдуулахыг иргэн *******д сануулав...” гэсэн акт /хх-ийн 37-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3028 дугаартай: “... 1.Шинжилгээнд ирүүлсэн загаснуудын 1 дугаартай загас Тул-Hucho taimen ( Pallas, 1773) , 2, 3, 5 дугаартай загас Шөвгөр хоншоорт зэвэг Brachymystax lenok ( Pallas, 1773) , 4 дугаартай загас Шивэр хадрна Thymallus arcticus ( Pallas, 1776) зүйлүүд байна. 2. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад ан амьтны экологийн эдийн засгийн үнэлгээнд хүйс, нас хэмжээ, хамаарахгүй үнийн дүнтэй Тул Hucho taimen ( Pallas, 1773) нь экологи-эдийн засгийн нэг толгойг 211,000 төгрөгөөр, Шөвгөр хоншоорт зэвэг- Brachymystax lenok ( Pallas, 1773) нь экологи-эдийн засгийн нэг толгойг 17,000 төгрөгөөр, Шивэр хадран - Thymallus arcticus ( Pallas, 1776) нь экологи-эдийн засгийн нэг толгойг 4,000 төгрөгөөр үнэлэгддэг. 3. Тул Hucho taimen ( Pallas, 1773) нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн, Монгол улсын улаан номонд орсон ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-88-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 313 дугаартай:. “...Шинжилгээнд ирүүлсэн 25 загасны 14 нь Хулд овог-Salmonidae, Шөвгөр хоншоорт зэвэг /Ердийн зэвэг/- Brachymystax lenok ( Pallas, 1773) зүйл, 11 ширхэг нь Хадрангийн овог- Thymallidae, Шивэр хадран /Сибирь хадран/ - Thymallus arcticus ( Pallas, 1776) байна. 2. Хулд овог-Salmonidae, Шөвгөр хоншоорт зэвэг /Ердийн зэвэг/- Brachymystax lenok ( Pallas, 1773) зүйл, Хадрангийн овог - Thymallidae, Шивэр хадран /Сибирь хадран/ - Thymallus arcticus ( Pallas, 1776) зэрэг загаснууд нь ховор болон нэн ховор амьтны ангилалд ороогүй болно. Шинжлэгдсэн 14 ширхэг Хулд овог-Salmonidae, Шөвгөр хоншоорт зэвэг /Ердийн зэвэг/- Brachymystax lenok ( Pallas, 1773)-ийн экологи- эдийн засгийн үнэлгээ нь 238,000 төгрөг, 11 ширхэг Хадрангийн овог - Thymallidae, Шивэр хадран /Сибирь хадран/ - Thymallus arcticus ( Pallas, 1776)-ийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 44,000 төгрөг байна. 3. Тухайн загаснуудын барьсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 94-102-р хуудас/,
Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаартай: “...2008 онд үйлдвэрлэгдсэн, 2016 оны 11 дүгээр сард Монголд орж ирсэн Соната 6 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 3,000,000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-р хуудас/,
Завхан аймгийн Хөрөнгө Үнэлгээний Буфа ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай : “...Дэгээ, сатурк 1 ширхэг 10,000 төгрөг тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 114-р хуудас/, Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13-р хуудас/, эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтанд/-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Мөн түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Гэрч мөрдөн байцаах ажиллаагаанд өгсөн: “...******* нь эхнэр хүүхдүүдийн хамт Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт амьдардаг. Боломжийн амьдралтай. Хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт сурч хүмүүждэг, эхнэр нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *******гийн тухайд эрхэлсэн тодорхой ажилгүй. ******* нь урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй байх. Би түүнийг гэмт хэрэгт холбогдсон эсэх талаар сонсож байгаагүй. Найз нөхдийн хүрээлэл сайтай. Хүнд тусархуу, зан харилцаа сайтаа хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/,
Гэрч мөрдөн байцаах ажиллагаанд өгсөн: “...******* нь эхнэр хүүхдүүдийн хамт Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт амьдардаг. Боломжийн амьдралтай. Хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт сурч хүмүүждэг, эхнэр нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй. *******гийн тухайд элдэв зан ааш гаргаад байдаггүй, их ноён нуруутай, бусдад тусархуу, зан харилцаа сайтай хүн. Хүүхэд байхдаа л загас барих, усанд шумбах хоббитой байсан. Бид нар хүүхэд байхдаа хамт усанд шумбаж, хааяа нэг загасанд явдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/391 дугаартай: “...Ичинноров овогтой Энхтүвшин /*******/ нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус багийн Дэлгэрэхийн 8-818 тоотод оршин суудаг үндсэн иргэн мөн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 128-р хуудас/,
Тайж овогт Ичинноровын Энхтүвшин урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд болно.
Мөн яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ирсэн. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг Хужир булангийн хясаа гэх газрын орчмоор загасчилсан. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр загасчилж байтал сатурканы дэгээнд 1 ширхэг хүү Тул загас орж баригдсан байсан, би машиндаа загаснуудаа машинд хийх үедээ хүү тул загас барьсан болохоо мэдсэн, гэхдээ үхчихсэн байсан болохоор нь уг хүү тул загасыг усанд нь буцааж тавилгүйгээр бусад загасны хамт хөлдөөгчинд хийж хадгалж байгаад 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин хотын цаад талд байрлах замын цагдаагийн хяналтын постонд шалгуулаад хууль бусаар загас барьж, тээвэрлэсэн үндэслэлээр саатуулагдсан. Би загас барихдаа зөвшөөрөл аваагүй. Уг загасыг дэгээ, сатуркаар барьсан...” гэж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл ******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг Хужир булангийн хясаа гэх газраас нэг тооны тул /Hucho taimen//-ыг загасыг дэгээ сатуркаар барьж, өөрийн эзэмшлийн 13-12 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан ...загас ...хамаарна” гэж, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ховор амьтан”-д тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устгаж болзошгүй амьтныг, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хамруулахаар тус тус хуульчилж, ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнахыг хориглосон. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Тул загасыг ховор амьтны жагсаалтад оруулжээ.
Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсан, тээвэрлэсэн” гэх “хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал ховор амьтны жагсаалтад орсон амьтныг барьж, тээвэрлэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ. Иймд шүүгдэгч *******г хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Энхтүвшин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн болон ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг бөгөөд хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудыг шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... иргэн ...нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж, 4 дэх хэсэгт “энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1.5-д заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:” гэж, мөн хэсгийн 2 дахь заалтад “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно...” гэж тус тус зааснаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн
01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амьтанд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг 1,096,000 төгрөгөөр тогтоосон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу амьтны экологи эдийн засгийн үнэлгээ болох 1,096,000 төгрөгийг шүүгдэгч нь 2023 оны 02 дугаар сарын 20-ний өдөр төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлөх зохицуулалттай байхад шүүгдэгч нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ, Төрийн сан гэсэн 100090455405 тоот дансанд төлсөн байх тул дээрх 100090455405 тоот дансанд төлсөн 1,096,000 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлүүлж, зөвтгөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ...” гэж заасан байх бөгөөд прокурорын ялын саналын хүрээнд шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг заавал хураана гэж ойлгоно.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...”, “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...тээврийн хэрэгсэл ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний нэг хэлбэрийг хоёрдмол утгагүйгээр тодорхой хуульчилсан.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 13-12 ЗАА дугаартай, цагаан өнгийн Хондэй-Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл нь өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байх бөгөөд энэ шийтгэхтогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 13-12 ЗАА дугаартай, цагаан өнгийн Хондэй-Соната 6 маркийн автомашиныг хураан авч, худалдан борлуулж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 килограмм, 799 грамм жинтэй, 58 сантиметр урттай 1 ширхэг тул загас, 1 ширхэг дэгээ, сатуркийг тус тус устгаж, 29 ширхэг загасыг шүүгдэгч *******д буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******гээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******д тэнссэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Соната 6 маркийн 13-12 ЗАА дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар дээрх тээврийн хэрэгсэлийг худалдан борлуулсны орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.
7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ, Төрийн сангийн 100090455405 тоот дансанд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 1,096,000 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 29 ширхэг загасыг шүүгдэгч *******д буцаан олгож, 1 килограмм, 799 грамм жинтэй, 58 сантиметр урттай 1 ширхэг тул загас, 1 ширхэг дэгээ сатуркийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
9. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоногүй, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******гийн өмчлөлийн “Hyundai Саното-6” маркийн 13-12 ЗАА дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ